Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 506

 

МАГАДЛАЛ

 

2017.02.17                                               Дугаар 506                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

“Эрдэм транс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/06482 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Эрдэм транс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч И.Идэргаравт холбогдох,

 

Хөдөлмөрийн гэрээний нэмэлт баталгааны дагуу олгосон 50 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Ажлаас халсан тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаад:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Сундуйсүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ш.Алтангадас,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: И.Идэргаравтай баталгааны, тээвэрлэлт үйлчилгээ эрхэлсэн дэд захирлын албан тушаалд 5 жилийн хугацаанд, тогтвор суурьшилтай, үндсэн үүрэгтэйгээр 50 000 000 төгрөг олгосон. И.Идэргарав нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн, үр бүтээлтэй тогтвор суурьшилтай ажиллаж чадаагүй, ажлаа хаяж ажлын байраа санаатайгаар орхисон нь баримтаар хангалттай нотлогдсон тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.5 дахь хэсэгт заасныг үндэслэн гэрээнээс татгалзаж 50 сая төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндсэн нэхэмжлэлтэй холбоотой нэмэлт гэрээнээс татгалзах 5 үндэслэлийг хэлэх шаардлагатай байна. 1-рт Идэргарав нь тус компанид тээвэрлэлт үйлчилгээ эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байхдаа Нийслэлийн тээврийн газартай гэрээ байгуулан ажилласан. 2013 оны 04 сараас 09 сард дүгнэсэн гэрээний үр дүнгээр 14.852.806 төгрөгийн торгууль хүлээж тус компанийг хохироосон болох нь Нийслэлийн тээврийн газрын мэргэжилтэн Цэвээндорж, Идэргарав нарын хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэлээр нотлогддог.

Нийслэлийн тээврийн газар Эрдэм транс ХХК-аас гэрээний торгууль болох 14.852.806 төгрөгийг суутган авсан болох нь Нийслэлийн тээврийн газрын нягтлан бодогч Уранчимэгийн гарын үсэгтэй баримтаар давхар нотлогдож байна. Энэ нь нэмэлт баталгааны гэрээний гол зүйлийг ноцтойгоор зөрчсөн болохыг харуулж байна. Нэмэлт баталгааны гэрээнд зааснаар Нийслэлийн тээврийн газартай байгуулсан гэрээний 80 хувь буюу түүнээс дээш дүгнүүлж байхыг ажил олгогч ажилтнаас шаардах эрхтэй гэсэн ерөнхий заалт байгаа энэ нь ажил олгогчийн эрх бөгөөд гэрээний гол нөхцөл гэж үзэхгүй. Агуулгын хувьд 5 жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллана гэдэгт торгуулийн арга хэмжээ орох ба энэ нь өргөн хүрээтэй ойлголт, гэрээний гол нөхцлийг тодорхойлсон. 2-рт Идэргарав нь 2014.10.06-ны өдрийн Б/318 дугаартай тушаалаар сануулах, 2014.10.16-ны өдрийн Б/330 дугаар тушаалаар 1 сарын үндсэн цалинг 20 хувь бууруулах тус тус хүлээсэн. Тушаал гаргахад үндэслэл болгосон ээлжийн амралт хэтрүүлсэн, цалин хассан, өгсөн үүрэг биелүүлээгүй зэрэг хангалтгүй ажилласан талаар хэрэгт хавсаргасан. 2014.11.26-ны өдрийн Б/364 тушаалаар тээвэрлэлт үйлчилгээ эрхэлсэн дэд захирлын албан тушаалаас хэсгийн дарга болгож албан тушаал бууруулсан. Уг албан тушаал бууруулсан тушаал гарсныг мэдсэн боловч уг ажлыг хийхгүй гэж хэлэн ажлын байраа орхин явсан. Үүнээс хойш ажилдаа ирээгүй, дээрх тушаалыг мэдсэн, мэдэх боломжтой байсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан 3 сарын хугацаанд гомдол гаргаагүй учраас тушаал хүчин төгөлдөр болсон. 3-рт Идэргарав нь захиргаанд мэдэгдэлгүй ажлаа хаяж явсан 2015.01.11-нд БНСУ-руу 2 сар гаруй явчихаад 2015.03.13-ны өдөр Монголд ирсэн болох нь Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2016 оны албан бичгээр нотлогдсон. Идэргарав нь ажил олгогчид мэдэгдэлгүйгээр дур мэдэн ажлаа орхин явсан ноцтой зөрчил гаргасан учир Эрдэм транс ХХК-ны 2015.04.02-ны өдрийн Б/92 тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. 4-рт Онцгой байдлын ерөнхий газрын 2016.10.14-ний өдрийн 189 тоот албан бичгээр Идэргарав нь Онцгой байдлын ерөнхий газрын 2015.09.25-ны өдрийн Б/622 тушаалаар аврагч тусгай ангийн техникийн тусгай бүлгийн дарга автын механикаар томилогдон Онцгой байдлын дэслэгч цолтой төрийн тусгай албан хаагчаар ажиллаж байна. Одоо Өмнөд суданд энхийг сахиулах үйл ажиллагааны сүүлийн ээлжинд 2016.09 сард явсан. Энэ байдал нь Иргэний харъялал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан бичгээр 2016.09.11-нд Судан явсан тухай баримтаар нотлогдож байна. Дээрх баримтаар Идэргарав нь нэмэлт гэрээний дагуу хүлээсэн гэрээний гол нөхцөл болох 5 жилийн хугацаанд үр бүтээлтэй тогтвор суурьшилтай ажиллах үндсэн үүргээ биелүүлэхгүй удаа дараа зөрчсөн. Одоо цаашид ч биелүүлэхгүй нь нотлогдсон учир нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Ямар үндэслэлээр И.Идэргараваас 50 сая төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэр өмнөх баталгааны гэрээг Иргэний тухай хуульд заасан үндэслэлээр нэхээд байна уу, Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах хөдөлмөрийн харилцаа энэ зүйлээр нэхээд байна уу гэдгийг ялгаж зааглах ёстой. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ярьж байгаагаар Иргэний хуулийн зохицуулалтыг барьж байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзахын тулд нөгөө тал нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч нь гэрээний үүргээ зөрчсөн байх ёстой. Нэхэмжлэгч талын үндэслэл болгосон 2013 оны 04 сараас 09 сард дүгнэсэн гэрээний үр дүнгээр Эрдэм транс ХХК 14.852.806 төгрөгийн торгууль хүлээсэн гэдэг. Гэтэл уг торгууль ногдуулсан нь Идэргаравын ямар үйлдэл, эс үйлдэхүйээс болсон, гэрээний ямар үүрэг зөрчсөн, нэмэлт баталгааны гэрээнээс болоод хохирол учирсан эсвэл хөдөлмөрийн гэрээний үүрэг буюу ажлын байрны тодорхойлтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс зөрчсөн эсэх ямар үйлдлээр хэдэн удаа зөрчил гаргаад энэ нь өөрөө 14.852.806 төгрөг болсон, торгуулийг хэрхэн ногдуулсан, тус тусд нь ногдуулсан уу гэдэг нь тодорхойгүй. Цаг хугацааны хувьд авч үзвэл 5 сарын дотор гарсан зөрчил болгоныг тухай бүрт нь баталгаажуулаад байна уу, эсвэл 5 сар хүлээж байгаад нэг дор баталгаажуулаад байна уу гэдэг нь асуудал. Энэ бүхнээс авч үзвэл хохирол учруулсан гэдэг зүйл байхгүй. Компаний хохирол учруулсан асуудал дээр И.Идэргарав өөрөө яаж оролцсон, нэмэлт баталгааны гэрээний дагуу Иргэний хуульд зааснаар гэрээний дагуу шаардаад байгаа нь ойлгомжгүй үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл ямар баримтаар ямар үйлдэл гаргаад хийх ёстой ямар ажлаа хэдэн хувиар хэдэн сарын хэдэнд яаж хангалтгүй биелүүлснээс болоод 14 сая төгрөгийн хохирол учирсан гэдэг нь тодорхойгүй. Энэ зүйл нь нотлогддоггүй. 2-р үндэслэл дээр нэмэлт гэрээний 2.2-д заасан ажилтан гэрээний хугацаанд 5 жилийн хугацаанд үр бүтээлтэй тогтвор суурьшилтай ажиллана гэдгийг гэрээний үндсэн гол нөхцөл гэж тайлбарлаж байна. Гэрээг авч үзвэл гэрээний нийтлэг үндэслэл дээр заасан 50 сая төгрөг байдаг энэ бол гэрээний гол үүрэг, 1.2-т 50 сая төгрөг өгч байгаа гол зүйл нь ажилтны ажлын үнэлгээг компанийн Нийслэлийн тээврийн газартай байгуулсан гэрээний 80 хувь буюу түүнээс дээш үнэлгээгээр дүгнүүлж байхыг ажил олгогч ажилтнаас шаардах эрхтэй гэж заасан. Хэргийн материалд авагдсан баримтаар 80 доош үнэлгээ авсан баримт байдаггүй. 2013 оны 04 сараас авагдсан энэ бол ажилд орохоос өмнө ажилд 4 сар гарсны дараа орсон энэ сард 80 бага үнэлгээтэй байдаг. Дараа сард ажлаа бүтэн сар хүлээж авсны дараах үнэлгээ бүгд 80-аас дээш үнэлгээтэй байдаг. Гэрээний гол нөхцөл нь 2.2 гэдэг заалт биш 1.2 гэдэг заалт хамаарна. Гэрээнд заасан үүргээ хариуцагч хангалттай сайн биелүүлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрээний 3.6-д заасан зохицуулалт явсаар байгаад өгсөн мөнгийг 100 хувь болгож өөрийн мэдэлд шилжүүлэх эрхтэй гэж заасан. 3-р үндэслэл дээр сануулах сахилгын шийтгэл авсан, 1 сарын цалинг 20 хувиар бууруулсан, цалин хасдаг, И.Идэргаравын албан тушаалыг хэсгийн дарга болгож бууруулсан. Гэтэл ямар сахилгын шийтгэл гаргасан, уг сахилгын шийтгэлийг хэрхэн баримтжуулаад ямар эрх зүйн акт гаргасан гэдэг нь тодорхойгүй, Захирлын тушаалыг И.Идэргаравт мэдэгдэж танилцуулаагүй байж тушаалыг мэдэх боломжтой байсан гэж байна.

Тушаал бол гарсан цагаасаа хүчин төгөлдөр бөгөөд гомдол гаргах нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд байгаа тушаалыг гардан авснаас хойш 3 сарын дотор, 1 сарын дотор шүүхэд гомдол гаргана. Гэтэл ажлаас халсан тушаалыг шүүх дээр 50 сая төгрөгний нэхэмжлэхээр хэзээ хаанаас авчирсан мэдэгдэхгүй тушаалууд авчирсан. Нэхэмжлэгч байгууллагын хувьд өөрсдөө хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Идэргаравт авсан сануулах, 1 сарын цалинг 20 хувиар бууруулах, албан тушаал бууруулж хэсгийн ахлагч болгосон үндэслэл нь нэмэлт баталгааны гэрээний 2.2-т заасан 5 жил үр бүтээлтэй ажиллаагүй гэдэг үндэслэлээр авсан уу, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүйгээс буюу хөдөлмөрийн харилцааны дутагдал гаргаад сахилгын шийтгэл ногдуулсан гэдгийг ялгаж салгах ёстой. Хэрвээ хөдөлмөрийн харилцааны асуудал дээр сахилгын шийтгэл оногдуулсан зүйл байвал хөдөлмөрийн гэрээн дээр гарын үсэг зуруулах үүргийг нэхэмжлэгч хийх ёстой. Хөдөлмөрийн гэрээг 2 хувь үйлдэж гарын үсэг зуруулан ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж 1 хувийг ажил олгогч ажилтанд өгөх үүрэгтэй. Уг үүргээ биелүүлээгүй байж үндэслэлгүй тайлбар тавьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. И.Идэргарав ажлаа хэзээ хаяж явсныг тогтоох ёстой. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2015.02.15-ны өдөр ажлаа хаяж явсан гэж байна. Гэтэл гэрчийн мэдүүлгээр 2014.11 сард гараад явсан гэдэг нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг үзэхээр 2014 оны 11, 12 сар, 2015 оны 01 сард энэ байгууллага ажиллаж байсан гэж бичилтээ хийсэн байдаг. Ийм зөрүүтэй баримт байхад үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байна гэж үзэж байна. 2015.04.02-ны өдрийн Б/92 тоот тушаалыг ярьж байна үүнийг сөрөг нэхэмжлэл дээр дэлгэрэнгүй тайлбарлая. Идэргаравыг тусгай албан хаагч болсон энэ хүн өнөөдөр хаана ямар ажил эрхлэх нь өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагатай ямар ч хамааралгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан хариуцагчийн гол үндэслэл нь энэ тушаалыг хүчингүй болгож зөрчигдсөн эрхээ сэргээлгэе, ажилдаа эргүүлэн оръё гэдэг шаардлагыг тавьсан. Үүнийг Идэргарав Солонгос улс руу явсан, төрийн тусгай албан хаагч болсон энэ нь манай байгууллагад ажиллах сонирхолгүй байгааг илтгэж байгаа учраас манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч гэдэг талаас хандаж болохгүй. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: “Эрдэм транс” ХХК-ийн зүгээс И.Идэргарав намайг хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг удаа дараа зөрчсөн, байгууллагад 14,852,806 төгийг хохирол учруулсан гэх үндэслэлээр ажлаас халсан тул нэмэлт баталгаан гэрээний төлбөр болох 50,000,000 тгрөгийг буцан шаардсан байна. И.Идэргарав миний бие 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр №01/2013 тоот нэмэлт батагааны гэрээг байгуулсан юм.Тус гэрээнд заасны дагуу Эдэм ранс ХХК-ийн зүгээс хөдөлмөрийн гэрээний нэмэлт 50,000,000 төгрөгийг шилжүүпэх, И.Идэргарав миний бие 5 жилийн хугацаанд компанид үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажилахаар тохиролцсоны дагуу 2013 оны 04 дүгээр сарын 03-ны дрөөс 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдийг хүртэл тогтвор уурьшиптай үр бүтээлтэй ажиплаж байсан. Гэтэл Эрдэм транс ХХК-ийн 2015 оны 04 дүгээр саын 03-ы өдөр И.Идэргарав нмайг ажлаас хаан хэмээн мэдэгдэж, ажил үргээ гүйцэтгэх боломжоор хангагүй бөгөд ээ өдрийг хүртэл И.Идэргарав миний бие гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж байсан юм. Миний би гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн зрчсөний улмаас ямар үндэслэлээр ажлаас халагдсан тухайга мэдээгүй бөгөд ажлаас хасан тушаалтай талцахаа удаа дараа биечлэн хандаж байсан боловч Эрдэм транс ХХК-ийн зүгээс И.Идэргарав надад ажлаас халс тушаалыг өнөөдрийг хуртэл хугацад ө танилцуулаагүй байна. Миний бие халсан болон сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудтай шүүхэд нэхэмжлэл хүлээн авах үедээ танилцсан болно.

Эрдэм транс ХХК И.Идэрграв намайг дээрх байдлаар ажлаас үндэслэлгүй халса атлаа 2013 оны №01/2013 тоот гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй хэмээн нэмэлт батапгааны гэрээний төлбөрийг шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь Эрдэм транс ХХК-ийн зүгс ажлаас хууль бусаар, үндэслэлгүй хааагүй байсан бо И.Идэргарав миний бие өнөөдрийг хүртэл хугацанд нэмэлт баталгааны гэрээгээр хүлээсэн үргээ зохих ёсоор биеүулж компанид тогтор суурьшилтай ажиллаж байх байсан юм. 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас халсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг удирдлага болгосон байдаг. Хэрэв Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэсэн бол мэргэжил ур чадвараар тэнцэхгүй болохыг тогтоосон баримт, дүгнэлт байх шаардлагатай. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлийг барьсан бол 1 сарын өмнө мэдэгдэх тухай заасан байдаг. Түүнчлэн ажлаас халахын өмнө сахилгын шийтгэлүүд ногдуулж байсан тушаалууд сахилгын зөрчлийн талаар аливаа нотлох баримтгүй байна. Эдгээр тушаалуудыг албан ёсоор гардуулсан баримт байдаггүй. Намайг ажилдаа ирэхээ больсон гэдэг, гэтэл би ажлаа хийгээд л явж байсан. “Эрдэм транс” ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн И.Идэргаравыг ажлаас халсан хэмээн мэдэгдэж, ажил үүргээ гүйцэтгэх боломжоор хангалгүй, ажлаас үндэслэлгүйгээр халсан. Учир нь гэрээг хүлээсэн үүргээ хэрхэн зөрчсөний улмаас ямар үндэслэлээр ажлаас халагдсан тухай тодорхойгүй байсан бөгөөд тэрээр ажлаас халсан тушаалтай танилцахаар удаа дараа биечлэн хандаж байсан боловч Эрдэм транс ХХК-ийн зүгээс И.Идэргаравт ажлаас халсан тушаалыг нэхэмжлэл гаргах хүртлэх хугацаанд өгч танилцуулаагүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Ажлаас халах тухай тушаалыг хүчингүйд тооцож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Эрдэм транс ХХК-д даалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Манай компани иргэн И.Идэргаравтай Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн дагуу Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа тусгайлан итгэл хүлээлгэж 5 жилийн хугацаатай омпанид үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллуулахаар гэрээний нэмэлт баталгаа олгон 50,000,000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн билээ. Гэтэл И.Идэргарав нь Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин ээлжийн амралтын хугацаа хэтрүүлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш хоног ажил тасалж Хөдөлмөрийн гэрээний 4.3.2 дахь заалтыг зөрчсөн учир түүнд 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Б/318 тоот захирлын тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Улмаар тэрээр ажлын хариуцлага алдаж компанийг 14,852,806 төгрөгийн торгуульд оруулсантай холбогдуулан 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/330 тоот тушаалаар үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрх байдлаар Хөдөлмөрийн хууль, гэрээнд нийцүүлэн сахилгын шийтгэл хүлээлгэсэн боловч ажилдаа хариуцлагагүй хандаж ажлын шаардлага хангахгүй компанийн үйл ажиллагааг доголдуулсан тул ажпаас халахыг сануулж 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс тушаал бууруулан хэсгийн даргаар томилсон боловч захиргаанаас санал болгосон ажлыг хийхгүй захиргаанд эдэгдэлгүй ажил тасалсан. Түүнчлэн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахгүй ажил хүлээлгэн өгөлгүй байгууллагатай тооцоо хийлгүй ажил хаяж яван сахилгын ноцтой зөрчил гаргасан тул өдөлмөрийн гэрээний 4.3 дахь хэсгийг баримтлан 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс жлаас халсан. Сахилгын зөрчлийн талаар нотлох баримтгүй гэж хариуцагч маргаж байна. Захирлын сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь өөрөө зөрчлийг батлах нотлох баримтууд мөн. И.Идэргарав нь 2015.04.03-ны өдрийн ажлаас халах тушаал дээр 2015.11.07-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан. 2015.09.25-ны өдөр төрийн тусгай албан хаагчаар томилогдсоны дараа 2015.11.07-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь төрийн албаны тухай хуулийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэр Идэргарав нь Онцгой байдлын албан хаагч болсон нь түүний өмнөх хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дуусгавар болсон. Тангараг өргөсөн төрийн албан хаагчийн хувьд төрийн албаны тухай хуулиар асуудлыг шийднэ. Идэргаравын хувьд ёс зүйн хувьд ч, хууль зүйн хувьд ч гэсэн тухайн тушаалыг хүчингүй болгож ажилд нь эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх ямар ч боломжгүй. Төрийн албаны тухай хуулийн 15-р зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг тодорхой заасан. Үүнд аж ахуй нэгж байгууллагад орон тооны ажлыг хавсран гүйцэтгэхийг хориглосон. Иймд сөрөг нэхэмжлэл хангагдах боломжгүй. 2-рт ажил олгогч ажлаас халах тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1-дэх заалтыг удирдлага болгосон. Харин тухайн хуулийн 40.1.4 дэх заалтыг бичихдээ техникийн алдаа гаргаж 40.1.2 дахь заалтыг бичсэн, ажлаас халах тушаалыг шилжүүлэн томилох зэрэг техникийн алдаа гарсан болох нь харагддаг. Энэ нь тухайн байгууллагад шинээр томилогдон ажилласан нарийн бичгийн алдаа байдаг. Мөн тушаалд Компаний дотоод журмын 7.1, 7.2.2 дахь заалт хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилтэй холбоотой. Уг заалтыг удирдлага болгосон байдаг. Ажлаас халах тушаалд захиргаанд мэдэгдэлгүй ажлаа хаяж явсан талаар тодорхой зааж өгсөн. Иймд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнчлэн Идэргарав өөрийн хүсэлтээр 2015.09.25-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газарт томилогдон төрийн тусгай албан хаагчаар ажиллаж байгаад томилолтоор Судан улс руу явсан. Төрийн албан хаагчийн тухай хуульд зааснаар төрийн албан хаагч нь аж ахуйн нэгжид ажил албан тушаал хавсран хийхийг хориглосон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Түүнчлэн өөрөө ажлаа хаяж явсан учир тушаалыг нь гардуулж чадаагүй. И.Идэргаравыг ажлаас халсан нь дээрх байдлаар холбогдох хууль, гэрээ зөрчөөгүй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасныг баримтлан, хариуцагч И.Идэргараваас нэмэлт баталгааны гэрээгээр шилжүүлсэн 50,000,000 төгрөгийг гаргуулах тухай Эрдэм транс ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан, И.Идэргаравыг ажилд шилжүүлэн томилох тухай Эрдэм транс ХХК-ийн захирлын 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/92 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг удирдлага болгон нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч И.Идэргарав нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрт, талуудын хооронд байгуулсан Нэмэлт баталгааны гэрээний 2.4-т "Хэрвээ ажилтан гэрээнд заасан хугацаанаас өмнө хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцлахаар санаачлан хүсэлт гарган өргөдлөө өгсөн тохиолдолд гэрээний нэмэлт баталгаанд өгсөн мөнгөн дүнг ажилласан болон ажиллаагүй хугацаанд дүйцүүлэн тооцож ажиллаагүй хугацааны үлдэгдлийг буцааж ажил олгогчид өгөх", 2.5-д “Ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд гэрээний нэмэлт баталгааг ажилласан болон ажиллаагүй хугацаанд дүйцүүлэн тооцон ажиллаагүй хугацааны үлдэгдлийг ажил олгогчид эгүүлэн төлөхөөр харилцан тохиролцов" гэж заасныг гэрээ цуцлах, гэрээнээс татгалзах нөхцөлийг тодорхойлсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн    гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр цуцлагдсанаар нэмэлт баталгааны гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах үндэслэл бий болохоор байна гэжээ.

И.Идэргаравыг 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Б/364 дүгээр тушаалаар тээвэрлэлт, үйлчилгээ эрхэлсэн дэд захирлын албан тушаалаас хэсгийн дарга болгож албан тушаал бууруулсан. Энэ тушаалд хариуцагч гомдол гаргаагүй, маргаагүй. И.Идэргаравыг тээвэрлэлт үйлчилгээ эрхэлсэн дэд захирлын албан тушаалд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулах үед "Нэмэлт баталгааны гэрээ" байгуулсан, энэ гэрээний гол нөхцөл бол дэд захирлын хариуцлагатай албан тушаалд 5 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах баталгаа болгож 50 000 000 төгрөгийг олгосон. Өөр бусад албан тушаалд ийм баталгаа гаргаж өгдөггүй, тийм ч боломж байхгүй. Тээвэрлэлт үйлчилгээ эрхэлсэн дэд захирлын албан тушаалыг бууруулж хэсгийн дарга болгосноор өмнөх албан тушаалын хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон бөгөөд "Нэмэлт баталгааны гэрээ" мөн цуцлагдсан гэж үзнэ. Албан тушаал бууруулж өөр ажилд шилжүүлсэн тушаалыг хариуцагч хүлээн зөвшөөрдөг. Энэ нь 2015.04.02-ны өдрийн Б/92 дугаартай "ажлаас халах" тушаалыг хүчингүйд тооцуулж, хэсгийн даргын албан тушаалд буцаан томилуулж ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагаар нотлогдож байгаа юм.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгөөгүй үед ажлын байраа орхих эрхгүй байх бөгөөд энэ хуулийн заалтыг зөрчиж ажлын байраа орхисон тохиолдлыг "Эрдэм транс" ХХК-ийн 2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн А/04 дугаартай захирлын тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.2-т "Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш хоног ажил тасалсан, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдөл, хүсэлтээ гаргахгүйгээр 30-аас дээш хоног ажлын байраа орхин явсан бол хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно" гэж заасан байна. Энэ зохицуулалтаас харахад ажилтан И.Идэргарав өөрөө хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан гэж үзэж болохоор байна.

И.Идэргарав нь ОБЕГ-ын даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/622 дугаар тушаалаар Аврах тусгай ангийн Техникийн тусгай бүлгийн дарга-автын механикчаар томилогдон, онцгой байдлын дэслэгч цолтой төрийн тусгай албан хаагчаар ажиллаж байгаа бөгөөд одоогоор Өмнөд Судан улсад энхийг сахиулах үйл ажиллагааны сүүлийн ээлжинд үүрэг гүйцэтгэж байгаа нь ОБЕГ-ын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 189 тоот албан бичгээр нотлогдсон. Энэ байдал нь И.Идэргарав өөрөө сайн дураараа хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, ОБЕГ-т өргөдөл, хүсэлтээ гаргаж төрийн тусгай албан хаагчаар томилогдсноор Нэмэлт баталгааны гэрээний гол нөхцөл болох "5 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах" гэсэн үүргээ мөн ноцтойгоор зөрчснийг баталж байна. 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн төрийн тусгай албан хаагчаар ажиллаж байгаа хүнийг тус компанийн тээвэрлэлт үйлчилгээ эрхэлсэн дэд захирлаар 5 жил үр бүтээлтэй ажилласан, нэмэлт гэрээний 2.4, 2.5-д заасан нөхцөл байдал хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанаар бий болно гэж дүгнэн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Дэд захирал И.Идэргарав нь компанийг торгуульд оруулж хохироосон, удаа дараа сахилгын шийтгэл хүлээсэн, тээвэрлэлт үйлчилгээ эрхэлсэн дэд захирлын албан тушаалд ажиллаж байгаад 1 жил 07 cap 25 хоногийн дараа 2014 оны 11 дүгээр сарын 26-нд албан тушаал буурч хэсгийн даргаар томилогдсон, ажиллаж байх ёстой 2015 оны 01 дүгээр сарын 11-нээс 2015 оны 03 дугаар сарын 13-ны хооронд буюу 2 cap гаруй хугацаанд ажлын байраа орхиж Бүгд Найрамдах Солонгос улс руу явж ажил тасалсан, түүнчлэн 2015 оны 09 дүгээр сарын     25-ны өдрөөс эхлэн төрийн тусгай албан хаагчаар томилогдон ажиллаж байгаа үйл баримтууд хэргийн баримтуудаар хангалттай тогтоогдсон байхад түүнийг 5 жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит нөхцөл байдлыг хуулийн үндэслэлтэй дүгнэж шийдвэрлээгүй тул энэ шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: И.Идэргарав нь ажилд эгүүлэн тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хангаж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд Төрийн албаны тухай хуулиийн 14 дүгээр зүйлийн 14.1.8-д "төрийн албанаас чөлөөлөгдөх" эрхтэй гэж заасан дагуу төрийн албанаас чөлөөлөгдөх бүрэн боломжтой юм.

Гэвч шүүхийн зүгээс дээрх хуулийн зохицуулалтуудад дүгнэлт хийгээгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Нөгөөтэйгүүр И.Идэргарав нь Монгол Улсын иргэний хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16.14-т "Монгол Улсын хууль “...заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаран бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ..." эрхийг баталгаатай эдлэнэ. Мөн Төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д "Өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах" эрхийг ч эдлэхээр салбарын хуульд заасан. Гэхдээ хуулийн дээрх заалтаас үл хамааран Эрдэм транс ХХК-д ажиллаж байх үеийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан.

Энэ ч үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрдэм транс ХХК-ийн Ерөнхий захирлын хууль бус тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, холбогдох даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед И.Идэргарав нь төрийн албан хаагч болсон эсэх нь шүүхийн шийдвэрт шүүхийн шийдвэрлэсэн шиг нөлөөлөх үндэслэл болохгүи байх учиртай. Учир төрийн албан хаагч И.Идэргаравтай холбоотой асуудлыг шүүх шийдвэрлээгүи бөгөөд И.Идэргаравыг терийн албан хаагч болохоос өмнех үед /Эрдэм транс ХХК-ийм ажилтны хөдөлмөрийн харилцаа/ үүссэн хөдөлмөрийн харилцааг шүүх шийдвэрлэхэд Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8 дахь хэсгийг зөрчихгүй юм. Гэтэл шүүхийн зүгээс сөрег нэхэмжлэлийн шаардлага хангаж шийдвэрлэх нь буюу И.Идэргаравыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь хуулийн дээрх заалттай зөрчилдөнө хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн.

Хэргийн материалд авагдсан Нэхэмжлэгч ЭрдэмТранс ХХК-ийн зүгээс шүүхэд хандаж гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч И.Идэргарав нь ямар хугацаанд ажилгүй байсан талаар тайлбар, холбогдох баримтууд бүрэн байх ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь дээрх хугацааны талаар маргаагүй болно. Мөн хэргийн материалд Эрдэм транс ХХК-ийн ажлаас халах тухай 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №Б/92 тоот тушаал болон хөдөлмөрийн гэрээ, нэмэлт баталгааны гэрээнүүд бүрэн авагдсан ба хариуцагчийн зүгээс ажилгүй байсан хугацааг дээрх баримтуудыг үндэслэн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаа хэмээн тодорхойлж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байдаг. Гэтэл шүүхийн зүгээс хэргийн материалд авагдсан баримтуудыг авагдаагүй, нотлогдох бүрэн боломжтой үйл баримтыг нотлогдож тогтоогдохгүй хэмээн дүгнэж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч И.Идэргарав нь төрийн албан хаагч болохоос өмнөх үед буюу Эрдэм транс ХХК-д ажиллаж байх үед зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулж, сэргээн тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас бус төрийн албан хаагчийн хувиар, терийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоолгохоор серег нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй юм. Мөн аливаа этгээд төрийн албанд томилогдсон эсэх нь тухайн этгээдийн өмнө зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоолгох эрхийг хязгаарлах үндэслэлгүй болохгүй гэж ойлгож байна. Гэтэл шүүхийн зүгээс үндэслэлгүйгээр Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, харин ч Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16.14, Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.1, 14 дүгээр зүйлийн 14.1.5, 14.1.8 дахь хэсгүүдийг тус тус зөрчиж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгожээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй тул давж заалдах шатны шүүх нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “Эрдэм транс” ХХК нь хариуцагч И.Идэргаравт холбогдуулан хөдөлмөрийн гэрээний нэмэлт баталгааны дагуу олгосон 50 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ажлаас халсан тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...И.Идэргарав хөдөлмөрийн гэрээний нэмэлт баталгааны гэрээг зөрчсөн...” гэж тайлбарлан гэрээгээр шилжүүлсэн 50 000 000 төгрөгийг бүхэлд нь шаардсан бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...нэмэлт баталгааны гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүй болгуулж, үр дагаврыг арилгуулах...” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас хариуцагч И.Идэргаравыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс “Эрдэм транс” ХХК-ийн тээвэрлэлт, үйлчилгээ эрхэлсэн дэд захирлаар томилон ажиллуулах Б/45 тоот тушаал гарснаар 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээ, уг гэрээний нэмэлт баталгааны гэрээ тус тус байгуулагдсан байна.

Хөдөлмөрийн гэрээгээр хариуцагчийн ажлын цалин сард 900 000 төгрөг байхаар, нэмэлт баталгааны гэрээгээр хариуцагч нь тус компанид 5 жилийн хугацаагаар үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллах баталгаа болгон 50 000 000 төгрөгийг, орон сууц, хашаа байшингийн зээлийн урьдчилгаа төлбөр, хувийн авто машинтай болох ахуйн бусад хэрэгцээний зорилгоор олгохоор тохиролцон уг мөнгийг И.Идэргарав хүлээн авсан, гэрээний 2.4, 2.5 дахь заалтаар 50 000 000 төгрөгийг ажилласан болон ажиллаагүй хугацаанд дүйцүүлэн харилцан тооцох журмыг зохицуулсан, И.Идэргарав нь 2015 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл БНСУ-д явсан, 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/92 тоот тушаалаар И.Идэргаравыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Компанийн дотоод дүрмийн 7.1, 7.1.1, 7.2.2 дахь заалтаар “захиргаанд мэдэгдэлгүй ажлаа хаяж явсан” үндэслэлээр ажлаас халсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн дүгнэлгүй үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь буруу гэж үзнэ.

Зохигчдын хооронд байгуулагдсан нэмэлт баталгааны гэрээнд заасан хугацааны турш И.Идэргарав үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажилласан гэх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагч ажлаа орхиж явснаас уг гэрээний зорилго биелэгдээгүй гэж үзэх үндэслэл хэргийн 211 дэх талд авагдсан бичмэл нотлох баримт, түүнд агуулагдсан мэдээллийн талаар талуудын гаргасан тайлбар, хариуцагч тайлбараа баримтаар нотлоогүй байдлаар тайлбарлагдах бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний 2.4 дэх заалтыг үндэслэн шаардах эрхтэй байна.

Гэвч нэхэмжлэгч нь гэрээний дагуу И.Идэргаравт шилжүүлсэн мөнгийг бүхэлд нь шаардах эрхгүй юм.

Учир нь И.Идэргарав хөдөлмөрийн болон нэмэлт баталгааны гэрээний дагуу 1 жил 7 сар ажилласан гэж нэхэмжлэгч тайлбарласан тул энэ хугацаанд хамаарах мөнгийг талуудын хооронд 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан Нэмэлт баталгааны гэрээний 2.4 дэх заалтыг үндэслэн хариуцагчийн ажилласан болон ажиллаагүй хугацаанд дүйцүүлэн түүнээс 34 166 673 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Хариуцагчаас гаргуулбал зохих мөнгийг тооцохдоо 50 000 000 : 60 сар = 1 сард   833 333 төгрөг x 19 сар = 15 833 327 төгрөгийг хариуцагч өөртөө үлдээх эрхтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

Харин И.Идэргаравын сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнтэй холбогдох нотлох баримтыг шүүх хуульд нийцүүлэн дүгнэлгүй, түүнийг ажлаас халсан тушаалыг хүчингүй болсонд тооцсон атлаа энэ тушаалын үр дагаврыг арилгуулах буюу өмнөх ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн дүгнэлт, шийдвэр хоорондоо зөрчилтэй, ойлгомжгүй болсон байна.

И.Идэргаравыг ажлаас халсан тушаалд шүүх хэлбэр талаас нь буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэсэнд нь дүгнэлт хийж, тушаалын “...И.Идэргарав нь захиргаанд мэдэгдэлгүй ажлаа хаяж явсан” гэх агуулгын талаар дүгнээгүйгээс гадна тушаалыг хүчингүй болгох гэснийг сөрөг нэхэмжлэлийн шаардлага гэж үзсэн нь буруу, хариуцагчийг ажлаас халсан тушаал нь уг тушаалын үр дагаврыг арилгуулах шаардлагын үндэслэл болох юм.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоос “...шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг хуулийн үндэслэлтэй дүгнэж шийдвэрлээгүй...” гэснийг хангаж, хариуцагчийн “...сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангах...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр    сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/06482 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 21.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч И.Идэргараваас 34 166 673 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эрдэм транс” ХХК-д олгож, үлдэх 15 833 327 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөх,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул И.Идэргаравын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөх,

 шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтад “… улсын орлогод хэвээр үлдээж” гэсний дараа “ хариуцагч И.Идэргараваас улсын тэмдэгтийн хураамжид 328 783 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5 дахь хэсэгт зааснаар   хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 407 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ

 

                         ШҮҮГЧИД                                  Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                             М.НАРАНЦЭЦЭГ