Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/727

 

  

 

 

 

 

 

 

2022              07            06                                    2022/ШЦТ/727

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч Я.Мөнхзаяа,

хохирогч Б.Б-ийн өмгөөлөгч Ю.Батболд,

шүүгдэгч Г.О нарыг оролцуулан эрүүгийн 2209001330315  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Г-ын О /регистрийн дугаар /, 1991 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ам бүл 2 аавын хамт, оршин суух хаягтай,

урьд 2020 оны 4 дүгээр сарын 29-ний Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/407 дугаар бүхий шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж уг ялыг бүрэн эдэлсэн гэх, хэрэг хариуцах чадвартай,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Г.О нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Турбо” авто засварын газрын гадна талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байх үедээ үл ялих зүйлээр шалтаглан Б.Б-тэй маргалдаж улмаар түүний нүүрний хэсэгт нь гараараа цохих, толгойгоороо мөргөх зэргээр хүч хэрэглэн халдаж зүүн сарвууны ядам хурууны дунд шивнүүрийн далд хугарал, хурууны цус хуралт, хамар яс, баруун ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, 2 зовхины цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Г.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Б.Б-ийн мэдүүлэг, шүүгдэгч Г.О-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Г.О нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Турбо” авто засварын газрын гадна талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байх үедээ үл ялих зүйлээр шалтаглан Б.Б-тэй маргалдаж улмаар түүний нүүрний хэсэгт нь гараараа цохих, толгойгоороо мөргөх зэргээр хүч хэрэглэн халдаж зүүн сарвууны ядам хурууны дунд шивнүүрийн далд хугарал, хурууны цус хуралт, хамар яс, баруун ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, 2 зовхины цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч Г.О нь хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О мэдүүлсэн: “...Шүүгдэгч: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэв.

-шүүгдэгч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би хүний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 5/,

-хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны “Хангай” хотхоны зам дагуу зогсоол дээр зогсож байхад 4211 УНЧ улсын дугаартай цагаан өнгийн “гранд марк-2” загварын тээврийн хэрэгсэл миний машины хажуу талд зогсож байгаад миний 6087 УНЛ улсын дугаартай “Ниссан жүк” машины эсрэг талын толийг гараараа цохиж хугачаад зугтаагаад яваад өгсөн. Би араас нь хөөгөөд очиход шинэ замын “Турбо” авто засварын үүдэн дээр очиж зогссон ба би араас нь очиж зогсоод машинаасаа буугаад тэр машин дээр очоод “яагаад толь хугалж байгаа юм“ гэхэд жолоо барьж явсан хүн нь машинаасаа бууж ирээд миний хамар луу толгойгоороо мөргөсөн, тэр хүн өөрөө согтуу байсан. Уг машин дотор жолоочоос гадна 2 хүн байсан 1 хүн нь хойд талын суудал дээр унтаж байсан. Жолоочийн хажууд сууж байсан залуу машинаасаа бууж ирээд намайг барьж аваад цохисон үгүйг мэдэхгүй байна. Жолооч залуу миний хамар руу мөргөөд миний хамрыг хугалчихлаа гээд тэр залууг би өөрөөсөө холдуулж түлхсэн, тэгээд удалгүй ахиж ирээд миний хамар луу ахиад ахиад 1 удаа мөргөөд гараараа намайг цохисон би хаана цохисныг мэдэхгүй байна, надтай хамт явж байсан манай найз Хосбаяр намайг тэр залуугаас салгасан..." гэсэн мэдүүлэг /хх-н 32/,

-гэрч Э.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би он сар өдрийг санахгүй Б-тэй хамт Сүхбаатар дүүргийн 11 хороо, Шинэ замын тэнд уулзаад миний 0663 УБХ улсын дугаартай “Харриер” маркийн машинд Б-ийн хамт сууж байхад Б-ийн машины хажуу талаар нэг машин зөрөхдөө Б-ийн машин болох “Жук” маркийн автомашины буруу талын толийг цохичхоод явсан. Бид хоёр хойноос нь Яаж байгаа юм бэ? Гэж орилоход тэр хүмүүс яваад өгсөн, Б өөрийн машиндаа суугаад машин цохисон машины араас хөөсөн. Би Б-ийн машины араас машинтай яваад очтол Б нь машинаасаа буучихсан машин цохидог нөхөртэй уулзаж байсан тэгтэл машин цохидог нөхөр Б-ийн нүүрэн хэсэгт 1 удаа мөргөсөн, тэгэхээр нь би бууж очиж салгасан. Намайг цагдаа дуудах гээд зогсож байх хооронд тэр залуу Б-ийг ахиад 2 удаа мөргөсөн.Тэгээд цагдаа ирсэн. Тухайн үед Б машин цохидог залуу хоёроос өөр зодолдсон хүн байхгүй. Б-ийг нүүр хэсэг рүү нь духаараа гурван удаа мөргөсөн. Б эсэргүүцэж тэр залууг цохисон байх би хаана нь цохисныг хараагүй тэгж бодож байна..." гэсэн мэдүүлэг /хх-н 43/,

-гэрч Г.Д-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...найз О над руу залгаад “ирээд машин бариад өгөөдөх” гэж хэлсэн. “Хангай” хотхоны баруун талд байх “Сөүл” эмнэлгийн зогсоол дээр очиж О-ын сууж байсан “Гранд марк-2” загварын машиныг барьж өөрийн ажил болох “Турбо” авто засварын үүдэнд авчирсан. Би ажлынхаа 2 давхарт гарч хоол идчихээд буугаад ирэхэд ажлын үүдэнд О нь “Жүүк” загварын машины эзэнтэй зодолдож байсан. Удалгүй байж байгаад “Жүүк” загварын машины эзэн болох эрэгтэй О-ын толгой руу гараараа цохисон. О зөрүүлээд толгой орчимд цохисон. О хэд цохисныг мэдэхгүй байна. Бид О болон тэр залуу 2-г салгаад “Жүүк” машины эзэн цагдаа дуудсан. “Жүүк” маркийн машины эзний хамраас цус гарсан байсан. О-ын нүүр болон биед гэмтэл байгаагүй. О болон “Жүүк” машины эзэн 2-с өөр зодолдсон хүн байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-н 40-41/,

-Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №839 тоот актын “…Б.Б-ийн биед зүүн сарвууны ядам хурууны дунд шивнүүрийн далд хугарал, хурууны цус хуралт, хамар яс, баруун ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, 2 зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...“ гэх дүгнэлт /хх-н 19/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Г.О нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Турбо” авто засварын газрын гадна талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байх үедээ үл ялих зүйлээр шалтаглан Б.Б-тэй маргалдаж улмаар түүний нүүрний хэсэгт нь гараараа цохих, толгойгоороо мөргөх зэргээр хүч хэрэглэн халдаж зүүн сарвууны ядам хурууны дунд шивнүүрийн далд хугарал, хурууны цус хуралт, хамар яс, баруун ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, 2 зовхины цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Г.О-ын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Г.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Г.О нь тус эрүүгийн хэрэгт нийт 1 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 14 /арван дөрөв/ хоногоор тооцож, түүнийг энэ тогтоолоор оногдуулсан торгох ялаас 210.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялыг 290.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэв. 

          Үүнээс гадна шүүх шүүгдэгч Г.О-д 485.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Г.О нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Бусад асуудлын талаар

­Хохирогч нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч Б овогт Г-ын О-ыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.О-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ын цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд энэ тогтоолоор оногдуулсан торгох ялаас 210.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялыг 290.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь энэ тогтоолоор оногдуулсан 290 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 290.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.О нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 2 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Г.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР