Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2018/00271

 

 

 

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2018/00271

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мянгад сумын Гахайт баг Б.С-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 153/2018/00192/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, хүсэлт гаргагч Б.С нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.С шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1984 онд Ховд аймгийн Мянгад сумын 8-н жилийн дунд сургуулийн 8-р анги төгсөж илгээлтээр Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Тариа бригадад гарсан....Миний тушаал ногоочноор гэж гарсан....1986 онд Ш.Уртнасантай гэр бүл болсон. Намайг 1984 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Тариа бригадад ногоочноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлттэй байна....Манай Тариа бригадын хамт олон 1985 онд ногоочдын зөвлөгөөнд оролцож байсан үеийн гэрэл зураг байгаа юм гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Б.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч С нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Тариа бригадад 1984 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Б.С нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Тариа бригадад 1984 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ногоочноор ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 630 дугаартай албан бичиг, мөн тасгийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 992 дугаартай Лавлагаа хүргүүлэх тухай албан бичиг, хүсэлт гаргагчийн 1987, 1989 онуудын Төрөлтийн түүхэнд Албан тушаал гэсэн хэсэгт ногоочин гэж бичигдсэн төрөлтийн түүх, гэрч Н.Хашчулууны ....Би 1982 оны 6 сард цэргийн албанд татагдаж 1985 оны 6 сард халагдаж ирсэн. Цэргээс халагдаад Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадын аж ахуйн няраваар 1990 он хүртэл ажилласан....Би 1985 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цэргээс халагдаж ирсэн. Би 1985 оны 9 сард Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад аж ахуйн няраваар ажилд ороход Б.С нь Ховд аймгйин Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригададажиллаж байсан бөгөөд нэгдэл тартал буюу 1990 оны 12 сар хүртэл ажилласан. Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэл нь 1990 онд тарсан. Б.С нь хэзээ тус нэгдэлд ажиллаж эхэлсэн талаар бол мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг, фото зураг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан ....Манай Тариа бригадын хамт олон 1985 онд ногоочдын зөвлөгөөнд оролцож байсан үеийн гэрэл зураг.... гэх тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 3, 12, 35-36, 39, 40-41 дүгээр тал/

Хүсэлт гаргагч Б.С нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний 1611000360 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатраар гэрчлүүлсэн баримт хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 5 дугаар тал/

Хавтаст хэргийн 8-11 дүгээр хуудсанд авагдсан иргэн Б.Оюунтүлхүүр, Н.Хашчулуун нарын иргэний үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 13, 33 дугаар хуудсанд авагсадн 1986 оны 1 сарын 31-ний өдөр гэсэн огноотой Талархал нь засвартай буюу бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй, хавтаст хэргийн 6-7, 14-25 дугаар хуудсанд авагдсан Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, уг хөдөлмөрийн дэвтрийн эх хувь нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Б.С-ийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Тариа бригадад 1984 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    С.ОЮУНЖАРГАЛ