| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2018/01133/и |
| Дугаар | 1181 |
| Огноо | 2018-04-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 1181
| 2018 оны 04 сарын 03 өдөр | Дугаар 101/ШШ2018/01181 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М-ийн гаргасан,
Хариуцагч: А-д холбогдох,
11,800,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М, хариуцагч Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний төрсөн эгч А 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “чиний нэр дээр зээлээр байр авч өгье, урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд” надаас 11,800,000.00 төгрөг авсан.
Ингээд тэрээр уг зээлийг хөөцөлдөж байгаад 2015 оны 03 дугаар сарын дундуур банкнаас зээлсэн авсан бөгөөд намайг хамтран зээлдэгчээр орох шаардлагатай байна гэхэд би зээлийн гэрээнд гарын үсэг зурсан юм.
Надад анхнаасаа орон сууцны зээлдэгч байж, зээлийг төлөх тийм санхүүгийн боломж байгаагүй, эгч маань тус орон сууцанд намайг хүүхэдтэйгээ болон ээжтэй хамт амьдар гэж байсан боловч орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээнд миний нэр тусгагдаагүй байсан.
Би, энэ талаар эгчээсээ асуухад нэгэнт ингээд гарчихсан юм чинь одоо боломжгүй гэж тайлбарласан. Миний ойлгож байгаагаар би энэхүү орон сууцыг хамтран өмчлөх ёстой байтал зөвхөн түүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан, өнгөрсөн намар хашаа байшинд амьдарч байснаас орон сууцандаа амьдрах гээд эгчдээ энэ тухай хэлтэл бусдад түрээслүүлчихсэн байгаа гээд оруулаагүй.
Миний хувьд орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулахгүй, гагцхүү оруулсан буюу урьдчилгаанд өгсөн 11,800,000.00 төгрөгийг л буцааж авах хүсэлтэй байна. Хариуцагч тал намайг орон сууцандаа ороод өөрөө зээлээ төлөөд яв гэдэг юм, гэтэл миний нэр дээр бүртгэгдээгүй байранд би зээл төлөхгүй, надад тийм боломжгүй байхгүй.
Иймд, хариуцагчаас орон сууцны урьдчилгаанд өгсөн 11,800,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч Мгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, анх энэхүү орон сууцыг банкны зээлээр авахад тэрээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд миний нэр бичигдэх тохиолдолд зээлийг би төлөх болно гээд татгалзсан.
Миний бие “Худалдаа хөгжлийн банк” ХХК-иас авсан 48,000,000.00 төгрөгийн зээлийг өнөөдрийг хүртэлх хугацаанд хуваарийн дагуу төлж байгаа бөгөөд нэхэмжлэгч тал энэ хугацаанд ямар нэгэн төлбөр төлж байгаагаагүй.
Надад, маргаж буй 11,800,000.00 төгрөгийг түүнээс шууд аваад хувьдаа захиран зарцуулчихсан зүйл байхгүй, дүүгийнхээ амьдрал болоод хүүхдийг нь эрүүл аюулгүй орчинд л байлгах гэж хичээж, өөрийн нэр дээр зээл авч, түүнд энэ бүхнийг зориулж байхад ийм нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна.
Хэрэгт авагдсан “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнд нэхэмжлэгч М өөрөө зөвшөөрч гарын үсэг зурсан ба орон сууцанд нүүж ороход ямар нэгэн асуудал байхгүй.
*******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах орон сууцыг нийт 100,000,000.00 төгрөгөөр худалдан авсан ба үүнээс нэхэмжлэгч тал 11,800,000.00 төгрөг, миний бие 40,200,000.00 төгрөгийн урьдчилгааг тус тус нийлүүлж, үлдэгдэл 48,000,000.00 төгрөгийг банкнаас зээлсэн.
Хэрэв нэхэмжлэгч тал орон сууцандаа амьдрах хүсэлтэй байгаа тохиолдолд зээлийг төлөөд амьдарч болно” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мгээс хариуцагч Ад холбогдуулан 11,800,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “талуудын болоод банкны зээлийн санхүүжилтаар авсан орон сууцнаас өөрт ногдох хэсгийг бус харин урьдчилгаа болгож өгсөн 11,800,000.00 төгрөгийг буцаан авна” гэж тодруулсаныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үл хүлээн зөвшөөрч, татгалзсан.
Шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч М болон хариуцагч А нар 2015 оны 07 дугаар сарын*******-ны өдөр “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 48,000,000.00 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 16 жилийн хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн ба талууд уг үйл баримтын талаар маргаагүй /х.х-ийн 23, 24-р хуудас/.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдсанаар энэхүү зээлийг *******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах орон сууцыг худалдан авах зорилгоор авсан байх бөгөөд тухайн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар ******* тоот улсын бүртгэлийн дугаартай уг орон сууцыг барьцаалуулсан байна /х.х-ийн 32, 33-р хуудас/.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар талууд энэхүү орон сууцыг нийт 100,000,000.00 төгрөгөөр худалдан авахаар нэхэмжлэгч Мгээс 11,800,000.00 төгрөг, хариуцагч Агаас 40,200,000.00 төгрөгийг тус тус нийлүүлж, улмаар “Худалдаа хөгжлийн банк” ХХК-иас 48,000,000.00 төгрөгийг зээлсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагчид 11,800,000.00 төгрөгийг түүний тус банкин дахь 404194547 тоот дансанд шилжүүлсэн байна /х.х-ийн 3, 4-р хуудас/.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.-д “иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.-д “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно” гэж тус тус заасан.
Тодруулбал, зохигчид *******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах, ******* тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг худалдан авахдаа худалдагч этгээдэд төлөх үнийг харилцан тохиролцож нийлүүлсэн байх бөгөөд тухайн орон сууцыг хамтран өмчлөх зорилготой байжээ.
Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар энэхүү орон сууцыг хариуцагч А үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* тоот гэрчилгээний дагуу дангаар өмчилдөг байна /х.х-ийн 31-р хуудас/.
Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1.-д “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэж, мөн 183 дугаар зүйлийн 183.1.-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж зааснаас гадна Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2.-д “бүртгэл үнэн зөв байх зарчимд үндэслэгдэнэ” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа орон сууцыг хэдийгээр хариуцагч тал үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр дангаар өмчилж буй мэт харагдаж байгаа боловч нэхэмжлэгч нь мөн адил өмчлөгч гэж тайлбарласан нь үндэслэлгүй, хуульд зааснаар орон сууцны өмчлөгчийг хариуцагч Аг гэж үзнэ.
Учир нь, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж тус тус заасны дагуу дээрх орон сууцыг гагцүү хариуцагч Агийн өмч гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч Мгийн хувьд өмчлөгч гэж тоодогдохгүй.
Тодруулбал, Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.-д зааснаар гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдох зохицуулалттай боловч нэхэмжлэгч тал орон сууцыг эзэмшдэггүйгээс гадна тус хуулийн 91.2.1.-д заасны дагуу хэрэв эд хөрөнгийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд үндэслэгдсэн бол эзэмшигч этгээдийг өмчлөгч гэж үзэх тухай заалт хамаарахгүй тул нэхэмжлэгч нь өмчлөгч этгээд биш юм.
Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2.-т “Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно” гэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.-д “Иргэний хуулийн 183.2.-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримтыг үндэслэн ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэж, түүнчлэн 7.4.-т “Энэ хуулийн 7.3.-д заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр гарсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс энэ тохиолдолд хариуцагчид холбогдуулан хамтран худалдан авсан орон сууцны өөрт ногдох хэсгийн хувьд өмчлөгч мөн болохоо хүлээн зөвшөөрүүлж, эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй хэдий ч тэрээр энэхүү эрхээсээ татгалзаж, харин хариуцагчаас 11,800,000.00 төгрөгийг гаргуулахыг хүссэн.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1.-д “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” гэж, 119 дүгээр зүйлийн 119.2.-т “Хоёр буюу түүнээс дээш этгээдийн тус тусын өмчлөлийн зүйл болох хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон бол тэдгээр өмчлөгчид нь шинээр бий болсон эд хөрөнгийн хамтран өмчлөгч байна” гэж тус тус заасан.
Тодруулбал, хөдлөх хөрөнгийн өмчлөгчид өөрсдийн хөрөнгийг нийлүүлсэнээр салгаж үл болох байдлаар холилдож, нэгдмэл нэг эд хөрөнгө шинээр бий болсон тохиолдолд тэдгээр нь хамтран өмчлөгч болох бөгөөд өмчийн хувь хэмжээг эд зүйл холилдохоос өмнөх үнэлгээтэй дүйцүүлэн тогтооно.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч тал өнгөрсөн хугацаанд “Худалдаа хөгжлийн банк” ХХК-иас авсан зээлд ямар нэгэн төлбөр төлөөгүй бөгөөд талуудын мөнгөн хөрөнгө нийлсэний үр дүнд салгаж үл болох үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцыг хариуцагч А өмчилсөн байх бөгөөд нэхэмжлэгч М нь хамтран өмчлөх эсэх талаар маргаагүй, өөрийн зүгээс нийлүүлсэн үнийг буцаан шаардаж байна.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8.-д “Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч М болон хариуцагч А нарын тус тусын мөнгөн хөрөнгө нийлж, ийнхүү дээр дурьдсан орон сууцыг худалдан авахад зарцуулагдсан бөгөөд орон сууцыг худалдан авах нийт үнэд нэхэмжлэгчийн 11,800,000.00 төгрөг багтаж, буцаан салгаж авахгүй боломжгүй шинээр бий болсон эд хөрөнгийг хариуцагч тал дангаар өмчилж байх тул тэрээр ногдох хэсгийн үнийг буцаан өгөх үүрэгтэй болно.
Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР