Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 1253

 

 

 

 

   2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2018/01253

        Улаанбаатар хот

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: м ххк *******-ийн гаргасан,

 

Хариуцагч: Ш-т холбогдох,

 

465,585.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Хариуцагч Ш нь манай компанийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, hybrid 9900 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гаргаж, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гэрээ байгуулан ******* тоот дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ, мөн 1,785,000.00 төгрөгийн үнэтэй Samsung galaxy s7 egde gold маркийн гар утсыг урьдчилгаанд 428,000.00 төгрөгийг төлж, худалдан авсан авсан юм.

 

            Гэтэл хариуцагч тал 2017 оны 11, 12 сарын үүрэн холбооны үйлчилгээний төлбөр болон худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир тус компани түүнд үзүүлэх үйлчилгээгээ түр зогсоож, 528,585.00 төгрөгийг төлөхийг шаардсан мэдэгдэл өгсөн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд үүргээ гүйцэтгэсэнгүй.

 

            Хариуцагчийн үүрэн холбооны үйлчилгээний төлөөгүй төлбөр 19,767.00 төгрөг, зээлээр авсан гар утасны төлбөр 445,818.00 төгрөг, нийт 465,585.00 төгрөг болсон бөгөөд талуудын хооронд байгуулсан гар утас худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.-д зааснаар төлбөрийг ямар ч асуудалгүй төлсөн тохиолдолд хямдруулсан үнэ болох 1,700,000.00 төгрөгөөр гар утсыг худалдах ба нэгэнт төлбөрийг зохих ёсоор төлөөгүй тул үндсэн үнэ 1,785,000.00 төгрөгөөс урьдчилгаа 428,000.00 төгрөг болон 17 удаа 53,000 төгрөгөөр төлсөн 901,000.00 төгрөгийг тус тус хасч нэхэмжилж байна.

 

            Бид, хариуцагчийн тус шүүхэд гаргасан хариу тайлбартай танилцсан ба түүнийг гар утас болон үүрэн холбооны үйлчилгээг өөр этгээдэд ашиглуулах гэж байгааг мэдээгүй.         Иймд, хариуцагч Шээс 465,585.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв

 

            Хариуцагчаас тус шүүхэд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан хариу тайлбартаа:

 

            “Би, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч м ххк-тай гэрээ байгуулж, ******* тоот дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ болон гар утсыг худалдан авахаар тохиролцсон боловч эдгээрийг А гэж хүний гуйлтаар түүний өмнөөс гэрээ байгуулж, авч өгсөн.

 

            А, надад хэлэхдээ “зайлшгүй шаардлагатай байна, би төлбөрийг төлж байх болно, та зөвхөн ******* тоот дугаарыг ашиглаж байхад болно” гэсэн бөгөөд энэхүү утастай холбоотой төлбөр тооцоо надад ямар ч хамааралгүй.

 

            Нэхэмжлэгч тал уг төлбөрийг надаас биш Ааас нэхэмжлэх эрхтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

  Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлаад

             

ҮНДЭСЛЭХ нь:

           

            Нэхэмжлэгч м ххк-иас хариуцагч Шт холбогдуулан 465,585.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү нэхэмжлэлтэй иргэний хэрэгт шүүхээс 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Шт 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, шүүх хуралдааны товыг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мэдэгдсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж, мөн 72.3.-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2.-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3.-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан.

 

Хэдийгээр хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар өгсөн боловч тэрээр шүүх хуралдааныг товыг мэдсэн атал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба шүүх нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч м ххк 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч Штэй үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж, ******* дугаар дээр тус компанийн үйлчилгээг үзүүлэхээр тохирчээ /х.х-ийн 6, 7-р хуудас/.

 

            Түүнчлэн талууд гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, нийт 1,785,000.00 төгрөгийн үнэтэй Samsung galaxy s7 egde gold маркийн гар утсыг худалдах, худалдан авахаар харилцан тохирч, хариуцагч тал урьдчилгаанд 428,000.00 төгрөгийг төлсөн байна /8, 9, 10-р хуудас/.

 

            Зохигчдын хооронд байгуулсан эдгээр гэрээгээр хариуцагч Шийн зүгээс ******* тоот дугаарыг ашиглаж, нэхэмжлэгч м ххк-нд үүрэн холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэг хүлээсэн бол харин гар утас худалдах, худалдан авах гэрээний үндсэн үнэ 1,785,000.00 төгрөгөөс 85,000.00 төгрөгийг хасч, нийт 1,700,000.00 төгрөгөөс 428,000.00 төгрөгийг төлж, үлдэх 1,272,000.00 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд дээр дурьдсан гар утсыг зээлээр худалдан авахаар тохиролцсон гэсэн байх боловч эд хөрөнгийн үнийг нэн даруй бус хожим төлөхөөр тохиролцсон, хариуцагч буюу худалдан авагч тал зөвхөн гэрээний зүйл болсон гар утасны худалдах үеийн үнийг ийнхүү төлөх бөгөөд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан бэлэн мөнгөөр төлөх хэмжээ, хэсэгчлэн төлөх үнэ, зээлээр авч буйн төлөө нэмж төлөх хүүгийн талаар тохироогүй,  гэрээний зүйлийн үнэ “эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ”-ээс нэмэгдсэн шинж агуулаагүй байна.

 

            Нөгөө талаар Харилцааны холбооны тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч тал бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хариуцагчид нийлүүлэх, хариуцагч өөрийн хэрэгцээнд тохируулан ашигласан үйлчилгээнд тохирсон төлбөрийг төлөхөөр тэдгээрийн хооронд байгуулсан үйлчилгээг үзүүлэх гэрээг үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах тухай гэрээ тус тус байгуулагдсан байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, худалдагч тал гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд талуудыг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх юм.

 

Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийг үүрэн холбооны үйлчилгээний төлбөрт 19,767.00 төгрөг, худалдан авсан гар утасны төлбөр 445,818.00 төгрөг, нийт 465,585.00 төгрөгийг төлөөгүй гэснийг хариуцагчийн зүгээс үгүйсгэхдээ өөрөө авч ашиглаагүй, харин А гэж хүн ашигласан гэж тайлбарласан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3.-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч тал үүрэн холбооны үйлчилгээний 19,767.00 төгрөг, зээлээр авсан гар утасны төлбөр 445,818.00 төгрөгийг А гэж хүн төлөх ёстой гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй.

 

Зохигчдын хооронд байгуулсан гар утас худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.-д зааснаар худалдан авагч тал гэрээг зохих ёсоор биелүүлж, төлбөрийг хугацаандаа бүрэн төлсөн тохиолдолд хямдарсан үнээр тухайн гар утсыг худалдахаар тохирсон байна. Өөрөөр хэлбэл, 1,785,000.00 төгрөгийн үнэтэй энэхүү гар утсыг хариуцагчид 1,700,000.00 төгрөгөөр худалдах нөхцөл нь хэрэв худалдан авагч буюу хариуцагч тал урьдчилгаа 428,000.00 төгрөгийг төлж, үлдэх 1,272,000.00 төгрөгийг зөрчилгүй хуваарийн дагуу төлсөн тохиолдолд 85,000.00 төгрөгийг үндсэн үнээс хасаж тооцохоор гэрээнд тусгажээ.

 

Гэтэл хариуцагч Ш нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, 208 дугаар зүйлийн  208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасныг тус тус зөрчиж, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй байх тул нэхэмжлэгчийн зүгээс түүнээс гар утасны үндсэн үнэ 1,785,000.00 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 1,329,000.00 төгрөгийг хасч, нэхэмжилж байгаа ажээ.

 

Иймд, хариуцагч тал гар утас худалдах, худалдан авах гэрээний дагуу 1,785,000.00 төгрөгөөс 1,329,000.00 төгрөгийг төлж, 456,000.00 төгрөгийг төлөөгүй ба нэхэмжлэгч тал түүнээс 445,818.00 төгрөгийг нэхэмжилсэн тул шүүхээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагаас үүрэн холбооны үйлчилгээний төлөөгүй төлбөр 19,767.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Учир нь, хэрэгт хариуцагч тал ******* тоот дугаарыг 2017 оны 11, 12 дугаар сард ашиглаж, 19,767.00 төгрөгийн үйлчилгээ авсан талаарх баримт байхгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа сарын 9900 төгрөгийн хэрэглээний багцтай гэж тайлбарлаж буй боловч хариуцагч тал тухайн багцад ногдох болон багцаас давсан үйлчилгээ авсан гэсэн үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй.

 

Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 445,818.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19,767.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг үндэслэн хариуцагч Шээс 445,818.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч м ххк-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19,767.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,618.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 14,024.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР