Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/578

 

  

 

 

 

 

 

 

2022              05            30                                    2022/ШЦТ/578

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарыг оролцуулан эрүүгийн 2202000000140 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт С-ын Н /регистрийн дугаар /, 1997 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол Улсын Их сургуулийн .....оюутан, ам бүл 3, аав, ээжийн хамт оршин суух,

урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

С.Н нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Лагшин төвийн 7 дугаар давхрын 7Б-1 тоот түрээслэн оршин суух гэртээ 2022 оны 2 дугаар сараас 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 0,0433 грамм цэвэр жинтэй “шавар” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокуророос С.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгч С.Н-ийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч С.Н нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Лагшин төвийн 7 дугаар давхрын 7Б-1 тоот түрээслэн оршин суух гэртээ 2022 оны 2 дугаар сараас 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 0,0433 грамм цэвэр жинтэй “шавар” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч С.Н нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 0,0433 грамм цэвэр жинтэй “шавар” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н мэдүүлсэн: “...Хийсэн зүйлдээ маш их гэмшиж байна. Дахин ийм асуудал гаргахгүй сайхан амьдарна... гэв.

-шүүгдэгч С.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын талаар 2021 оны 10 дугаар сард интернэт орчин, Япон улсад ажиллаж, амьдардаг найзаасаа мэдээлэл авсан. Тухайн үедээ өвс буюу каннабисыг сонирхох журмаар 2021 оны 12 дугаар сард анх хэрэглэж байсан. 2022 оны 2 дугаар сард Булган аймаг руу өвөл аяллаар явахдаа Дархан-Уул аймгийн ойролцоо Хонгор сумын нутаг дэвсгэрт явж байгаад бие засахаар зогссон. Миний бие зассан газарт Мишээл нэртэй талхны уут байсан ба уг уутанд хар ногоон өнгийн зүйл харагдаад байхаар нь сонирхоод аваад үзтэл дотор нь шавар байсан. Ер нь бол шаврыг хараад мэднэ. Ингээд Мишээл нэртэй талхны уутанд байсан шаврыг уутанд нь боогоод өөрийнхөө хэтэвчинд хийгээд мартсан байсан. 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гэртээ байж байх үедээ түрийвчээ үзтэл, ууттай шавар байхаар нь уг өдрөө амьдарч байгаа Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Лагшан төвийн 76-1 тоот гэртээ ганцаараа байхдаа хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 121/,

эрч Б.Ц  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Цуг хамтран амьдарч байгаа Н нь хар тамхины төрлийн зүйл хэрэглэсэн юм шиг байсан. Би 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 18 цаг 40 минутын үед гэртээ орж ирэхэд Н гэртээ байсан. Бид хоёр хоол ундаа хийж идээд байж байхад цагдаа нар орж ирсэн юм. Н нь тухайн үед хар тамхины зүйл хэрэглэсэн байсан юм билээ. 2021 оны 1 дүгээр сарын сүүлээр Рүүмис нэртэй байр түрээслэн ганцаараа амьдарч байхдаа танилцсан. 2022 оны 1 дүгээр сарын 5-ны үед Н надтай цуг амьдарч, түрээсийн мөнгө хамтдаа төлөх болсон. Би өглөө гэрээсээ гараад, орой гэртээ ирдэг байсан. Н гэрт үлддэг байсан..." гэсэн мэдүүлэг/хх-н 38-39/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 1946 дугаартай “...ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн зүйл, 6 гэсэн хаягтай цагаан өнгийн хуванцар савнаас Делта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг болно...” гэсэн дүгнэлт /хх-н 55-56/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1949 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. N 2022-03-04 гэсэн хаягтай шээснээс Делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг болно...” гэсэн дүгнэлт /хх-н 62-63/

-мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестэлж шалгасан ажиллагааны тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-15/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч С.Н-ийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Лагшин төвийн 7 дугаар давхрын 7Б-1 тоот түрээслэн оршин суух гэртээ 2022 оны 2 дугаар сараас 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 0,0433 грамм цэвэр жинтэй “шавар” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч С.Н-ийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч С.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хадгалж байсан бодисын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 гэж дугаарласан бор өнгийн бөөрөнхий цаасан хайрцаг болон түүний дотор 2 ширхэг зиплок түгжээтэй ууттай өвс мэт 22.6 грамм зүйл, 2 гэж дугаарласан зиплок түгжээтэй хүрэн бор өнгийн ууттай 1.8 грамм шавар мэт зүйл, 3 гэж дугаарласан зиплок түгжээтэй ууттай шатсан тугалган цаас, 4 гэж дугаарласан зиплок түгжээтэй ууттай 2.1 грамм нунтаг өвс мэт зүйл, 5 гэж дугаарласан шатаж түлэгдсэн тугалган цаас, 6 гэж дугаарласан цагаан өнгийн бөөрөнхий Панангийн гэсэн улаан цаастай дотроо өвс мэт зүйлээр бохирлогдсон бөөрөнхий хуванцар савыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгаж,

1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч Б овогт С-ын Н-ийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу сэтгэцэд нөлөөт бодис түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Н-д 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хот өөр газар зорчихыг болон зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хориглож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгасугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд тайлбарласугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5.Шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР