Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/726

 

 

 

 

 

 

 

   2022          07           06                                        2022/ШЦТ/726

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Г.Галхүү,

          улсын яллагч Я.Мөнхзаяа,

          шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт Д-ын Г-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2109013321474 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух,

          урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 96 дугаартай шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, М овогт Д-ын , /регистрийн дугаар /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Д.Г нь 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” зочид буудлаас хохирогч Б.О-ийн Голомт банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, уг картаар Сүхбаатар дүүргийн 8, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 2 удаагийн гүйлгээгээр нийт 470.000 төгрөгийг уншуулан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

          шүүгдэгч Д.Г шүүх хуралдаанд “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

          түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…Миний бие тухайн хэрэг явдал болох үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Микс бааранд DJ хийдэг байсан бөгөөд 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Микс бааранд О  гэх найз өөрийн эгч нар гэх 3 хүний хамт үйлчлүүлсэн. Тухайн үед тооцоо хийх болохоороо л надад өөрийн Голомт банкны картаа өгч 2 удаа тооцоо хийлгэж байсан. Удалгүй О нь баарны дотор агсам согтуу тавиад байсан чинь баарны зохион байгуулагч ирээд надад хандан найз чинь агсам согтуу тавиад байна, аргалаад явуул гэж хэлсний дагуу О-ийг таксинд суулгаж өгсөн ч 30 минутын дараа буцаад Микс бааранд ирсэн байсан. Ингээд түүний архийг гаргах зорилгоор 3 дугаар сургуулийн орчимд байрлах сааданд сууж байгаад түүнд хандаж миний найз одоо гэртээ хариа гэх үед О нь согтуу байна, гэртээ харихгүй буудалд орчихъё гэж хэлэхэд нь би түүнд надад мөнгө байхгүй гэхэд О нь надад мөнгө байгаа гээд өөрөө “Хаан” зочид буудлын тооцоо болох 70.000 төгрөгийг картаараа хийсэн. Буудалд юм яриад 2 цаг орчим болсон. Тухайн үед утас банкны карт нь надад явж байсан бөгөөд О-ийг 00 орох хооронд утсыг нь тавьчхаад картыг нь аваад гарсан. Ингээд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ардын эрхийн автобусны буудлын урд байрлах Хаан банкны АТМ-ээс үлдэгдлийг нь шалгахад 493.500 орчим төгрөг байсан бөгөөд эхлээд 400.000 төгрөгөөр зарлага гаргах гэсэн боловч гүйлгээ хийх боломжгүй байсан. Тэгээд өөр АТМ-д хийгээд 350.000 төгрөгийг авсан. Үүний дараа Микс баарны хажууд байрлах Хаан банкны АТМ-ээс 120.000 төгрөг аваад гэртээ харьсан…” гэсэн мэдүүлэг /хх-30-31/,

 

          Хохирогч Б.О-ийн “...2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 00 цаг өнгөрч байхад найз нарын хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Микс нэртэй бааранд орсон. Тухайн бааранд манай 10 жилийн ангийн хүүхэд Г Ди жи хийдэг юм. Бид тухайн бааранд ороод согтууруулах ундаа хэрэглэсэн. Миний хувьд тэр баарнаас хэзээ, хэнтэй гарсан талаар огт санахгүй байгаа. 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан гэх нэртэй зочид буудалд Г-ын хамт сэрсэн. Тэгээд би тэр даруй шууд гэртээ харьсан. Гэртээ ирээд өөрийн Голомт банкны интернэт банк руу ороход миний 2405129749 дугаарын данснаас 2 удаагийн гүйлгээгээр нийт 470.000 төгрөг алдагдсан байсан. Тэгээд банкны хуулгаа авч үзэхэд 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 06 цаг 07, 08 минутад Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Дөлгөөн нуур зочид буудлын орчим байх Хаан банкны АТМ-ээс уншуулж авсан байсан. Миний санаж байгаагаар хамгийн сүүлд бааранд уншуулж байсан. Гэхдээ сүүлд Хаан зочид буудалд 70.000 төгрөг уншуулсан байсан. Би Г-ыг сэжиглэж байна” гэсэн мэдүүлэг /хх-11/,

 

          Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-40/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16-19/, Голомт банкны депозит дансны хуулга /хх-8/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-43-44/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” зочид буудлаас хохирогч Б.О-ийн Голомт банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, уг картаар Сүхбаатар дүүргийн 8, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 2 удаагийн гүйлгээгээр нийт 470.000 төгрөгийг уншуулан авсан болох нь дээр дурьдсан хохирогч Б.О-ийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Голомт банкны депозит дансны хуулга, шүүгдэгч Д.Г-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Д.Г-ын дээрх бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.О-т 470.000 төгрөгийн хохирол учирсан ба уг хохирлыг шүүгдэгч Д.Г-аас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй үзэв.

 

Шүүгдэгч Д.Г-ын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Д.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 288 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч Д.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 288 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний урьдчилан цагдан хоригдсон 36 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасаж, түүнийг энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаа эдэлсэнд тооцож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт  үлдээж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч М овогт Д-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тус ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасаар шүүгдэгч Д-ын Г-ыг 288 /хоёр зуун наян найм/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ын цагдан хоригдсон 36 хоногийн нэг хоногийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасаж, түүнийг ялаа эдэлж дууссанд тооцсугай.

 

4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Г-аас 470.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.О / /-т олгосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.БОЛДБААТАР