| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2018/01485/и |
| Дугаар | 1407 |
| Огноо | 2018-04-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 1407
| 2018 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 101/ШШ2018/01407 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: З-ийн гаргасан,
Хариуцагч: Д-т холбогдох,
1,300,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З, хариуцагч Д, гэрч Б, П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 3,700,000.00 төгрөгийг хариуцагч Дт бэлнээр зээлдүүлсэн бөгөөд үүнээс хариуцагч миний данс руу 2,400,000.00 төгрөгийг буцаан төлсөн боловч үлдэх 1,300,000.00 төгрөгийг төлөөгүй.
Намайг энэхүү зээлийг түүнд бэлнээр өгсөн үйл баримтыг гэрч Б, П нар мэдэж байгаа ба хариуцагч тал өнөөдрийг хүртэлх хугацаанд янз бүрийн шалтгаан тоочиж өгөхгүй байна. Би, 3,700,000.00 төгрөгийг өгөхдөө эхлээд 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 1,700,000.00 төгрөгийг өгч, энэ өдрөөс хойш удалгүй 2-3 хоногийн дараа 1,000,000.00 төгрөг, улмаар 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000.00 төгрөгийг тус тус зээлдүүлсэн.
Иймд, хариуцагчаас 1,300,000.00 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би, “*******” банк бус санхүүгийн байгууллагад өөрийн амьдарч буй хашаа байшингаа барьцаалаад авсан зээлийг чөлөөлөхийн тулд 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Згоос 1,700,000.00 төгрөгийг зээлсэн. Үүний дараа 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000.00 төгрөгийг зээлсэн бөгөөд үүнээс 2,400,000.00 төгрөгийг буцааж төлсөн.
Анх бид нар миний өмчлөлийн хашаа, байшинг 8,000,000.00 төгрөгөөс 10,000,000.00 төгрөгт барьцаалж, үүнээс 10 хувийг зуучилж өгсөн хөлс гээд нэхэмжлэгч тал авахаар тохиролцсон боловч миний санхүүгийн боломж хүрээгүй тул зээл олгогдоогүй.
Гэвч нэхэмжлэгч З надтай өөрийнхөө найзыг уулзуулж, түүний нэр дээр хашаа, байшингийн гэрчилгээг гаргуулж, дахин зээл авахаар хөөцөлдсөн боловч бүтээгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг миний нэрнээс өөр хүний нэр рүү тэр хүний нэрээс буцаагаад над руу шилжүүлэхэд 400,000.00 гаруй төгрөгийн зардал гарсан тул үлдэх 300,000.00 төгрөгийг төлөхгүй.
Намайг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000.00 төгрөгийг нэмж зээлэхэд *******, ******* нар байсан бөгөөд харин 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс хойш 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ямар нэгэн мөнгө нэмж зээлээгүй.
Иймд, энэхүү нэхэмжлэлийг дээр дурьдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Згоос хариуцагч Дт холбогдуулан 1,300,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчид нийт 3,700,000.00 төгрөгийг зээлдүүлсэн, үүнээс 2,400,000.00 төгрөг төлөгдсөн боловч 1,300,000.00 төгрөг төлөгдөөгүй гэсэн бол хариуцагчийн зүгээс 2,700,000.00 төгрөгийг зээлж, 2,400,000.00 төгрөгийг буцаан төлж, 400,000.00 төгрөгийн зардал гарсан тул 300,000.00 төгрөгийг төлөх ёсгүй хэмээн татгалзсан.
Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зохигчид 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 1,700,000.00 төгрөг болон 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000.00 төгрөгийг зээлсэн үйл баримтын талаар маргаагүй бөгөөд хариуцагч тал үүнээс 2,400,000.00 төгрөгийг төлсөн гэснийг нэхэмжлэгчийн зүгээс үгүйсгээгүй.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлээгүй тохиолдолд түүнд зээлийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй юм.
Тодруулбал, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар талууд 2,700,000.00 төгрөгийг зээлсэн, үүнээс 2,400,000.00 төгрөгийг төлсөн тухай маргаагүй боловч нийт 3,700,000.00 төгрөг зээлсэн гэх үйл баримтын талаар маргасан.
Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Пын “миний мэдэхээр бол эхлээд 1,700,000.00 төгрөгийн зээл авсан, үүний дараа 1,000,000.00 төгрөгийн зээл авсан. Би, он, сар, өдрийг мэдэхгүй байна, тэгээд 1,000,000.00 төгрөг зээл авсан. Дараа нь нэр шилжүүлэх гэж байна гэж мөнгө авсан. Тэр үед би байгаагүй н.Бямбаа ах, н.Эрхмээ, З захирал байхад миний зээл гарахгүй байна, мөнгө шилжүүлэхээр болчихлоо гэж 150,000.00 төгрөгөөр нэг удаа, 200,000.00 төгрөгөөр нэг удаа авсан гэсэн би яг тэр үед нь байхгүй байсан” гэх мэдүүлэг, гэрч Бын “Эхлээд 1,700,000.00 төгрөг, явцын дунд 1,000,000.00 төгрөг, цагаан сарын өмнө 1,000,000.00 төгрөг, нийт 3,700,000.00 төгрөг зээлсэн. Би, энэхүү 3,700,000.00 төгрөгийг зээлэхэд хажууд нь байсан” гэх тайлбарууд хоорондоо нийцэж байна.
Өөрөөр хэлбэл, гэрч Пын хувьд хариуцагч Дийг 3,700,000.00 төгрөгийг зээлэхэд 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр болон 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нийт 2,700,000.00 төгрөг зээлснийг үгүйсгээгүй, уг өдрөөс өмнө 1,000,000.00 төгрөгийг зээлсэн талаар биечлэн хараагүй боловч хэд хэдэн удаа зээл авсан гэх тайлбар нь гэрч Бын мэдүүлгээс зөрөөгүй бөгөөд хариуцагч Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрчээр оролцсон Быг эдгээр хугацаанд түүний хажууд байнга байсан гэх үйл баримтыг үгүйсгээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3.-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заасан.
Тодруулбал, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч буюу зээлдэгч Д нь нэхэмжлэгч Згоос нэмж 1,000,000.00 төгрөгийг бодитоор хүлээн аваагүй гэсэн тайлбар, татгалзлаа тодорхой баримтаар нотлоогүй.
Иймд, зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар нийт 3,700,000.00 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч тал гэрээнд заасан үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч тал өнгөрсөн хугацаанд 2,400,000.00 төгрөгийг буцаан төлж, 1,300,000.00 төгрөгийг төлөөгүй ажээ. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1.-д “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж заажээ /х.х-ийн 3-р хуудас/.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдсанаар нэхэмжлэгч З нь хариуцагч Дээс удаа дараа зээлийг буцаан шаардахад тэрээр төлөөгүй байна. Нэгэнт зээлдүүлэгч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгчээс зээлийг буцаан шаардах эрхтэй тул хариуцагч тал 1,300,00.00 төгрөгийг төлөх үүргээ заавал биелүүлэх ёстой болно.
Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 1,300,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР