Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 505

 

 

 

 

 

 

 

2019            5          28                                                2019/ДШМ/505                                              

 

 

                                                            Э.О-т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

шүүгдэгч Э.О-, түүний өмгөөлөгч Н.Жамъян,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/486 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.О-, түүний өмгөөлөгч Н.Жамъян нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.О-т холбогдох эрүүгийн 1903000540091 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хэнгэлдэр овгийн Э.О-, 1989 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “.....” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт............. дүүргийн 4 дүгээр хороо, .........-ын ...... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, РД: /....................../;

Э.О- нь 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 13 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Их засаг” их сургуулийн урд замд нийтийн тээврийн “ДЮЦ” ХХК-ийн эзэмшлийн “Hyundai Aero City-540” маркийн 37-61 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар бүлгийн 23.4-т “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин автобусны хаалгыг бүрэн хаахгүйгээр хөдөлгөөнөө эхэлснээс 44 настай зорчигч Г.О автобуснаас унаж, амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Э.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэнгэлдэр овгийн Э.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Э.О-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Э.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Туяа нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, Э.О- нь хохиролд 15.000.000 төгрөг нөхөн төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтас хэрэгт үлдээж, хэрэгт хураан ирүүлсэн жолоочийн BCD ангиллын 619428 дугаартай үнэмлэхийг шүүгдэгч Э.О-т оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Туяа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний  хариуцагч “ДЮЦ” ХХК, гэм буруутай этгээд болох Э.О- нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.О- гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие эхнэрийн хамт амьдардаг бөгөөд манай эхнэр эрхэлсэн тодорхой ажилгүй. Би цалингийн өндөр хэмжээний зээл, гар утасны зээлтэй билээ. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө бүрэн барагдуулж, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Намайг хоригдож байх явцад банкны зээл болон лизинг төлөх чадвартай хүн байхгүй бөгөөд ар гэрийн минь нөхцөл байдал хүнд байгааг харгалзан үзэж намайг хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж, нийгмийн төлөө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж биелүүлэх боломж олгож өгнө үү. ....” гэв.

Шүүгдэгч Э.О-ын өмгөөлөгч Н.Жамъян гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхээс Э.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ үнэн санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх өр төлбөргүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзсэн. Э.О-ын хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид биечлэн хорих ял эдлүүлэхгүй талаар өгсөн мэдүүлэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг хэрэглэж болох байсан боловч хэрэглээгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.О-ын эрх зүйн байдлыг дээрдүүлж, ял шийтгэлийг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Даатгалаас 5.250.000 төгрөг, байгууллага болон хамт олноос 2.000.000 төгрөг үлдсэн мөнгийг шүүгдэгч Э.О- нь цуглуулж мөрдөн байцаалтын шатанд 15.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол санал байхгүй. Цаашид гарах зардлыг баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх талаар бичгээр тайлбар гаргаж өгсөн. Э.О- нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсныг харгалзан үзэж тэнсэхэд татгалзах зүйлгүй. ...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Э.О-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Э.О- нь 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 13 цаг 30 минутын үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Их засаг их сургуулийн урд замд ДЮЦ ХХК-ийн эзэмшлийн нийтийн тээврийн Хьюндэй аэро сити /Hyundai aero city/-540 загварын 37-61УБД улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин автобусны хаалгыг бүрэн хаахгүйгээр хөдөлгөөнөө эхэлснээс 44 настай зорчигч Г.О автобуснаас унаж, амь нас нь хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

Гэмт хэрэг гарсан байдлыг бэхжүүлж авсан Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг /хх 7-15/, цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 20-23/,

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 300 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 67-70/,

“Э.О- нь Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар бүлгийн 23.4 дэх заалт “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Зорчигч Г.О нь Замын хөдөлгөөний дүрмийн хөдөлгөөний журмын ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэх Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 131 дугаар дүгнэлт /хх 82/,

Тухайн автобусанд зорчиж явсан зорчигч Д.Чулуун, Д.Жаргалсайхан нарын гэрчийн мэдүүлэг /хх 41-44/ болон шүүгдэгч Э.О-ын яллагдагч болон шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогджээ.

          Анхан шатны шүүх шүүгдэгч Э.О-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

          Шүүгдэгч Э.О- болон түүний өмгөөлөгч Н.Жамъян нараас “хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх”-ийг хүссэн давж заалдах гомдол гаргасан байна. 

Шүүх шүүгдэгч Э.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох нэг жилийн хорих ялыг сонгон хэрэглэснээс гадна шүүгдэгч нь “хот орчим, хотын доторхи нийтийн тээврийн үйлчилгээ”-ний эрх бүхий “ДЮЦ” ХХК-д “нийтийн тээврийн автобусны жолооч” гэсэн хариуцлагатай ажлыг хөдөлмөрийн гэрээгээр гүйцэтгэж байхдаа уг гэмт хэргийг үйлдсэн байх тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлуулыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/486 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.О-, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жамъян нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ