| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00186/и |
| Дугаар | 153/ШШ2018/00269 |
| Огноо | 2018-05-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 153/ШШ2018/00269
| 2018 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 153/ШШ2018/00269 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг А.Д-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 153/2018/00186/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, хүсэлт гаргагч А.Д нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1979 онд цэргийн албанд татагдаж, 1982 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. 1984 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Шураг бригадад малчнаар гарч мал маллаж байсан бөгөөд одоог хүртэл мал маллаж байна. Би Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж байна....Миний эхнэрийг Гангармядаг, хадам ээжийг Лхамсүрэн гэдэг байсан. Хадам ээж маань эхнэр бид хоёртой хамт амьдардаг байсан....гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
А.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч А.Д нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч А.Д нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 562 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Шураг бригадын 1984-1990 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Социализм нэгдлийн зөвлөлөөс олгосон 1986 оны Сайшаалын үнэмлэх, 1987 оны Гэрчилгээ, 1986 оны 9 сарын 27-ны өдөр олгосон Талархал, 1988 оны 5 сарын 04-ний өдөр олгосон Баярын бичиг, гэрч Э.Гансүхийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 5,7-9, 14-18, 42-43, 44-46 дугаар тал/
А.Д нь Батлан хамгаалах яамны сайдын 1979 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн н/147 дугаар тушаалаар 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1982 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн н/191 дүгээр тушаалаар 1982 оны 8 дугаар сарын 19-ний өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалах яамны Батлах хамгаалахын төв архивын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2364 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, түүний Цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1991 оноос 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний 0772150 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримт хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 19, 21-22, 47 дугаар хуудас/
Хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан 1998 оны 2 дугаар сарын 18-ны өдөр олгосон Гэрчилгээ нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан 1987 оны 7 дугаар сар гэх бичвэртэй Хүндэт жуух бичиг нь олгосон байгууллагын тамга, тэмдэгээр баталгаажаагүй буюу бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй, хавтаст хэргийн 10-13 дугаар хуудсанд авагдсан иргэн Э.Гансүх, Н.Нямдорж нарын иргэний үнэмлэхний хуулбарууд нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд авагдсан Сумын сайн малчны үнэмлэх, Аймгийн аварга малчны үнэмлэхний хуулбар нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй, хавтаст хэргийн 24-33 дугаар хуудсанд авагдсан хүсэлт гаргагчийн нэртэй Хөдөлмөрийн дэвтэр нь олгосон огноо засвартай, байгууллагын тамга, тэмдэгээр баталгаажаагүй буюу бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А.Д-ийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч А.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ