Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 181/2019/0273/И |
Дугаар | 001/ХТ2021/00434 |
Огноо | 2021-05-13 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2021/00434
С.Ц-ын хүсэлттэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/02413 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2121 дүгээр магадлалтай,
С.Ц /РД:АД40020710/-ын хүсэлттэй
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Ц, прокурор Ш.О, нарийн бичгийн дарга Х.Б нар оролцов.
Хүсэлт гаргагч С.Ц-ын шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний аав Х.С нь 1943 онд 10 жил хорих ялаар шийтгэгдэж, хилс хэрэгт холбогдон шийтгэгдсэн нь батлагдаж, Цагаатгах ажлыг эрхлэн зохион байгуулах комиссын 1959.01.30-ны өдрийн 58 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан. Тухайн үед Х.С-ийн ам бүл 10 байсан. Ах, эгч нар нас барж, эгч Д бид 2 үлдсэн. С.Д нь надад нөхөх олговор авах эрхийг өгсөн. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу Цагаатгах комиссоос 40,000,000 төгрөгийг С-ийн хүү болох Ц-д олгохоор сонинд зарласан тул нөхөх олговор болох 40,000,000 төгрөгийг олгож өгнө үү гэжээ.
Прокурорын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...С.Ц-ын эцэг болох Х-ийн С нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан бөгөөд нэхэмжлэгч С.Ц нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13.2.2 дахь хэсэгт заасны дагуу 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул түүнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13.2.2 дахь хэсэгт заасны дагуу 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/02413 дугаар шийдвэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч С.Ц-ын гаргасан 40,000,000 төгрөгийн нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дахь заалтад заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2121 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/02413 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Хүсэлт гаргагч С.Ц-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний аав X.С 1937 оноос өмнө Улсын төлөвлөгөөний хэлтэст ажиллаж байгаад 1937 онд АИХ-ын дарга Ж.С гуайг Орос Улсад элчин сайдаар томилогдон явахад элчин сайдын зөвлөхөөр томилогдон ажиллаж ирээд, мөн л Улсын төлөвлөгөөний хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад хэлмэгдсэн юм билээ. Улсад ажиллаж байх үедээ гэр бүл, эхнэр, хүүхэд бид нарыг хотруу авч явдаггүй, өөрөө байнга эргэж ирдэг байсан. Учир нь бид нар хөдөө малтай байсан. Аав маань хөдөө байнга ажлаар явдаг учир хотруу биднийг авч орох ямар ч боломжгүй байсан юм. Хот газар олон жил төрийн алба хашиж байсан хүн өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй байна гэж байхгүй, шоронд орохоор нь хөрөнгийг хурааж авсан байж таарна. “Миний сууж байсан орон гэр, хурааж хуримтлуулан хэрэглэж байсан бүх хөрөнгийг хурааж авсан байсан” гэж аав ярьдаг байсан. Алба хааж байх үеийнх нь эд хөрөнгийг хураасан баримт бичиг байхгүй байсан гэдэг зөвхөн ганц шалтгаанаар надад орон сууц, нөхөх олговор өгөхгүй гэсэн шийдвэрт гомдолтой байна. Учир нь хэлмэгдэж 10 жил шоронд тамлуулан эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирч, мөн хэлмэгдсэн нь батлагдаж цагаатгагдсан нь үнэн. Прокурор X.Е Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13.2.2 дахь хэсэгт заасны дагуу 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэсэн, хуулийн 13.2 дахь заалтад заасан нөхөх олговор нь хэлмэгдүүлэлтийн улмаас гэр орон сууц эзэмших эрх нь өдий хүртэл зөрчигдсөн хэвээр, уг эрхийг гэр орон сууц олгох замаар сэргээгдээгүй тохиолдолд олгогдох хэлмэгдэгчийн эд хөрөнгийн эрх зөрчигдсөнтэй холбоотой учирсан хохирлыг нөхөх төлөх агуулгыг тус тус илэрхийлсэн гэж үзэхээр байна. Миний бие багшийн ажил хийж байсан. Өмч хувьчлалын үед юу ч аваагүй. Одоогоор ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан Сүхбаатар дүүргийн 11-р хорооны Ахмадын хотхоны хөлсний байранд амьдардаг. Надад тэтгэврийн мөнгөнөөс өөр орлого байхгүй. Хүүхдүүд маань надад туслах бололцоогүй. Энэ байдлуудыг харгалзан үзэж Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу байр орон сууц болон нөхөх олговрын 40 сая төгрөгийг олгож өгөхийг хүсэж байна. Би ядарч амьдарч байгаа иргэний нэг мөн. Энэ бүгдийг нарийвчлан судлан үзэж ядарсан иргэддээ тус болох үүднээс ард түмнээ бодсон мэргэн шийдвэр гаргаж өгөхийг найдан хүсэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Хэргийн үйл баримтын тухайд, хүсэлт гаргагч С-ийн Ц-ын эцэг нь Х-ийн С бөгөөд түүнийг 1942 онд улс төрийн хэрэгт баривчлан Улсын Дээд шүүх таслах газрын 1943 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 61 дүгээр зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэж, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1959 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 58 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй.
Иймд, хүсэлт гаргагч нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан “хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд”-д хамаарах тул улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд мөн болох тухай шүүхүүдийн дүгнэлт зөв байна.
Гэвч шүүхүүд “...Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн “Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид...” гэсэн хуулийн урьдчилсан нөхцөлийг “...уг хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “... хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол...” гэж заасан байна. Иймд 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан нөхөх олговор нь хэлмэгдэгч бүрт хамааралгүй, харин хэлмэгдүүлэлтийн улмаас эд хөрөнгө эзэмших эрх нь зөрчигдөж, өдийг хүртэл сэргээгдээгүй тохиолдолд олгогдох хэлмэгдэгчийн эд хөрөнгийн эрх зөрчигдсөнтэй холбоотой учирсан хохирлыг нөхөн төлөх агуулгатай...” гэж тайлбарлан, тухайн хэргийн хувьд хэлмэгдэгч Х.С-ийн гэр, орон байр, эд хөрөнгийг хураасан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчид хуульд заасан нөхөх олговрыг олгох үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу болжээ.
Учир нь, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-ийн дагуу “энэ хуулийн зорилт нь... хэлмэгдэгчдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх, тэдэнд нөхөх олговор олгох, ... хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах...”-д орших ба төр өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас хэлмэгдэгч болон түүний гэр бүлийн гишүүдэд учирсан /эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус/ хохирлыг арилгах нөхөх олговрын хэмжээ, боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хууль тогтоогчоос 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Энэхүү нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалд “...улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн, хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч болон түүний гэр бүлийн гишүүд өмнө нь орон сууц, гэр түүнтэй тэнцэх нөхөн олговор аваагүй бол хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхдэд нэмэлт нөхөх олговрыг нэг удаа олгохтой холбогдсон зохицуулалтыг нэмж тусгах...” гэсний дагуу Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Нөхөх олговрыг нэг удаа олгоно” гэснийг хүчингүй болгож, харин 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг нэмжээ.
Ингэхдээ 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн урьдчилсан нөхцөлд “Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно:...” гэж заасан ба үүнийг “23 дугаар зүйлийн 23.1-ийн дагуу гэр, орон сууц аваагүй бол” гэж ойлгохоос бус хэлмэгдэгч хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууцаа хураалгасан үйл баримт тогтоогдсон байхыг шаардахгүй юм. Өөрөөр хэлбэл, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалын дагуу хэлмэгдэгч нь нэг бол 23 дугаар зүйлийн 23.1-ийн дагуу орон сууц, гэр авах, эсвэл буюу хэрэв аваагүй бол 13 дугаар зүйлийн 13.2-т заасан нөхөх олговрыг авах боломжтой гэж үзэхээр байна.
Иймд, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан нөхөх олговор нь “зөвхөн хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууцаа хураалгуулсан этгээдэд хамааралтай” гэж тайлбарлах нь хуулийн зорилгод нийцэхгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр “... эд хөрөнгийг хураасан баримт бичиг байхгүй байсан гэдэг зөвхөн ганц шалтгаанаар надад орон сууц, нөхөн олговор өгөхгүй гэсэн шийдвэрт гомдолтой, ... хүсэлтийг хангаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг” гэж заасны дагуу хүсэлт гаргагч С.Ц-д нөхөх олговорт 40 сая төгрөг гаргуулж, энэ талаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2121 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/02413 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16.1-д зааснаар улсын төсвөөс 40,000,000 /дөчин сая/ төгрөг гаргуулж С.Ц-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар хүсэлт гаргагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Г.ЦАГААНЦООЖ