| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00289/и |
| Дугаар | 153/ШШ2018/00274 |
| Огноо | 2018-05-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 153/ШШ2018/00274
| 2018 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 153/ШШ2018/00274 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой баг Д.Ө-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 153/2018/00289/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, хүсэлт гаргагч Д.Ө нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Ө шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. Би Ховд аймгийн Чандмань сумын 8-н жилийн сургуульд суралцаж байгаад 7 дугаар ангиа төгсөөд 1973 онд эвлэлийн илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд ажиллаж эхэлсэн. Тус нэгдэлдээ 1977 оны 06 сар хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. Ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт дээр тамга дарагдаагүй. Мөн архиваас баримт хайж үзэхэд миний нэрээр ямар ч баримт гарч ирээгүй учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон....Намайг Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1973 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1977 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоож өгнө үү....гэв
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Ө нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Ө нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1973 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд туслах ажилтнааражиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулалаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Д.Ө нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1973 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь 1973 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн №08235 дугаартай Илгээлт, хүсэлт гаргагчийн Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 897 дугаартай Лавлагаа хүргүүлэх тухай албан бичиг, гэрч Ц.Сайнэрийн ....Д.Ө бид хоёр нэг анги байгаа юм. 1973 онд Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг хамт төгсөөд илгээлтээр гарч Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн үйлдвэр бриагдад ажиллаж байсан. Бид сумын барилга барих, айлын өвөлжөө, хаваржааны хашааг засварлах, хадлангийн ажилзэргийг хийдэг байсан. Хаана ажил байна тэнд л очиж ажил хийдэг байлаа.... гэх мэдүүлэг, гэрч В.Чанцалын ....Д.Ө нь илгээлтээр Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн үйлдвэр бригадад ажиллаж байсныг нь мэдэж байна. Намайг ажиллаж байхад залуучууд илгээлтээр гарч ирээд ажилладаг байсан. Би худлаа хэлээд яах вэ оныг нь санахгүй байна. Үйлдвэр бригадынхан чинь янз бүрийн л ажил хйидэг байсан.... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 3, 6-12, 41-44 дүгээр тал/
Д.Ө нь нь Батлан хамгаалах яамны сайдын 1977 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн н/122 дугаар тушаалаар 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1980 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн н/162 дугаар тушаалаар 1980 оны 8 дугаар сарын 20-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалах яамны Батлах хамгаалахын төв архивын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2754 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, түүний 320783 дугаартай Цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хавтаст хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 4, 17 дугаар тал/
Хавтаст хэргийн 13-16 дугаар хуудсанд авагдсан иргэн Ц.Сайнэр, Б.Мөнхжаргал нарын иргэний үнэмлэхний хуулбарууд нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Ө-ийн Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Үйлдвэр бригадад 1973 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Ө-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ