Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/678

 

 

 

 

2022          06          27                                        2022/ШЦТ/678

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Г.Галхүү,

          улсын яллагч С.Эрдэнэтуяа,

          шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан эрүүгийн 2209001590843 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, Ч овогт Б-ийн Т /регистрийн дугаар /, 2004 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эцэг, эхийн хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,  

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

            Б.Т нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв номын сангийн ойролцоо Д.Б-ийн “айфоне-11 про” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.575.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Т нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв номын сангийн ойролцоо Д.Б-ийн “айфоне-11 про” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.575.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх шүүгдэгч Б.Т нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.Б-д 1.575.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..Би Б-н утсыг халаасандаа хийснээ тухай үед мэдээгүй явж байхад Б над руу залгаж чи миний утсыг авсан байна өөртөө үз, шалгаад хэлээдэх гэж зандрангуй хэлсэн болохоор би айсан. Тэгээд тэр үед би утсыг шалгахад миний халаасанд байсан би айгаад Б-д утас чинь байхгүй байна гэж хэлсэн. /Б намайг хулгайч гэж бодох вий гэж бодоод санаа зовоод хэлж чадаагүй нуусан./ Найз Б-ийн утас надаа байхад нь би худлаа хэлсэн болохоор энэ утсыг нь хаяж чадахгүй байсан учраас 80.000 төгрөгөөр гар утас зардаг хүмүүст зарсан...” гэх мэдүүлэг /xx-ийн 49/,

 

хохирогч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Надад сэжиглэж байгаа хүн байгаа тэрийг Б.Т гэдэг тэр надтай хамт явж байсан. Тэр намайг автобусанд суулгаж өгсөн суулгаж өгөхөөсөө өмнө миний гар утсыг авсан сэрүүлэг тавиад өгье чи автобусанд унтчих байх гэсэн. Тэр миний гар утсыг миний гарт өгөөгүй харин халаасанд хийлээ шүү гэсэн. Б.Т миний гар утасны кодыг асуухад би 013199 гэж хэлсэн. Би 20 цагт автобусанд суусан. Харин миний гар утасны айдыг 20 цаг 10 минутад сольсон байсныг би мэйл хаягаасаа харсан. Тэр миний гар утасны кодыг мэдэж байсан. Тэр сүүлд миний гар утсыг харсан болохоор би тэрийг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47, 118/,

 

Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 37-38 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Т-ийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв номын сангийн ойролцоо Д.Б-ийн “айфоне-11 про” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.575.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.Т нь хохирогч Д.Б-д 1.575.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул шүүгдэгчээс 1.575.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Шүүгдэгч Ч овогт Б-гийн Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Т 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Б.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

           

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-өөс 1.575.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б  (РД:)-д олгосугай.

 

5.Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                З.БОЛДБААТАР