| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2018/01570/и |
| Дугаар | 1525 |
| Огноо | 2018-05-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 1525
| 2018 оны 05 сарын 03 өдөр | Дугаар 101/ШШ2018/01525 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О-ын гаргасан,
Хариуцагч: Б-д холбогдох,
1,740,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О, хариуцагч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч Бтай зээлийн гэрээ байгуулж, түүнд 1,000,000.00 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн.
Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээнд зааснаар зээлийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан журмын дагуу тохиролцсон бөгөөд өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,000,000.00 төгрөг, хүү 240,000.00 төгрөг, алданги 500,000.00 төгрөг болж байна.
Хариуцагч тал өнгөрсөн хугацаанд бэлнээр 500 юань буюу 150,000.00 төгрөг, дансаар 80,000.00 төгрөг, 200,000.00 төгрөг болон мөн 100,000.00 төгрөгөөр 2 удаа төлбөр төлж байсан бөгөөд эдгээр төлбөрүүдийг зээлийн хүүнд тооцсон. Учир нь, тэрээр 1,000,000.00 төгрөгийн зээлийг 4 жилийн хугацаанд төлөхгүй өнөөдрийг хүрсэн ба одоо 900,000.00 төгрөг төлнө гэж тайлбарлаж байгаа нь шударга биш байна.
Иймд, хариуцагч Бгаас 1,740,000.00 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч тал тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би, юуны өмнө нэхэмжлэгчээс авсан зээлийг хугацаандаа буцаан төлж чадаагүйдээ уучлалт гуйж байна. Миний бие өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгчид тодорхой хэмжээнд бэлэн болон бэлэн бусаар хэд хэдэн удаа төлбөр төлсөн байхад төлөөгүй мэтээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Би, 500 юань буюу 150,000.00 төгрөгийг бэлнээр, дансаар 80,000.00 төгрөг, 200,000.00 төгрөг болон мөн 100,000.00 төгрөгөөр 2 удаа төлбөр төлж байснаас гадна хэд хэдэн удаа төлбөр төлж байсан.
Өнөөдрийн байдлаар ойролцоогоор 900,000.00 төгрөгийг төлөхөд татгалзахгүй, харин зээлийг буцаан төлсөн байхад үндсэн зээл 1,000,000.00 төгрөг, алданги 500,000.00 төгрөг гэж байгааг зөвшөөрөхгүй, хэдэн жилийн өмнө Нарантуул захын зарим хэсэг шатсантай холбоотойгоор эрхэлж байсан ажил маань эрсдэлд орсон” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Оаас хариуцагч Бд холбогдуулан 1,740,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчид нийт 1,000,000.00 төгрөгийг зээлдүүлсэн, хариуцагчийн өмнө төлсөн төлбөрийг зээлийн гэрээний хүүнд тооцож, үндсэн зээл 1,000,000.00 төгрөг, зээлийн хүү 240,000.00 төгрөг, алданги 500,000.00 төгрөг төлөгдөөгүй гэсэн бол хариуцагчийн зүгээс өнгөрсөн хугацаанд төлсөн төлбөрийг хасч, 900,000.00 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн.
Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч О 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч Бтай зээлийн гэрээ байгуулж, түүнд 1,000,000.00 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлэхээр тохирчээ /х.х-ийн 5-р хуудас/.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлээгүй тохиолдолд түүнд зээлийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй юм.
Тодруулбал, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар талууд 1,000,000.00 төгрөгийг зээлсэн буюу гэрээний зүйлийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдаж, тухайн төрлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
Энэхүү зээлийн гэрээнд зааснаар талууд зээлийг хүүтэй байхаар тохиролцсон ба гэрээний хүүгийн талаарх тэдгээрийн тохиролцоо Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж, 282.3.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасантай нийцэж байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу зээлдэгч Б нь зээлдүүлэгч От 1 сарын хүүнд 80,000.00 төгрөгийг үндсэн зээл 1,000,000.00 төгрөгийн хамт нийт 1,240,000.00 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлөх үүрэг хүлээжээ /1,000,000x8%=80,000 /нэг сарын хүү/ 80,000x3=240,000 төгрөг/.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч тал гэрээнд заасан үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч буюу зээлдэгч тал өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгчид 500 юань буюу 150,000.00 төгрөгийг бэлнээр, дансаар 80,000.00 төгрөг, 200,000.00 төгрөг болон мөн 100,000.00 төгрөгөөр 2 удаа төлбөр төлсөн буюу нийт 630,000.00 төгрөг төлсөн үйл баримтын тухай маргаагүй боловч хариуцагчийн зүгээс эдгээр төлбөрийг зээлийн хүүнд тооцох ёстой гэж маргасан.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч тал “Хаан банк” ХХК дахь өөрийн эзэмшлийн ******* тоот данснаас нэхэмжлэгчийн тус банк дах ******* тоот дансанд 480,000.00 төгрөгийг шилжүүлсэн болон бэлнээр 150,000.00 төгрөгийг тус тус төлсөн ба тэрээр үүнээс өөр төлбөр төлсөн гэдгээ тодорхой баримтаар нотлоогүй.
Талууд, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д зааснаар зээлийг 1 сарын 8 хувийн хүүтэй байхаар тохиролцсон бөгөөд зээлийн хүү нь тус зээлийг ашигласан хугацааны хариу төлбөр юм. Хариуцагч тал зээлийг авч ашигласнаар нэгэнт тохиролцсон хүүг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй бөгөөд ингэхдээ хүүг гэрээнд заасан ашигласан хугацаагаар тооцож төлнө.
Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1.-д “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэжээ. Тодруулбал, зээлийн гэрээг тодорхой хугацаатай, аль эсхүл тодорхой бус хугацаагаар байгуулж болох ба хэрэв талууд гэрээг хугацаатай байгуулж, хүүтэй байхаар тохиролцсон бол гэрээнд өөрөөр заагаагүй тохиолдолд хүүг гэрээний хугацаагаар тогтоосон гэж үзнэ.
Нэхэмжлэгч О болон хариуцагч Б нарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан гэрээнд хариуцагч тал 1,000,000.00 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон байх тул хариуцагчийн зүгээс зээлийг ашиглах буюу эгүүлэн төлөх хугацааг 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэж ойлгоно.
Өөрөөр хэлбэл, хариуцагч энэхүү 1,000,000.00 төгрөгийг гэрээгээр тохиролцсон 3 сарын хугацаанд ашиглаж, 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үндсэн зээлийг хүүгийн хамт төлж дуусгах үүрэг хүлээсэн ба энэ хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ хугацаандаа биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэнд тооцно.
Нөгөө талаар талуудын хооронд байгуулсан гэрээнд хугацаа хэтрүүлэхтэй холбоотойгоор хэрэв зээлийн гэрээнд заасан буюу ашиглах хугацаанд төлөхөөр тохиролцсон тухайн хүүг зээлийг эгүүлэн төлөх хугацааг хэтрүүлснээс хойш үргэлжлүүлэн тооцохоор харилцан тохироогүй бол үүнийг хэтэрсэн хугацааны хүү буюу төлөх ёстой хүү гэж үзэхгүй.
Гэтэл зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлийг буцаан төлөх хугацааг 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс хойш хэтрүүлсэн тохиолдолд сарын 8 хувийг хүүг үргэлжлүүлэн тооцох талаар тусгайлан тохироогүй байх тул зохигчдод зээлийг төлж дуусах хүртэл хугацаанд хүү тооцох талаар нэгдмэл хүсэл зориг байсан гэж үзэх боломжгүй, үүнээс улбаалан хариуцагчийг 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс хойших хугацаанд зээлийн хүүг төлөх үүрэгтэй гэж үзэхгүй юм.
Иймд, хариуцагч Бгийн өнгөрсөн хугацаанд төлсөн 630,000.00 төгрөгөөс түүний төлөх ёстой хүү 240,000.00 төгрөгийг хасвал 390,000.00 төгрөг үлдэж байгааг үндсэн зээлээс хасахад 610,000.00 төгрөгийн зээл төлөгдөөгүй байгаа ажээ /630,000-240,000 /нийт хүү/=390,000 төгрөг /үлдэх/, 1,000,000-390,000=610,000 төгрөг/.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зааснаар зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, мөн 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” тус тус заасан.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын гаргасан тайлбараар хариуцагч тал үндсэн зээлийг хүүгийн хамт буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн байх тул тэрээр гэрээнд зааснаар нэхэмжлэгчид алданги төлөх үүрэг хүлээх боловч гагцхүү алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.
Хариуцагч Бгийн гүйцэтгэвэл зохих үүрэг 610,000.00 төгрөгөөс хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн гэрээнд заасан хэмжээгээр алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул 305,000.00 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж зааснаар тус хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д заасны дагуу бий болсон үүргийн талууд нөгөө талаасаа хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах зарим эрх тодорхой хугацаагаар хязгаарлагддаг.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх зүйн харилцаанд оролцсон этгээд хуульд заасан буюу заагаагүй тодорхой төрлийн гэрээ болон нэрлэгдээгүй аливаа гэрээг холбогдох этгээдтэй байгуулсан бөгөөд тухайн этгээд гэрээний үүргээ зөрчсөнөөс улбаалан зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар буюу иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүхийн журмаар хэрэгжүүлэх тохиолдолд ийнхүү уг этгээдэд холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг.
Тодруулбал, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3.-д тус тус зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар үүнийг хэрэгжүүлэх ба гэрээний дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх шаардлагыг дээр дурьдсан 3 жилийн хугацаанд гаргахад хөөн хэлэлцэх тус хугацааг хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-д зааснаар шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дууссан байна.
Гэвч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Оын гаргасан хариуцагч Бд холбогдох 1,500,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШЗ2016/16374 тоот захирамжаар буцаасан байхаас гадна хариуцагч тал үүргийн гүйцэтгэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр гүйцэтгэхээс татгалзаагүй ба тэрээр 900,000.00 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж, мөн 79.7.-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж, түүнчлэн 82 дугаар зүйлийн 82.2.-т “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй” гэж тус тус заасан тул энэхүү гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй байна.
Иймд, шүүхээс дээр дурьдсаныг нэгтгэн дүгнээд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 610,000.00 төгрөг, алданги 305,000.00 төгрөг, нийт 915,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 825,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР