| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2018/00682/и |
| Дугаар | 1364 |
| Огноо | 2018-04-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 1364
| 2018 оны 04 сарын 13 өдөр | Дугаар 101/ШШ2018/01364 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: Н-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,000,000.00 төгрөг гаргуулах тухай болон 2,800,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р, нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай компани хариуцагч Нт 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 2,000,000.00 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000.00 төгрөг, мөн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000.00 төгрөг, нийт 4,000,000.00 төгрөгийг тус тус зээлдүүлсэн.
Гэтэл хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, зээлийг зохих ёсоор төлөөгүй бөгөөд өнгөрсөн хугацаанд түүний оршин суугаа хаягийг олж тогтоох гэж их цаг хугацаа, зардал гаргасан.
Хэрэгт авагдсан банкны дансны хуулгаар төлөгдсөн гэх төлбөрүүд энэхүү зээлийн хүү бөгөөд үндсэн төлбөр төлөгдөөгүй байгааг онцлон дурьдаж байна. Бид, “Хаан банк” ХХК дахь ******* тоот дугаартай дансны эзэмшигчийг м ххк-ийн хувьцаа эзэмшигч буюу гүйцэтгэх захирал А мөн болох талаар маргахгүй бөгөөд түүний данснаас 4,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн байдаг.
Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд байгуулсан гэрээнд хүүгийн талаар тодорхой зохицуулсан байх тул өмнө төлсөн төлбөрүүдийг хүүнд тооцож байна.
Барьцаанд тавьсан булган шубны хувьд анх хэдэн төгрөгийн үнэтэй байсан болоод ийнхүү 2,800,000.00 төгрөгийг нэхэмжилж байгаагаа тодорхой дурьдаагүй ба нэхэмжлэгч тал уг шубыг зохих ёсоор хадгалж байсан тул зээлийг төлсний дараагаар буцаан авч болно.
Иймд, хариуцагчаас 4,000,000.00 төгрөгийг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагч тал энэхүү 4,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгч м ххк зээлээгүй, харин иргэн Аээс зээлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 3,200,000.00 гаруй төгрөг төлсөн байдаг.
Тодруулбал, хариуцагч тал 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 2,000,000.00 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000.00 төгрөг, болон 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000.00 төгрөгийг тус тус зээлж, буцаан төлсөн.
Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул хүүгийн талаарх тэдгээрийн тохиролцоо үүнд хамааралгүй. Гэтэл хариуцагч Н өнгөрсөн хугацаанд зээлийг Ат зээлийг буцаан төлсөн байтал тэрээр барьцаалсан гэх булган шубыг буцаан өгөхгүй хохироож байгаа ба хариуцагч тал энэхүү шубыг 2,800,000.00 төгрөгөөр худалдан авсан.
Иймд, дээр дурьдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч м ххк хариуцагч Нт холбогдуулан 4,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх тухай ажиллагааны явцад хариуцагчаас 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчид холбогдуулан 2,800,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулсан /х.х-ийн 37, 38, 45-р хуудас/.
Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд,
Нэхэмжлэгч м ххк тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Нт 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 2,000,000.00 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000.00 төгрөг, мөн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000.00 төгрөг, нийт 4,000,000.00 төгрөгийг тус тус зээлдүүлсэн гэснийг хариуцагч тал үгүйсгэж, тухайн зээлийг нэхэмжлэгчээс аваагүй, харин иргэн Аээс зээлсэн гэж маргасан.
Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Аээс 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 2,000,000.00 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000.00 төгрөг, болон 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000.00 төгрөгийг тус тус зээлж, буцаан төлсөн гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлээгүй тохиолдолд түүнд зээлийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй юм.
Тодруулбал, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Нийн “Хаан банк” ХХК дахь ******* тоот дансанд 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ******* тоот данснаас 2,000,000.00 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд уг дансыг нэхэмжлэгч м ххк-ийн гүйцэтгэх захирал Аийн эзэмшлийн данс мөн эсэх талаар зохигчид маргаагүй /х.х-ийн 51, 84- р хуудас/.
Хариуцагчаас 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа м ххк-ийн захирал Атэй харилцан тохиролцож, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 2,000,000.00 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000.00 төгрөг, мөн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дахин 1,000,000.00 төгрөгийг тус тус зээлж, 2,800,000.00 төгрөгийн үнэтэй булган шубыг барьцаалуулсан” гэсэн тайлбараас үзвэл хэдийгээр тус компанийн бус, харин гүйцэтгэх захирал Аийн эзэмшлийн ******* тоот данснаас 2,000,000.00 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байх боловч тэдгээрийн хооронд мөнгө зээлсэн огноо, дүн тохирч байгаагаас гадна хариуцагч тал нийт 4,000,000.00 төгрөгийг хүлээн авсан гэдгээ зөвшөөрсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1.-д “Хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй” гэж мөн 37 дугаар зүйлийн 37.2.-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасан.
Тодруулбал, зохигч болон тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх бөгөөд талууд 4,000,000.00 төгрөгийг бодитоор зээлсэн эсэх үйл баримтын талаар маргаагүй.
Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1.-д “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж, 210.2.-т “Үүрэг гүйцэтгэгч нь гуравдагч этгээдийн үүргийн гүйцэтгэлээс татгалзвал үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хүлээж авахгүй байх эрхтэй” гэж зааснаас гадна 211 дүгээр зүйлийн 211.1.-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлэх үүрэг хүлээсэн нэхэмжлэгч м ххк-ийн зүгээс 4,000,000.00 төгрөгийг зээлдэгчид зайлшгүй өөрөө хүлээлгэн өгөхөөр тохиролцсоноос бусад тохиолдолд түүний энэхүү үүргийг бусад этгээд гүйцэтгэж болох ба тус компанийн гүйцэтгэх захирал Аээс 4,000,000.00 төгрөгийг хариуцагч Нт өгснийг зээлдүүлэгч - үүрэг гүйцэтгэгч уг компани татгалзахгүй байгаагаас гадна үүрэг гүйцэтгүүлэгч болох мөнгийг хүлээн авах эрхтэй зээлдэгч буюу хариуцагч тал мөнгийг хүлээн авсан байна.
Иймд, нэхэмжлэгч м ххк болон хариуцагч Н нарын хооронд Иргэний хуулийн Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ байгуулагдаж, тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн хариуцагч Нийн “Хаан банк” ХХК дахь ******* тоот дансны 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулгаар Аийн тус банкин дахь ******* тоот дансанд 3,970,000.00 төгрөг шилжүүлсэнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хүлээн авсан эсэх талаар маргаагүй боловч уг төлбөрийг зээлийн хүүнд тооцсон гэсэн /51-80-р хуудас/.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч Н нь 4,000,000.00 төгрөгийг гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгч м ххк-нд төлөх үүрэг хүлээх боловч түүний төлсөн 3,970,000.00 төгрөгийг гэрээ, хэлэлцээр байгуулаагүй, аль эсхүл эрх бүхий этгээдэд шилжүүлээгүй гэж маргаагүй тул энэхүү 3,970,000.00 төгрөгийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж, мөн 282.3.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж тус тус заасан. Тодруулбал, талууд зээлийг хүүтэй байхаар тохиролцсон тохиолдолд хүүгийн талаарх тэдгээрийн тохиролцоо нь тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу бичгийн хэлбэрт тусгагдсан байх ёстой юм.
Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн “барьцаат зээлийн үйлчилгээ” нэртэй 2 хуудас зээлийн гэрээг нэхэмжлэгч м ххк болон хариуцагч Н нарын хооронд байгуулагдсан гэрээ мөн эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц байна. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан энэхүү 2 хуудас зээлийн гэрээг “Далхын чулуу” ХХК-ийн бусад этгээдтэй байгуулсан зээлийн гэрээ /нэг баримт дээр зээлдэгчийг ******* гэж бичсэн/-г ашиглаж, түүнд дээр нэхэмжлэгчийн нэрийг бичиж, наасан байгаа нь эх хувь баримт гэж үзэх боломжгүй байна /х.х-ийн 103, 104-р хуудас/.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.-т заасан бичгээр гэдэг нь мэдээллийг тэмдэглэсэн харилцаа холбооны арга хэлбэр байх бөгөөд мэдэрч болох аливаа хэлбэрт нөхөн хуулбарлах боломжтой байхыг ойлгох ба нэхэмжлэгчээс гаргаж өгсөн зээлийн гэрээ нь анхнаасаа талуудын хооронд байгуулагдсан болох нь тодорхойгүй, үүнийг хуулбарлахдаа эх хувиас хуулбарласан эсэх нь эргэлзээтэй байгаагаас гадна эх хувь баримт нь “Далхын чулуу” ХХК-ийн зээлийн гэрээ байна.
Иймд, зохигчдын хооронд зээлийн хүүгийн талаар бичгээр гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байх тул хариуцагчийн төлсөн 3,970,000.00 төгрөгийг зээлийн хүү гэж үзэхгүй.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд,
Хариуцагч Нээс нэхэмжлэгч м ххк-нд холбогдуулан барьцаалуулсан шубны үнэ 2,800,000.00 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч м ххк нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг эрхэлдэг хуулийн этгээд ажээ.
Тодруулбал, Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.-д “Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй” гэж, 286.3.-д “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, барьцаалан зээлдүүлэх газар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар гагцхүү хөдлөх хөрөнгийг барьцаалах бөгөөд үүрэг гүйцэтгэгч этгээд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд тухайн барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар шаардлагаа хангуулна.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагч тал 4,000,000.00 төгрөгөөс 3,970,000.00 төгрөгийг төлж, үлдэх 30,000 төгрөгийг төлөөгүй байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж заажээ.
Энэ нь, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг зохих ёсоор биелэгдээгүй байх тохиолдолд барьцаалагч буюу нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөс тэргүүн ээлжинд шаардлагаа хангуулах эрхтэйг илэрхийлсэн ба хариуцагч Н зээлийн гэрээний үлдэх төлбөр 30,000.00 төгрөгийг төлөөгүй байна.
Хэдийгээр нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй боловч нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2.-т зааснаар барьцаа хөрөнгөөс зээлийг төлүүлэх эрхээсээ татгалзсан гэж үзэхгүйгээс гадна тус хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1.-д заасны дагуу барьцаагаар хангагдах шаардлага буюу үүрэг дуусгавар болоогүй байна.
Нөгөө талаар Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4.-т “Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тухайн барьцааны зүйл болох булган шубыг захиран зарцуулаагүй, зохих ёсоор хадгалж байгаа ажээ /х.х-ийн 82-р хуудас/.
Иймд, хариуцагч тал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байгаатай холбогдуулан нэхэмжлэгчид барьцааны зүйлээс тэргүүн ээлжинд шаардлагаа хангуулах эрх хэвээр байгаа, түүнчлэн барьцааны зүйлийг захиран зарцуулаагүй, хадгалж байх тул түүний үнийг гаргуулах шаардах эрх үүсээгүй байна гэж үзэв.
Шүүхээс ийнхүү дээр дурьдсныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 30,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,970,000.00 төгрөгт холбогдох болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 160 дугаар зүйлийн 160.3.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Нээс 30,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч м ххк-нд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 3,970,000.00 төгрөгт холбогдох болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950.00 төгрөг, хариуцагчийн төлсөн 59,750.00 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д заасны дагуу шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР