Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/658

 

  

 

 

 

 

 

 

2022              06            21                                    2022/ШЦТ/658

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч Ч.Батбаатар,

хохирогч М.А,

шүүгдэгч Ч.Д түүний, өмгөөлөгч Т.Ариунболд нарыг оролцуулан эрүүгийн 2203001970241 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Ч-ын Д  /регистрийн дугаар /, 1951 оны 02 дугаар сарын 02-ны өдөр, Архангай аймагт төрсөн, 71 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт, оршин суудаг,

урьд Налайх дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 115 дугаартай шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Ч.Д нь 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, МУБИС-ийн баруун урд замд “Тоёота приус” маркийн 49-49 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.А-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокуророос Ч.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч М.А-гийн мэдүүлэг, шүүгдэгч Ч.Д-ийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Ч.Д  нь 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, МУБИС-ийн баруун урд замд “Тоёота приус” маркийн 49-49 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.А-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч Ч.Д нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хохирогч М.А-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Д-ын мэдүүлсэн: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Цэргийн төв эмнэлэгт үзүүлчхээд буцаад явахад багшийн дээдийн уулзвар дээр ийм асуудал болсон. Би тээврийн цагдаа болон түргэн дуудсан. Би осол болсон газраас шууд хохирогчийн араас гэмтлийн эмнэлэгт очсон бөгөөд хийлгэх ёстой эмчилгээнүүдийг хийлгэсэн. Маргааш нь замын цагдаа Ж гэх хүнд мэдүүлэг өгсөн. Миний хувьд анхны тусламж, арга хэмжээ бүгдийг авсан...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…уулзвар руу ороод зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан. Тэгэхэд миний баруун гар талаас нэг эмэгтэй хүүхэд гүйгээд ороод ирсэн. Тухайн үед тоормос гишгэхэд тулаад ирсэн байсан учир зогсож амжилгүй мөргөөд газарт унагасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 74-75/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.А-гийн мэдүүлсэн: “...2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр өглөө 10 цаг өнгөрч байхад хичээл рүүгээ явж байсан бөгөөд багшийн дээдийн уулзвараар ногоон гэрэл анивчиж байхад гүйгээд гарах гэж байхад зогсож байсан машинуудын нэг нь хөдлөөд намайг мөргөчихсөн. Би шууд түргэний машинаар гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Гэмтлийн эмнэлгээс дахиж улсын 1 дүгээр эмнэлэг рүү явсан. Би баримтаар гаргаж өгсөн хохирол төлбөрөө нэхэмжилж байна. Би шүүгдэгчээс 1.800.000 төгрөг авч эмнэлэгт хэвтэж, томографын зураг авхуулсан... гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 10 цаг өнгөрч байхад багшийн дээдийн уулзварын баруун талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа зам хөндлөн гарах гэж байхад явган зорчигчийн ногоон гэрэл анивчиж байсан тэгээд би гэрэл дохио солигдохоос өмнө гялс гарчихна гэж бодоод гүйгээд явж байсан. Тэгтэл миний зүүн гар талаас зогсож байсан автомашинуудын нэг гэнэт хөдлөөд намайг мөргөөд газарт унгасан... 1 дүгээр эмнэлэг дээр очиж үзүүлээд зураг авхуулахад зүүн хоншоор яс цөмөрсөн ухархайн яс зөрж хугарсан, баруун гарын тохой хөлийн өвдөг хэсэг хөхөрсөн байсан...Би гомдолтой байна ослын улмаас өөрийн биед хийгдэх эмчилгээний хохирлыг нэхэмжилнэ..." гэсэн мэдүүлэг /хх-н 20/,

 

гэрч Э.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 09 цагийн үед нөхөр Д-ийн хамт цэргийн эмнэлэгт шинжилгээ өгчхөөд Төмөр зам орох гээд явж байсан 10 цаг өнгөрч байхад Багшийн дээдийн уулзвараар зүүнээс баруун чиглэлд зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан, тухайн уулзварыг нэвтрээд өнгөрч явах үед баруун гар талаас нэг хүүхэд гүйгээд орж ирээд машины зүүн урд хэсэгт ирээд газарт унасан..." гэсэн мэдүүлэг /хх-н 35/,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн №5725 тоот актын “…М.А-гийн биед зүүн хоншоорын хөндийн урд, гадна хананы цөмөрсөн хугарал, зүүн ухархайн гадна, дотор, доод хананы хугарал, зүүн дээд зовхины цус хуралт, зүүн нүдний алимын салстад цус харвалт, нүүрний зүүн талын зөөлөн эдийн няцрал, доод уруулын язарсан шарх, баруун тохойн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...“ гэх дүгнэлт /хх-н 49-50/,

 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 438 дугаартай: “Тоёота приус” маркийн 49-49 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ч.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна...” гэх магадалгаа /хх-н 64/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Ч.Д-ийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, МУБИС-ийн баруун урд замд “Тоёота приус” маркийн 49-49 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.А-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Ч.Д-ийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Ч.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Ч.Д 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Ч.Д  нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Бусад асуудлын талаар

Хохирогч нь шүүхийн шатанд унаа бензиний зардал гэж 304.919 төгрөг, хоол хүнсний зардал гаж 1.069.112 төгрөг, эмчилгээний зардал гэж 3.980.500 төгрөгийн нийт 5.354.531 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд шүүх хохирогчийн эмчилгээний зардал гэх 3.980.500 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангаагаагүй, мөн унаа бензиний зардал гэх 304.919 төгрөгийн баримтыг хэний ямар тээврийн хэрэгсэлд хийсэн нь тодорхойгүй байна гэж тус тус үзэж энэ удаагийн шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж,  хоол хүнсний зардал гэх 1.069.112 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин хохирогч нь дээрх хэлэлцэхгүй орхисон унаа, бензины зардал болон эмчилгээний зардал гэх баримтуудаа нотлох баримтын шаардлага ханган иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

Мөн цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тул түүний цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос эмчилгээний зардал гэж 539.372 төгрөгийг нэхэмжилж нотлох баримт гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч Ч.Д  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 1.850.000 төгрөгийг төлсөн байна.

Иймд хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч Б овогт Ч-ын Д-ийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Д-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ч.Д  нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Ч.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай

 

6.Хохирогч нь өөрт учирсан хохирлоо эмчлүүлэхэд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР