| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/04554/и |
| Дугаар | 1224 |
| Огноо | 2018-04-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 1224
| 2018 оны 04 сарын 06 өдөр | Дугаар 101/ШШ2018/01224 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.А/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Л/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 14,300,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй,******* улсын дугаартай автомашины доголдлыг засварлахад гаргасан 14,625,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагч Н.Л, хариуцагчийн өмгөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.А нь Н.Л т 2016 оны 04 сарын 25-ны өдөр өөрийн өмчлөлийн ******* дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлсэн. Тухайн үед нийт худалдах үнийг 28,000,000 төгрөг гэж тохироод 13,700,000 төгрөгийг бэлэн авсан. Үлдэх 14,300,000 төгрөгийг тээврийн хэрэгсэл ашиглалтад авснаас 2 сарын хугацаанд ачаа хийгээд орлого олоод өгье гэж хэлчихээд үүргээ биелүүлээгүй тул автомашин зээлээр худалдах худалдан авах гэрээг нөхөж хийсэн. Энэ гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаж үүргийн үлдэгдэл төлбөр 13,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч Н.Л аас автомашины төлбөрийн үлдэгдэл 13,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд худалдаж авсан автомашин гэмтэлтэй байсан бол буцаагаад өгөх боломж нь байсан. Бид баримтыг түшиглээд үгүйсгэж байгаа. 2016 оны 04 дүгээр сард авч явчихаад Говьсүмбэр, Замын-үүд, Улаанбаатар хотод торгуулаад яваад байсан байдаг. Ер нь эвдрэл гэмтэл байсан юм бол мэргэжлийн хүнээр засуулахгүй яасан юм. н.Н.Б гэдэг хүний засвараас болоод дараагийн гэмтэл үүсээгүй гэдгийг хэн үгүйсгэх юм. А.А г дуудаж харуулсан гэдэг нь худлаа. 2017 оны 04 сарын 24-ний өдөр машиныг энэ хүнд шилжүүлснээс хойш жилийн дараа гэрээ хийсэн. Гэрээ хийхэд үлдэгдэл төлбөрийг 4 сарын дараа өгье гээд хугацаандаа мөнгөө өгөөгүй. Хэрвээ гэрээ хийгдэхээс өмнө 7-8 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн байсан юм бол гэрээндээ тусгаад оруулахгүй яасан юм. Яриад байгаа зүйл нь үндэслэлгүй байгаа тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. Хариуцагчийн төрсөн эгч нь гэрчээр асуугдсан. 14,000,000 төгрөгийг өгье гэдэг асуудлыг ярьсан гэж хэлж байсан. Үүргээ хүлээн зөвшөөрч байгаа, шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас тодорхой хэмжээгээр яаж бага өгөх вэ гэдэг асуудал яригдаж байна. Зээлээр худалдах худалдан авах гэрээн дээрээ алданги өгье гэсэн бол өөрөөр эргэх боломжтой байсан. Сөрөг нэхэмжлэлтэй холбоотой баримтыг харахад миний тооцоогоор 6,000,000 төгрөгийн баримт байсан мөртлөө 14,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Худалдан авагч машиныг аваад эд хөрөнгийн доголдол гэж үзэж байгаа бол А.А хариуцна. Тэгтэл гэрэл, тос тосолгоог өөрөө хариуцах ёстой тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Л нь ******* дугаартай Киа Кренто маркийн машиныг иргэн А.А гаас 2016 оны 04 сарын 20-ны өдөр тус машиныг барьцаалан зээлдүүлэх газар барьцаалсан байхад нь 13,400,000 төгрөгийг тус газарт төлөөд, үлдэгдэл төлбөрийг нь машиныг тээвэрт явуулж олсон орлогоос цувуулан төлөх аман тохиролцоогоор худалдаж авсан. 2016 оны 05 дугаар сарын эхээр хамгийн анх уг машиныг аваад Замын-Үүдэд тээвэрт яваад буцах замдаа буюу 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр моторонд эвдрэл гарч хөдлөх боломжгүй болсон. Энэ тухай А.А д тэр даруй мэдэгдсэн. Уг машинд тээвэрлэж явсан ачаагаа өөр машинд ачаад, машиныг Говьсүмбэр аймагт зогсоолд оруулж байршуулаад машины моторыг нь Улаанбаатар хотод авчирч ахынхаа хашаанд засварчин н.Н.Б оор засварлуулсан. Мөн засаж засварлахад А.А г байлцуулсан, анхны засварын үйл явцыг бүгдийг үзэж, харж байсан. Тухайн засвар дээр юу гэмтсэн байсныг засварчин болон А.А харж байсан. Засварчны хэлснээр нэгдүгээр цилиндрийн моторын тахир гол дээр өөр төрлийн поршин боогдсон байсан. Тэр поршинтой харьцдаг хэсэг нь зуурсан байсан гэдгийг тогтоогоод А.А д үзүүлсэн. Өмнө нь А.А өөрөө машиныхаа моторыг боолгосон байсан. Энэ үед А.А г машинаа янзлуулж өг, эсвэл буцааж ав гэхэд чамд өгөх мөнгө надад байхгүй, чи янзалчих, дараа нь үнэ мөнгөн дээрээ болох байлгүй гэсэн. Ингээд энэ моторыг нь бооход 6,500,000 төгрөгний зардал гарсан. Энэ бүгдийг ах, эгч нараасаа зээлж янзалсан. Дахиад машинаа засуулаад наашаа ирж явтал машины хүчил нь моторыг эвдрэхэд давхар эвдэрч явах боломжгүй байсан тул Улаанбаатар хотоос хоосон орж ирсэн. 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дахиад тээвэрт явахад мөн адил Налайхын цаана мотор нь эвдрээд машин өөрөөрөө явах боломжгүй байсан тул машинаа задалсан. Тэгэхэд өөр поршин тавьсан байсан тахир голын харьцдаг байсан хүзүү хугарч машин ажиллах боломжгүй болсон. Үүнийг мөн А.А д мэдэгдсэн боловч утсаа салгаад холбогдохгүй болсон. Доголдлыг оношлуулахад А.А мотороо анх боолгохдоо өөр төрлийн поршин тавьсан байснаас болж уг поршин байрлаж байсан тахир голын хүзүүнд нүдэнд үзэгдэхээргүй цав үүссэн байсантай холбоотойгоор мотрын тахир гол хугарсан байсан. Уг доголдлыг засахад нийт 6,000,000 төгрөг зарцуулсан. Тахир голыг Улаанхуарангийн сэлбэгийн дэлгүүрээс 3,300,000 төгрөгөөр зээлээр авсан, 2017 оны 01 сарын 28-нд төлөхөөр авсан боловч одоо болтол төлж чадаагүй байгаа. Мөн укладиш, тос солих, цэвэрлэгээ гэх зэрэгт 1,500,000 төгрөг зарцуулсан. Моторчинд 1,200,000 төгрөг өгсөн. Үүнээс гадна турбин эвдэрсэн. Ингээд Улаанбаатараас турбин олдохгүй болохоор нь Солонгос руу захих гэтэл 1,500,000 төгрөг гэсэн учир Хятад улсаас 2500 юань буюу 925,000 төгрөгөөр худалдан авсан. Мөн 250,000 төгрөгөөр шинэ астачер хоёр удаа авч тавьсан. Мөн рулийн аппарат, түнтгэр хар хоёрыг нь сольж тавьсан. Үүний гацах шалтгаан нь А.А шууд бүтнээр сольдог эд ангийг өөрөө задалж буцааж угсарсан байснаас болоод руль нь гацаж жолоодлогогүй болсон. Үүнийг 2017 оны 1 дүгээр сард 700,000 төгрөгөөр авч тавьсан. Ийнхүү уг машин нь чанар стандартын шаардлага хангахааргүй болох нь дээрх удаа дараагийн эвдрэлээр тогтоогдсон тул А.А г олж уулзаж, машинаа буцааж ав, машиныг чинь зассан, миний урьдчилгаанд өгсөн 13 сая төгрөгийг өг гэсэн шаардлага тавьсан. Гэтэл тэрээр надад мөнгө байхгүй, аргалаад өөрөө аваа гэсэн. Тэгэхээр нь би машиныг нь зараад мөнгөө гаргаж авъя гэсэн. Уг машин нь одоо болтол А.А гийн нэрэн дээр байгаа. Үүнээс хойш машиныг нь тээвэрт явуулаагүй, төлбөртэй зогсоолд өдрийн 5000 төгрөг төлөөд зогсож байтал 2017 оны 04 сарын 25-ны өдөр зээлээр машин худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулъя гэж А.А хэлсэн. Энэ гэрээнд ярилцсаны дагуу 4 сарын хугацаанд машин зарагдаж бидний аль алины мөнгө гарах боломжтой байх гэж тооцсон учраас 2017 оны 08 сарын 25-ны өдөр 14,300,000 төгрөг төлнө гэсэн үг оруулж бичсэн. Гэтэл А.А энэ гэрээг үндэслэж мөнгө нэхэж байгаа нь утгагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Чанарын шаардлага хангахгүй, эвдрэлтэй байсан ******* дугаартай Киа Кренто маркийн машиныг засварлахад гаргасан 14,625,000 төгрөгийг нэхэмжлэгч А.А гаас гаргуулж өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Н.Л т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,300,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг,
хариуцагч Н.Л нь нэхэмжлэгч А.А д холбогдуулан******* улсын дугаартай автомашины доголдлыг засварлахад гаргасан 14,625,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан.
1/ Хариуцагч Н.Л т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,300,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар
Нэхэмжлэгч А.А нь зээлийн гэрээний үүрэгт 14,300,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч А.А нь “Т” ХХК-ийн автомашин барьцаалан зээлдүүлэх газарт 13,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд барьцаалсан өөрийн өмчлөлийн ******* улсын дугаартай Киа кренто маркийн автомашиныг 2016 оны 04 сард Н.Л т 28,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 13,700,000 төгрөгийг авч, автомашинаа түүний эзэмшилд шилжүүлсэн боловч ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ А.А гийн нэр дээр хэвээр байгаа, үлдэгдэл төлбөр болох 14,300,000 төгрөгийг Н.Л төлөөгүй байгаа боловч автомашин түүний эзэмшилд байгаа, тэрээр автомашиныг ашиглаж байгаа болох нь тогтоогдож байна.
Зохигчдын хооронд 2016 оны 04 сард нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн автомашиныг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн, хариуцагч нь автомашины урьдчилгаа төлбөрийг нэхэмжлэгчид төлсөн харилцаа үүссэн байх бөгөөд талуудын тохиролцооноос үзэхэд тэдний хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Худалдах, худалдан авах гэрээг байгуулахад хэлбэрийн талаар тусгайлсан зохицуулалт байхгүй тул талууд гэрээг амаар байгуулсан нь хууль зөрчөөгүй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч А.А нь хариуцагч Н.Л аас автомашины төлбөрийн үлдэгдлийг шаардах эрхтэй.
А.А , Н.Л нар нь 2017 оны 04 сарын 25-ны өдөр 2443 дугаартай “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, ******* улсын дугаартай Киа кренто маркийн автомашины төлбөрийн үлдэгдэл 14,300,000 төгрөгийг 2017 оны 08 сарын 25-ны дотор Н.Л төлөхөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-4/ Зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх боловч уг гэрээнд дурдсан автомашиныг худалдах, худалдан авах харилцаа гэрээг байгуулахаас нэг жилийн өмнө буюу 2016 оны 04 сард үүссэн асуудалд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн тул талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэж, уг гэрээний үүргийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
Зохигчид ******* улсын дугаартай Киа кренто маркийн автомашиныг 28,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар тохиролцсон, урьдчилгаа төлбөрт 13,700,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр 14,300,000 төгрөгийг төлөөгүй байгаа талаар маргаагүй.
Хариуцагч Н.Л нь худалдаж авахаар тохирсон автомашин эвдрэлтэй байсны улмаас буцааж өгч, урьдчилгаанд өгсөн мөнгийг буцаан авахаар шаардахад нэхэмжлэгч автомашиныг бусдад худалдан борлуулж хэн аль нь оруулсан мөнгөө авах боломжтой гэсний дагуу хугацаа заасан гэрээг байгуулсан, энэ гэрээний дагуу мөнгө төлөх үндэслэлгүй гэж тайлбарыг гарган маргаж байх боловч автомашиныг нэхэмжлэгч А.А д буцаан өгч, урьдчилгаа төлбөрт төлсөн 13,700,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардаагүй, автомашиныг ашиглаж байгаа талаар маргахгүй байх тул автомашины төлбөрийн үлдэгдэл 14,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Н.Л аас ******* улсын дугаартай Киа кренто маркийн автомашины төлбөрийн үлдэгдэл 14,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.А д олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2/ Нэхэмжлэгч А.А д холбогдох******* улсын дугаартай автомашины доголдлыг засварлахад гаргасан 14,625,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар
Хариуцагч нь автомашины эвдрэл гэмтлийн засвар, үйлчилгээнд гарсан зардалд 14,625,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба нэхэмжлэгч нь автомашиныг буцааж өгөх боломж байсан, гарсан эвдрэл гэмтэл нь хариуцагчийн өөрийн ашиглалтаас болсон байх магадлалтай, мэргэжлийн бус хүнээр засуулснаас машинд доголдол гарсан байх үндэслэлтэй гэх тайлбарыг гарган сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Худалдан авагч тал болох хариуцагч Н.Л нь автомашиныг 2016 оны 04 сарын 24-ний өдөр өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан бөгөөд автомашиныг ашиглах явцад 2016 оны 05 сарын 06-ний өдөр моторт эвдрэл гарсан тухай нэхэмжлэгчид мэдэгдсэн байна. Талууд худалдах, худалдан авах гэрээгээр амаар байгуулсан, автомашиныг шилжүүлэхдээ биет байдлын талаар баримт үйлдээгүй, эд хөрөнгийн доголдлын асуудлаар шаардлага гаргах баталгаат хугацаа тогтоогоогүй тул Н.Л автомашиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаас хойш 13 хоногийн дараа А.А д автомашины доголдлын талаар мэдэгдсэн нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан хугацааны дотор автомашины биет байдлын доголдлын талаар худалдагчид мэдэгдсэн гэж үзнэ.
Хариуцагч нь******* улсын дугаартай автомашинд 2016 оны 05 сарын 06-ний өдөр уг автомашины нэгдүгээр цилиндрийн моторын тахир гол дээр өөр төрлийн поршин боогдсоноос тэр поршинтой харьцдаг хэсэг нь зуурсан байсны улмаас, 2016 оны 06 сарын 04-ний өдөр өөр поршин тавьсан байсан тахир голын харьцдаг байсан хүзүү хугарч машин ажиллах боломжгүй болсны улмаас автомашин эвдэрсэн гэх тайлбарыг гаргасан.
Киа кренто маркийн ******* улсын дугаартай, KN3ZTP8H3WK002595 арлын дугаартай автомашиныг ердийн байдлаар ашиглах боломжтой, боломжгүй байдал, эвдрэл гэмтэл нь уг автомашиныг хүлээлцэхэд мэдэгдэх боломжтой байсан эсэхийг зохигчдын хэн аль нь нотлоогүй байна.
Зохигчид гэрээндээ баталгаат хугацаа тогтоогоогүй тул хариуцагч Н.Л нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар худалдаж авсан автомашины доголдлын талаар нэхэмжлэгч А.А гаас шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч А.А нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгө буюу автомашиныг хариуцагч Н.Л т худалдсан гэж үзэх боломжгүй, хариуцагч автомашиныг буцааж өгөх шаардлага гаргаагүй нь нэхэмжлэгчийг хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Хариуцагч Н.Л нь автомашиныг 2016 оны 04 сарын 24-ний өдөр эзэмшилдээ шилжүүлэн авч, 2016 оны 05 сарын 06-ний өдөр нэхэмжлэгч А.А д уг автомашины эвдрэлийн талаар мэдэгдсэнээс үзэхэд худалдсан автомашины эвдрэл, гэмтэл нь 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр автомашиныг шилжүүлэн авах үед доголдолтой байсан гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь автомашинд эвдрэл гэмтэл гарсан талаар түүнд мэдэгдээгүй гэх тайлбарыг гарган маргаж байх боловч баримтаар нотлоогүй. Мөн автомашинд гарсан эвдрэл гэмтэл нь хариуцагчийн ашиглалттай холбоотой, эвдрэл гэмтлийг мэргэжлийн бус хүнээр засуулснаас болсон байх магадлалтай гэх тайлбарыг гаргаж байх боловч тэрээр******* улсын дугаартай, KN3ZTP8H3WK002595 арлын дугаартай автомашиныг биет байдлын доголдолгүй хүлээлгэн өгсөн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107,2, 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх шаардлага гаргах эрхтэй тул хариуцагч Н.Л нь нэхэмжлэгч А.А гаас автомашины доголдлыг арилгахад гаргасан зардлаа нэхэмжлэх эрхтэй.
Хариуцагч нь автомашиныг өөрийн танил Т.Н.Б оор оношлуулан, засвар хийлгэсэн болох нь хариуцагч, гэрч нарын тайлбараар тогтоогдож байх бөгөөд 2016 оны 05 сарын 06-ны өдөр автомашинд гарсан эвдрэлийг Т.Н.Б зассаны дараа хариуцагч акт үйлдэн хүлээж аваагүй байх тул 2016 оны 06 сарын 04-ний өдөр автомашинд гарсан эвдрэл, түүнтэй холбогдон гарсан зардлыг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлгүй. Шүүхэд гэрчээр асуугдсан Т.Н.Б нь өөрийн хийсэн засвартай холбоотой хариуцлагыг өөрөө хариуцна гэж мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Киа кренто маркийн ******* улсын дугаартай, автомашинд 2016 оны 05 сарын 06-ны өдөр эвдрэл гарсантай холбоотой баримтаар тогтоогдож буй 2016 оны 05 сарын 13-ны өдөр худалдаж авсан 3 ширхэг поршингийн үнэ 330,000 төгрөг, 4 ширхэг гилзний үнэ 440,000 төгрөг, мотор задалж боосонтой холбоотой 2016 оны 05 сарын 22-ний өдөр худалдаж авсан 25 литр масло үнэ 170,000 төгрөг, 5 ширхэг моторын тосны үнэ 30,000 төгрөг, 2 ширхэг масло шүүрний үнэ 50,000 төгрөг, 2016 оны 05 сарын 12-ны өдөр худалдаж авсан рулийн аппарат, түнтгэр харын үнэ 700,000 төгрөг, 2016 оны 05 сарын 15-ны өдөр худалдаж авсан их бие, укладишны үнэ 230,000 төгрөг, 2016 оны 05 сарын 14-ний өдөр худалдаж авсан 1 ком кольцны үнэ 480,000 төгрөг, 1 ком жийрэгний үнэ 180,000 төгрөг, 2016 оны 05 сарын 15-ны өдөр худалдан авсан 2 ширхэг шатууны үнэ 100,000 төгрөг, нийт 2,710,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох үндэслэлтэй байна. /хх-23, 25, 26, 27, 29, 30/
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч А.А гаас******* улсын дугаартай автомашины доголдлыг засварласан зардалд 2,710,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Н.Л т олгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 11,915,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Н.Л аас ******* улсын дугаартай Киа кренто маркийн автомашины төлбөрийн үлдэгдэл 14,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.А д олгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч А.А гаас******* улсын дугаартай автомашины доголдлыг засварласан зардалд 2,710,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Н.Л т олгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 11,915,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Л аас ******* улсын дугаартай Киа кренто маркийн автомашины төлбөрийн үлдэгдэл 14,300,000 /арван дөрвөн сая гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.А д олгож, нэхэмжлэгч А.А гаас******* улсын дугаартай автомашины доголдлыг засварласан зардалд 2,710,000 /хоёр сая долоон зуун арван мянган/ төгрөгийг гаргуулж хариуцагч Н.Л т олгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 11,915,000 /арван нэгэн сая есөн зуун арван таван мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,450 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Л аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 229,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.А д олгож, нэхэмжлэгч А.А гаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 58,310 төгрөгийг гаргуулан хариуцагч Н.Л т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР