Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/720

 

  

 

 

 

 

 

 

2022              07            06                                    2022/ШЦТ/720

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч С.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан эрүүгийн 2209000000943 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Т овогт Б-гийн Б /регистрийн дугаар ВБ /, 1999 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ....аймгийн ... суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, оршин суух,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Б.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гадаад хэргийн яамны баруун талын төв зам дээр үл ялих зүйлээс болж О.М  маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хүзүү, баруун өвдөг зулгаралт, баруун шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч О.М-ын мэдүүлэг, шүүгдэгч Б.Б-ийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гадаад хэргийн яамны баруун талын төв зам дээр үл ялих зүйлээс болж О.М-тай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хүзүү, баруун өвдөг зулгаралт, баруун шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч Б.Б нь хохирогч О.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлсэн: “...Тухайн үед эхнэр, хүүхдийн хамт хүүхдээ эмнэлэгт үзүүлэх гээд явж байсан. Арын машин дуут дохио өгөөд байхаар нь би “яаж яваад байгаа юм бэ” гэж хэлээд маргалдсан. Миний машины купер рүү өшиглөж, хамт явж байсан хүн нь миний бие рүү халдсан...” гэв.

шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 37/,

хохирогч О.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Гадаад хэргийн яамны хойд талд байрлах авто зам дээр явж байхад урд талд Тоёота Приус 30 загварын цагаан өнгийн машинтай залуу гам голлож яваад байсан тул би араас нь сигнал дарсан. Энэ үед тухайн залуу “яаж яваад байгаа пизда вэ” гаж хэлсэн, би ард нь очоод зогсох үед нөгөө залуу цонхоороо гараа гаргаад “май энийг долоо” гэж хэлээд салаавч гаргасан. Би машинаасаа бууч очоод машины арын гупер руу нь өшиглөөд машиндаа суутал уг залуу мөн бууж ирээд миний машины урд гупер рүү өшиглөсөн. Дараа нь бид хоёр барьцалдаж аваад нөгөө залуу намайг боох үед манай хадам ах машинаасаа бууж ирээд “тавиач” гэж хэлж нөгөө залуугийн баруун тал руу нэг удаа цохисон, нөгөө залуу намайг тавихгүй байсан тул би уг залуугийн баруун гуяны булчин хэсэг рүү өвдөглөж хажууд байсан замын цагдаа ирж бид хоёрыг салгаж нөгөө залуу машиндаа суусан..." гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн №5947 тоот актын “…О.М-ын биед хүзүү, баруун өвдөгт зулгаралт, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...“ гэх дүгнэлт /хх-н 25-26/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Б.Б-ийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гадаад хэргийн яамны баруун талын төв зам дээр үл ялих зүйлээс болж О.М-тай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хүзүү, баруун өвдөг зулгаралт, баруун шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй хэдий боловч шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэрээр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүх шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч нь энэ хэрэгт холбогдуулан ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй хэдий боловч шүүгдэгчийн зүгээс хохирогчид 200.000 төгрөг төлсөн байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч Толгой овогт Б-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

 

3.Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР