Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/725

 

 

 

 

 

 

2022          07          06                                  2022/ШЦТ/725

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч Д.Мөнхтогоо,

хохирогч Ц.Г ,

шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Г.Э нарыг оролцуулан эрүүгийн 2109001870821 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Г  овогт С-гийн Э /регистрийн дугаар  /, 1987 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд, боловсролтой, ..... ажилтай, найруулагч мэргэжилтэй, ам бүл 3 эх, эгчийн хамт оршин суух,

урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/23 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж суллагдсан,

 

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

          С.Э нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Ц.Г-аас “..Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас малчид, хувь хүмүүсийг дэмжих зорилгоор 300 тонн хүртэлх мах нийлүүлэх ажлын квот зарлагдсаны дагуу мах экспортлох зөвшөөрөл авч өгнө, хамтарч ажиллана гэж хуурч 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 3.500.000 төгрөгийг бэлнээр,

          2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мистер Линг” гэх ресторанд сууж байхдаа 23.000.000 төгрөг тус тус бэлнээр авч бусдад нийт 26.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос С.Э-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

          Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Ц.Г-ын мэдүүлэг, шүүгдэгч С.Э-ы сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч С.Э нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Ц.Г-аас “..Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас малчид, хувь хүмүүсийг дэмжих зорилгоор 300 тонн хүртэлх мах нийлүүлэх ажлын квот зарлагдсаны дагуу мах экспортлох зөвшөөрөл авч өгнө, хамтарч ажиллана гэж хуурч 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 3.500.000 төгрөгийг бэлнээр,       2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мистер Линг” гэх ресторанд сууж байхдаа 23.000.000 төгрөг тус тус бэлнээр авч бусдад нийт 26.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч С.Э нь хохирогч Ц.Г-ыг залилсан үйл баримт нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э мэдүүлсэн: “...2018-аас 2019 оны хооронд Хүнс хөдөө аж ахуйн яамнаас зарлаж байсан квотод бичиг баримтаа бүрдүүлээд оролцох боломжтой юм байна гэх үүднээс өөрт байсан бүх боломжийг ашиглаад тухайн квотыг авахыг хичээсэн. Ц.Г болон З гэх хоёр хүнтэй ярилцсаны үндсэнд энэ квотыг авахыг хичээсэн. Бичиг баримтаа бүрдүүлээд оролцсон боловч Ковид гэх өвчин гарсантай холбоотойгоор байхгүй болсон бөгөөд дахин Хүнс хөдөө аж ахуйн яамнаас тус квотыг зарлахаа больсон. Иймд тухайн үед гаргаж байсан зардал нь ямар ч үр дүнгүй болоод өнгөрсөн. Ийм нөхцөл байдал үүссэн болохоор би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч гэх Ц.Г ахтай тохиролцсон. Би урд 2020 оны 12 дугаар сарын 28-нд ижил төстэй хэргээр ял шийтгэгдэж, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Өршөөлийн хуулиар суллагдаж, зорчих эрх хязгаарлах ялаар солигдсон. Өнөөдрийг хүртэл ажил хөдөлмөр эрхлээд явж байгаа. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...гэв.

-шүүгдэгч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 87-88/,

- шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Г мэдүүлсэн: “...Би 26.500.000 төгрөг алдсан. Шүүгдэгч нь тохирсон цаг хугацаандаа мөнгөө өгч хохирол төлбөр барагдуулж байгаа болохоор санал гомдолгүй гэдгээ хэлэх гэж шүүх хуралдаанд ирсэн... гэв.

- хохирогч Ц.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 20-ны үеэр манай танил дүү болох С.Э нь надтай утсаар ярьж, Хөдөө аж ахуйн яаман дээр бид хоёр уулзсан тэгэхэд С.Э нь "Хүнс хөдөө аж ахуйн яамнаас малчид, хувь хүмүүсийг дэмжих зорилгоор 300 тонн хүртэлх махны квот зарлагдсан буюу мах нийлүүлэх ажлын квот зарлагдсан байна, хурал өдөр болох юм. 300 тонн хүртэлх махны квотыг өөрийнхөө компани дээр авах гээд байна.Та хамтарч ажиллах уу, танд ашиг нэлээн их гарна шүү, харин надад дэнчингийн мөнгө болох 3.500.000 төгрөг хэрэгтэй байна” гэж хэлж байсан би бүр маш сайн санаж байна. Тэгээд би зөвшөөрөөд өөртөө байсан 3.500.000 төгрөгийг бэлнээр хөдөө аж ахуйн яамны гадна талд байхдаа С.Э-д тоолж хүлээлгэж өгч байсан, тэгэхэд С.Э нь яам руу ороод явчихсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх хүнсний 4 дүгээр дэлгүүрийн баруун талд байдаг Мистер Линг нэртэй хятад хоолны газарт С.Э-тай дүү н.У-ын хамт уулзахад С.Э нь "Хүнс хөдөө аж ахуйн яамны сайд Саулегийн туслах З гэж залуу манай найз байгаа юм. Одоо уг ажлыг авахад ямар ч асуудал байхгүй. Харин хүн амьтанд өгч ажлаа бүтээлгэхэд 25 сая төгрөг хэрэг болоод байна” гэж хэлээд танд мөнгө байна уу гэж асуусан. Надад мөнгө байхгүй байсан болохоор тэр өдөр нь өөрийн дүү Угтахбаярын машиныг барьцаанд тавиад хүнээс зээлж 23 сая төгрөг аваад тэрийгээ С.Э-д Мистер Линг нэртэй ресторанд байхдаа тоолж хүлээлгэн өгч байсан юм. С.Э нь анх энэ зүйлийг ярьж байхдаа та энэ ажил дээрээс махны 1 кг тутмаас хамгийн багаар бодоход 10 юань авна гэж хэлж, маш ашигтай би өөрөө уг ажлыг бүтээнэ гэж хэлж байсан юм. Тэгээд л миний тухайд С.Э-д нийт 26,500,000 төгрөгийг залилуулаад байгаа юм. ... Эхний 3.500.000 төгрөгийг С.Э-д хүлээлгэн өгөхөд ямар нэг баримт үйлдээгүй. Харин сүүлд 23.000.000 төгрөгийг н.У-ын хамт С.Э-д хүлээлгэн өгөхөд С.Э-ы өөрийн гараар нь баталгаа бичүүлж 23 сая төгрөг авсан нь үнэн болно гэж бичүүлж авсан юм. Өөрийгөө “Сараанамнен трейд" /регистрийн дугаар 5808588/ гэх нэртэй ХХК-ны захирал гэж байсан бөгөөд махны квотыг өөрийн компанийн нэр дээр гаргаж өгнө гэж хэлж байсан. Эхлээд авсан 3.500.000 төгрөгийг квот авах тендерт оролцох барьцаа мөнгө гэж байсан, харин сүүлийн 23 сая төгрөгийг ажлаа бүтээхэд хүн амьтантай уулзах шаардлагатай тендерт компанийн материал бүрдүүлэхэд шаардлагатай байна гээд авч байсан. Би гомдолтой байна. С.Э-аас 26,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. ...С.Э нь хохирлын мөнгө гэж цувуулж өгсөн зүйл байгаа, 5 сая төгрөг төлсөн байгаа, үлдсэн 21 сая төгрөгийг бид хоёр эвлэрч зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан байгаа. Надад одоо санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-н 19-21, 79/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч С.Э нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Ц.Г-аас “..Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас малчид, хувь хүмүүсийг дэмжих зорилгоор 300 тонн хүртэлх мах нийлүүлэх ажлын квот зарлагдсаны дагуу мах экспортлох зөвшөөрөл авч өгнө, хамтарч ажиллана гэж хуурч 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 3.500.000 төгрөгийг бэлнээр,         2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мистер Линг” гэх ресторанд сууж байхдаа 23.000.000 төгрөг тус тус бэлнээр авч бусдад нийт 26.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч С.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” үүргийг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Харин шүүгдэгч С.Э-д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т “Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна.” гэж, мөн зүйлийн 5-д “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасныг тус тус тайлбарлах нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч С.Э-ы дээрх үйлдлийн улмаас хохирогч Ц.Г-д 26.500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс дээрх 20.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Г-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г овогт С-гийн Э-ыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-гийн Э-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч С.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” үүргийг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т “Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна.” гэж, мөн зүйлийн зүйлийн 5-д “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж тус тус заасныг шүүгдэгч С.Э-д тайлбарласугай. 

 

5.Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-аас 20.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Г (РД:)-д олгосугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР