Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 505

 

МАГАДЛАЛ

 

2017.02.17                                                     Дугаар 505                                 Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2016/01040 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Дунгармаад холбогдох,

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1 900 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээний үүргийг биелүүлээгүйгээс  учирсан хохиролд 16 041 200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхамжав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Л.Дунгармаатай 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, 9 дүгээр байрны 29 тоот орон сууцыг нэг сарын 1 900 000 төгрөгөөр 4 сарын хугацаатайгаар хөлслөхөөр харилцан тохиролцож орон сууц хөлслөх тухай гэрээг байгуулсан. Гэрээний дагуу 4 сарын төлбөр 7 600 000 төгрөгийг барьцаа 1 900 000 төгрөгний хамт нийт 9 500 000 төгрөгийг 25-ны өдөр иргэн Л.Дунгармаагийн дансанд шилжүүлсэн. Гэрээний хугацаа дуусч 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр орон сууцыг хөлслүүлэгч талд бүрэн хүлээлгэж өгсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.1-д зааснаар гэрээний хугацаа дуусгавар болоход барьцаа мөнгийг буцаан өгөх ёстой ч өнөөдрийг хүртэл эгүүлэн өгөөгүй байна. Иймд барьцаа төлбөр 1 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

"Эс Си Ти И Си Эм" ХХК нь уг орон сууцны өмчлөгч Б.Энхтайваны олгосон итгэмжлэлийн дагуу хариуцагч Л.Дунгармаатай гэрээг байгуулж, төлбөрийг түүнд шилжүүлсэн тул Л.Дунгармаагаас шаардах эрхтэй гэж үзэж байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд, Орон сууцыг хөлслөх хугацаанд гал тогооны өрөөний угаалтуурын уян хоолой муудсанаас хэсэг газарт ус тунарч алдсан бөгөөд уг үйл явдалд хөлслөгчийн буруутай үйл ажиллагаа байхгүй. Ус алдсаныг мэдсэн даруйд хөлслүүлэгч талд энэ тухай нэн даруй мэдэгдэж өөрөөс хамаарах яаралтай арга хэмжээг хөлслөгч гүйцэтгэсэн. Хуульд заасны дагуу хөлслөгч нь ердийн ашиглалтад ашиглах боломжтой эд хөрөнгө эзэмшилд шилжүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүйгээс ус алдсан байдаг. Түүнчлэн хөлслүүлэгч гадаадад байсан учир өөрийн танилаа явуулж элэгдэлд орсон уян хоолойг өөрийн зардлаар сольж өгсөн. Мөн гал тогооны ус гоожсон хэсэг газрын паркетыг хөлслүүлэгч талаас хариуцагч Л.Дунгармаагийн нөхөр өөрөө сонгож авч өгч сольсон. Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болж байр хүлээлцэх үед шалны өнгө өөрчлөгдсөн гэсэн маргаан гарсан бөгөөд хөлслүүлэгч талын өөрийн авч өгсөн паркетан шал шинэ бусад хэсэг хуучирсан байснаас хэсэг газрын өнгө өөрчлөгдсөн ч хэвийн ашиглах боломжтой төдийгүй бусад хэсгийн ашиглалтад ямар нэг нөлөө үзүүлэхгүй. Түүнчлэн, бодитоор хариуцагчид учирсан хохирол байхгүй байхад тус байрны бүх паркетийг солино гэж 16,041,200 төгрөг нэхэмжилж буй нь үндэслэлгүй, баримтаар нотлогдохгүй байна. Мөн Л.Дунгармаа нь сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Л.Дунгармаа нь өмчлөгч Б.Энхтайвнаас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр "Эс Си Ти И Си Эм" ХХК-тай орон сууц хөлслөх гэрээг байгуулж, хөлс 7 500 000 төгрөг, барьцааны 1 900 000 төгрөгний хамт хүлээн авсан нь үнэн. Гэвч орон сууц ашиглалтын явцад хөлслөгч нь орон сууцыг зохих ёсоор ашиглаагүйгээс гал тогооны угаалтуураас ус удаан хугацаанд алдаж паркетан шалыг ашиглах боломжгүй болгосон. Гэрээний 9.1-д зааснаар хөлслөгч нь ус алдах тохиолдолд СӨХ-д мэдэгдэх үүрэгтэй ч энэ үүргээ биелүүлээгүй явсаар 2016 оны 2 дугаар сарын 10-нд утсаар мэдэгдэж, миний бие тухайн өдөр нь өөрийн зардлаар асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж өгсөн. Гэвч ус нэгэнт удаан хугацаанд алдсанаас болж гал тогоо орчмын паркетан шал хөндийрч доогуураа илжирсэн болохыг гэрээний хугацаа дуусгавар болж байрыг хүлзэлцэх үед тогтоосон. Хэрэв уг байр хүнтэй байдаг байсан бол ус алдаж байгааг тэр дор нь мэдэж болох байсан. Иймд хөлслөгчийн буруутай үйлдлээс болж ус орж паркетны өнгө өөрчлөгдсөн бөгөөд тус байрны хувьд бүх өрөөний паркетан шал нь ямар нэг хөндлөвчгүйгээр туушдаа хийгдсэн тул хэсэг газрын паркетан шалыг солих боломжгүй байна. Түүнчлэн хэсэг газрын паркетан шалыг сольё гэсэн ч уг байранд ашигласан паркеттай адил өнгө загварын паркетан шал худалдаалагдахаа байсан, гадуур зарагдахгүй байна. Бидний зүгээс 2016 оны 3 дугаар сарын 22-ны  өдрөөс хойш өнөөдрийг хүртэл уг байрыг бусдад дахин хөлслүүлэх, зарж борлуулах боломжгүй болж хохирол учирсаар байна. Иргэний хуулийн 282.2.2-т хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгасан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Мөн гэрээний 7.1, 11, 13.2-т тус тус заасны дагуу хөлслуүлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан тохиолдолд хөлслөгч хохирлыг барагдуулах, барьцаа төлбөрөөс хохирлыг суутгахаар тохиролцсон. Анх харилцан тохиролцож гэрээг байгуулахад паркетан шалыг нэг метр квадратыг 140 000 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд уг орон сууц нь 114,58 мкв талбайтай тул паркетан шалыг бүхэлд нь солиход 16 041 200 төгрөг шаардагдана. Иймд дээрх мөнгийг нэхэмжлэгч "Эс Си Ти И Эм" ХХК-иас гаргуулж өгнө үү. Барьцааны 1 900 000 төгрөгийг дээрх мөнгөнөөс суутган тооцож үлдэх 14 141 200 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 63 дугаар зүйлийн 63.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Дунгармаагаас 1 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч "Эс Си Ти И Си Эм" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Дунгармаагийн нэхэмжлэлтэй "Эс Си Ти И Си Эм" ХХК-д холбогдох гэрээнээс учирсан эд хөрөнгийн хохиролд 16 041 200 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238 156 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч олгож, "Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай" тус шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 183/Ш32016/01922, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 183/Ш32016/04090 дүгээр шүүгчийн захирамжийн үйлчлэл тус тус дуусгавар болсныг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан орон сууц хөлслөх төлбөрийг хэнд төлсөн, түрээслүүлэгчийн эрх, үүргийг хэн хэрэгжүүлж байсан талаарх хэрэгт ач холбогдолтой үйл баримтыг үнэлэлгүй, зөвхен Л.Дунгармаад итгэмжлэл олгосон гэсэн үндэслэлээр хариуцагч биш гэж тодорхойлж байгаа нь өрөөсгөл болжээ. Иргэн Б.Энхтайванаас иргэн Л.Дунгармаад итгэмжлэлээр тухайн орон сууцтай холбогдуулан "худалдах, гэрээ хийх, гэрээнд гарын үсэг зурах, лавлагаа авах" зэрэг эрхийг олгосон байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасанчлан төлөөлүүлэгч нь төлөөлөгчид зөвхөн гэрээ байгуулах эрхийг олгосон бол уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь төлоөлүүлэгч буюу Б.Энхтайванд үүсэх байсан бөгөөд орон сууц хөлслөх төлбөрийг Л.Дунгармаа авах ёсгүй байсан. Гэтэл гэрээнд заасан төлбөрийг Л.Дунгармаа өөрийн дансаар хүлээн авсан бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй болно. Түүнчлэн гэрээний зүйлтэй холбоотой маргаан гарах үед Л.Дунгармаа нь түрээслэгчийн шаардах эрхийг хэрэгжүүлж байсан, гэрээнд заасан барьцаа төлбөрийг буцаан олгохоос татгалзсан зэргээр түрээслүүлэгчийн эрх, үүргийг хэрэгжүүлж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогдож байхад энэ үйл баримтыг үл ойшоон, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Эс Си Ти И Си Эм” ХХК нь хариуцагч Л.Дунгармаад холбогдуулан  орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүргийг зөрчсөнөөс  учирсан хохиролд 16 041 200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шардлагын үндэслэлээ “...гэрээний зүйлийг хариуцагчид хүлээлгэн өгсөн байхад хөлслүүлэгчид хадгалуулсан барьцаа болох 1 900 000 төгрөгийг буцааж өгөхгүй байгаа...” гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...ашиглалтын буруугаас гал тогооны өрөөний угаалтуураас ус алдаж, угаалтуур орчмын паркетан шал ус гүйж хөндийрөн илжирч муудсан, хэсэг орчны шалыг солиход өнгө ,загвар таарахгүйгээс 114,58 м2 шалыг бүхэлд нь солих шаардлага гарсан, гэрээгээр тохиролцсон эд хөрөнгө хүлээлцсэн актад шалны 1 м2 нь 140 000 төгрөг гэж үнэлсэн, нийт 16 041 200 төгрөгийн хохирол учирсныг гаргуулах...” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан “Орон сууц хөлслөх” гэрээгээр нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхоны 9 дүгээр байр, 10 дугаар давхрын 29 тоот, 114,58 м2 талбай бүхий 4 өрөө байрыг 2,3 дугаар байрны доор байрлах дулаан зогсоолын хамт, 4 сарын хугацаагаар, сарын 1 900 000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцон хүлээн авсан, гэрээний хугацаа дуусахад хөлслүүлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан бол хөлслөгч нь барьцаа төлбөрөөс хохирлыг барагдуулахаар барьцаа болгож 1 900 000 төгрөгийг хөлслүүлэгчид хадгалуулсан, гэрээний зүйлийг 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээлцэхэд галын өрөөний шалны өнгө өөрчлөгдсөн байсан учир шалтгааныг тодруулж, харилцан тохиролцсоны дараа төлбөр тооцооны асуудлыг дуусгавар болгохоор талууд гарын үсэг зурж баримт үйлдсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул гэрээний үүргийн гүйцэтгэл болон, гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйтэй холбоотой учирсан хохирлыг харилцан шаардах эрхтэй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

Тухайлбал, талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний 7.3, 13.2 дахь заалтыг гэрээний талууд зөрчсөн эсэх талаар шүүх дүгнээгүйгээс холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглэх эсэхэд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх боломжгүй байна.

Түүнчлэн шүүх гэрээний хөлслүүлэгч талыг Л.Дунгармаа /Б.Энхтайван/ гэж тодорхойлон, гэрээнд заасан байхад Л.Дунгармаа нь Б.Энхтайваныг төлөөлөн сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Гэрээний зүйлийн өмчлөгч Б.Энхтайванаас 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Л.Дунгармаад олгосон итгэмжлэлээр тухайн орон сууцыг худалдах, гэрээ хийх, гарын үсэг зурах эрх олгосон тухайгаа 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ”-нд тусган, уг байрыг бусдад ашиглуулах, түрээслүүлэх, хөлслүүлэхтэй холбогдсон гэрээний харилцаанд өмчлөгчийн нэрийн өмнөөс бүх шатны шүүхэд хэргийн оролцогчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, байртай холбогдуулж өмнө авсан аливаа арга хэмжээ, үүнд байртай холбогдуулж шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл нь өмчлүүлэгчийн хүсэл зоригт нийцсэн, үүнийг өмчлөгчийн зүгээс бүрэн хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүх дээрх “Эрх шилжүүлэх гэрээ”-ний агуулгыг буруу тайлбарлан, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүйгээс гадна нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчийн шаардах эрхийн зохицуулалтыг хэрэглэлгүй Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсгийн зохицуулалтыг     хэрэглэсэн нь ойлгомжгүй болжээ.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан зөвтгөх боломжгүй, хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтээ бичгээр гаргасан боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэх баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 165.1 дэх хэсэгт заасан этгээд шүүх хуралдаанд ирээгүй явдал давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.” гэж зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дах хэсэг, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2016/01040 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 45 350 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                                                         

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.МӨНХЗУЛ

 

                         ШҮҮГЧИД                                           Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    М.НАРАНЦЭЦЭГ