| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2018/01086/и |
| Дугаар | 1208 |
| Огноо | 2018-04-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 1208
2018 оны 04 сарын 05 өдөр Дугаар 101/ШШ2018/01208 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ө-ын гаргасан,
Хариуцагч: Б-т холбогдох,
******* тоот дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө, хариуцагч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие Д-тай 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, түүнд 98-68 УНХ улсын дугаартай автомашиныг 30,000,000.00 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон юм.
Гэвч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02182 тоот шийдвэрээр тус гэрээг цуцалж, талуудыг өгсөн, авсан зүйлээ харилцан буцаахыг үүрэг болгосон. Би, өнгөрсөн хугацаанд худалдан авагч Даас гэрээнд заасан үнэ 30,000,000.00 төгрөгийг аваагүй, түүнээс зөвхөн автомашинаа буцаан авахад эвдэрсэн байсан.
Энэхүү хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байх үед хариуцагч Б гэрчээр оролцож, автомашиныг Улаанбаатар хотын иргэний үнэмлэхтэй, оршин суудаг хаягтай болохоор өөрийн нэр дээр бүртгүүлсэн, машины жинхэнэ өмчлөгчийг Д гэж мэдүүлсэн бөгөөд хожим түүнээс тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэр шилжүүлэхийг шаардахад надад өгөхгүй, Дыг зээлсэн мөнгөө өгөөгүй учраас гэрээний дагуу барьцаалж байгаа гэж татгалзсан.
Гэтэл хариуцагч тал шүүхэд гэрчээр дуудагдаж, мэдүүлэг өгөхдөө автомашиныг барьцаалсан талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн бол шүүхээс худалдах, худалдан авах гэрээг цуцлах бус, харин ч хариуцагч буюу худалдан авагч Даас 30,000,000.00 төгрөгийг гаргуулж, надад олгох боломжтой байх байтал хариуцагч Б шүүхэд худал мэдүүлэг өгсөн байна.
Одоо би, автомашинаа эзэмшиж, ашиглах гэхэд тээврийн хэрэгслийн гэрчилгээ надад байхгүй, миний нэр дээр шилжээгүйгээс болж энэхүү эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна.
Иймд, хариуцагчид ******* тоот дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэрийг миний нэр дээр шилжүүлэхийг даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“Би, тухайн үед Д болон Ө нарын хооронд юу болсон талаар мэдээгүй, намайг шүүхээс дуудаж, таниас зарим нэг зүйлийг тодруулмаар байна гэхэд Д надад “Улаанбаатар хотын иргэний үнэмлэхтэй, оршин суудаг хаягтай болохоор өөрийн нэр дээр бүртгүүлсэн, машины жинхэнэ өмчлөгч би биш гээд хэлчих” гэсэн юм.
*******ын хувьд надад тодорхой мөнгөн төлбөрийн өртэй бөгөөд одоо хүртэл төлөөгүй, тэр анх зээлийг авахдаа 98-68 тоот дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэрийг миний нэр дээр шилжүүлсэн бөгөөд мөнгө төлөхгүй бол чиний барьцаа болог гэж байсан.
Бид, зээлийн гэрээний барьцааг бичгээр байгуулаагүй, амаар тохиролцсон бөгөөд миний бие шүүхэд ямар хэрэгт гэрчээр оролцож байгаагаа сайн мэдээгүй, шүүгчийн туслах гэж хүн надаас хэдэн зүйл асуугаад явуулсан ба Дын гуйлтаар тийм мэдүүлэг өгсөн.
Миний бие тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө яг юу болсон тухай тодорхой мэдээлэл аваагүй тул буруу ташаа ярьсан байж магадгүй, Д надад их хэмжээний өртэй тул машины гэрчилгээг шилжүүлэхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Өас хариуцагч Бт холбогдуулан ******* тоот улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа “автомашиныг эзэмшиж, ашиглаж байгаа боловч тээврийн хэрэгслийн гэрчилгээ өөрийн нэр дээр бүртгэгдээгүйгээс улбаалан өмчлөх эрхээ зохих ёсоор хэрэгжүүлж чадахгүй байна” гэснийг хариуцагч тал үл хүлээн зөвшөөрч, татгалзсан.
Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02182 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Д.Өлзийтулгын гаргасан хариуцагч Дд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000.00 төгрөг гаргуулах тухай үндсэн болон тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг цуцалж, автомашиныг буцаах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэж, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна /10-18-р хуудас/.
Тодруулбал, дээрх хэргийн нэхэмжлэгч Ө 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Дтай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүнд “mitsibushi fuso” маркийн ******* тоот улсын дугаартай автомашиныг 30,000,000.00 төгрөгөөр худалдахаар тохирч, худалдан авагч тал үнийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр болжээ.
Гэвч худалдан авагч Д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул худалдагч Ө түүнээс 30,000,000.00 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч худалдагч буюу хариуцагчийн зүгээс доголдолтой эд хөрөнгө худалдсан гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн байна.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” гэж, мөн 254 дүгээр зүйлийн 254.1.-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж зааснаас гадна 254.6.-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1.-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, худалдан авагч нь гэрээний зүйлийн доголдлыг худалдагчаас баталгаат хугацаа тогтоосон бол тухайн хугацаанд, хэрэв тогтоогоогүй тохиолдолд эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 /зургаа/ сарын дотор доголдлыг илрүүлснээр Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.-д заасан эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02182 тоот шийдвэрээр талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцлахаар шийдвэрлэж, тэдгээрт Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д заасны дагуу өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах буюу гэрээнээс татгалзах үр дагавар үүсгэсэн байна.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар тус дүүргийн шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШЗ2017/14623 тоот захирамжаар дээр дурьдсан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр болж, 1518 тоот дугаартай гүйцэтгэх хуудас олгосон байх бөгөөд нэхэмжлэгч тал ******* тоот улсын дугаартай автомашиныг буцаан авсан байна /х.х-ийн 7, 8, 9-р хуудас/.
Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар энэхүү “mitsibushi fuso” маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь хариуцагч Бын нэр дээр бүртгэлтэй байх бөгөөд зохигчид энэхүү бүртгэлийг шилжүүлэх эсэх талаар маргасан /х.х-ийн 5, 6-р хуудас/.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн шүүхийн 101/ШШ2016/02182 тоот шийдвэрт дурьдсанаар нэхэмжлэгч Д.Өлзийтулгын гаргасан хариуцагч Дд холбогдох иргэний хэрэгт хариуцагч Б гэрчээр оролцож, “.........................ах, бид хоёрыг хамт байхад Д нь манай ахаас би хөдөө орон нутгийн иргэний үнэмлэхтэй, манай эхнэр гадаадад байгаа юм. Хэрэв миний нэр дээр ******* тоот дугаартай автомашиныг бүртгүүлбэл орон нутгийн дугаар авах байх, ингэхээр постоор орж, гарахад мөнгө тушаах, цагдаа зогсоож шалгах гээд хэцүү байдаг, ..........................энэ машин надад хамаагүй” гэсэн мэдүүлэг өгсөн байна /х.х-ийн 15-р хуудас/.
Өөрөөр хэлбэл, Ө болон Д нар 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “mitsibushi fuso” маркийн автомашиныг худалдах, худалдан авахад тус автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг дээрх шалтгаанаар худалдан авагчийн нэр дээр бус, харин гэрчээр оролцсон энэ хэргийн хариуцагч Бын нэр дээр бүртгүүлжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Тодруулбал, нэхэмжлэгч Ө 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашиныг худалдан авагч Дын өмчлөлд шилжүүлэхээс гадна түүнтэй холбоотой бичиг баримтыг түүнд шилжүүлэх үүрэг хүлээх бөгөөд талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус хуулийн 211 дүгээр зүйлйин 211.1.-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасны дагуу гэрчээр оролцсон Бын нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг бүртгэхийг зөвшөөрсөн байна.
Гэтэл тус дүүргийн шүүхийн 101/ШШ2016/02182 тоот шийдвэрээр талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, тэдгээрийг өгсөн, авсан зүйлээ харилцан буцаахыг даалгасан байтал хариуцагч Б гэрчээр өгсөн мэдүүлгээсээ буцаж, худал байсан гээд маргааны зүйл болсон тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэхгүй байгаа үндэслэлээ “Дтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу барьцаалсан” гэж тайлбарласан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.-д “Гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1.-д “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.
Хэдийгээр хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэхдээ ******* тоот улсын дугаартай автомашиныг Дтай байгуулсан зээлийн гэрээний дагуу барьцаалсан гэж тайлбарлаж буй боловч үүнийгээ тодорхой баримтаар нотлоогүйгээс гадна энэхүү тайлбар нь түүний гэрчээр өгсөн мэдүүлгээс зөрүүтэй байгаа бөгөөд тэдгээрийн хоорондын зээлийн гэрээний асуудал нэхэмжлэгч Өд хамаагүй юм.
Учир нь, Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2.-т “Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх, үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ” гэж заасан бөгөөд тус хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д зааснаар Д болон Б нарын хооронд байгуулсан гэх зээлийн гэрээний дагуу бий болсон эрх, үүрэг буюу үүргийн харилцаа гагцхүү тэдгээр этгээдийн хооронд үүсэж, зөвхөн бие биедээ шаардлага тавих байдлаар хэрэгжиж, хязгаарлагдах бөгөөд тухайн гэрээгээр эрх, үүрэг хүлээгээгүй Өд хамааралгүй юм.
Иймд, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлгүй бөгөөд тэрээр Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж зааснаар барьцаалагч этгээд биш байна.
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдсанаар тэрээр “mitsibushi fuso” маркийн автомашиныг буцаан авч, эзэмшиж байгаа ч түүний нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ бүртгэгдээгүй байгаагаас шалтгаалан өмчлөх эрхээ зохих ёсоор хэрэгжүүлж чадахгүй байгаа ажээ.
Авто тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.-д “Автотээврийн хэрэгслийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөө үзүүлэх сөрөг хүчин зүйлсийн зөвшөөрөгдөх хэмжээний түвшин, тээвэрлэлтийн болон техник ашиглалтын шаардлагыг хангасан байдалд жилийн турш техникийн хяналт хийж гэрчилгээ олгоно” гэж, мөн Зам, тээврийн сайдын 2012 оны 59 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д зааснаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь тээврийн хэрэгсэл болон эзэмшигчийн бүртгэл, түүний өөрчлөлт болон улсын дугаар олгох, техникийн үзүүлэлтийг агуулсан бүртгэл хөтлөхөд шаардлагатай баримт бөгөөд харин өмчлөгчийг тодорхойлж байгаа буюу өмчлөх эрхтэй холбоотой бүртгэл биш юм.
Гэвч нэхэмжлэгч тал өөрийн автомашиныг бодитоор эзэмшиж, ашиглаж буй ч тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь хариуцагчийн нэр дээр бүртгэлтэй байгаагаас улбаалан нэхэмжлэгч техникийн хяналтын үзлэг хийлгэх, өөрчлөлт оруулах зэрэг өмчлөх эрхтэй холбоотой бусад эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа ажээ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж, мөн 106.3.-д “Энэ хуулийн 106.1, 106.2.-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж тус тус заасан.
Нэгэнт хариуцагч тал цаашид ******* тоот улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр бүртгэлтэй хэвээр байлгах хууль болон гэрээнд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул тэрээр үүнийг нэхэмжлэгчид шилжүүлж өгөх үүрэгтэй юм.
Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР