Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00438

 

З.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/00507 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр  сарын 27-ны өдрийн 942 дугаар магадлалтай,               

 З.Б-ийн нэхэмжлэлтэй,

 “Т б” ХХК-д холбогдох

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Б, түүний өмгөөлөгч П.Е, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нарийн бичгийн дарга Х.Б нар оролцов.

Нэхэмжлэгч З.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...“Т б” ХХК-д 2013.07.23-ны өдрөөс 2017.02.15-ны өдөр хүртэл хугацаанд З бизнес төвийн захирлаар, 2017.02.15-ны өдрөөс 2019.11.01-ний өдөр хүртэл хугацаанд Арслантай гүүр салбарт захирлаар ажилласан. “Т б” ХХК-ийн Арслантай гүүр салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй. Гэтэл Т б-ны гүйцэтгэх захирлын 2019.11.01-ний өдрийн Б/1682 тоот хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн ажил тасалсан, зөрчил, алдаа дутагдалд хяналт тавиагүй, зөрчлийг илрүүлэх, арилгах арга хэмжээ аваагүй, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүй, дүрэм журмыг зөрчсөн зэрэг хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Ажлаас халсан үндэслэлүүд нь хууль зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарахгүй, миний бие сахилгын зөрчил гаргаж байгаагүй тул Т-ийн б-ны гүйцэтгэх захирлын 2019.11.01-ний өдрийн Б/1682 тоот хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалыг хууль бус шийдвэр гэж үзэж байна. Иймд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч “Т б” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Т б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.11.01-ний өдрийн Б/1682 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан. “Т б” ХХК-ийн Сүхбаатар дүүрэг салбарын харьяа Арслантай гүүр салбарын захиралаар ажиллаж байх хугацаандаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан, Арслантай гүүр салбарын харьяа Гурван яам тооцооны кассын ахлах теллерээр ажиллаж байсан С.Д нь банкинд 450,639,503.85 төгрөгийн бодит хохирол учруулсан байхад салбарын захирлын зүгээс зөрчлийг илрүүлэх, арилгах арга хэмжээ аваагүй зэрэг нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.1, 7.4.3, 7.4.18, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.1, 5.28.3, 5.28.17 дахь хэсэгт заасныг зөрчиж сахилгын ноцтой зөрчил гаргасан байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/00507 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Т б” ХХК-нд холбогдох урьд эрхэлж байсан “Т б” ХХК-ийн “Сүхбаатар дүүрэг салбарын Арслантай гүүр салбарын захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 7,260,253 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай” нэхэмжлэгч З.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр  сарын 27-ны өдрийн 942 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/00507 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно. Үүнд:

1. Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг ноцтой зөрчиж буруу тайлбарлаж хэрэглэсэн. ...Ажил олгогч ажлаас халах тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” эсэх, “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” эсэх, эсхүл хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” эсэхийг нэрлэн дурдалгүйгээр ажлаас халсан. Улсын дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33 тоот “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 15 дугаар зүйлд “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтална. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр, тушаал, тогтоол, захирамж гаргана” гэж тайлбарласныг Т б-ны гүйцэтгэх захирал Г.Д-ний 2019.11.01-ний өдрийн Б/1682 тоот тушаалаар зөрчсөнийг давж заалдах шатны шүүх анхааран үзээгүйд гомдолтой байна. Ажил олгогч нь ажилтан З.Б-г ажлаас халах тушаал гаргахдаа үндэслэл /сахилгын давтан зөрчил гаргасан уу, ноцтой зөрчил гаргасан уу/-ээ тодорхой заагаагүй байхад давж заалдах шатны шүүх “...Т б-ы Хөдөлмөрийн дотоод журмын 5.16.1, 5.24.7., 5.28.1, 5.28.3., 5.28.17, мөн ажил олгогч болон З.Б нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.4.1., 7.4.З., 7.4.18-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар заасан байна. Нэхэмжлэгч З.Б-г хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалын үндэслэл болсон зөрчлийг гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг ноцтой зөрчиж, буруу дүгнэлт хийсэн.

2. Ажилтан З.Б нь Т б-нд ажилд орсноос хойш ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, Т б-ны Хөдөлмөрийн дотоод журам, Т б-тай байгуулсан 2017.02.15-ны өдрийн 196 дугаартай хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчил гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “...эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх Т б-ны гүйцэтгэх захирлын 2019.11.01-ний өдрийн Б/1682 тоот тушаалд дурдсан үндэслэлүүдийг ямар үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил”-д хамруулсан нь тодорхойгүй, ойлгомжгүй. Улсын дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33 тоот “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 15 дугаар зүйлийн 15.4.2-т “Гэрээний талын ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна” гэж тайлбарлажээ. Т б-тай байгуулсан 2017.02.15-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-т хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох “ноцтой зөрчил”-ийн тохиолдол бүрийг нэрлэн заасан байна. З.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.4.1, 7.4.3, 7.4.18 дахь заалтад “зөрчил алдаа дутагдалд хяналт тавиагүй, зөрчлийг илрүүлэх арга хэмжээ аваагүй” гэснийг “ноцтой зөрчил” гэж харилцан тохиролцож тусгаагүй байна. Үүнээс үзэхэд Т б-ны гүйцэтгэх захирлын 2019.11.01-ний өдрийн Б/1682 тоот тушаалд дурдсан дээрх үндэслэлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил” хэмээн үзэх боломжгүй, давж заалдах шатны шүүх ажилтан З.Б-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь хууль бус байна.

3. ...Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл болсон “ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлж ажиллаагүй” гэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хөдөлмөрийн гэрээний 7.4.18-д заасан “ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй” ноцтой зөрчил гэж тайлбарладаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг нэрлэн заасан байх шаардлагатай. Хөдөлмөрийн гэрээний 7.4.8-д “...ажлын байрны тодорхойлолтод заасан ямар ажил үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй” зөрчлийг “ноцтой”-д тооцох нь тодорхойгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан бүх ажил үүргээ биелүүлээгүй болгоныг “ноцтой”-д тооцохоор талууд тохиролцсон гэж үзэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцэхгүй. Давж заалдах шатны шүүх энэ талаар гаргасан давж заалдах гомдолд ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Ажилтан З.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасныг “ноцтой зөрчил” гэж харилцан тохиролцож тусгаагүй байхад ажилтан З.Б-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил” гаргасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

4. Давж заалдах шатны шүүх магадлалынхаа хянавал хэсэгт: “... Дээрх байдлаас үзэхэд Арслантай гүүр салбарын ахлах теллер С.Д нь 716,290.22 ам.доллар болон 343,543,250 төгрөгийг хувьдаа авч ашигласан, банкинд 450,639,503.85 төгрөгийн хохирол учирсан гэх асуудалд салбарын захирал З.Б нь өдрийн баримт, үлдэгдэл, тэнцэл, гүйлгээ журнал, арилжааны ашиг, алдагдлын тайлан, кассын үлдэгдлийн мэдээ, теллерийн кассын тайлан зэрэг өдрийн баримтуудыг хянаж баталгаажуулаагүй” гэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй болсон байна. Ажил олгогчийн өөрийн дотоодын хяналтын шалгалтын тайланд ажилтан З.Б-г ашиглангийн үйлдэл гаргасан гэх өдрүүдийн гүйлгээний баримтыг гарын үсэг зурж, хянаж баталгаажуулаагүй гэж буруутгасан. Ажилтан З.Б-ийн хувьд хяналт шалгалтын тайланд тусгагдсан дүгнэлтүүдийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байсан тул шалгалтын тайлангийн үндэслэл болсон ашиглангийн гүйлгээ хийгдсэн гэх 2018.12.31, 2019.02.13, 2019.03.06, 2019.03.29, 2019.04.10-ны өдрүүдийн анхан шатны өдрийн болон гүйлгээний баримтуудыг хариуцагчаас шүүхийн журмаар гаргуулах тухай хүсэлтийг 2020.01.28-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан боловч хэрэгт хамааралгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон атлаа энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон атлаа давж заалдах гомдолд дурдсан асуудлаар нэхэмжлэгчийг буруутгаж байгаад гомдолтой байна. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2019.02.13, 2019.03.06, 2019.03.29, 2019.04.10-ны өдрүүдийн өдрийн баримт, гүйлгээ журнал, кассын үлдэгдлийн мэдээ, теллерийн кассын тайлан зэрэг анхан шатны баримтуудаар С.Д-ийн ашиглангийн үйлдэл гаргасан гэх өдрүүдийн баримтуудыг З.Б-ийн зүгээс хянаж, гарын үсгээр баталгаажуулж байсан нь нотлогддог буюу өөрөөр хэлбэл хариуцагчийн ажлаас халсан тушаалын үндэслэл, тус тушаалын үндэслэл болсон хяналт шалгалтын тайлан нь бодит баримтад тулгуурлаагүй, хууль зөрчсөн, огт үндэслэлгүй гэдэг нь эдгээр баримтуудаар хангалттай нотлогддог. Гэтэл энэхүү асуудлыг хоёр шатны шүүх анхаарсангүй.

5. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасныг буруу хэрэглэж, хэтэрхий нэг талыг барьж асуудалд хандсанд гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогч ажилтныг ажлаас халсан үндэслэлээ холбогдох баримтаар нотлох үүрэгтэй. Хэргийн материалд З.Б-г тус ажил албан тушаалд ажиллаж байх хугацаандаа зөрчил, алдаа дутагдалд хяналт тавиагүй гэдгийг нотлох баримт авагдаагүй бөгөөд ажил олгогчийн зүгээс хийсэн хяналт, шалгалтын тайланг үндэслэн зөрчил, дутагдал гаргасан гэж үзэж буй нь давж заалдах шатны шүүх хэт нэг талын эрх ашиг сонирхлыг хамгаалсан шийдвэр гаргасан гэж үзэх хангалттай үндэслэлтэй. Т б-ны хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/1682 тоот тушаалд дурдсан ажилтанд гаргасан гэх алдаа, зөрчлүүд нь Т б-ны дотоод хяналт шалгалтын газраас Арслантай гүүр салбарын харьяа Гурван яам тооцооны касст хийсэн ээлжит, иж бүрэн шалгалтын тайлангаар тогтоогдсон гэж тайлбарладаг. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хяналт шалгалтын тайлан нь ажил олгогчийн өөрийн дотоод хяналт, шалгалтын газраас гаргасан дүгнэлт учир зөвхөн үүнийг баримтлан ажил олгогчийн тушаалыг хуульд нийцсэн гэж үзэн зөвтгөх нь өрөөсгөл юм. Тус хяналт шалгалтын тайланд тусгагдсан дүгнэлтүүд ч мөн холбогдох баримтуудаар тогтоогдох ёстой. Гэтэл зөвхөн тус баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлж, дүгнээд тушаалд дурдагдсан бусад үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдож байгаа эсэхийг нягталж тодруулалгүйгээр маргаан бүхий тушаалыг зөвтгөж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа өөрийн хариуцсан салбарт хийгдэж буй гүйлгээний баримтууд болон өдрийн баримтуудад тухай бүрт хяналт тавьж, гарын үсэг зурж байсныг нотлох ашиглангийн үйлдэл гарсан гэх өдрүүдийн өдрийн баримт, үлдэгдэл тэнцэл, гүйлгээ журнал, арилжааны ашиг алдагдлын тайлан, кассын үлдэгдлийн мэдээ, теллерийн кассын тайлан зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан боловч тус баримтуудыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлж дүгнэхгүйгээр холбогдох дүрэм журмыг зөрчсөн гэж дүгнэсэн нь хууль бус байна. ...Эрүүгийн журмаар шалгагдаж байгаа, эцэслэн шийдвэрлэгдээгүй асуудлыг эцсийн байдлаар тогтоогдсон мэтээр тайлбарлаж, тус үйлдэлд нь шууд хяналт тавих эрх, үүрэггүй З.Бг гэмт хэргийн шинжтэй тус үйлдлийг хянаж илрүүлэх үүрэгтэй байсан, түүний ажил үүргийн үндсэн үүрэг байсан мэтээр гуйвуулан тайлбарласанд гомдолтой. Ахлах теллер С.Д-ийн үйлдэлд шууд хяналт тавих эрх бүхий этгээд нь З.Б-аас өөр албан тушаалтан болох нь хяналтын шалгалтын холбогдох хэсэг, теллерийн системийн багц журам зэргээр хангалттай нотлогдож байхад эдгээр баримтуудыг нотлох баримтаар үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Тухайлбал, Т б-ны Дотоод хяналт шалгалтын газраас 2019.08.15-ны өдрөөс 2019.10.15-ны өдрийн хооронд Гурван яам тооцооны касст хийсэн ээлжит иж бүрэн шалгалтын тайлангийн Гурав дахь. Салбарын удирдлагын түвшний ажилтнуудын шат дараалсан хяналтын талаар тайлагнасан хэсэгт Сүхбаатар дүүрэг салбарын ерөнхий нягтлан бодогч Т.О, Сүхбаатар дүүрэг салбарын тооцооны төв хариуцсан менежер Б.О, Сүхбаатар дүүрэг салбарын захирал Ж.Ц нар нь ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан үүрэг болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ тус тус хэрэгжүүлээгүй гэжээ. Мөн теллерийн системийн багц журмын 3.5 дугаар зүйлд ерөнхий нягтлан бодогч, 3.6 дугаар зүйлд “Ахлах теллер нар нь өдрийн болон гүйлгээний баримтуудыг хянаж баталгаажуулж, дээд удирдлагад мэдэгдэнэ” гэж заасан. Мөн тушаалын үндэслэл болгож буй өдрүүдийн гүйлгээ хийгдсэн гэх дансны гүйлгээний үлдэгдэл, өөрчлөлтийг “Теллерийн системийн багц журам”-ын 7.6-д “Банкны төвийн системийн оператор ажилтан “Гб” программын өдөр тутмын өндөрлөлтийг гүйцэтгэж, бүх төрлийн дансны хураангуй ба дэлгэрэнгүй үлдэгдлийг холбогдох программд байршуулах замаар нэгжид хүргүүлэх үүрэгтэй” гэж тодорхой заасан. Гэтэл хоёр шатны шүүхийн зүгээс хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах үүднээс хэргийн материалд авагдсан эдгээр баримтуудыг үнэлж дүгнээгүй. Ажилтан З.Б нь ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байснаа нотлох зорилгоор өөрийн удирдаж байсан салбарын 2019 оны 1, 2 дугаар улирлын үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн тайлан, мөн салбарын ажилтан тус бүрээр улирал бүрийн гүйцэтгэсэн ажлын тайланг нь гаргуулж, дүгнэн дээд шатны байгууллагад хүргүүлж байсан баримтууд хэргийн материалд авагдсан боловч мөн л эдгээр баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, дүгнэлт хийгээгүй байна. З.Б-г ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй гэж буруутгаж буй цорын ганц үндэслэл нь ажил олгогч байгууллагын өөрсдийнх нь дотоод хяналтын явцад хийгдсэн дүгнэлт юм. Гэтэл тушаалд дурдсан нөхцөл байдлууд нь бодитой баримтаар тогтоогдсон эсэхийг хянан шалгаж, дүгнэлт хийлгүйгээр зөвхөн ажил олгогчийн дотоод хяналт шалгалтын газрын тайланд тулгуурлаж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн заалтыг ноцтойгоор зөрчсөн болох нь нотлогдож байна гэж үзэхээр байна.

6. Сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тухайд: Т Б ажилтан З.Б-г “...С.Д-ийн 2018.12.31-ний өдрөөс 2019.04.16-ны өдөр хүртэл хугацаанд хийсэн ашиглангийн гүйлгээ хянаагүй” гэсэн үндэслэлээр буруутгаж, ажлаас халсан. Энэхүү зөрчлийг Т б-ны Хяналтын газрын хянан шалгагч нар 2019.08.15-2019.09.17-ны өдрийн хооронд шалгаж илрүүлсэн гэжээ. Үүнээс үзэхэд ажилтан З.Б-ийн 2018.12.31-ний өдрөөс 2019.04.16-ны өдөр хүртэл хугацаанд гаргасан зөрчил гэх зүйлийг 2019.08.15-2019.09.17-ны өдрийн хооронд илрүүлсэн гэж үзэхээр байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2, Хөдөлмөрийн дотоод журмын 13.8-д зааснаар шалгаж илрүүлсэн 2019.09.17-ны өдрөөс 2019.10.17-ны өдрийн дотор зөрчил гаргасан гэх хамгийн сүүлийн хугацаа 2019.04.16-ны өдрөөс 2019.10.16-ны өдрийн дотор сахилгын шийтгэл ногдуулах байтал 2019.11.01-ний өдөр ажлаас халж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2, Хөдөлмөрийн дотоод журмын 13.8 дахь заалтыг тус тус ноцтой зөрчсөн.

7. Ажил олгогч Т б-ны гүйцэтгэх захирал Г.Д-ний 2019.11.01-ний өдрийн Б/1682 тоот тушаал нь үндэслэлгүй байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг бүхэлд нь хянан үзэж магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.   

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Хариуцагч “Т б” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас маргаан бүхий шийдвэр болох 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/1682 тоот тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.“Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:”, 40.1.4.“ажилтан ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан”, 131 дүгээр зүйлийн 131.1.“Ажил олгогч ... нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна”, 131.1.3.“ажлаас халах” гэсэн зүйл, заалтыг үндэслэсэн байх ба эдгээр хуулийн урьдчилсан нөхцөл нь бодит байдалд бүрдсэн буюу хууль зөрчөөгүй талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй.

Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэсэн нэхэмжлэгч З.Б нь ажлын байрны тодорхойлолтод заасан “салбар нэгжийн үйл ажиллагаа зохих заавар журмын дагуу явагдаж байгаа эсэхэд өдөр тутмын хяналт тавих, давхар болон дараалсан хяналтын системийг мөрдүүлэх, үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээг төлөвлөх хэрэгжүүлэх” үндсэн чиг үүргээ удаа дараа биелүүлээгүйгээс өөрийн шууд удирдлагад харьяалагдах салбарын ахлах теллер С.Д-ийн гаргасан зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээ аваагүй, үүний улмаас банкинд 450,639,503.85 төгрөгийн хохирол учирсан, өөрөөр хэлбэл салбарын захирал З.Б нь өдрийн баримт, үлдэгдэл, тэнцэл, гүйлгээ журнал, арилжааны ашиг, алдагдлын тайлан, кассын үлдэгдлийн мэдээ, теллерийн кассын тайлан зэрэг өдрийн баримтуудыг хянаж баталгаажуулаагүй, Теллерийн системийн багц журмын 6.1.14, 6.1.14.2, 6.1.14.4-ийг зохих журмын дагуу хэрэгжүүлээгүйгээс банкинд их хэмжээний хохирол учирсан үйл баримт тогтоогджээ.

Мөн маргаан бүхий тушаалын үндэслэл болсон дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28-д “Дараах зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно...”, 5.28.17.“Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй” гэж заасан, үүнийг нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.4-т “Ажилтан дараах “ноцтой” зөрчлүүд гаргасан тохиолдолд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална...”, 7.4.18.“Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй” гэж давхар зохицуулсан байх ба ийнхүү ажил олгогч дотоод журамдаа ажлын байрны аль нэг чиг үүргийг тусгайлан заагаагүй, харин “ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүрэг” гэж ерөнхийлөн заасан тул агуулгын хувьд аль ч үүрэг нь хамаарна гэж ойлгогдох бөгөөд талууд ч үүнийг харилцан зөвшилцөж гэрээ байгуулсан байна. 

Иймээс “… шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн... Ажил олгогч нь ажилтан З.Б-г ажлаас халах тушаал гаргахдаа үндэслэл /сахилгын давтан зөрчил гаргасан уу, ноцтой зөрчил гаргасан уу/-ээ тодорхой заагаагүй байхад давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж, буруу дүгнэлт хийсэн... Ажилтан З.Б нь Т б-нд ажилд орсноос хойш ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ажиллаж байсан... гэтэл хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчил гаргаагүй байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн... Хөдөлмөрийн гэрээний 7.4.8-д “...ажлын байрны тодорхойлолтод заасан ямар ажил үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй” зөрчлийг “ноцтой”-д тооцох нь тодорхойгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан бүх ажил үүргээ биелүүлээгүй болгоныг “ноцтой”-д тооцохоор талууд тохиролцсон гэж үзэх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй” гэсэн утгатай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын 1-3 дахь үндэслэлийг хангах боломжгүй юм.  

Нэхэмжлэгч нь ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс ажилтан С.Д-ийн хууль бус үйлдлийг таслан зогсоож чадаагүй, үүний улмаас банкинд их хэмжээний хохирол учирсан болох нь хариуцагч байгууллагын дотоод хяналт шалгалтаар нэгэнт тогтоогдсон, энэхүү бодит үр дагаврыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй тул “...зөрчлийг зохих журмын дагуу шалгаж тогтоогоогүй, хяналт шалгалт бодит баримтад тулгуурлаагүй, нэхэмжлэгчийн зүгээс холбогдох гүйлгээг хянаж, гарын үсгээр баталгаажуулж байсныг нотлох баримтаа шүүхэд өгсөн байхад үнэлээгүй, шүүх хэт нэг талыг барьсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн...” гэсэн утгатай /гомдлын 4-5 дахь үндэслэл/ хяналтын гомдол үндэслэлгүй.     

Түүнчлэн, зөрчилд хариуцлага тооцох хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх утгатай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдолд /гомдлын 6 дахь үндэслэл/ давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт өгсөн тул энэ талаар дахин дүгнэх шаардлагагүй юм.

Харин маргаан бүхий тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.24.7, 5.28.3 дахь хэсэг нь бодит байдалд нийцэхгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн, үүнд хариуцагчаас гомдол гаргаагүйг давж заалдах шатны шүүхээс дурдсан ба ийнхүү тушаалын зарим үндэслэл буруу байгаа нь уг тушаалыг бүхэлд нь үгүйсгэх буюу хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй, учир нь дээр дурдсанчлан тушаалд заасан Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.17-д заасан зөрчил тогтоогдсон, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасантай нийцнэ.     

Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/00507 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр  сарын 27-ны өдрийн 942 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.СОНИНБАЯР

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД                                                             Г.БАНЗРАГЧ

                                                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                Г.ЦАГААНЦООЖ