Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2024/0034

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

Д.Н-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д

 

Нэхэмжлэгч: Д.Н

Хариуцагч: Б д З д

Гуравдагч этгээд: Б д З д-ын Тамгын газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Б д З д-ын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/554 дүгээр захирамжаар Б д З д-ын Тамгын газарт олгосон 1055 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулж, Д.Нд тус дүүргийн 19 хороо, 2 дугаар байрны ард байрлах эзэмшлийн 120 м.кв талбай дээр 329 м.кв талбайг нэмэгдүүлж өгөх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эзэмшлийн гэрчилгээтэй 120 м.кв газар дээр нэмж 329  м.кв газрыг Д.Нд эзэмшүүлэхийг хариуцагчид даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2023/0594 дүгээр шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.А

Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2022/0774/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Наас Б д З дд  холбогдуулан “...Б д З д-ын 2013 оны А/554 тоот захирамжаар Б д З д-ын Тамгын газарт олгосон 1055 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Д.Нд Баянзүрх дүүрэг, 19 хороо, 2 дугаар байрны ард байрлах нэхэмжлэгчийн эзэмшлийн 120 м.кв талбай дээр 329 м.кв талбайг нэмэгдүүлж өгөх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эзэмшлийн гэрчилгээтэй 120 м.кв газар дээр нэмж 329  м.кв газар Д.Нд эзэмшүүлэхийг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2023/0594 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг баримтлан Д.Нын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б д З д-ын 2013 оны А/554 тоот захирамжаар Б д З д-ын Тамгын газарт олгосон 1055 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Нд Баянзүрх дүүрэг, 19 хороо, 2 дугаар байрны ард байрлах нэхэмжлэгчийн эзэмшлийн 120 м.кв талбай дээр 329 м.кв талбайг нэмэгдүүлж өгөх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эзэмшлийн гэрчилгээтэй 120 м.кв газар дээр нэмж 329 м.кв газар Д.Нд эзэмшүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2023/0594 дүгээр шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгийг үндэслэн давж заалдах гомдол гаргаж байна.

3.2. Дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.6, 4.7 дахь хэсэгт Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийг үндэслэн Б д З д-ын Тамгын газар нь маргаан бүхий 1055 м.кв газрыг эзэмших эрхгүй, 2019 онд хугацаа дуусгавар болсон тул дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/554 дүгээр захирамж эрх зүйн үр дагаваргүй гэж дүгнээд байна.

3.3. Гэвч Б д З д-ын Тамгын газрын эзэмшиж буй 19 дүгээр хороонд байрлах 1055 м.кв газрын эзэмших эрхийг цуцлах дуусгавар болгох талаар бодит шийдвэрийг дүүргийн Засаг даргын зүгээс өнөөдрийг хүртэл гаргаагүй бөгөөд Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлэхээр заасан байдаг. Иймд дүүргийн Засаг даргын Тамгын газар нь маргаан бүхий газрыг 2028 он хүртэл эзэмших эрхтэй.

3.4. Дээрхээс үзэхэд шүүхийн шийдвэрийн 4.10 дахь хэсэгт Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэг “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараах зүйлүүдийг тодруулна:”, 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх” гэж заасныг хэрэгжүүлээгүй, 4.11 дэх хэсэгт Газрын тухай хуулийн 31  дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэх үндэслэлээр нэхэмжлэгчид 329 м.кв газрыг олгох хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй байгаа гэж үзэх нь үндэслэлгүй.

3.5. Энэ шүүхийн шийдвэрийг биелүүлж дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшиж байгаа 1055 м.кв газраас 329 м.кв газрыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэх нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дэх хэсэгт “Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй”, 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”-ийг хориглосныг зөрчих үндэслэл болж байна.

3.6. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2023/0594 дүгээр шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй тул өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоож, дүгнэлт өгөөгүй; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан тул шүүх хэргийн оролцогчдын нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон маргаан бүхий захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, хариуцагч болон гуравдагч этгээдийн татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар маргааны үйл баримтын хүрээнд хууль зүйн бүрэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

4. Нэхэмжлэгчээс Б д З дд холбогдуулан “Б д З д-ын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/554 дүгээр захирамжаар Б д З д-ын Тамгын газарт олгосон 1055 кв.м газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулж, Д.Нд тус дүүргийн 19 хороо, 2 дугаар байрны ард байрлах эзэмшлийн 120 кв.м талбай дээр 329 кв.м талбайг нэмэгдүүлж өгөх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эзэмшлийн гэрчилгээтэй 120 кв.м газар дээр нэмж 329  кв.м газрыг Д.Нд эзэмшүүлэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

5. Ингэхдээ “дүүргийн Засаг даргын 2013 оны А/554 дүгээр захирамжаар Б д З д-ын Тамгын газарт 1053 кв.м газар олгосон нь миний газар эзэмших эрхийг зөрчсөн, Газрын тухай хуулийн 31.3-д заасантай нийцээгүй, маргаан бүхий газраас 449 кв.м талбайг Д.Н надад, 861 кв.м талбайг дүүргийн Засаг даргын Тамгын газарт үлдээхээр тохиролцсон ч биелүүлэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан” гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлох бол хариуцагч болон гуравдагч этгээдээс “Д.Нд 2006 онд 120 кв.м газар олгож 2012, 2022 онд хугацааг сунгасан, харин түүнд 1053 кв.м газрыг эзэмшүүлсэн нь тогтоогдоогүй. Б д З д-ын Тамгын газарт тус дүүргийн Засаг даргын 2013 оны А/554 дүгээр захирамжаар олгосон 1055 кв.м газрын эрхийг дуусгавар болгосон шийдвэрийг Засаг дарга гаргаагүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргана. 

6. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “... дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/554 дүгээр захирамжаар дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн 1055 кв.м газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2019 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр дууссан байх бөгөөд Газрын тухай хуулийн 37.1-д заасан хугацаанд сунгуулах хүсэлт гаргаагүй, сунгасан тухай дүүргийн Засаг даргын шийдвэр гараагүй тул газар эзэмших эрхгүй; Газрын тухай хуулийн 31.2, 31.3-д заасан нөхцөл тогтоогдохгүй байхад Д.Нын хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргасан нь хууль бус;” гэх зэргээр маргааны үйл баримтын талаар зөрчилтэй дүгнэлт хийснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

6.1. Тухайлбал, шүүхийн шийдвэрт “... гуравдагч этгээд болох Б д З д-ын Тамгын газарт 1055 кв.м газар эзэмшүүлсэн тус дүүргийн Засаг даргын 2013 оны А/554 дүгээр захирамжийн эрх зүйн үр дагаваргүй болсноор түүний хүчингүй болсон утгаар ойлгоно” гэж дүгнэсэн атлаа Б д З д-ын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/554 дүгээр захирамжаар тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон 1055 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйг болгож шийдвэрлэсэн нь гагцхүү эрх зүйн үйлчлэл бүхий хүчин төгөлдөр байгаа захиргааны актад хэрэглэх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан “маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох” зохицуулалтын агуулгад нийцээгүй байна.

6.2. Мөн нэхэмжлэгчийн гаргасан “дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон маргаан бүхий газраас 449 кв.м талбайг Д.Н надад шилжүүлж, 861 кв.м талбайг дүүргийн Засаг даргын Тамгын газарт үлдээхээр тохиролцсон” гэх тайлбартай холбогдуулан анхан шатны шүүх “хариуцагч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.3.2-т заасныг хэрэгжүүлээгүй орхигдуулсан” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

6.3. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаас үзэхэд Б д З д-ын 2006 оны А/164 дүгээр захирамжаар Д.Нд маргаан бүхий байршилд 120 кв.м газрыг эзэмшүүлж, улмаар дүүргийн Засаг даргын 2012 оны А/390 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасан үйл баримт тогтоогдоно.

6.4. Харин “нэхэмжлэгчид эзэмшүүлсэн уг 120 кв.м газрын эзэмших эрхийг 2017, 2022 онуудад сунгасан, гэхдээ Газрын мэдээллийн санд 120 кв.м газрын мэдээлэл байдаггүй” гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлах боловч Д.Нын шаардлагын үндэслэлийг тодорхойлж буй 120 кв.м газрын эзэмших эрх хүчинтэй буюу захиргааны байгууллагаас эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан эсэх, газрын мэдээллийн нэгдсэн санд уг газрын  кадастрын зураг ямар хэмжээгээр бүртгэгдсэн эсэх нь тодорхойгүй, дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн 1055 кв.м газрын зарим хэсгийг нэхэмжлэгчид шилжүүлэх гэрээг бичгээр хийж, Газрын тухай хуулиар тогтоосон журмын дагуу хүсэлтийг холбогдох баримтын хамт захиргааны байгууллагад хүргүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй, энэ талаарх нотлох баримтыг цуглуулах ажиллагааг анхан шатны шүүх бүрэн гүйцэтгээгүй байна.

6.5. Энэ тохиолдолд Д.Нын 120 кв.м газар эзэмших эрх 2017 онд дуусгавар болсон эсэх, эсхүл сунгагдаж хүчин төгөлдөр байгаа эсэх үйл баримтыг эргэлзээгүй тогтоох нь нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн эсэхийг дүгнэхэд зайлшгүй хамааралтай тул шүүх холбогдох нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт өгөх шаардлагатай.

7. Түүнчлэн хэрэгт (а) Б д З д-ын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/288 дугаар захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хороо, Да хүрээ 19/1 гудамж, Цайз /13291/ гэх хаяг байршилд нэгж талбарын 1332201556 дугаар бүхий 1054 кв.м газрыг Б д З д-ын Тамгын газарт олгосон тухай 0000053691 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн (б) дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/554 дүгээр захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хороо, хорооны зүүн талд гэх хаяг байршилд  нэгж талбарын 18648312431142 дугаар бүхий 1055 кв.м газрыг Б д З д-ын Тамгын газарт олгосон тухай 000434604 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, (в) нэгж талбарын 1864831243114 дугаар бүхий 1055 кв.м газрын кадастрын зураг, (г) нэгж талбарын 1332201556 дугаар бүхий 1054 кв.м газрын кадастрын зураг тус тус авагдсан (хэргийн I хавтасны 91, 94-96, II хавтасны 31, 34, 40, 42 дахь талд) ба газрын хаяг байршил хийгээд кадастрын зурагт тодорхойлсон солбилцлын цэг бүхий тойм зураглалаас зөрүүтэй гэж үзэхээргүй байна.

7.1. Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэгж талбар нь өөр өөрөөр дугаарлагдсан ч 1332201556 болон 18648312431142 дугаар бүхий энэ хоёр газар нь дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн, байршлын хувьд нэг газар гэж Газар зохион байгуулалтын алба тайлбарласан” гэж мэдүүлж байхад анхан шатны шүүхээс “гуравдагч этгээдээс ирүүлсэн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 02/668 дугаар албан бичиг, дүүргийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/288 дугаар захирамжаар олгосон газрын байршил, нэгж талбар болон гэрчилгээний дугаар зөрүүтэй тул маргааны үйл баримтад хамааралгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

7.2 Маргааны үйл баримтын хүрээнд, хэрэгт хамааралтай уг нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоох шаардлагатай тул Б д З д-ын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/288 дугаар захирамжаар тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1054 кв.м газрыг шинээр эзэмшүүлсэн, эсхүл өмнө нь дүүргийн Засаг даргын 2013 оны А/554 дүгээр захирамжаар олгосон газар эзэмших эрхийг сунгаж гаргасан шийдвэр мөн эсэхийг тогтоох нь зүйтэй.

7.3. Дээрх захирамж гарах болсонтой холбогдуулан газар эзэмшигчээс гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан баримтууд болон газар эзэмших эрх олгосон дүүргийн Засаг даргын захирамж, түүний дагуу олгосон газар эзэмшүүлэх гэрээ зэргийг хэрэгт нотлох баримтаар нэмж цуглуулахын зэрэгцээ энэ газар нь байршлын хувьд дүүргийн Засаг даргын 2013 оны А/554 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн маргаан бүхий газар мөн эсэх, түүнчлэн Д.Нд эзэмшүүлсэн 120 кв.м газартай /эзэмших эрх хүчин төгөлдөр нөхцөлд/ давхцалтай эсэхийг шүүхээс шалган тогтоох ажиллагаа явуулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “... шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 31.2-т “Нотлох баримт нь ... үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.5-д “Нотлох баримтыг цуглуулах, гаргах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй”, 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна”, 41.3-д “Хөндлөнгийн гэрчээр хэрэгт хувийн болон албаны сонирхолгүй, эрх зүйн бүрэн чадамжтай хүнийг оролцуулна”, 41.4-д “Хөндлөнгийн гэрч түүнийг байлцуулан хийсэн ажиллагааны явц, агуулга, үр дүнг баталж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасныг агуулгаар нь хамтатган тайлбарлавал, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтат мэдээллийг нотолгооны хэрэгслийн төрөл болох шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлэх тохиолдолд ч нотлох баримт цуглуулахад баримтлах зарчим, хэлбэрийн шаардлага тавигдана.

8.1. Өөрөөр хэлбэл, шүүхийн үзлэгт хөндлөнгийн гэрч оролцуулж, тус ажиллагааны явц, үр дүнг тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулах нь нотлох баримтыг бэхжүүлэх хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага болно.

Энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд цуглуулсан баримт нотлох чадвараа алдах тул захиргааны хэргийн шүүх шийдвэр гаргахдаа түүнийг үндэслэл болгох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдоно.

8.2. Анхан шатны шүүхээс маргаан бүхий газарт 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, энэ талаар тэмдэглэлд хөндлөнгийн гэрчээр гарын үсэг зурж үзлэгийн явц, үр дүнг баталгаажуулаагүй (хэргийн I хавтасны 108-110 дахь талд) байх тул түүнийг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгож дүгнэх үндэслэлгүй.

9. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн нөхцөлд байдлыг бүрэн тодруулж дүгнээгүй, хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

10. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

11. Түүнчлэн, анхан шатны шүүх хэргийг 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцсэн, шийдвэрийг хэргийн оролцогчдод 2023 оны 10 дугаар сарын 09-12-ны өдрүүдэд гардуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3-д тус тус заасан шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурахаар заасантай нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил болохыг мөн тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2023/0594 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                          ШҮҮГЧ                                                                   Г.МӨНХТУЛГА

 

 

                          ШҮҮГЧ                                                                     Д.ОЮУМАА

 

 

  ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ