Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 1405

 

 

 

 

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2018/01405

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О-ийн гаргасан,

 

Хариуцагч: Т ХХК-нд холбогдох,

 

13,921,875.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О, түүний өмгөөлөгч М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Миний бие 2016 он 05 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч о-тай нийтэд мэдээлсэн зарын дагуу холбогдож, СИП технологиор зуслангийн газартаа 37.5 м.кв талбайтай байшин бариулахаар харилцан тохиролцож, гэрээ байгуулсан юм.

 

            Бид, тухайн үед гэрээний төлбөрийн эхний 50 хувийг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл төлөх, үлдэх төлбөрийг байшинг ашиглалтанд оруулсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцож, урьдчилгаанд 9,281,250.00 төгрөгийг төлсөн бөгөөд ажлыг 21 хоногийн дотор дуусгахаар болсон.

 

              Хариуцагч тал 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байшин барих газар дээр очиж, суурийг тэгшилж, нимгэн дулаалгын материал дэвсэж, цементээр өнгөлсөн боловч үүнээс хойш ямар нэгэн ажлыг нэмж хийхгүйгээр бараг 3 жилийн хугацаа өнгөрсөн.

 

            Би, хариуцагч талтай уулзаж, ямар учир шалтгааны улмаас гэрээгээ биелүүлэхгүй байгаа талаар тодруулахад төмөр карказыг суурин дээр аваачиж босгосон хэдий ч дахиад л ажлаа зогсоосон тул миний зүгээс 2016 оны 11 дүгээр сард гэрээгээ цуцлахаар шийдвэрлэсэн юм.

 

            Гэтэл хариуцагч о-иас тус лагерын байшинг 2017 оны 03, 04 дүгээр сард дуусгаж өгнө гэсэн боловч мөн л намайг хууран мэхэлж, өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн ажлын үр дүн гараагүй, би тухайн байшинг бариулах гэж банкнаас зээл авч, одоо хүү төлж байгаа бөгөөд нийт 3 жилийн хугацаанд 9,281,250.00 төгрөгөөс гадна зээлийн хүү давхар төлж хохирч байна.

 

            Одоо надад энэхүү байшин хэрэггүй, удаан хугацаанд барьж гүйцэтгээгүй, хангалттай хугацаа олгосон боловч тус газар нимгэн цемент цутгасан суурь л үлдсэн байгаа. Иймд, би хариуцагчтай байгуулсан гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд өгсөн 9,281,250.00 төгрөгийг алданги 4,640,625.00 төгрөгийн хамт нэхэмжилж байх тул шүүхээс үүнийг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.

 

            Хариуцагч тал тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Бид, нэхэмжлэлийн шаардлагаас алданги болон 1,500,000.00 гаруй төгрөгийг хасаад эвлэрэхэд татгалзах зүйлгүй гэснийг нэхэмжлэгч тал хүлээн авсангүй.

 

            Анх манай компанийг нэхэмжлэгчийн заасан газарт газар шорооны ажил эхлүүлэхэд тэрээр буруу газар зааж өгснөөс улбаалан үргүй зардал гарсан. Өнгөрсөн хугацаанд бид үүнээс болж 2 удаа газар ухаж, 3,000,000.00 төгрөг, суурийн ажлын хөлс 800,000.00 төгрөг, 35 м.кв байшингийн төмөр карказ 6,300,000.00 төгрөг, нийт 10,100,000.00 төгрөгийн зардал гаргасан байх тул 9,281,250.00 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй.

 

            Гэрээний нийт үнэ 18,562,500.00 төгрөгөөс дутуу хэсгийг өгөөгүй, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас байшинг барих газар буруу байсан зэргээс шалтгаалсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                        ҮНДЭСЛЭХ нь


           Нэхэмжлэгч Оаас хариуцагч о-нд холбогдуулан 13,921,875.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 4,640,625.00 төгрөгөөр нэмэгдүүлснийг хариуцагчид тус өдөр гардуулсан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлаг болох 13,921,875.00 төгрөгийг үл зөвшөөрч, татгалзсан.

 

Гэвч, шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч О 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч о-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, *******,******* хаягт байрлах газарт 37.5 м.кв талбайтай зуслангийн байшин бариулахаар тохирчээ /х.х-ийн 12-16-р хуудас/.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагч тал тус гэрээний зүйл болох байшингийн 1 м.кв талбайг 495,000.00 төгрөг, нийт 18,562,500.00 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр болж, нэхэмжлэгчээс төлбөрийн урьдчилгаанд 9,281,250.00 төгрөгийг хариуцагчид бэлнээр өгсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй /х.х-ийн 17-р хуудас/.

 

             Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн “https://www.facebook.com/dreamhouse7” гэсэн хуудсыг үзвэл хариуцагч нь өөрийгөө олон нийтэд таниулах, эсвэл иргэн, хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагааны танилцуулга хийх, тодорхой сонирхлын бүлгүүдийн хувийн болоод хамтын сонирхлоо бусадтай хуваалцахад хэрэглэгдэг интернэт сүлжээг ашиглаж, тухайн загвар бүхий байшинг бусдад борлуулах зорилгоор гадна болон дотор талын өнгө, үзэмж, талбай хэмжээ, хийц загвар зэргийн талаар дурьдаж, сонирхсон этгээдтэй үнийг харилцан тохиролцсон тохиолдолд түүнтэй гэрээ байгуулахаар нийтэд саналын дуудлага гаргасан байна /х.х-ийн 20-р хуудас/.

 

             Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1.-д “Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх, үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд, хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ” гэж, мөн 195.4.-т “Тодорхой бус этгээдүүдэд хандсан хүсэл зоригийн илэрхийлэлд гэрээ байгуулах санал болохыг шууд заагаагүй бол түүнийг санал гаргах дуудлага гэнэ” гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч о нь тус загварын зуслангийн байшинг нэхэмжлэгч От шууд худалдах саналыг гаргаагүй ба харин тодорхой бус этгээдэд хандаж, гагцхүү үнэ болон бусад зүйлийн талаар санал нэгдсэн тохиолдолд түүнтэй гэрээ байгуулж, барьж гүйцэтгэх тухай хүсэл зоригийг илэрхийлсэн байна.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн энэхүү тодорхой бус этгээдэд хандсан саналын дуудлагыг нэхэмжлэгч хүлээн авч, улмаар талууд гэрээний зүйл болсон зуслангийн байшингийн хийц, загвар, талбай, бусад зүйлийн талаар тохирч, хариуцагч тал 21 хоногийн дотор барьж гүйцэтгэхээр болжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 343.2.-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж зааснаас гадна 343.3.-д “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээний дагуу талуудын тохиролцсон ажил гүйцэтгэгчийн үйл ажиллагааны үр дүнд шинээр бий болсон зүйлийг захиалагчийн өмчлөлд шилжүүлснээр гүйцэтгэгч тал хэлэлцэн тохирсон хөлс шаардах эрх үүсэх бөгөөд тухайн гүйцэтгэсэн ажлын үр дүн аливаа доголдолгүй байх ёстой юм.

 

Хэдийгээр талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд ажлын үр дүнг хүлээлгэн өгөх хугацааны талаар тусгайлан заагаагүй боловч 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэхэд барьж гүйцэтгэхээр тохирсон болон байшингийн суурийг цутгаж, карказ төмөр босгосон талаар зохигчид маргаагүй.

 

Гэвч гүйцэтгэгч о нь тухайн байшинг 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн учраас ийнхүү захиалагч буюу нэхэмжлэгч Оийн зүгээс урьдчилгаа төлбөрт төлсөн 9,281,250.00 төгрөгийг алдангийн хамт нэхэмжилж байгаа ажээ.

 

Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно” гэж заасан. Зохигчдын хооронд байгуулсан гэрээ ёсоор үүрэг гүйцэтгэгч этгээд болох хариуцагч тал тухайн байшинг дээр дурьдсан хугацаанд барьж, хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч тус компани Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаарын зүйлийн 208.1.-д тус тус зааснаар гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд гүйцэтгэх үүргээ зөрчиж, тус хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Энэ нь, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Оийн нэхэмжлэлийн үндэслэл болсон байшинг тохирсон хугацаанд хүлээлгэж өгөөгүй гэх тайлбарыг хариуцагч о-иас үгүйсгээгүй, энэ тухай маргаагүй болно.  

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс үүргээ ийнхүү хугацаандаа гүйцэтгээгүй шалтгаан, үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан талаар баримтаар нотлохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ” гэж, мөн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж зааснаас гадна 107 дугаар зүйлийн 107.3-т “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.

 

Тодруулан хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа тодорхой баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч тал ажил гүйцэтгэх гэрээний хугацааг захиалагчийн буюу нэхэмжлэгчийн буруугаас болж хэтрүүлэхэд хүргэсэн болон 10,100,000.00 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэдгээ баримтаар нотлоогүй.

 

Иймд, хариуцагч о-ийг 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Оийн нэхэмжлэл, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл тэрээр гэрээний зүйл болох зуслангийн байшинг хүлээн авахаас татгалзаж, хариуцагчид өмнө төлсөн 9,281,250.00 төгрөгийг алдангийн хамтаар нэхэмжилж байгааг түүнийг хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж байна гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлд ажил гүйцэтгэх гэрээг тодорхой үндэслэлээр цуцлах талаар зохицуулсан ба хэрэв гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд тус хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй юм. Зохигчдын хооронд байгуулсан гэрээнээс үзвэл ажлын үр дүн гэрээг байгуулмагц биелэх бус харин тодорхой хугацаа шаардаж байх тул энэ төрлийн гэрээнээс татгалзах асуудлыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд зохицуулсан. 

 

Иргэний хуулийн 221.1, 221.3.-д тус тус зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болдог бөгөөд гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн тус хуулийн 219.3, 225.2.-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болдог.

 

Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3.-д зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээнээс татгалзах ба уг хуулийн 225 дугаар зүйлийн 225.2.-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үздэг байна.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдсанаар нэхэмжлэгч тал 2017 оны 03, 04 дүгээр сар хүртэл хариуцагчид зуслангийн байшинг барих хугацаа олгосон боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээний үр дүн бодит байдлаар бий болоогүй байгаа ажээ.

 

Нэгэнт хариуцагч о нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, гэрээний зүйлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн, нэхэмжлэгч О энэхүү зөрчлийг үндэслэж, цаашид байшинг хүлээн авахаас татгалзаж буй шалтгаан нь хугацаа хэтрүүлсэн зөрчлөөс болсон байх тул тэрээр Иргэний хуулийн 221.1, 221.3.-д тус тус зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй юм.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5.-д “Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар  зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан. Үүнийг нэхэмжлэгч О гэрээнд заасан зуслангийн байшинг хүлээн авахаас татгалзаж байгааг түүнд хариуцагч о-ийн одоогийн гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдолгүй болсон гэж үзэж, талуудын хувьд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан өгөх үүрэг үүссэн гэж ойлгох ба үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч тал ажил гүйцэтгэх гэрээний дагуу авсан 9,281,250.00 төгрөгийг захиалагч болох нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй болно.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан  хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэжээ.

 

Өөрөөр хэлбэл, гэрээний гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх этгээд ийнхүү хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги шаардах эрх нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахтай холбоотой буюу үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаа хэтрүүлэн гүйцэтгэснийг үүрэг гүйцэтгүүлэгч тал хүлээн авах тохиолдолд гэрээнд заасан алданги төлөх үүрэг хүлээдэг. 

 

Үүрэг гүйцэтгүүлэгч тал ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзснаар түүнд үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн ач холбогдолгүй болсон, гэрээнээс татгалзсан нь гэрээний бүхий л тохиролцооноос татгалзаж байгааг агуулдаг учраас хэдийгээр ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй ч гэсэн алданги тооцох тухай гэрээний заалт мөн адил цуцлагдсан гэж үзнэ.

 

Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус үндэслэн хариуцагчас гэрээний урьдчилгаанд төлсөн 9,281,250.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,640,625.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч о-иас 9,281,250.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,640,625.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,650.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 171,950.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР