Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 185/2022/0420/Э |
Дугаар | 2022/ШЦТ/534 |
Огноо | 2022-05-19 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Э.Билгүүн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/534
2022 05 19 2022/ШЦТ/534
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Галхүү,
улсын яллагч Э.Билгүүн,
хохирогч Ц.Ц, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр
шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч М.Амгалан нарыг оролцуулан эрүүгийн 2209000000321 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Х овогт Б-ийн Ч /регистрийн дугаар /, 1983 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, .... ХХК-ний гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 580 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Б.Ч нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Никитон” баарны караоке дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байх үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ц.Ц-ын эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж түүнийг шилэн сав болон гараараа олон удаа цохиж зодон “баруун нүдний ухархайн доод хананы гайморын хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун этмойд хөндий болон хоншоорын хөндийд цус хуралдалт, баруун нүдний өөхөн эдийн эслэгт хий хуралдалт, хамар болон нүдний эргэн тойрон зөөлөн эдийн хаван, баруун нүдний доод зовхинд шарх” зэрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Ц.Ц-ын мэдүүлэг, шүүгдэгч Б.Ч-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Ч нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Никитон” баарны караоке дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байх үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ц.Ц-ын эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж түүнийг шилэн сав болон гараараа олон удаа цохиж зодон “баруун нүдний ухархайн доод хананы гайморын хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун этмойд хөндий болон хоншоорын хөндийд цус хуралдалт, баруун нүдний өөхөн эдийн эслэгт хий хуралдалт, хамар болон нүдний эргэн тойрон зөөлөн эдийн хаван, баруун нүдний доод зовхинд шарх” зэрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх шүүгдэгч Б.Ч нь хохирогч Б.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ч мэдүүлсэн: “...Шилээр цохиогүй бусад зүйл дээр санал нийлж байна... гэв.
шүүгдэгч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Бид нар нэлээн сууж байгаад Ц согтсон болоод тэр үү миний гэр бүлийг доромжилж, чамайг ална, маргааш ална, гэр бүлтэй чинь байхгүй болгоно гэж над руу агсарч, биеэрээ түлхэх зэргээр өдөж үгээр идэж эхэлсэн, тэгэхээр нь би учраа олох гээд Цын дэргэд суугаад ярилцаж үзэхэд гэхэд Ц миний гэр бүлийг доромжилж маргаад байхаар нь би баруун гараараа нүүр рүү нь нэг удаа цохиод ариун цэврийн өрөө орж хацраас нь гарсан цусаа угаасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 39-40/,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Ц-ын мэдүүлсэн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Т гэх багын найз “Никитон” гэх караокед байна гэж дуудсан. Би Т-ыг зориод очиход зүс таних хүмүүсийн хамт байсан. Мөн тухайн хүмүүс нь өдөр 15.00 цагаас эхлээд архи ууцгаасан гэсэн бөгөөд нэлээн согтолттой байсан. Найзтайгаа дуу дуулаад, найзтайгаа зураг авхуулж байхад хажуугаар орж ирээд саад болоод байсан. Би тухайн үед Б.Ч гэх хүний нэрийг нь ч мэддэггүй байсан. Т-ыг дуулж байхад араас нь хараад сууж байхад миний баруун талаас нүүр рүү цохисон. Цагдаа дуудах гэтэл хэн ч надад дуудаж өгөөгүй. Би Монгол улсад ирээгүй удсан болохоор цагдаа яаж дуудахыг мартсан байсан. Би тухайн үед миний бүх эрүүл мэндийн зардал, нүүрний сорвийг арилгаад өгчих юм бол гомдол саналгүй гэж хэлж байсан. Миний нүүрний сорвийг 4.000.000 вон, өмгөөлөгчийн 2.000.000 төгрөг болсон энэ төлбөр мөнгийг төлчих гэж хэлэхэд алга болчихсон. Би өөрөө балетчин хүн болохоор баруун тийшээ харахад нүд 2 харагдаж, ядарсан үед хүртэл нүд чимчигнэж өвддөг. Мөн миний нүүрэн дэх сорви 6-7 сар хүртэлх хугацаанд эмчлүүлж байж зүгээр болно гэж Солонгос улсын эмнэлгээс мэдэгдсэн. Намайг Солонгос улс руу явахаас өмнө 2.000.000 надад өгсөн. Би сард 5.000.000 төгрөгийн цалинтай. Энэ гэмтлийн улмаас ажил хийж чадаагүй, бэлтгэлээ хийж чадаагүй. Маш их гомдолтой байна... гэв.
хохирогч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр намайг багын найз Т “уулзъя, би караокед байна” гэж дуудсан. Ингээд би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Никитон” баарны караокед 22 цагийн орчимд очиход тухайн газарт Т, Г, Д болон үл таних хүмүүс нийлсэн 7-8 хүн байсан. Намайг очиход тухайн хүмүүс өдрөөс эхэлж ууж байна гэж хэлж байсан бөгөөд 1 нь унтсан байдалтай байж байгаад явсан. Удалгүй Ч гэх Т-ын их сургуулийн найз залуу намайг солонгос дуу дуултал гадаадууд, Монголдоо ажилладаггүй гэх зэргээр доромжилж хажууд суугаад миний хүзүүнээс зуураад согтуу хүний гаргадаг үйлдэл гаргаж агсарсан бөгөөд би “би солонгос хүн биш, Монгол хүн” гэж тайлбарлаж хэлтэл “Солонгосжсон халх байна” гэж хэлээд ууж байсан Хужирт усны шилээр миний баруун талын нүдний доод хэсэг, хацарт цохиж би хойшоо толгойгоо савах хөдөлгөөн хийхэд миний араас хэд хэдэн удаа гараараа цохиж гэмтээсэн. Үүний дараа хамт байсан хүмүүс биднийг салгаж би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Баруун хацрын яс хугарсан, 3 оёдол тавиулсан, ар шилэн хүзүү болон баруун өвдөг хөндүүртэй байна..." гэсэн мэдүүлэг /хх-н 9-10/,
гэрч Н.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний бие тухайн өдөр найз болох Б.Ч, Д, Б, А, Г, Г, М, Ч нартай хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Никитон баарны 2 дугаар давхрын караокед уулзаж, архи ууж дуулж байгаад, миний бие Солонгост ажиллаж амьдардаг найз Ц-ыг гадаадаас ирсэн учир бөөнөөрөө гарсан дээрээ дуудаж уулзахаар шийдэж Ц-ыг утсаар ярьж байгаа газраа дуудсан, энэ дагуу Ц удалгүй ирж бид хамтдаа архи ууж дуу дуулж байгаад Г, Б, М нар гэр гэр рүүгээ харьж үлдсэн хүмүүс нь үргэлжлүүлээд дуулж, ууж байгаад 00 цаг өнгөрч байхад би дуулж байтал Ч, Ц нар асуудал үүсгэж Ч, Ц-ыг цохисон байсан ба би ширээн дээр очиж тэднийг салгасан..." гэсэн мэдүүлэг /хх-н 20/,
гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би диван дээр аягүй микрофон бариад дуулж, миний хажууд Ц, Ч, А сууж байтал гэнэт Ч босож ирээд Ц-ын нүүр рүү 1 удаа цохисон бөгөөд би араас нь очиж Ч-ыг татаж салгасны дараа Ч, А нар караокены өрөөнөөс гарсан бөгөөд караокены өрөөнд Ц, Г, Т нар үлдэж Ц-ын хацраас гарсан цусыг тогтоож байгаад Ц цагдаа дуудсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,
гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Г, Б, М нар согтож гэр рүүгээ харьсан. Үлдсэн хүмүүс нь үргэлжлүүлээд дуулж, ууж байгаад 00 цагийн орчимд караокены цаг дуусаж аягүй дуулж, би өөрөө тооцоо хийхээр өрөөнөөс гарч тооцоо хийгээд орж иртэл Ц цохиулчихсан байдалтай байхаар нь юу болсон бэ гэж асуутал Ч, Ц-ыг цохчихсон гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-н 27-28/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №2319 тоот актын “…Ц.Ц-ын биед баруун нүдний ухархайн доод хананы гайморын хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун этмойд хөндий болон хоншоорын хөндийд цус хуралдалт, баруун нүдний өөхөн эдийн эслэгт хий хуралдалт, хамар болон нүдний эргэн тойрон зөөлөн эдийн хаван, баруун нүдний доод зовхинд шарх, баруун өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдсон. ...Дээрхи гэмтлүүд нь ирмэгтэй болон мохоо зүйлийн цохих, цохигдох, үрэх, нидрэгдэх олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл шинэ гэмтэл. ...Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...“ гэх дүгнэлт /хх-н 30/,
Хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №253 тоот актын “…Ц.Ц-ын биед баруун ухархайн доод ханын хугарал, баруун нүдний өөхөн эслэг, хоншоорын болон этмоид хөндий цус хуралт, баруун доод зовхинд шарх, хамар болон нүдний эргэн тойрны зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг шилбэн зулгарал тогтоогдлоо. ...Баруун ухархайн доод ханын хугарал, баруун нүдний өөхөн эслэг, хоншоорын болон этмоид хөндийд цус хуралт, баруун доод зовхинд шарх, хамар болон нүдний эргэн тойрны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хатуу ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, баруун өвдөг шилбэний зулгарал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. ...Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. ...Баруун ухархайн доод ханын хугарал, баруун нүдний өөхөн эслэг, хоншоорын болон этмоид хөндийд цус хуралт, баруун доод зовхины шарх, хамар болон нүдний эргэн тойрны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл, баруун өвдөг шилбэний зулгарал нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэмтэл байна. ...Баруун доод зовхины шарх гэмтэл соривжиж эдгэрэх ба сорив нь ердийн явцаараа арилж бүдгэрэхгүй, бусад гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...Шинжээчийн 2319 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна…” гэсэн дүгнэлт /хх-78-79/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Ч-ын дээрх 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Никитон” баарны караоке дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байх үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ц.Ц-ын эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж түүнийг шилэн сав болон гараараа олон удаа цохиж зодон “баруун нүдний ухархайн доод хананы гайморын хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун этмойд хөндий болон хоншоорын хөндийд цус хуралдалт, баруун нүдний өөхөн эдийн эслэгт хий хуралдалт, хамар болон нүдний эргэн тойрон зөөлөн эдийн хаван, баруун нүдний доод зовхинд шарх” зэрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Б.Ч-ын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Б.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 800 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Ч-д 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Б.Ч нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн нэхэмжилсэн 5.804.797 төгрөгийг төлсөн ба Солонгос улс руу хохирогчийг явахад 2.000.000 төгрөгийг нэмж өгсөн байна.
Харин хохирогчоос шүүх хуралдаанд 2022 оны 3, 4 дүгээр сарын цалин 24.150.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг нийт 26.150.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилснээс шүүх өмгөөлөгчийн хөлс гэх 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, харин хохирогчийн 2022 оны 3, 4 дүгээр сарын цалин болох 24.150.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Учир нь: Хохирогч Ц.Ц нь балетчин мэргэжилтэй байх бөгөөд тэрээр БНСУ-ын Инчон хотын балетын театртай балетын гоцлол бүжигчнээр гэрээтэй ажиллаж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Ч-аас 24.150.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэв.
Мөн хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Б-ийн Ч-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ч-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч нь энэ тогтоолоор оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Ч нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б.Ч 24.150.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Ц (РД: )-д олгосугай.
6.Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР