| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00239/и |
| Дугаар | 153/ШШ2018/00270 |
| Огноо | 2018-05-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 153/ШШ2018/00270
| 2018 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 153/ШШ2018/00270 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан баг А.Ю-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 153/2018/00239/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, хүсэлт гаргагч А.Ю нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.Ю шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би Ховд аймгийн Мөнххайрхан сумын сургуульд 1974 онд орж суралцаж, 5 дугаар анги төгсөж, хөдөө малчнаар гарсан бөгөөд 1985 он хүртэл аав, ээж нарын хамт мал маллаж байсан. 1985 оны 09 дүгээр сард Ховд аймгийн Мөст сумын хүнтэй гэр бүлж болж тусдаа гарсан. 1985-2000 он хүртэл хөдөө мал малласан....Намайг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Богт бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал малчнаар, Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Миний нэрийг Ховд аймгийн Мөнххайрхан сумын сургуульд сурч байхад Юурай гэж 5 үсэгтэй буюу хэллэгээрээ бичдэг байсан....Миний нэр бичиг баримтад Юра гээд 3 үсэгтэй бичигддэг....Миний нөхрийн нэрийг Ц.Өөлдхүү гэдэг. Манай нутгийн хүмүүс Ц.Өөлд гэж дууддаг....гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
А.Ю нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч А.Ю нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар, Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч А.Ю нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар, Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 690 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригад болон Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 3, 4 дүгээр бригадуудын 1981-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Ц.Өөлдхүү, А.Юра нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Н.Адуучбаатар, Ц.Юмжав нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 7-16, 36, 45-46, 47-48 дугаар тал/
А.Ю шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ....Миний нэрийг Ховд аймгийн Мөнххайрхан сумын сургуульд сурч байхад Юурай гэж 5 үсэгтэй буюу хэллэгээрээ бичдэг байсан....Миний нэр бичиг баримтад Юра гээд 3 үсэгтэй бичигддэг.... гэх тайлбараар тогтоогдож байх тул Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 690 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадын 1981-1982, 1984 онуудын 70 дугаар дансанд Юурай, Юура гэж бичигдсэн баримтуудыг хүсэлт гаргагчийн ажилласан жилд хамааралтай нотлох баримт гэж үзэн үнэлэв.
Хүсэлт гаргагч А.Ю нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний 0700711 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримт хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 4 дүгээр тал/
Хавтаст хэрэгт авагдсан 1991 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр нээсэн хүсэлт гаргагчийн Хөдөлмөрийн дэвтрийн нотариараар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 4 дүгээр бригадын 1990-1994 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Ц.Өөлдын 1993-1997 онуудын мал тоолллогын дүнгийн хуулбарууд, А дансны 34 дугаартай лавлагаа зэрэг баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй /ХХ-ийн 6, 17-21, 22-31 дүгээр тал/, хавтаст хэргийн 32-35 дугаар хуудсанд авагдсан иргэн Н.Адуучбаатар, Ц.Юмжав нарын иргэний үнэмлэхний хуулбарууд нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 50 дугаар хуудсанд авагдсан С.Аюурзана гэх бичвэртэй 70 дугаар дансны хуулбар нь огноо болон ямар нэгдлийн 70 дугаар дансны хуулбар болох нь тодорхойгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А.Ю-ийн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар, Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч А.Ю-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ