Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 545

 

 

 

 

 

 

 

2019           6              4                                              2019/ДШМ/545

 

                                                 М.Б- холбогдох эрүүгийн

                                                                 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч М.Б-гийн өмгөөлөгч Б.Галхүү,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 524 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б-, түүний өмгөөлөгч Б.Галхүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн М.Б-д холбогдох эрүүгийн 1806099010063 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн М.Б-, 1987 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Булган аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .................. багт оршин суух бүртгэлтэй боловч ............... дүүргийн ......... дугаар хороо, ....................... тоотод түр оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................/;

М.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 18-ны оройн 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Дарь-Эхийн замд “Toyota ist” маркийн 72-32 УНН улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлсийг хориглоно: а/... согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж “Nissan March” маркийн 60-67 УНЯ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч И.Тогтохдаваа, Р.Наранбямба нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Тээврийн прокурорын газраас: М.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн М.Б-г “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл  мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2  жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар М.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, М.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Р.Наранбямбад нийт 1.049.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч И.Тогтохдаваад 50.000 төгрөгийг, хохирогч Р.Наранбямбад 1.427.500 төгрөгийг шүүгдэгч М.Б-, иргэний хариуцагч Р.Батцэцэг нараас гаргуулж тус тус олгуулахаар тогтоож, хохирогч Р.Наранбямба, И.Тогтохдаваа, иргэний нэхэмжлэгч Д.Баатархуяг нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн бусад зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний хариуцагч Р.Батцэцэг, шүүгдэгч М.Б- нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэж, хэрэгт хураан ирүүлсэн жолоочийн 382391 дугаартай үнэмлэхийг шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын харъяа Лицензийн төвд хүргүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Б- гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хувиараа таксинд явж ар гэрээ тэжээдэг ганц хүн нь би байсан бөгөөд гэр бүлээ сэтгэл санааны хямралд оруулж, өрхийн орлогогүй болгож үлдээлээ. Эхнэр Р.Батцэцэг ажилгүй, бие муутай бөгөөд хүү Б.Билгүүн нь ШУТИС-ийн 3 дугаар дамжааны оюутан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогч Р.Наранбямба, И.Тогтохдаваа, Д.Баатархуяг нарын хохирол гомдлыг бүрэн барагдуулсан. Анхны мэдүүлгээр хэргээ үнэн зөв хүлээсэн. Мөрдөн байцаах явцад ямар нэгэн хүндрэл учруулаагүй, дуудсан цагт нь очиж бүртгүүлж байсан. Миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч М.Б-гийн өмгөөлөгч Б.Галхүү гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... М.Б- нь гэм буруугийн талаар маргаагүй. Хохирогч Р.Наранбямбад “Nissan Sunny” загварын автомашиныг авч өгсөн. Мөн тухайн үед эмчилгээ хийлгэж байхад нь хоолны мөнгө гэж 150.000 төгрөгийг өгсөн. Хохирогч И.Тогтохдаваад 50.000 төгрөг, Д.Баатархуягт 100.000 төгрөгийн хохирол төлбөр төлж барагдуулсан. Энэ талаар баримтыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж өгсөн. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын хувьд урьд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа хүлээж хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Шүүгдэгчийн давж заалдах гомдлоос харахад гэр бүлээ тэжээн тэтгэдэг. Хохирлын хувьд Баасансүрэнгийн Булган аймаг дахь малыг зарж хохирол, төлбөрийг бүрэн төлсөн. Эдгээр байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлд заасан тэнсэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчдийн хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэсэн атлаа хорих ял оногдуулсан байна. Үүнийг үзэхэд техникийн шинжтэй алдаа гаргасан байх магадлалтай.  Шүүхийн хэлэлцүүлэгт  хорих ял оногдуулсан байдлаар уншиж сонсгосон. Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглээгүй. Шийтгэх тогтоол бичгийн хэлбэрээр гарахдаа дээрх заалтаар гаргасан. Хорих ял оногдуулах болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулснаас хойш хийлгэхээр шийтгэх тогтоолд дурдаж өгнө үү. ...” гэв.                                                

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч М.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой 18 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Дарь-Эхийн автозамд “Toyota ist” загварын 72-32 УНН улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг, мөн дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг, мөн дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсний улмаас эсрэг урсгалд орж, “Nissan march” маркийн 60-67 УНЯ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, уг автомашины жолооч Р.Наранбямба, зорчигч И.Тогтохдаваа нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Гэмт хэрэг гарсан байдлыг бэхжүүлж авсан Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг /хх 13-19/,

“М.Б- нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 11.3, 3.7 а/-д тус тус заасныг зөрчсөн, Р.Наранбямба дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй”-г тогтоосон Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 08 дугаар магадлагаа /хх 79-80/,

хохирогч Р.Наранбямбын “...Би машиныг жолоодоод Тогтохдаваа ард суугаад, Баатархуяг урд суугаад явж байсан. Гэтэл урдаас гэнэт нэг машин хурдтай гараад ирэнгүүт нь би баруун тийш дараад зогстол тас гээд явсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр оёдол тавиулж байгаад сэрсэн. Миний баруун гарын дунд хурууны үе мултраад тасарсан. Ямарч ажиллагаагүй болсон” гэх мэдүүлэг /хх 20-21, 28/,

хохирогч И.Тогтохдаваагийн “...Тэгээд машинтай хамт явж байтал урдаас нэг машин аймаар хурдан ирээд тас гээд явсан. Миний баруун гарын сарвуу хугарсан. Баруун хөлийн зөөлөн эдийн гэмтэл гарсан” гэх мэдүүлэг /хх 22-23/,

гэрч Д.Нямсүрэнгийн “...Ингээд Баатархуягийг эмнэлгээс аваад Наранбямба машинаа жолоодоод би ард нь суугаад явж байтал нэг машин эсрэг урсгалаас урсгал сөрж орж ирээд манай машины урдаас мөргөсөн, машин шатсан. Мөргөсөн машины жолооч их согтуу байсан” гэх мэдүүлгүүд /хх 43/ болон шүүгдэгч М.Б-гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогджээ.

          Анхан шатны шүүх шүүгдэгч М.Б-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээнд тохирчээ.

Шүүгдэгч М.Б- болон түүний өмгөөлөгч Б.Галхүү нараас “оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөх” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Учир нь, анхан шатны шүүх М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаас 1 жилийн хорих ялыг сонгон хэрэглэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэр хэмжээтэй харьцуулахад хүнд ял биш байна.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй атлаа тогтоох хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь ойлгомжгүй байгааг; 6 дахь заалтаар Иргэний хууль хэрэглэж хохирол гаргуулахдаа “...1.427.500 төгрөгийг шүүгдэгч М.Б-, иргэний хариуцагч Р.Батцэцэг нараас гаргуулж тус тус олгосугай” гэж тодорхойгүй зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” шаардлагыг зөрчсөн болохыг; мөн шүүгдэгчид нэмэгдэл ял хэрэглэсэн атлаа түүнийг хэрхэн яаж биелүүлэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн тохирох хэсгийг заагаагүйг тус тус зөвтгөх нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүхэд хэргийг хянах явцад анхан шатны шүүхийн гаргуулахаар заасан хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан байх тул шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг зөвтгөх шаардлагагүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 524 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурьдсугай” гэсэн заалт нэмсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б-, түүний өмгөөлөгч Б.Галхүү нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ