| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2018/01487/и |
| Дугаар | 1440 |
| Огноо | 2018-04-26 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 1440
| 2018 оны 04 сарын 26 өдөр | Дугаар 101/ШШ2018/01440 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т-ын гаргасан,
Хариуцагч: А-д холбогдох,
900,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т, хариуцагч А, нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие ах Ттэй хамтран өмчилдөг *******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг бусдад түрээслүүлэхээр төрсөн ээж Бд итгэмжлэл олгосны үндсэн дээр хариуцагч Ад 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл түрээслүүлсэн бөгөөд түлхүүрийг тус өдөр буцаан авсан.
Хэдийгээр бидний хооронд байгуулсан гэрээнд сарын төлбөрийг 400,000.00 төгрөг гэж тохирсон боловч анх 470,000.00 төгрөг байсныг ярилцаж байгаад ийнхүү бууруулсан бөгөөд гэрээнд хариуцагч тал байрны ашиглалт болон сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг тус тус хариуцахаар заасан.
Би, гэрээ байгуулсан өдөр эхний 1 сарын түрээсийн төлбөрийг 470,000 төгрөг гэж тохирч, хариуцагчаас барьцаа болгож нэмж 400,000.00 төгрөг, нийт 870,000.00 төгрөгийг хүлээн авсан ба энэхүү барьцаа хөрөнгөөр хариуцагчийн төлөөгүй цахилгааны төлбөр болох 337,591.00 төгрөгийг төлж барагдуулсан юм.
Гэвч хариуцагч А 2017 оны 03 дугаар сар хүртэл байрны ашиглалттай холбоотой зардлыг төлж байгаад тус оны 07 дугаар сарыг дуустал хугацааны төлбөр 274,261.60 төгрөг, 2016 оны 09 дүгээр сараас 2017 оны 08 дугаар сарын сууц өмчлөгчдийн холбоонд сар бүр төлөх 21,660.00 төгрөг буюу 238,000.00 төгрөг, мөн 2017 оны 07 дугаар сарын хөлс 400,000.00 төгрөгийг тус тус төлөөгүй.
Би, өнгөрсөн хугацаанд хариуцагчийн төлсөн бөгөөд төлөөгүй төлбөрийг баримтаар нотолж байгаа ба илүү авах гэсэн сэтгэл надад байхгүй, ээжийг маань элдэв муу үгээр хэлж, төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүртэлх хугацаанд шүүхийн байгууллагаар явуулж байгаад их гомдолтой байна.
Хэрэгт авагдсан “Хаан банк” ХХК дахь миний ээжийн дансаар хариуцагч болон түүний ааваас шилжүүлсэн мөнгөн гүйлгээний талаар маргахгүй ба гагцхүү 2017 оны 07 дугаар сарын 400,000.00 төгрөгийг төлөгдөөгүй, түлхүүрийг 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өгснөөр орон сууцыг энэ хүртэлх хугацаанд түрээслэсэн гэж тооцогдоно.
Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 07 дугаар сарын түрээсийн төлбөрийг 387,739.00 төгрөг, 2017 оны 03 дугаар сар хүртэл байрны ашиглалттай холбоотой зардлыг төлж байгаад тус оны 07 дугаар сарыг дуустал хугацааны төлбөр 274,261.60 төгрөг, 2016 оны 09 дүгээр сараас 2017 оны 08 дугаар сарын сууц өмчлөгчдийн холбоонд сар бүр төлөх 21,660.00 төгрөг буюу 238,000.00 төгрөг гэж тодруулж, хариуцагчаас нийт 900,000.00 төгрөгийг нэхэмжилж байна.
Иймд, хариуцагч Агаас дээр дурьдсан төлбөрийг гаргуулж, надад олгож өгнө үү” гэв.
Хариуцагч тал тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие *******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хөлсөлсөн бөгөөд түлхүүрийг тус оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн.
Би, өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч Бд барьцаатайгаа нийлээд 4,470,000.00 төгрөг төлсөн. Хэдийгээр байр ашиглалт, сууц өмчлөгчдийн холбоонд төлөх төлбөрийг төлөөгүйн үнэн боловч энэ талаар нэхэмжлэгчид “төлөх боломжгүй, хоёр нялх хүүхэдтэй, тогтмол орлогогүй” гэж хэлж байсан. Гэвч байрны мөнгийг 2017 оны 03 дугаар сар хүртэл төлсөн ба түрээсийн төлбөр 400,000.00 төгрөгийг төлсөн байхад төлөөгүй гэж мэлзэж байгааг ойлгохгүй байна.
Барьцаа хөрөнгөөс цахилгааны төлбөрт 337,591.00 төгрөгийг суутган төлүүлсэн талаар маргахгүй боловч үлдэх хэсгийг нэхэмжлэлийн бусад шаардлагаас заавал хасах ёстой гэж үзэж байна.
Хэрэгт авагдсан баримтаар “Хаан банк” ХХК дахь нэхэмжлэгчийн ээжийн дансаар шилжүүлсэн мөнгөн төлбөрүүд дутуу байгаа бөгөөд нэхэмжлэгчийн ээж Б өөрөө байрны түлхүүрийг надаас авах хугацааг хэтрүүлсэн бөгөөд хэрэв намайг 2017 оны 07 дугаар сарын төлбөрийг төлөөгүй бол юу гэж 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл түлхүүрийг авахгүй байлгаад байх билээ гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй.
Би, өнгөрсөн хугацаанд 20,000 төгрөг, 30,000 төгрөгийг бэлнээр болон АТМ-аар дамжуулан өөрөө аль эсхүл хүнээр дамжуулан Бд өгч байсан боловч үүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй нь миний буруу” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Таас хариуцагч Ад холбогдуулан 900,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “2017 оны 07 дугаар сарын түрээсийн төлбөр 387,739.00 төгрөг, 2017 оны 03 дугаар сараас тус оны 07 дугаар сарыг дуустал хугацааны байрны ашиглалтын зардал 274,261.60 төгрөг, 2016 оны 09 дүгээр сараас 2017 оны 08 дугаар сарын сууц өмчлөгчдийн холбоонд төлөх 238,000.00 төгрөг, нийт 900,000.00 төгрөг” гэж тодруулсаныг хариуцагч үл хүлээн зөвшөөрч, 2017 оны 07 дугаар сарын төлбөрийг төлсөн, барьцаа хөрөнгөөс нэхэмжлэлийн бусад шаардлагыг хасах ёстой гэж маргасан.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар *******,*******,******* /13343/,*******,******* тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг Т, Т нар өмчилдөг бөгөөд тэдгээрээс 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосон итгэмжлэлээр Б нь тус байрыг бусдад хөлслүүлэх, барьцаалуулах, худалдах гэх мэт гэрээ, хэлэлцээрт төлөөлөх эрхтэй ажээ /х.х-ийн 11-р хуудас/.
Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.-д “хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно” гэж, мөн 62.3.-д “төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж заасан бол 63 дугаар зүйлийн 63.2.-т “төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно” гэж заасан.
Тодруулбал, талуудын гаргасан тайлбараар орон сууц хөлслөх гэрээг нэг талаас Б, нөгөө талаас хариуцагч А нар байгуулсан хэдий ч энэхүү гэрээний дагуу орон сууц хөлслүүлэгчийг төлөөлөгч Бг гэж үзэхгүй ба тэрээр гагцхүү уг гэрээ, хэлэлцээрт төлөөлсөн этгээд тул орон сууцны өмчлөгч буюу төлөөлүүлэгч Т, Т нарыг хөлслүүлэгч гэж үзнэ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар дээр дурьдсан итгэмжлэлийн үндсэн дээр нэхэмжлэгч Т 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч Атай түрээсийн гэрээ байгуулж, *******,*******,******* /13343/,*******,******* тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаагаар түрээслүүлэхээр тохирсон байна /х.х-ийн 8, 9-р хуудас/.
Өөрөөр хэлбэл, энэхүү гэрээний нэг тал нь тус орон сууцыг хамтран өмчлөгч Т, Т нар мөн бөгөөд тэд Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1.-д “Хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй бол тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч тал нөгөө талаас гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй юм.
Хэдийгээр талуудын хооронд байгуулсан энэхүү гэрээг зохигчид түрээсийн гэрээ гэж нэрлэж, тайлбарлаж байгаа ч тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байна. Учир нь, эд хөрөнгө, орон сууц хөлслөх гэрээгээр хөлслөгч тал ахуйн хэрэгцээгээ хангах зорилгоор эд хөрөнгийг эзэмшиж, ашигладаг бол түрээсийн гэрээгээр түрээслэгч этгээд аж ахуйн буюу ашиг орлого олох зорилгоор эд хөрөнгийг түр хугацаагаар эзэмшиж, ашиглаж, тухайн хөрөнгийг ашигласнаас олох орлого, үр шимийг өмчлөх эрхтэй байдаг.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч А тухайн орон сууцанд ямар нэгэн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэн явуулахаар бус харин амьдран суух зорилгоор эзэмшиж, ашигласан байх тул зохигчдын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэжээ.
Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан орон сууц хөлслөх гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, мөн 5 дугаар зүйлийн 5.5.-д тус тус зааснаар хөлслөгч буюу хариуцагч тал 1 сарын 400,000.00 төгрөгийг хөлслүүлэгчид төлөхөөс гадна тус орон сууцны сар бүрийн ашиглалтын зардал болон сууц өмчлөгчдийн холбоонд төлөх дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөхөөр тус тус тохиролцож, талууд эхний сарын төлбөрт 470,000 төгрөг болон барьцаа гэж 400,000 төгрөг, нийт 870,000.00 төгрөг өгсөн, авсан үйл баримтын талаар маргаагүй.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдсанаар хариуцагч А гэрээний зүйл болсон орон сууцыг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хөлсөлсөн боловч түлхүүрийг 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн байна.
Тодруулбал, хариуцагч тал нийт 10 сарын хугацаанд гэрээний зүйлийг эзэмшиж, ашигласан талаар зохигчид маргаагүй боловч 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны буюу түлхүүр хүлээлгэн өгсөн өдрөөр тооцож, төлбөр төлөх үүрэгтэй эсэх талаар маргасан.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4.-т зааснаар орон сууц хөлслөх гэрээний харилцаанд тус хуулийн бусад заалтууд нэгэн адил хамаарах бөгөөд тус хуулийн*******9 дүгээр зүйлийн*******9.2.1.-д зааснаар хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгийг ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс татгалзах болон 292.4.-т заасны дагуу хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй тухай зохицуулалттай.
Хэдийгээр хариуцагч А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл уг орон сууцанд амьдарсан, түлхүүрийг хүлээлгэн өгөх хугацааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч санаатайгаар хэтрүүлсэн хэмээн тайлбарласан боловч үүнийгээ баримтаар нотлоогүй бөгөөд ийнхүү тэрээр 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд өөрийн биеэр амьдараагүй ч түлхүүрийг тус өдөр хүлээлгэн өгсөн байх тул хариуцагч нь тус хугацааны хөлс төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.
Иймд, хариуцагч Агийн орон сууцанд амьдарсан буюу хөлсөлсөн хугацааг тооцвол 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл нийт 10 сар, 13 хоног байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Бгийн “Хаан банк” ХХК дахь тоот дансанд аас 2,000,000.00 төгрөг шилжүүлсэнийг хариуцагч Агийн төлөх ёстой төлбөрт суутган авсан тухай зохигчид маргаагүй /х.х-ийн 27-32-р хуудас/.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1.-д “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж, мөн 210.2.-т “Үүрэг гүйцэтгэгч нь гуравдагч этгээдийн үүргийн гүйцэтгэлээс татгалзвал үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хүлээж авахгүй байх эрхтэй” гэж түүнчлэн 211 дүгээр зүйлийн 211.1.-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж тус тус заасны дагуу аас 2,000,000.00 төгрөгийг Бд төлснийг хариуцагч Аг үүргээ гүйцэтгэсэн гэж талууд үзэж байна.
Түүнчлэн үүн дээр нэмээд талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагч тал өнгөрсөн хугацаанд 470,000 төгрөг, 200,000 төгрөг, 160,000 төгрөг болон 50,000 төгрөг, 250,000 төгрөг, нийт 3,130,000.00 төгрөгийг төлсөн байх бөгөөд түүний 10 сар, 13 хоногийн төлбөр 4,243,333.00 төгрөг болж байна /10x400,000=4,000,000 төгрөг, үүн дээр эхний сарын төлбөр 70,000 төгрөг, 400,000:30=13,333 /1 хоног/ төгрөг, 13x13,333=173,333 төгрөг/.
Гэвч хариуцагч нь өнгөрсөн хугацаанд 4,243,333.00 төгрөг төлөх ёстой атал баримтаар 3,130,000.00 төгрөгийг төлсөн байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс үлдэх 1,113,333.00 төгрөгийг бус гагцхүү 387,739.00 төгрөг нэхэмжилснийг хариуцагч тал тодорхой баримтаар үгүйсгэж чадаагүй.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар “Бат баян дулаан” ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 12/17 тоот тодорхойлолтоор хариуцагчийн эзэмшиж, ашиглаж байсан 2 өрөө орон сууцны 2017 оны 03, 04, 05, 06, 07, 08 дугаар саруудын байрны ашиглалтын зардал 274,201.60 төгрөг байсныг нэхэмжлэгч тал төлсөн байгаагаас гадна “Төрийн банк” ХХК-ийн дансны хуулгаар сууц өмчлөгчдийн төлбөл зохих 2016 оны 09 дүгээр сараас 2017 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны төлбөрт 259,920.00 төгрөгийг тус тус төлсөн байна /х.х-ийн 6, 33, 34, 35-р хуудас/.
Хариуцагч, гэрээний зүйл болох орон сууцыг ийнхүү нийт 10 сар, 13 хоног эзэмшиж, ашигласан хугацаанд түүний төлбөл зохих сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг тооцоход 225,986.00 төгрөг болж байгаа бөгөөд орон сууц ашиглалтын зардлын хувьд 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл өөрийн биеэр амьдран суугаагүйг /хэрэглээний зардал/ үндэслэн 2017 оны 03, 04, 05, 06, 07 дугаар саруудын байрны ашиглалтын зардал 228,500.00 төгрөг болж байна /10x21,660=216,600 төгрөг, 21,660:30=722 /1 өдөр/ 13x722=9,386+216,600=225,986 төгрөг/.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Агийн нэхэмжлэгч Ттай байгуулсан орон сууц хөлслөх гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.-т зааснаар 2017 оны орон сууц хөлслөх гэрээний дагуу төлөх ёстой хөлс 387,739.00 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.5.-д заасны дагуу орон сууцны ашиглалт болон сууц өмчлөгчдийн дундын эд хөрөнгөтэй холбоотой зардалд төлөх төлбөр 225,986.00 төгрөг болон 228,500.00 төгрөг, нийт 842,225.00 төгрөг байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасны дагуу хариуцагч А орон сууцны хөлсийг хугацаанд нь зохих ёсоор төлөх үүрэгтэй.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч тал гэрээ байгуулсан өдөр нэхэмжлэгчид 400,000 төгрөгийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд төлөгдөөгүй хөлс болон бусад зардлыг түүнээс суутган төлөхөөр талууд тохиролцсон байх бөгөөд үүнээс хариуцагчийн төлөөгүй цахилгааны төлбөр 337,591.00 төгрөгийг төлж барагдуулсан талаар маргаагүй ба үлдэх 62,409 төгрөгийг хариуцагч А нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах хүсэлттэй байна.
Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус үндэслэн хариуцагчийн төлбөл зохих 842,225.00 төгрөгөөс 62,409 төгрөгийг хасч, түүнээс 779,816.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 120,184.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР