Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2020/0778

 

  

2020 оны 12 сарын 15 өдөр                   Дугаар 128/ШШ2020/0778                Улаанбаатар хот

                            

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “М.ш” ХК

Хариуцагч:    Н.З.д, 

Н.г.з.б.а.

Гуравдагч этгээд: “М.х.с” ТӨХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаар захирамжийн “М.х.с” ХХК-д Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд газар эзэмшүүлсэн хэсэг , мөн оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ...  дугаар, 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ...  дугаар захирамжуудын “М.х.с” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Улаанбаатар хот... барилгын доорх газрын хамтран эзэмшигчээр “М.ш” ХК-ийг бүртгэхгүй байгаа Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хамтран эзэмшигчээр бүртгэхийг даалгуулах, газар эзэмших эрхийн асуудлаар “М.ш” ХК, “М.х.с” ТӨХХК хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, маргаан шийдвэрлэхийг даалгуулах”  тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, О.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М.ш” ХК-ийн төлөөлөгч Б.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 195 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2007 оны 11 дүгээр тогтоолоор “М.х.с” ХХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байсан 240 нэрийн нийт 10.314.05 м.кв талбай, 1,486 944.166,7 төгрөгийн анхны үнэ бүхий барилга байгууламжийг “М.ш” ХК-д блансаас блансад шилжүүлэх шийдвэр гарсны дагуу манай байгууллага уг барилга байгууламжуудыг шилжүүлэн авсан. Дээрх 240 нэр төрлийн барилга байгууламжаас Улаанбаатар хотод байрлах 3 барилга байгууламжийн доорх газар нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарах бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан газруудыг “М.х.с” ХХК нь манай байгууллагад мэдэгдэлгүйгээр өөрийн нэр дээр бүртгүүлэн газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулан авсан байна.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж ул болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна 85 дугаар зүйлийн 85.2-т “Тур зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэж заасны дагуу манай байгууллага газар эзэмших эрхээ баталгаажуулах үүднээс холбогдох байгууллагуудад хүсэлт гаргасны дагуу 2018 онд Барилга, хот байгуулалтын яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан тус ажлын хэсгийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хурлаас “М.ш” ХК нь өөрийн өмчлөлийн барилга байгууламжийн доорх газрын эзэмших эрхийг баталгаажуулах эрхтэй” гэсэн дүгнэлт гарч, мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А-1/3650 тоот, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 03/3732 дугаар албан бичгүүдээр баталгаажуулан ирүүлсэн. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А-1/3650 дугаартай албан бичгээр “Нийслэл, аймаг, сумын төвүүдэд байгаа эзэмшлийн барилга байгууламжид ногдох газрын хэмжээг М.х.с ХХК-тай зөвшилцөн тогтоож, заагийн зургийг гарган аймаг, нийслэл дэх газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хандан газрын эзэмшлийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж ирүүлсэн боловч тус компани нь өнөөдрийг хүртэл зөвшилцөхгүй, холбогдох бичиг баримтуудыг гаргаж өгөхгүй байсаар ирсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 38 дугаар тогтоолыг үндэслэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр А-1/537 тоот албан бичгээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан “М.х.с” ХХК болон “М.ш” ХК-ийн хамтран эзэмшиж байгаа барилгын доорх газрын эзэмших эрхийн гэрчилгээнд М.ш ХК-ийг хамтран эзэмшигчээр бүртгэж өгөх тухай” хүсэлтийг гаргасны дагуу “М.ш” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 03/398 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандан Газрын тухай хуулийн 60.1.2-т заасан эрхийн дагуу энэхүү маргааныг шийдвэрлэн хамтран эзэмшигчээр бүртгүүлэхээр хүсэлт гаргасан боловч “М.х.с” ХХК-ний холбогдох материал дутуу гэсэн үндэслэлээр шийдвэрлэх боломжгүй тухай 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 02-06/2696 тоот албан бичгээр хариу ирүүлсэн.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчин манай компанид мэдэгдэлгүйгээр “М.х.с” ХХК-д манай компанийн эзэмшлийн барилга байгууламжийн доорх газрыг эзэмшүүлсэн байх тул газар эзэмшүүлэх тухай Нийслэлийн засаг даргын анх гаргасан захирамж нь хууль бус гэж үзэж байна.

Мөн Монгол улсын Засгийн газрын 2013 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 38 дугаар тогтоолын 6 дах заалтад “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар гарсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай бүрд  Барилга, хот байгуулалтын яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай урьдчилан зөвшилцөж, ....байхыг аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.” гэж заасан бөгөөд дээрх тогтоолын дагуу эрх бүхий байгууллага нь зөвшөөрөн хамтран өмчлөгчөөр бүртгэх талаар хүсэлтийг гаргасан байхад шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь мөн хууль бус гэж үзэж байгаа тул “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаар захирамжийн “М” ХХК-д Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд газар эзэмшүүлсэн хэсэг , мөн оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ...  дугаар, 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ...  дугаар захирамжуудын “М” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Улаанбаатар хот... элийн гудамж, Шуудангийн үйлчилгээний 37 дугаар салбарын барилгын доорх газрын хамтран эзэмшигчээр “М.ш” ХК-ийг бүртгэхгүй байгаа Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хамтран эзэмшигчээр бүртгэхийг даалгуулах, газар эзэмших эрхийн асуудлаар “М.ш” ХК, “М” ТӨХХК хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, маргаан шийдвэрлэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүхэд гаргасан тайлбартаа: “...”М.ш” ХК нь тус шүүхэд Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ... дугаартай, Баянзүрх дүүрэг, 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ... дугаартай газрыг “М” ХХК-д олгосон нийслэлийн Засаг даргын 2009 оны А/...  дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2001 оны ...дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, мөн хамтран эзэмшигчээр “М.ш” ХК-г бүртгэхгүй байгаа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож хамтран эзэмшигчээр бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцан дараах тайлбарыг хургуулж байна. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ...  тоот шийдвэрээр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 186 м.кв газрыг Холбооны үйлчилгээ, контор зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2001 оны 476 дугаар захирамжаар “М” ХХК-д тус тус эзэмшүүлэх шийдвэр гарсныг үндэслэж гэрээ байгуулж гэрчилгээ олгосон байна.

Нэгж талбарын ... дугаартай газрыг нийслэлийн Засаг даргын шийдвэрээр олгогдсон эсэх нь тодорхойгүй, Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэл байхгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан “М.ш” ХК-ийн эзэмшлийн барилга байгууламжид ногдох газрын хэмжээг “М” ХХК-тай зөвшилцөн тогтоож, заагийн зургийг гарган ирүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь хүсэлт шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй байхгүй ба “М.ш” ХК-аас ирүүлсэн хүсэлтийг тухай бур шийдвэрлэж хариу өгч шийдвэрлэж байсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ушүүхэд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь Монгол улсын Засгийн газрын 2006 оны 186 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдсан 100 хувь төрийн өмчит хуулийн этгээд юм. Уг тогтоолын 1 дэх заалтаар “М” ХК-ийн түрээсээр ашиглаж байсан монополь шинжтэй суурь болон сүлжээний тоног төхөөрөмж, барилга байгууламжийг түшиглэн зөвхөн сүлжээний үйлчилгээ явуулах компани байгуулсан бөгөөд компани шинээр үүсгэн байгуулагдсантай холбоотойгоор Төрийн өмчийн хороо /хуучин нэрээр/ нь 2006 оны 671 дүгээр тогтоолоор үндсэн хөрөнгө шилжүүлсэн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Төв шуудангийн барилгын доорх газар, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Жуковын 1 хаягт байрлах шуудангийн үйлчилгээний 51 дүгээр салбарын барилга байгууламжийн доорх газар, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, үйлдвэрчний эвлэлийн гудамж, шуудангийн үйлчилгээний 37 дугаар салбарын барилга байгууламжийн доорх газрыг эзэмшүүлсэн Нийслэлийн засаг даргын захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, шийдвэрийг хүчингүй болгуулах, уг газруудын хамтран эзэмшигчээр “М.ш” ХК-ийг бүртгэхгүй байгаа Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, дээрх газруудын газар эзэмших эрхийн гэрчилгээнд “М.ш” ХК-ийг хамтран эзэмшигчээр бүртгэхийг даалгах тухай” гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Төв шуудангийн газар, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах холбооны үйлчилгээ явуулах зориулалттай барилгын газруудыг анх Нийслэлийн засаг даргын 1996 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ...дугаар захирамжаар “М” ХК-д ашиглуулахаар олгож байсан. Эдгээр газруудыг Засгийн газрын 2006 оны 186 дугаар тогтоолын хүрээнд М ХК-аас МХХК-д холбогдох хууль, журмын дагуу шилжүүлэн авсан бөгөөд манай компани өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлсэн Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах үндэслэл болохгүй юм.

Төрийн өмчийн хорооны 2007 оны 11 дүгээр тогтоолоор “М” ХХК-ийн шуудангийн үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа барилга байгууламжийн 10314.05 м.кв талбайг “М.ш” ХК-д шилжүүлсэн.

“М.ш” ХК нь өөрийн эзэмшлийн талбайгаа зориулалтын дагуу эзэмшиж байгаа бөгөөд эзэмшигчийн хууль ёсны эрх сонирхол хөндөгдөөгүй юм.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаартай “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын 6 дугаар хэсэгт “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар гарсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай бүрд Барилга, хот байгуулалтын яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай урьдчилан зөвшилцөж аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай” гэж зааж өгсөн байна.

Уг тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд Нийслэлийн Засаг дарга нь Барилга, хот байгуулалтын яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай зөвшилцөхөөс гадна Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэхээр байна.

“М.ш” ХК нь газар эзэмшүүлэх шийдвэрт өөрчлөлт оруулах хүсэлтээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандаж шийдвэрлүүлэх ёстой байсан бөгөөд ингэж шийдвэрлүүлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан “.... гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа “М” ХК-д газар эзэмшүүлэхээр олгосон Нийслэлийн Засаг даргын захирамжийн холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах гэж тодорхойлсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

“М.ш” ХК-иас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаар захирамжийн “М” ХХК-д Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд газар эзэмшүүлсэн хэсэг , мөн оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ...  дугаар, 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ...  дугаар захирамжуудын “М” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Улаанбаатар хот... элийн гудамж, Шуудангийн үйлчилгээний 37 дугаар салбарын барилгын доорх газрын хамтран эзэмшигчээр “М.ш” ХК-ийг бүртгэхгүй байгаа Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хамтран эзэмшигчээр бүртгэхийг даалгуулах, газар эзэмших эрхийн асуудлаар “М.ш” ХК, “М” ТӨХХК хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, маргаан шийдвэрлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч компаниас Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ: … 60.1.2.газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга; ...” гэж зааснаар Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандсны дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас хариу өгсөн нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэж үндэслэлтэй юм. 

Улмаар “М.ш” ХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүх Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ.” Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д ”Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: 14.1.1.дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол;...” гэж заасныг  үндэслэн захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. 

Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд үнэлж хэргийг хянан шийдвэрлэдэг. 

Энэ тохиолдолд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд үүссэн газар эзэмших эрхийн талаарх маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны захиргааны акт биш юм. 

Учир нь маргааныг шийдвэрлэхгүй байгаа гэх эс үйлдэхүй нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын шинжүүдээс эрх зүйн шууд үр дагавар бий болгосон байх шинжийг агуулаагүй байна. Өөрөөр хэлбэл “М” ТӨХХК-д газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын захирамж болон “М.ш” ХК-ийг газрын хамтран эзэмшигчээр бүртгэхгүй байгаа Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх захиргааны акт байна.

Иймд  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар газар эзэмших эрхийн асуудлаар “М.ш” ХК, “М” ТӨХХК хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, шийдвэрлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2018 онд Барилга, хот байгуулалтын яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан тус ажлын хэсгийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хурлаас “М.ш” ХК нь өөрийн өмчлөлийн барилга байгууламжийн доорх газрын эзэмших эрхийг баталгаажуулах эрхтэй гэсэн дүгнэлт гарсан. … Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А-1/3650 дугаартай албан бичгээр “нийслэл, аймаг, сумын төвүүдэд байгаа эзэмшлийн барилга байгууламжид ногдох газрын хэмжээг “М” ТӨХХК-тай зөвшилцөн тогтоож, заагийн зургийг гарган аймаг, нийслэл дэх газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хандан газрын эзэмшлийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж ирүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зөвшилцөхгүй, холбогдох баримтуудыг гаргаж өгөхгүй байсаар ирсэн. … Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчин манай компанид мэдэгдэлгүйгээр “М” ТӨХХК-д манай компанийн эзэмшлийн барилга, байгууламжийн доорх газрыг эзэмшүүлсэн байх тул Нийслэлийн Засаг даргын захирамж хууль бус … эрх бүхий байгууллага нь зөвшөөрөн хамтран өмчлөгчөөр бүртгэх талаар хүсэлтийг гаргасан байхад шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй мөн хууль бус ...” гэж тодорхойлж байна. 

Нийслэлийн Засаг даргын 1996 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ...дугаар захирамжаар “М” ХК-д Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд тус тус газар ашиглуулах эрх олгожээ.

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 186 дугаар тогтоолоор зөвхөн сүлжээний үйлчилгээ явуулах бие даасан Холбооны сүлжээний төрийн өмчид хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулахыг Төрийн өмчийн хороо, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газарт даалгасны дагуу Төрийн өмчийн хорооны 2006 оны 491 дүгээр тогтоолоор “Мэдээлэл, холбооны сүлжээ” ХХК-ийг байгуулсан байна.

Улмаар “М” ТӨХХК, “М” ХК-иудын “Барилга, газар ашиглалтын гэрээг хүлээлгэн өгсөн акт”, дээрх компаниудын газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх албан бичиг болон холбогдох бусад баримтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны ...  дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд 1473 м.кв газрыг, 2008 оны ... дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд 3005 м.кв  газрыг, 2009 оны ...  дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд 1876 м.кв газрыг “М” ТӨХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

Ийнхүү гуравдагч этгээд “М” ТӨХХК-д газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: … 21.2.3.нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна;”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна.”, 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана.” гэж тус тус заасныг зөрчөөгүй байна. 

Учир нь Монгол улсын Засгийн газрын 2006 оны “Шуудангийн үйлчилгээний зориулалтын байрыг шилжүүлэх тухай” 195 дугаар тогтоол гарч, улмаар Төрийн өмчийн хорооны 2007 оны 11 дүгээр тогтоолоор нийслэл, аймаг, сумын төвүүдэд шуудангийн үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа 240 нэрийн барилга байгууламжийн 10314,05 квадрат метр талбай бүхий хэсгийг “М” ТӨХХК-иас “М.ш” ХХК-д балансаас балансад шилжүүлсэн бөгөөд барилгын хамтран өмчлөгч нь барилгын доорх газрыг хамтран эзэмших талаар Газрын тухай хуульд зохицуулаагүй байна.

Мөн Нийслэлийн Засаг дарга хуульд заасан эрхийнхээ хүрээнд “М” ХК болон “М” ТӨХХК-ийн хүсэлтэд үндэслэн  “М” ТӨХХК-д газар эзэмшүүлсэн газар нь бусдын эзэмшиж байгаа газартай давхцаагүй байжээ. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах хүсэлт гаргахад тухайн газрыг бусдад эзэмшүүлээгүй байсан тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. 

Иймд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаар захирамжийн “М” ТӨХХК-д Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд газар эзэмшүүлсэн хэсэг , мөн оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ...  дугаар, 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ...  дугаар захирамжуудын “М” ТӨХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “төрийн өмчийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;” гэж заасан эрхийнхээ хүрээнд гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 38 дугаар тогтоолын 6-д “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар гарсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай бүрт Барилга, хот байгуулалтын яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай урьдчилан зөвшилцөж, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар гарсан шийдвэрт өөрчлөлт оруулахдаа аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.”, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний 10 дугаар тогтоолын 5-д “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг тухайн хуулийн этгээдэд 2020 онд багтаан олгож дуусгахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.” 8-д “Төрийн өмчит хуулийн этгээдэд олгосон газар эзэмших эрхийн зориулалтыг өөрчлөх, төрийн өмчит хуулийн этгээд хооронд хуваах, шилжүүлэн эзэмшүүлэх асуудлыг тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хамт шийдвэрлэх саналыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлж байхыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (З.Мэндсайхан)-т даалгасугай.” гэж заажээ.

Барилга, хот байгуулалтын яамны ажлын хэсгийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл, мөн яамны 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 03/3732 дугаар албан бичиг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А-1/3650 дугаар албан бичигт зааснаас “М.ш” ХК-ийн эзэмшлийн барилга байгууламжид ногдох газрын хэмжээг “М” ТӨХХК-тай зөвшилцөн тогтоож, заагийн зургийг гаргаж аймаг, нийслэл дэх газрыг асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хандан шийдвэрлүүлэхийг нэхэмжлэгч компанид мэдэгдсэн байна. 

Хууль тогтоомжийн дээр дурдсан заалтаас үзвэл төрийн өмчит компаниудын газар эзэмших асуудлыг холбогдох байгууллагууд шийдвэрлэсний дагуу Нийслэлийн Засаг дарга газрыг төрийн өмчид компаниудад хуваан эзэмшүүлэх эсэх асуудлыг Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэхээр байжээ.

Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана.” гэж зааснаар нэхэмжлэгч компани хуульд заасан журмын дагуу гаргасан өргөдлийг мөн зүйлийн 32.4-д “Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө.”, 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна.” 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ: 33.1.1.энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана;” гэж зааснаар нэхэмжлэгч компанийг газрын хамтран эзэмшигчээр бүртгэх эсэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасан газар эзэмшихэд шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцнэ гэж үзлээ. 

Иймд нэхэмжлэгчээс гаргасан  “Улаанбаатар хот... элийн гудамж, Шуудангийн үйлчилгээний 37 дугаар салбарын барилгын доорх газрын хамтран эзэмшигчээр “М.ш” ХК-ийг бүртгэхгүй байгаа Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хамтран эзэмшигчээр бүртгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг “Улаанбаатар хот... элийн гудамж, Шуудангийн үйлчилгээний 37 дугаар салбарын барилгын доорх газрын хамтран эзэмшигчээр бүртгүүлэх “М.ш” ХК-ийн хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.4, 106.3.13  дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар “М.ш” ХК-иас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “Газар эзэмших эрхийн асуудлаар “М.ш” ХК, “М” ТӨХХК хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, маргаан шийдвэрлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай. 

2. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.4, 32.5 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М.ш” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Улаанбаатар хот... элийн гудамж, Шуудангийн үйлчилгээний 37 дугаар салбарын барилгын доорх газрын хамтран эзэмшигчээр бүртгүүлэх “М.ш” ХК-ийн хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгаж;

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаар захирамжийн “М” ТӨХХК-д Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд газар эзэмшүүлсэн хэсэг, мөн оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ...  дугаар, 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ...  дугаар захирамжуудын “М” ТӨХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М.ш” ХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 ШҮҮГЧ                                                Н.ДАМДИНСҮРЭН