Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/577

 

  

 

 

 

 

 

 

2022              05            30                                    2022/ШЦТ/577

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч Ц.Төгөлдөр,

хохирогч Э.Т,

шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан эрүүгийн 2209000000659 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч А овогт Б-ын Ж /регистрийн дугаар /, 1998 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ..... дугаар дамжааны оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын оршин суух бүртгэлтэй, түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Б.Ж нь 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Альфа” гэх нэртэй зочид буудлын гадна бусадтай маргалдах явцдаа Э.Т-ын биед халдаж, уруул хэсэгт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн дээд 1, 2 дугаар шүдний булгаралт, зүүн доод 2 дугаар шүдний сулрал, дээд доод уруулын дотор салстын язрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Ж-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Э.Т-ын мэдүүлэг, шүүгдэгч Б.Ж-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Ж нь 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Альфа” гэх нэртэй зочид буудлын гадна бусадтай маргалдах явцдаа Э.Т-ын биед халдаж, уруул хэсэгт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн дээд 1, 2 дугаар шүдний булгаралт, зүүн доод 2 дугаар шүдний сулрал, дээд доод уруулын дотор салстын язрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч Б.Ж нь хохирогч Э.Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж мэдүүлсэн: “...Тухайн үед найзыгаа авах гээд явж байтал хэсэг бүлэг залуус “Казакаар яагаад орилоод байгаа юм бэ” гэж биднийг угсаа, гарлаар минь доромжилсон. Би уураа бариад бүгдийг салгаж байтал Т-ын найз нь намайг цохиж зодоон эхэлсэн бөгөөд би өөрийгөө хамгаалж зодолдсон. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлыг бодитоор тогтоож өгнө үү... гэв.

-шүүгдэгч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Миний бие гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа учир хохирогч Э.Т-т 3-4 сая төгрөгийн хохирлыг төлж барагдуулах боломжтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 39-40/,

- шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Т мэдүүлсэн: “...Би тухайн шөнө найзуудтайгаа ариун цэврийн өрөөнд орох гээд “Alpha” гэх баар руу манай хоёр найз буусан. Манай найзууд ирэхгүй болохоор араас нь очтол зодоон болж байсан. Би өөрөө хүнд гар хүрээгүй, маргалдаагүй зогсож байхад намайг нүүрэн тус газарт цохиж 1 шүд далийж, 2 шүд унасан. Би Солонгос улсад эмчилгээ хийлгэмээр байсан ч “бидэнд тийм төлбөрийн чадвар байхгүй. Шүүхээр орж байж шийдүүлнэ” гэж хэлж байсан. Намайг холбоо барих болгонд үл тоож, би дандаа араас нь эрж хайж явдаг байсан... гэв.

-хохирогч Э.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө би өөрийн найзууд болох Г, Э нарын хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маркю” гэх нэртэй баарнаас хойш чиглэлд байх “СU дэлгүүрийн гадаа миний машинд сууцгааж байсан. Тухайн “СU дэлгүүрийн хажууханд байсан Альфа гэх нэртэй зочид буудлын гадна казахууд хоорондоо муудалцаад байсан. Тэгээд манай найз Г-ын хэлснээр бол Г, Э нар тэднийг хоорондоо муудалцаад байхаар болиулах гээд очсон юм байна лээ. Би тэр үед машин дотор сууж үлдсэн байсан. Тэгээд би машинаасаа буугаад 2 найз дээрээ очсон чинь тэр казахууд манай 2 найзыг зайл гээд машиндаа сууцгааж байсан. Тэгсэн чинь манай найз Г юу гэнээ гээд тэдний машиныг өшиглөсөн. Тэгсэн чинь машин дотроосоо тэд нар бууж ирээд бид нар руу дайрч эхэлсэн... Тэгээд би босож ирээд гараашны хажуугийн хашлага дээр зогсож байхдаа машин руугаа харж байсан чинь үл таних Ж гэх залуу ирээд миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохичихсон. Тэгээд л би гараараа амаа дараад тонгойгоод амаа дарсан гараа харсан чинь амнаас цус гарч байсан. Тэгээд бид нар хажууханд байсан машин дээрээ ирцгээсэн. Тэгэхэд би цохиулахдаа шүд унасныг мэдээд буцаж очоод хэн намайг цохисон бэ гэхэд хэн нь ч дуугарахгүй байж байснаа Ж гэх залуу нь би цохисон гээд надад цохисон гараа харуулж байсан. Тэрний гар нь цус болж шалбарсан харагдсан. Тэгээд манай Э гэдэг найз цагдаа дуудсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Яг л надад 2 шүд унасан, 1 шүд далийсан гэмтлийг дүгнэлтэд тусгасан байна. Санал нийлж байгаа. Яг цохиулж байхдаа би хальт харахад Ж мөн байсан. Тэгээд тэдний дундаас хэн цохисон гээд асуухад Ж би цохисон гэж өөрөө хэлсэн.Тэгэхэд Ж-ын цохисон гар нь угаасаа шалбарсан цус гарсан байсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 9-10/,

-гэрч Е.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би машинд суугаад байж байхад Ж, Б нар машинд суухгүй байхаар нь буугаад харсан чинь 3-4 монгол залуучууд ирчихсэн манай үлдсэн найзууд руу дайраад байсан. Та нар яагаад казахаар орилоод байгаа гэх утгатай хараалын үгээр дайрч байсан. Ж, Б нар тэр залуучуудыг салгаад байж байсан. Тэр хоёр манай нэг найзыг бас салгаж аваад машиндаа суулгаж байсан. Тэгэнгүүтээ хохирогч Т гэх залуугийн хажууд байсан залуучууд нь над руу түлхэж дайраад над руу татаж байсан тамхиа шидсэн. Тэгсэн чинь Ж дахиад салгаж, намайг дахиад машинд оруулаад манай найзуудыг бүгдийг нь машинд нь оруулсан. Тэгээд манай талаас нэг ч хүн гадаа байгаагүй. Бүгдээрээ 2 машинд хуваагдаад суучихсан байдалтай байсан. Тэгээд намайг Ж машины арын суудалд сууж байсан чинь нөгөө машин руу тэд бүгдээрээ дайраад цонх руу цохиод байгаа харагдсан.... Би тэр үед яг согтуу байсан болохоор тэдний хэн нь яг ямар үйлдэл гаргаж байгааг хараагүй... Ж Т-ыг цохиж байхыг би хараагүй. Сүүлд Т нь миний шүд унасан байна гэсэн. Тэр үед л би шүдээ цохиулсныг нь мэдсэн. Тухайн үед Ж нь би цохисон гээд өөрөө хэлж байсан. Миний биед ямар ч гэмтэл шарх учраагүй..." гэсэн мэдүүлэг /хх-н 17/,

-гэрч П.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгсэн чинь зочид буудлын гадаа казах хүмүүс хоорондоо маргалдаад зодолдоод байхаар нь Эрхэс бид хоёр тэдэнд хандаж хөөе болиорой хүмүүс унтаж амарч байгаа шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь тэдний нэг нь бид хоёрт хандаж чи зайл, бид нар хоорондоо асуудлаа шийдчихнэ гэж хэлэнгүүтээ бүгд машиндаа сууцгаасан. Тэгээд уур хүрээд машин дээр нь явж очоод машиныг нь гараараа цохиж хөөе гараад ир гэсэн. Гэхдээ машинд нь ямар ч хохирол учраагүй. Тэгэхэд бөөнөөрөө машинаасаа бууж ирээд хэрэлдэж байгаад нэг мэдсэн чинь зодоон болж байсан. Тэгээд тэд нар бөөнөөрөө намайг цохиж, би ч харилцан зодолдож байгаад зугтаасан. Зугтааж байхад би эргээд харсан чинь Т тэдний дунд очсон, замын брожур дээр зогсож байсан. Тэгээд зогсож байхад нь Т-ыг хажуугаас нь нэг залуу цохичихсон. Тэгээд бид хэд шууд машин руугаа зугтаад машиндаа сууцгааж за явцгаая гэсэн чинь Т нь баяж бай. Миний шүд хугарчихсан байна гэсэн. Тэгээд л цагдаа дуудъя гээд явж уулзахад Түвшинбаярыг цохисон залуу нь би цохисон гээд өөрийгөө хэлсэн. Тэр залуу Т-ыг цохиж байхыг би угаасаа харсан юм. Т-ыг цохиод тэр гар нь шалбар цус гарсан байсан. Эрхэс 10 орчим хоногийн өмнө сургуульд сурахаар Бүгд Найрамдах Солонгос улс руу явсан. Тэр үед миний толгойны ард бондойгоод жаахан хавдсан байсан. Одоо зүв зүгээр болчихсон. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй..." гэсэн мэдүүлэг /хх-н 19/,

-Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн №4211 тоот актын “…Э.Т-ын биед зүүн дээд 1, 2 дугаар шүдний булгаралт, зүүн доод 2 дугаар шүдний сулрал, дээд доод уруулын дотор салстын язрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. ...Хоёр шүдний булгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги 10 хувь алдагдуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...“ гэх дүгнэлт /хх-н 23-24/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Б.Ж нь 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Альфа” гэх нэртэй зочид буудлын гадна бусадтай маргалдах явцдаа Э.Т-ын биед халдаж, уруул хэсэгт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн дээд 1, 2 дугаар шүдний булгаралт, зүүн доод 2 дугаар шүдний сулрал, дээд доод уруулын дотор салстын язрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

 

Шүүгдэгч Б.Ж-ын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Б.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Хохирогчийн зүгээс эмчилгээний зардалд 12.210.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч уг нэхэмжлэлтэй холбоотой баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүх хохирогчийн энэ нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.

Харин хохирогч нь дээрх нэхэмжлэлтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч А овогт Б-ын Ж-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ж-д 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

4.Шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлүүлэхэд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР