Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 1107

 

 

 

 

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2018/01107

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Ц/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж.С/-т холбогдох,

 

18,570,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 8,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.У, гэрч С.А, гэрч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.С  нь энэ машиныг охин С.А тай нийлж Солонгос улсаас оруулж ирсэн гэж гуйгаад Сансар дахь Коника зургийн студийн 3 жилийн хураасан хөрөнгийг авч зарцуулсан. Миний бие Ж.С тай Солонгос улсаас машин оруулж бизнес хийх гэрээ хийгээгүй. Тэр машин нь Замын-Үүдэд ирсэн байна, мөнгөний хэрэг болоод байна, хоёулаа энийг ашиглая, гаалийн татварыг төлөөд өгөөч гэж удаа дараа гуйж Замын-Үүд рүү, С.А , түүний нөхөр, том машин барих жолоочийн зардлыг даагаад очсон. Замдаа явах бүх хоол унд, уух усыг хүртэл би дааж явж байсан, Ингээд гаалийн татварыг төлөөд машиныг оруулж ирсэн. Оруулж ирэхэд Солонгос улсаас орж ирсэн хуучин машин байсан, дугуйнууд нь хуучин, кабин нь онгойдоггүй, нум нь эвдэрсэн, туслах явах ангид дуу орсон байсан тул Замын-Үүд дээр хоёр шинэ дугуй авч өгсөн. Хот руу орж ирээд оношлогоо хийлгэхэд олон эд анги солихоор байсан тул запас, сэлбэг зардаг газраас авч өгч байсан. Ингээд 2012 онд орж ирсэн жилдээ яваагүй. 2013 оны 4 сараас эхэлж 2 удаа хайрганд явсан. 2-3 ачилтын мөнгийг Ж.С  авсан. Би ачаа тээвэрлэсэн мөнгөнөөс огт мөнгө аваагүй. Төрсөн ах Д.М ыг энэ машиныг ачаа ачдаг болгоод өгөөч гээд сарын 350-400 мянган төгрөгийг цалин болгож өгч байсан. 2014 оны хавар яваагүй. Нумыг нь комоор нь солих болсон учраас ачаа олдоогүй, орлого олоогүй. Нумыг нь миний ах сольж байгаад өрөөсөн хөлөө хугалсан. Ингээд энэ машиныг барих хүнгүй учраас 2017 он дуустал хэн ч жолоодож яваагүй. Ж.С  өөрөө ашигласан байж магадгүй. 2015 оны сүүлээр ачаа ачиж, орлого олохгүй учраас хоёулаа зараад мөнгийг нь хувааж авъя гээд 50 сая төгрөгөөр зарах гэж олон удаа машин зах дээр тавьсан. Хамгийн сүүлд н.Мартын ажлын компанид бартераар өгнө гэж тохироод тэдний компанийн хашаанд аваачиж тавьсан байсан. Ж.С  гэдэг хүнд маш их итгэсэн. Миний бие Д.Ц   иргэн Ж.С ын эзэмшил өмчлөлийн БНСУ-аас орж ирсэн хүнд даацын өөрөө буулгагч Daewoo ******* маркийн ачааны машинд сэлбэг дугуй, мотор бусад эд анги авахад зориулж 2012, 2013, 2014, 2015, 2016 онуудад нийт 18,570,520 төгрөгийг хувиасаа гаргаж Ж.С , түүний охин С.А  нарт өгч байсан. Иргэн Ж.С  нь дээрх мөнгийг надаас гаргуулж байхдаа би одоогоор мөнгө алга байна, энэ машинаар ачаа тээвэр хийсний орлогоос чамд төлж хохиролгүй болгоно, чи надад итгэ гэж байсан бөгөөд би түүнд нь итгэж уг машины гаалийн татвар, тээврийн зардалыг төлж 2013 оноос 2016 онуудад уг машины ачилтын хугацаанд хэрэгтэй болсон запас сэлбэгийг цаг тухайд нь өөрөөсөө мөнгө гаргаж авч өгч Ж.С ын машиныг ажил үүрэг гүйцэтгэхэд бэлэн болгож байсан. Гэтэл Ж.С  нь 2017 оны намар намайг хөдөө явсан хойгуур уг машинаа бусдад зарсан байна. Машиныг худалдаж авъя гэсэн  санал тавьж байгаагүй. Ж.С  гэдэг хүнд итгэсэн учраас бичгээр гэрээ байгуулаагүй. Сүүлдээ бүрэн тоглуулж хохирсон. Бүх нотлох баримтыг өгсөн. 12 дугуй, нум, бусад эд ангиудыг бүгдийг сольсон. Ингээд Ж.С  2012 онд гаалийн татвар төлүүлэхдээ 2013 онд ачааны орлогоос өгнө гэсэн өгөөгүй. 2014, 2015 онд ч өгөөгүй сүүлдээ машинаа зараад хохиролгүй болгоё гэсэн учраас 2016 оны 6 сар хүртэл ам тохиролцоогоор гэрээг сунгаж байсан. Ам хэлцлийн дагуу хийгдсэн. Миний хохирол бодитой. Энэ хүмүүст хоолонд зориулсан мөнгийг нэхэмжлээгүй. Бид хоёр уг нь машинаа зарсан тохиолдолд намайг оролцуулж, шийдвэрлэнэ гэж тохирсон байсан. Ж.С  нь намайг ашиглаж, надаар тоглож үнэхээр намайг хохироолоо. Иймд Ж.С аас түүний эзэмшлийн хүнд даацын өөрөө буулгагч Daewoo ******* маркийн ачааны машины татварт 3,300,000 төгрөг, запас сэлбэгэнд зориулж гаргасан 15,270,520 төгрөг, нийт  18,570,520 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд Д.Ц   8,000,000 төгрөгийг гуйж аваагүй, надад өг гэж хэлээгүй. Өөрөө манай авгайгаас машинаа авахын тулд 16,000,000 төгрөгөөр машинаа зарлаа Д.Ц  д өгөх хувь нь энэ гээд 8,000,000 төгрөгийг өгье гээд манай авгайд өгсөн байсан. Сүүлд сонсоход 16,000,000 төгрөгөөр зараагүй, 35,000,000 төгрөгөөр зарсан байсан. Тийм том машин жижиг тэрэг Приүс машины үнээр зарах боломжгүй тул эхнээсээ намайг хуурч, мэхэлж хүн чанаргүй зан гаргасан. 8,000,000 төгрөгийг өгөхгүй. Яагаад гэвэл би энэ хүнээс үндэслэлгүйгээр аваагүй. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болно. Ж.С  миний бие 2012 оны 7 сард Daewoo маркийн ачааны автомашиныг 30,000,000 төгрөгөөр худалдан авч, БНСУ-аас оруулж ирсэн. Энэ үед Д.Ц   уг машинаар хамтран ажиллаж миний ах Д.М аар жолооч хийлгэж ашиг ольё, би гаалийн татварыг төлье гэдэг санал тавьснаар машиныг Замын-Үүдийн гаалиар оруулж ирсэн бөгөөд энэ үед машиныг авахаар Д.Ц  , түүний төрсөн ах Д.М , миний охин С.А  нар явсан. Д.Ц   2012 оны 12 сард энэ машиныг авах саналтай байгаагаа хэлж, 2013 оны 6 сар гэхэд 30,000,000 төгрөг төлж худалдан авахаар тохирч машиныг барихаар аман хэлцэл хийсэн. Уг машин орж ирсэн цагаас эхлэн 2012-2017 онуудад Д.Ц   болон түүний төрсөн ах Д.М  нар эзэмшин ажил үйлчилгээнд ашиглаж байсан боловч ямар ч мөнгө өгч байгаагүй. Машины мөнгөө өг гэж удаа дараа шаардахад ахын бие муу өвчтэй байгаа. Машин хөдөлгөж барьж чадах хүн байхгүй, ажил олдохгүй байна, ажил хийгээд мөнгө орж ирвэл таны мөнгийг өгнө гэдэг байсан. Би өнгөрсөн 5 жилийн хугацаанд энэ машиныг ажил хийгээгүй Д.Ц  ийн төрсөн ах Д.М ын хашаанд байсан гэж бодож явсан. Гэвч энэ нэхэмжлэлээс харахад 18 сая гаран төгрөгийн сэлбэг авч тавьсан гэсэн байна. Хашаанд ажилгүй байгаа машинд ийм төгрөгийн сэлбэг тавьсан гэдэг нь үнэн бол миний машиныг унаж ажил үйлчилгээнд явж ашиг олж байсны нотолгоо юм. Д.Ц   тохирсон төлбөр мөнгийг тохирсон хугацаандаа өгөөгүй тул машиныг 2017 онд буюу 4 жил гаран хүлээсний эцэст өөр хүнд 6и зарсан. Машиныг олон жилийн хугацаанд эдэлж хэрэглэж ашигласнаас үүссэн элэгдлийг тооцон 2017 оны зах ззэлийн ханшаар буюу 16,000,000 төгрөгөөр зарж 8,000,000 төгрөгийг Д.Ц  ийн эхнэр Э.М  т бэлнээр өгсөн. Э.М  ын ажлын хашаа буюу Яармаг дахь Дөрвөн бэрх хотхоны барилгын ажлын хашаанд уг машин 2016-2017 оны 7 сар хүртэл байсан ба барилгын талбайд байхад нь зарж борлуулсан, тэгэхээр Д.Ц   болон түүний эхнэр нарт мэдэгдэлгүй зарж борлуулсан гэдэг нь худал юм. Мөнгө өгөхгүй бол машины аккумлятор, бичиг баримтыг өгөхгүй гэсэн, машиныг хөдөлгөн явах ямар ч боломжгүй байсан тул эхнэр Э.М  тай тохиролцсоны эцэст 8,000,000 төгрөгийг эхнэр Э.М  т бэлнээр өгч машиныг зарж борлуулсан. Нэхэмжлэлээс харахад Ж.С  машин авч ажилд яваад мөнгө олоод, Д.Ц   5 жилийн турш цаг тухайд нь сэлбэг авч өгөн машиныг ажил үүрэг гүйцэтгэхэд бэлэн болгож өгөөд байсан гэсэн байгаа нь үнэн байдлыг өөрчлөн гуйвуулсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлд дурьдсан үйл баримтууд бүгд худлаа байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Д.Ц  ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж 8,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Ж.С  нь Д.Ц  тэй 2017 он хүртэл хуурай ах дүүсийн харилцаатай байсан. 2012 оны 7 дугаар сард бусдад худалдах зорилгоор худалдан авч Daewoo маркийн хүнд даацын автомашиныг 30,000,000 төгрөгөөр оруулж ирсэн. Машиныг оруулж ирэх үед Д.Ц   нь ачааны машинаар хамтран ажиллая би энэ машиныг худалдаж авъя, мөнгийг нь 2013 оны 6 сард бэлэн өгье гэх мэт худал хэлж явсаар 2017 хүртэл Ж.С ын машиныг өөрийн эзэмшилд байлган ашигласан. Д.Ц  д 5 жил ачааны машинаа ашиглуулж хохирсон. Ж.С  нь Д.Ц  ээс мөнгөө авах тухай удаа дараа асууж, шаардаж байсан боловч удахгүй өгнө гэсээр 5 жил хүрсэн. 2017 он зах зээлд үнэ нь 2 дахин буурсан. Ачааны машины мөнгийг өгөхгүй гэдэг нь тодорхой болж Ж.С  нь машиныг бусдад худалдахаар шийдсэн. Энэ үед машин Ж.С ын эхнэр н.Э.М  ын барилгын хашаанд нь байсан. Машиныг авахаар очиход Д.Ц  ийн эхнэр нь н.Э.М   мөнгө өгөхгүй бол машин, бичиг баримт, түлхүүрийг өгөхгүй байсан учраас түүнд худалдан авагчийн хажууд 8,000,000 төгрөгийг өгч машинаа авсан. Ингэж 8,000,000 төгрөг бэлнээр өгсөн нь машиныг авах гэж өгсөн гэдгийг өөрсдөө гэрчилнэ. н. Э.М   нь Д.Ц  ийн хэлсэн ёсоор мөнгийг авсан. Иргэний хуульд заасан ямар нэгэн үүрэг үүсээгүй байхад Д.Ц   нь Ж.С ыг дарамтлан 8,000,000 төгрөгийн авсан байх тул Д.Ц  ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ц   нь хариуцагч Ж.С аас түүний эзэмшлийн ******* улсын дугаартай Daewoo ******* маркийн хүнд даацын ачааны автомашины татвар, запас сэлбэгэнд зориулж гаргасан 18,570,520 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг,

хариуцагч Ж.С  нь нэхэмжлэгч Д.Ц  ээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 8,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан.

 

1/ Хариуцагч Ж.С аас түүний эзэмшлийн ******* улсын дугаартай Daewoo ******* маркийн хүнд даацын ачааны автомашины татвар, запас сэлбэгэнд зориулж гаргасан 18,570,520 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар

 

Нэхэмжлэгч Д.Ц   нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ автомашинаар ачаа ачиж ашиг олох зорилготой байсан тул гарсан эвдрэл гэмтлийг засварлаж байсан, автомашиныг хариуцагч Ж.С  бусдад худалдан борлуулсан тул автомашины татвар, запас сэлбэгэнд зориулж гаргасан 18,570,520 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж, хариуцагч Ж.С  нь уг автомашиныг бусдад худалдан борлуулах зорилгоор авсан боловч Д.Ц  ийн гуйлтын дагуу хамтарч ажиллахаар болсон, гэвч автомашиныг Д.Ц   ашиглаж орлого олж байсан, ашиглах явцад нь гарсан гэмтлийг өөрөө засварлаж байсан асуудал нь хариуцагчид хамааралгүй гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

   Хэргийн үйл баримтаар Ж.С  нь 2012 онд Daewoo ******* маркийн ачааны автомашиныг охин С.А гаар дамжуулан БНСУ-аас худалдан авч, төлбөрийг Ж.С , уг автомашины гаалийн татварыг Д.Ц   тус тус төлсөн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ Ж.С ын нэр дээр олгогдсон, автомашин 2012 оны 07 сараас 2015 оны 08 сар хүртэл Д.Ц  ийн ах Д.М ын хашаанд, 2015 оны 08 сараас 2016 оны 07 сар хүртэл Ж.С ын хамаатны хашаанд, 2016 оны 07 сараас 2017 оны 07 сар хүртэл худалдан борлуулах зорилгоор нэхэмжлэгчийн эхнэр Э.М  ын ажиллаж байсан барилгын хашаанд тавьсан байсан, 2017 оны 07 сард Д.Б   д 16,000,000 төгрөгөөр худалдаж, 8,000,000 төгрөгийг зохигч тус бүр авсан болох нь тогтоогдож байна.

 

Зохигчдын тайлбараар хариуцагч Ж.С ын төлбөрийг төлж Монгол Улсад оруулж ирсэн Daewoo ******* маркийн хүнд даацийн ачааны автомашины гаалийн татварыг нэхэмжлэгч Д.Ц   төлж, уг автомашиныг Д.Ц  ийн ах Д.М аар жолоо бариулан ачаа ачиж хамтран ажиллахаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байх тул талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэстэй байна.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ”  гэж заасан бөгөөд зохигчид хамтран ажиллах гэрээг амаар байгуулжээ. Хамтран ажиллах гэрээг байгуулахад хэлбэрийн талаар тусгайлсан зохицуулалт байхгүй тул талууд гэрээг амаар байгуулсан нь хууль зөрчөөгүй.

 

Хариуцагч Ж.С  автомашиныг худалдаж авахад 30,000,000 төгрөгийг, нэхэмжлэгч Д.Ц   уг автомашины гаалийн татварт 3,323,175,20 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй.

 

Нэхэмжлэгч Д.Ц   нь хариуцагч Ж.С аас автомашины татвар, запас сэлбэгэнд зориулж гаргасан 18,570,520 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Хариуцагч Ж.С  нь өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай, Daewoo ******* маркийн хүнд даацийн ачааны автомашиныг Д.Б   д 16,000,000 төгрөгөөр худалдсан болох нь гэрч С.А , гэрч Д.Б    нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн автомашиныг худалдсан 16,000,000 төгрөгийн 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн болох нь гэрч С.А , гэрч Э.М   нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Зохигчид бичгээр гэрээ байгуулаагүй тул хамтын үйл ажиллагааны ашиг, алдагдлыг хуваарилах асуудлаар хэрхэн тохиролцсон талаар нарийвчлан тогтоох боломжгүй байх тул Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-т “Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна” гэж зааснаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Хариуцагч автомашиныг худалдаж авахад 30,000,000 төгрөг, нэхэмжлэгч уг автомашины гаалийн татварт 3,323,175,20 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй бөгөөд талууд эдгээрийг хамтын үйл ажиллагаанд зориулж оруулсан хөрөнгө оруулалт гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь запас сэлбэгэнд зориулж гаргасан 15,270,520 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байх боловч хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор ашиглаж байсан автомашинд зарцуулагдсан төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй. Учир нь ******* улсын дугаартай, Daewoo ******* маркийн хүнд даацийн ачааны автомашиныг 16,000,000 төгрөгөөр худалдаж, зохигч тус бүр 8,000,000 төгрөгийг авсан болох нь тогтоогдож байх тул талууд хамтын үйл ажиллагаанд оруулсан хураамж, ашиг, алдагдлаа тооцож хамтын үйл ажиллагааг дуусгавар болгосон гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь 15,270,520 төгрөгийг ******* улсын дугаартай, Daewoo ******* маркийн хүнд даацийн ачааны автомашины запас сэлбэгэнд зарцуулсан болох нь баримтаар тогтоогдоохгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь уг автомашинаар 2012 онд ажил хийгээгүй, 2013 оны 4 сараас эхэлж ачилт хийж байсан, ачилтын мөнгийг Ж.С  авдаг байсан, ачаа тээвэрлэсэн мөнгөнөөс мөнгө аваагүй, хариуцагч автомашиныг 35,000,000 төгрөгөөр зарсан гэж, хариуцагч нь уг автомашиныг Д.Ц   худалдан авахаар тохирсон, автомашин 2012-2017 онуудад Д.Ц  , түүний ах Д.М  нарын эзэмшилд байсан, машиныг 5 жилийн хугацаанд ашиглаагүй гэж бодож байсан гэх тайлбарыг тус тус гаргаж маргаж байх боловч зохигчид эдгээр тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107,2, 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ж.С аас автомашины татвар, запас сэлбэгэнд зориулж гаргасан 18,570,520 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Ц  ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2/ Нэхэмжлэгч Д.Ц  ээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 8,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар

 

Хариуцагч нь өөрийн эзэмшлийн автомашиныг худалдан борлуулах гэхэд автомашины бичиг баримт, түлхүүрийг өгөхгүй байсан тул нэхэмжлэгчид 8,000,000 төгрөгийг өгсөн, уг мөнгийг өгөх ямар нэгэн үүрэг үүсээгүй тул буцаан гаргуулах үндэслэлтэй гэж, нэхэмжлэгч нь 8,000,000 төгрөгийг өг гэж хэлээгүй, машиныг зарсан Д.Ц  д өгөх хувь нь гээд өгсөн, уг автомашинд тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан тул 8,000,000 төгрөгийг буцааж өгөх үндэслэлгүй гэх тайлбарыг гарган сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэн, ******* улсын дугаартай, Daewoo ******* маркийн хүнд даацийн ачааны автомашиныг 16,000,000 төгрөгөөр худалдаж, зохигч тус бүр 8,000,000 төгрөгийг авсан болох нь тогтоогдож байх тул талууд хамтын үйл ажиллагаанд оруулсан хураамж, ашиг, алдагдлаа тооцож хамтын үйл ажиллагааг дуусгавар болгосон гэж дүгнэж шийдвэрлэсэн тул хариуцагч Ж.С  нь нэхэмжлэгч Д.Ц  ээс 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхгүй.

 

Иймд нэхэмжлэгч Д.Ц  ээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 8,000,000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Ж.С ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Ж.С аас автомашины татвар, запас сэлбэгэнд зориулж гаргасан 18,570,520 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Ц  ийн нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч Д.Ц  ээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 8,000,000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Ж.С ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.С аас автомашины татвар, запас сэлбэгэнд зориулж гаргасан 18,570,520 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Ц  ийн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Д.Ц  ээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 8,000,000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Ж.С ын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,802,6 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 47,197.4 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Д.Ц  д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР