Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
Хэргийн индекс | 101/2017/05222/и |
Дугаар | 1076 |
Огноо | 2018-03-28 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 1076
20******* оны 03 сарын 28 өдөр | Дугаар 101/ШШ20*******/01076 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Б /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Д/-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 21,647,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхтулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* ******* ******* ******* байр, ******* тоотод оршин суугч Д.Б миний бие Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ******* ******* гудамжинд байрлах байр, тоотын 60 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Э.Д д сар бүр 1,200,000 төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан тохиролцсоны үндсэн дээр 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлэх гэрээ байгуулсан. Э.Д нь гэрээ байгуулсан өдрөө дээр дурдсан байршилтай үл хөдлөх хөрөнгө болох 60 м.кв талбай бүхий үйлчилгээний ажлын байрыг ашиглаж эхэлсэн. Улмаар гэрээнд заасан заалтын дагуу түрээслэгч Э.Д утсаар холбогдож, түрээсийн төлбөрийг багасгах санал гаргаж, 2015 оны 05 дугаар сараас эхлэн түрээсийн төлбөрийг багасгаж 1,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, төлбөрөө өгч эхэлсэн бөгөөд түрээслүүлэгч Д.Б би гэрээний онцгой нөхцөлд заасны дагуу гэрээнд өөрчлөлт оруулахад дахин гэрээ байгуулах санал тавьж байсан. Тухайн хугацаанд гэрээг байгуулахгүй байж байгаад 6 сарын дараа буюу 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ирж гэрээг шинэчлэн 3 жилийн хугацаатайгаар байгуулсан. Энэ хүртэлх хугацаанд 1,000,000 төгрөгийг гэрээний дагуу тогтсон хугацаанд Д.Б миний Хаан банкны тоот дансанд шилжүүлж байсан. Гэтэл 2015 оны 12 дугаар сараас эхлэн түрээсийн төлбөрийг 12 сард 500,000 төгрөг, 2016 оны 01 сард 250,000 төгрөг, 03 сард 210,000 төгрөг, 04 сард 100,000 төгрөг шилжүүлэх зэрэг байдлаар өнөөдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг сар бүр тогтсон хугацаандаа дутуу болон огт хийхгүй байх байдлаар түрээсийн гэрээгээ зөрчиж эхэлсэн. Э.Д д түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, төлбөр, тооцоогоо хугацаанд нь барагдуулах, дутуу төлсөн түрээсийн төлбөрийн хэмжээ нэмэгдэж байгаа талаар удаа дараа сануулж шаардахад боломж бололцоогүй байна, хямралын нөхцөл байдалтай холбож, удаахгүй, бага багаар хийе, дараа сард, хэд хоногийн дотор хийе гэх байдлаар төлбөрөө хугацаандаа хийхээс зайлсхийх болсон. Миний бие энэ бүхэнд хүлээцтэй хандан төлбөр тооцоо хугацаандаа хийгдэхгүй байгаа байдлаас өөрт нь үүсэх хүндрэлийг тайлбарлан гуйх, хүсэх, шаардах байдлаар өдий хүрсэн. Гэтэл сүүлийн үед Э.Д нь утсаа авахаа больж, явуулсан зурвасын хариу өгөхгүй байсан тул уг байрандаа очиход цоожтой байсан тул эхнэр Б.Ундрахтай холбогдож учир байдлыг бодит байдлаар ойлгуулж, холбоо барих, төлбөр тооцоогоо хийх тухай хэлж өгөхийг хүсэж удаа дараа ярилцсан. Эхнэр Б.Ундрах нь нөхөр Э.Д тай ямар утсаар холбогдох, хаана ажиллаж амьдарч байгаа талаар мэдээлэл өгөхгүй байсан. Улмаар нэхэмжлэгч Д.Б би Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 05 сарын 26-ны өдөр хариуцагч Э.Д ыг эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоох, гэрээний үүрэг хангуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/02377 тоот эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гарч Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2, 3 дугаар хэлтэст хүргүүлсэн байна. Эрэн сурвалжилсаны үр дүнд Э.Д надтай холбогдож түрээслэн ашиглаж байсан байрыг 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн. Мөн 10 дугаар сарын 01-ний өдөр цаашид түрээсийн гэрээг цуцлах хүсэлтээ гар утасны мессэжээр гаргасан болно. Уулзах үеэр түрээсийн төлбөрийг шаардахад төлөх боломжгүй, мөнгө байхгүй гэсэн хариу өгсөн. Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хариуцагч Э.Д ыг эрэн сурвалжлаад Баянзүрх дүүрэг, 17 хороо, Эмнэлэгийн 5 дугаар гудамж, 272 тоот хаягт оршин суудаг болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 14К/3000 албан тоотоор хүргүүлсэн байна. Иймд хариуцагч Э.Д аас нэхэмжлэгч Д.Б надад түрээсийн гэрээний 1 дэх хэсгийн 3-т зааснаар түрээсийн төлбөр 14,385,000 төгрөг, алданги 7,192,500 төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийт 21,647,700 төгрөгийн түрээсийн төлбөрийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэгдүгээр асуудал бол энэ хүн мөнгө нэхэж байгаа юм байна. Мөнгө нэхэж байгаа бол тооцоо нарийн байх ёстой. Тооцоог буруу гаргасан. Гэрээнд өөрчлөлт ороод явсан талаар баримт гаргаж өгсөн. 2016 оны 1 дүгээр сараас авахуулаад түрээсийн төлбөрийг 600,000 төгрөгөөр тооцохоор болсон. 600,000 төгрөгөөр тооцсон ч түрээсээ төлөх боломж байдаггүй. Яаж 600,000 төгрөгөө олох болон худалдагчаа цалинжуулах талаар нэхэмжлэгч тал мэдэж байсан. 2016 оны 11 дүгээр сард тооцоо нийлсэн. Тооцоо нийлээд авсан, өгсөн үнийн дүнг тооцоод 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн байдлаар 4,800,000 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байна гэсэн. 11 болон 12 дугаар сарын түрээсийн төлбөрийг 600,000 төгрөгөөр тооцож авъя гэсэн. Ингээд тооцоолоод хийсэн, Д.Б гарын үсгээ зураад энэ бичгийг үлдээсэн байдаг. Шүүхэд түүнийг гаргаж өгсөн. Тэгэхээр 2017 оноос өмнөх төлбөрийн тооцоо нь 4,800,000 төгрөг дээр нэмэх нь 1,200,000 төгрөг байгаа. Өөрөөр хэлбэл 6,000,000 төгрөгний тооцоо 2016 онд дуусаж байгаа. 2017 он гараад ирэхээр бүтэн худалдагч зогсоод нэг, хоёр үйлчлүүлэгч орж ирдэг байсан. Худалдагч нь байж байхад нэгэнт танайх худалдан авалтгүй болсон бол гэрээгээ цуцалъя гээд цоожны голыг солиод 1 дүгээр сарын *******-ний өдрөөс дэлгүүр бол ажиллаагүй. Өөрөөр хэлбэл түрээслүүлэгч нь түрээсийн эд хөрөнгөө өөрөө авсан асуудал байгаа. 2017 оны 1 дүгээр сараас авахуулаад та нарын дэлгүүрт байгаа эд хогшлыг түрээсийн төлбөртөө суутгалаа гэсэн байдаг. Үүнээс хойш дахиж үйл ажиллагаа явуулах нь зогссон гэсэн үг. Түрээсийн харилцаа нь 2017 оны 1 дүгээр сараас дуусгавар болсон. 2016 оны тооцоо 6,000,000 төгрөг байдаг. 2017 оны 1 сарын тооцоо 600,000 төгрөг байдаг. Ингээд 6,600,000 төгрөг байгаа. 6,600,000 төгрөгийн үлдэгдэлтэй байхад 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр буюу тооцоо нийлсэн өдрөөс хойш 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 10 удаагийн төлөлтөөр 3,600,000 төгрөгийг төлсөн байгаа. Үлдэгдэл төлбөрөөс төлөлт хийснийг хасахаар 3,000,000 төгрөг үлдэж байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргахдаа барагцаагаар ийм байх ёстой гэж гаргасан байдаг. Жишээ нь түрээсийн төлбөр 14,000,000 төгрөг, алданги 7,000,000 төгрөг гэсэн асуудал гарч ирж байгаа. Хэдэн хоногоор тооцож гэдэг нь тодорхойгүй байгаа. Таамгаар гаргаж ирсэн гэж үзэж байна. Алданги нь хоногийн 0,1 хувь гэсэн байдаг. Хоногийн 0,1 хувь гэхээр 10 хоногт 1 хувь, 100 хоногт 10 хувь, 1000 хоногт 100 хувь болно. Тэгэхээр хэдэн хоногоор бодоод алдангийг 50 хувьд хүргэсэн нь ойлгомжгүй. Цоожийг сольж явснаас хойш энэ дэлгүүрийг ашиглаагүй нь нэхэмжлэгчийн буруу, өөр бусад хүнд түрээслэх боломжтой байсан. 01 дүгээр сарын *******-ний өдрөөс 02 дугаар сарын 25-ны өдрийн хооронд олсон бүх мөнгөө төлбөртөө хийсэн байсан. Хамгийн сүүлд 06 дугаар сарын 30-ны өдөр төлбөр хийсэн байдаг. Харилцан ашигтай байдлаар гэрээ нь үйлчилдэг байсан. Орлого, ашиггүй байгааг нь мэдсээр байж, нэг сар харъя гэж хэлчихээд яагаад энэ хүн төлбөр тооцооны асуудлыг үргэлжлүүлээд шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байгааг ойлгохгүй байна. Энэ хүн өөрөө ирж харсан байгаа. Харахад нь нэг ч хүн байдаггүй. Хааяа л хүүхэд нэг ширхэг алим авбал авна, өөр юу ч байхгүй. Үүнийг өөрөө мэдсээр байж, Э.Д өөрт нь хэлсэн одоо болъё гэхэд дахин 1 сар харья гэсэн, юу харах гэж байгаа нь ойлгомжгүй, дахиж нэг сар шатахыг нь харах гээд байгаа юм уу. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Э.Д д холбогдуулан түрээсийн төлбөр 14,385,000 төгрөг, алданги 7,192,500 төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 21,647,700 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч Э.Д нь төлбөл зохих төлбөрөөс 3,000,000 төгрөг үлдсэн, нэхэмжлэгч түрээсийн байрны цоожийг сольсноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, түрээсийн төлбөр, алдангийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байна гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.Б нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ******* ******* гудамж, байр, тоотод байршилтай 60 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Э.Д д түрээслүүлэхээр 2015 оны 11 сарын 20-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулж, сарын 1,000,000 төгрөгийн төлбөртэй, 2015 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаагаар түрээслэхээр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Гэрээ байгуулсан талаар зохигчид маргаагүй. /хх-10, 12/
Зохигчдын байгуулсан дээр дурдсан түрээсийн гэрээг бичгээр байгуулан, нотариатаар батлуулж, эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байх бөгөөд Иргэний хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.3-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болжээ. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
Иргэний хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь 2015 оны 12 сараас 2017 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 14,385,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.
Талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээний хугацаа 20******* оны 11 сарын 01-ний өдөр дуусахаар байх боловч түрээсийн байрыг 2017 оны 09 сард хүлээлцсэн байх тул талууд мөн өдрөөр түрээсийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй. Түрээсийн байрыг буцааж хүлээлгэж өгсөн талаар талуудын хооронд хийгдсэн баримт байхгүй байх ба 2017 оны 09 сарын 30-ны өдөр түрээсийн байрыг буцааж өгсөн гэсэн түрээслүүлэгчийн тайлбарыг үндэслэж хугацаа тогтоох үндэслэлтэй бөгөөд энэ хугацаанд түрээсийн байр түрээслэгч талын эзэмшилд байсан гэж үзнэ.
Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Б 2017 оны 01 сард түрээсийн байрны цоожны голыг сольсон тул түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, 01 сарын *******-ний өдрөөс дэлгүүр ажиллаагүй, түрээсийн байрыг ашиглаагүй гэх тайлбарыг гаргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.
Зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээнд үл хөдлөх хөрөнгийг түрээсээр эзэмшсэний төлбөрт 1 сард 1,000,000 төгрөг байхаар тохиролцож, хариуцагч нь түрээсийн төлбөрийг төлж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Түрээсийн төлбөр тооцоотой холбоотой нэхэмжлэгч Д.Б ийн гараар бичсэн баримт хэрэгт авагдсан бөгөөд уг баримтад “...1-2 3 сая, 4-11 8 сар, 8х600,0 11 сарын 04-ний байдлаар 4,800,000 төгрөг дутуу, 11 – 600,0 12-600,0 ....” гэж бичсэн байх бөгөөд уг бичгийг 2016 оны 11 сарын 04-ний өдөр нэхэмжлэгч бичсэн талаар зохигчид маргаагүй. /хх-61/
Хариуцагч нь түрээслэн ажиллуулж байсан байрны ойр Абсолют дэлгүүр ашиглалтанд орсноос хойш ажиллуулж байсан дэлгүүр нь худалдан авагчгүй болж, түрээсийн төлбөрийг төлөх боломжгүй болсон, энэ талаар нэхэмжлэгч мэдэж байсан, тийм ч учраас түрээсийн төлбөрийн хэмжээг буулгах асуудал яригдсан, 2016 оны 11 сард түрээсийн төлбөрийн төлөлтийг тооцож, 2016 оны 04 сараас түрээсийн төлбөрийг сард 600,000 төгрөг байхаар тохиролцсон гэх тайлбарыг гарган, нэхэмжлэгч нь үлдэгдлээ 600,000 төгрөгөөр хийхээр тохирсон, төлбөрийг 600,000 төгрөг болгосон зүйл байхгүй, уг баримт тооцоо нийлсэн баримт, 11 сарын 04-ний өдрийн хэлцэл хүчингүй гэх тайлбарыг гарган маргаж байна.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний шууд утгыг анхаарах бөгөөд дээр дурдсан нэхэмжлэгч Д.Б ийн бичсэн баримтын агуулгаас үзэхэд талууд түрээсийн төлбөрийг 2016 оны 04 сараас 600,000 төгрөгөөр тохиролцсон, 11 сарын 04-ний өдрийн байдлаар 8 сарын төлбөр нийт 4,800,000 төгрөг дутуу, 11, 12 сард тус тус 600,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна.
Хариуцагч нь түрээсийн төлбөрт 2016 оны 12 дугаар сарыг дуустал 6,000,000 төгрөг, 2017 оны 01 сараас 09 сарыг дуустал хугацаанд 5,400,000 төгрөг, нийт 11,400,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээснээс нэхэмжлэгчийн Хаан банкин дахь дугаартай харилцах дансаар 2017 оны 01 сарын 09-ний өдрөөс 06 сарын 30-ны өдрийн хооронд нийт 3,500,000 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт 7,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй. /хх-80-88/
Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээнд заасан үндэслэлээр алданги 7,192,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.
Зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээний нэгийн 3-т “Түрээсийн төлбөр нь хуанлийн сар бүрийн 02-ны өдөр төлөгдсөн байх бөгөөд төлбөрийн хугацааг хэтрүүлсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,1 хувиар тооцож .....түрээслүүлэгчид алданги төлнө” гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгч Д.Б нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.
2016 оны 11 сарын 04-ний өдөр тооцоо нийлсэн баримтад төлбөр төлөх хугацааг сарын 30, 31-нд гэж бичсэн байх тул түрээсийн гэрээнд зааснаар сар бүрийн 02-ны өдөр төлбөр төлөх үүрэгтэй гэж үзэх боломжгүй юм. Түрээсийн байрыг хүлээлгэн өгсөн өдөр буюу 2017 оны 09 сарын 30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр 2017 оны 11 сарын 08-ны өдөр хүртэл алдангийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байх тул хариуцагчийн түрээсийн төлбөрт төлбөл зохих 7,300,000 төгрөгнөөс 39 хоногийн алдангийг тооцож, алданги 284,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.
Эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан эрх зүйн харилцаанд оролцогч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар болон түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, холбогдох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, үүнтэй холбоотой гарсан зардлыг тэрээр өөрөө хариуцах ёстой бөгөөд хариуцагчийн хаягийг тодруулсны үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гаргах нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хариуцах асуудал тул хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Э.Д аас түрээсийн төлбөрт 7,300,000 төгрөг, алданги 284,700 төгрөг, нийт 7,584,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,063,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 1******* дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Э.Д аас 7,584,700 /долоон сая таван ******* наян дөрвөн мянга долоон *******/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,063,000 /арван дөрвөн сая жаран гурван мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,*******8 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Д аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид *******6,305 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР