Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/535

 

 

 

 

 

 

2022          05          19                                  2022/ШЦТ/535

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч Б.Амармөрөн,

шүүгдэгч Н.С нарыг оролцуулан эрүүгийн 1909013100471 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Б овгийн Н-н С /регистрийн дугаар /, Улаанбаатар хотод 1996 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, халх, эмэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт амьдрах, оршин суух иргэний үнэмлэхийн хаягтай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 407 дугаар ангид хорих ял эдэлж байгаа,

урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 467 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 506 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 914 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

 

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

          Н.С нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Үнэгүй.мн” зарын сайтад “Хан-Уул дүүргийн яармагийн гүүр гараад 2 өрөө тавилгатай байр түрээсэлнэ” гэх хуурамч зарыг байршуулж бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч Т.Т-аас Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, .... тоотод байрлах гэртээ байхад нь 1.000.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Н.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Т.Т-ын мэдүүлэг, шүүгдэгч Н.С-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Н.С нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Үнэгүй.мн” зарын сайтад “Хан-Уул дүүргийн яармагийн гүүр гараад 2 өрөө тавилгатай байр түрээсэлнэ” гэх хуурамч зарыг байршуулж бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч Т.Т-аас Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 26-08 тоотод байрлах гэртээ байхад нь 1.000.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлэн авч залилсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч Н.С-ыг нь хохирогч Т.Т-ыг залилсан үйл баримт нь:

-шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

-шүүгдэгч Н.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…буудалд хонож хоолонд орж өөрийн хэрэгцээндээ зарцуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 40-42/,

- хохирогч Т.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2019 оны 3 дугаар сарын 20-нь “Үнэгүй.мн” сайтад Хан-Уул дүүргийн яармагийн гүүр гараад 2 өрөө тавилгатай байр түрээсэлнэ гэсэн зарын дагуу .... гэсэн дугаарын утсанд залгаж ярилцаад байр түрээслэхээр болоод гэрээ байгуулаагүй, урьдчилгаа 1.000.000 төгрөг гэрээсээ мобайл банкаар шилжүүлсэн. Тэгээд нөгөө хүн маань “дүү З /...../ гэх хүнд Хан-Уул дүүргийн түрээслэх хаяг руу түлхүүр өгөөд явуулчихлаа та очоод авчих” гэж хэлсэн. Би Хүннү Молл худалдааны төвийн баруун талын Ханбогд хотхонд очиж 3 орчим цаг хүлээгээд ирэхгүй болохоор нь 23 цаг 30 минут хүртэл хүлээгээд залгатал гар утсаа унтраасан..." гэсэн мэдүүлэг /хх-н 11/,

- хохирогч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Надад .... дугаартай Хаан банкны данс байдаг, би 5,6 жил ашиглаж байна. Манай найз С нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр над руу залгаж “манай эгч мөнгө явуулах гэж байгаа юм, чамд данс байгаа юу, байгаа бол мөнгө аваад өг” гэж хэлсэн. Тэгээд Саппоро дээр уулзаж буудлын ар талын Хаан банкны АТМ рүү хамт орсон, миний картыг авч мөнгөө авчаад явсан. Авсан мөнгийг би зарцуулаагүй, С аваад явсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 29/,

-Хаан банкны дансны хуулга /хх-н 31/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Н.С-ын 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Үнэгүй.мн” зарын сайтад “Хан-Уул дүүргийн яармагийн гүүр гараад 2 өрөө тавилгатай байр түрээсэлнэ” гэх хуурамч зарыг байршуулж бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч Т.Т-аас Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 26-08 тоотод байрлах гэртээ байхад нь 1.000.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Н.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний дотор 06 сарын хорих ял оногдуулах нь зүйтэй хэдий боловч тэрээр жирэмсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоодсон тул түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 06 /зургаа/ сарын хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

  

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Н.С-ын дээрх үйлдлийн улмаас хохирогч Т.Т-д 1.000.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс дээрх 1.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Т-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овгийн Н-н С-ыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.С-ыг 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.С-д оногдуулсан 06 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-д оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 06 /зургаа/ сарын хугацаагаар хойшлуулж, түүнд энэ хугацаанд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5.Шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-с 1.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Т  (РД:-д олгосугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР