Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 502

 

МАГАДЛАЛ

 

2017.02.17                                                   Дугаар 502                                 Улаанбаатар хот

 

 

 

 

 

Б.Хулан, Д.Сайнбаяр, Ц.Өсөхбаяр, Ж.Түвшинжаргал, Б.Оюу-Эрдэнэ, Э.Туул, М.Борхарцага, Д.Гомбожав, П.Гантулга нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/01417 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Хулан, Д.Сайнбаяр, Ц.Өсөхбаяр, Ж.Түвшинжаргал, Б.Оюу-Эрдэнэ, Э.Туул, М.Борхарцага, Д.Гомбожав, П.Гантулга нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 5 байр, 14 тоотод байрлах, "Ногоон урлан" СӨХ болон тус СӨХ-ны захирал Л.Ганбаатарт холбогдох,

Ногоон урлан СӨХ-ны 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоол, Удирдах зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчинтэйд тооцож, Ногоон урлан СӨХ-ын санхүүгийн тайлан, тамга тэмдэг, хөрөнгө, холбогдох бусад бичиг баримтыг Удирдах зөвлөлд хүлээлгэн өгөхийг хариуцагч Л.Ганбаатарт даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Ногоон урлан СӨХ-ны 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоол, Удирдах зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганбаатарын өмгөөлөгч Ч.Нямын гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Оюун-Эрдэнэ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг,

Хариуцагч: Л.Ганбаатар,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Энхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлдээ: 

Сүхбаатар дүүрэг, 06 дугаар хороо, Их Тойруу-73, "Ногоон Урлан" хотхоны оршин суугч нар нь 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цагаас Бүх гишүүдийн хурлыг нээн хуралдуулсан бөгөөд СӨХЭЗБНЗОСБДӨЭХтХ-ийн 08 дугаар зүйлийн 8.3-т "бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачилгаар бүх гишүүдийн хурлыг хурапдуулна" гэсний дагуу хуралдсан.

Хуралд хотхоны нийт 472 өрх айлаас биечлэн 210 өрх айл /Нийт өрхийн 44 хувь/, урьдчилан бичгээр санал өгсөн 95 өрх айл /нийт өрхийн 20 хувь/ буюу нийт 305 өрхийн 64.6 хувийн ирцтэйгээр хуралдаж, “Ногоон урлан” хотхоны оршин суугчдийн өмнө тулгамдсан асуудлаа хянан хэлэлцсэн. Ийнхүү хуралдаад “Ногоон урлан” СӨХ-г өөрчлөн байгуулж, шинээр удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгож, шинэчилсэн дүрмээ баталцгааж, 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Бүх гишүүдийн хурлын тогтоолыг баталсан.

Хурлаар өөрчлөн байгуулагдсан “Ногоон урлан” СӨХ нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж, 01 дүгээр хурлын тогтоолыг гаргаж, удирдах зөвлөлийн даргаар 06 байрны оршин суугч Б.Оюу-Эрдэнийг, СӨХ-ны гүйцэтгэх захирпаар 05 дугаар байрны оршин суугч Ж.Түвшинжаргалыг сонгож томилсон.

Ийнхүү томилоод эрх бүхий байгууллагуудад хандаж холбогдох арга хэмжээнүүдийг авсан. Уг ажиллагааны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 7/1472 дугаар “Иргэн н.Ганбаатар танаа” гэх албан тоот гарч хуучин гүйцэтгэх захирал Л.Ганбаатарыг СӨХЭЗБНЗОСБДӨЭХтХ-ийн 12 дугаар зүйлийн 12.4.9-ийн Дагуу үүргээ биелүүлэхийг шаардсан. Мөн шинээр өөрчлөн байгуулсан Удирдах зөвлөлөөс Бүх гишүүдийн хурлын тогтоолыг танилцуулж, үүргээ биелүүлэхийг Л.Ганбаатарт шаардсан боловч өнөөдрийг болтол ямар ч арга хэмжээ авахгүй "Ногоон урлан" СӨХ-ны тамга, тэмдэг, бусад холбогдох баримт бичгүүдийг өнөөдрийг болтол гаргаж өгөхгүй шинээр өөрчлөн байгуулагдсан “Ногоон урлан” СӨХ-ны удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирал Ж.Түвшинжаргал нарын үйл ажиллагаанд саад учруулж байна.

Иймд Бүх гишүүдийн хурлын тогтоол болон шинээр өөрчлөн байгуулсан удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлын шаардлагыг хуульд заасны дагуу биелүүлэхгүй, Бүх гишүүдийн хурал болон түүнээс гарсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй бидний үйл ажиллагаанд саад хийсээр байх тул Сүхбаатар дүүрэг, 06 дугаар хороо, Их Тойруу-73, "Ногоон урлан" хотхоны оршин суугчдын 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Бүх гишүүдийн хурал болон тус хурлаас гарсан "Ногоон урлан" СӨХ-ийг зохион байгуулах хурлын шийдвэр, тогтоолыг хууль ёсны болохыг тогтоолгох, “Ногоон Урлан” СӨХ-ны санхүүгийн тайлан тооцоо, тамга тэмдэг, хөрөнгө, холбогдох бусад бичиг баримтуудыг гэрчилгээний хамт шинээр өөрчлөн байгуулагдсан Удирдах зөвлөлд СӨХЭҮБНЗОСБДӨЭХтХ-ийн 12 дугаар зүйлийн 12.4.9-т заасны дагуу хүлээлгэн өгөхийг Л.Ганбаатарт даалгаж өгнө үү.

Хуучин СӨХ буюу Л.Ганбаатар нь Сууц өмчлөгчдийн хамтын өмчлөлийн хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбай зэргийг "Эрин Гүрэн" ХХК удирдлагуудад сууц өмчлөгчидийн дундын өмчлөлийн автомашины хөдөлгөөнгүй, оршин суугчидийн салхилж, тоглодог, сагсны шийд, хүүхдийн тоглоомын талбай байрладаг ганцхан газарт үндэслэлгүйгээр өргөтгөл барих зөвшөөрөл өгсөнийг эрх бүхий байгууллагад оршин суугчид болох Б.Оюу-Эрдэнэ, А.Мягмаржав, Н.Болд, Г.Болдбаяр нар хандаж энэхүү хууль бус үйл ажиллааг зогсоох арга хэмжээг авсан.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч "Ногоон урлан" СӨХ болон Л.Ганбаатар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: “Ногоон урлан” СӨХ нь Монголын Сууц Өмчлөгчдийн Нэгдсэн Холбооны гишүүнчлэл бүхий анхны нэр хүндтэй үйл ажиллагаа нь жигдэрсэн томоохон СӨХ юм. Манай холбооны үйл ажиллагааг Холбооны дээд зөвлөл, Нийслэл дүүргээс үнэлэн дүгнэж /Шилдэг СӨХ/-өөр шалгаруулж байсаныг холбогдох байгууллагууд тодорхойлох бөгөөд 2016 оны 04 дүгээр сараас Ж.Түвшинжаргал, Б.Оюу- эрдэнэ, П.Гантулга нарын хүмүүс үгсэн хуйвалдаж СӨХ-ийн эд хөрөнгөд шунаж өөрсдийн далд зорилгодоо хүрэхийн тулд оршин суугчдын төлөөлөл мэтээр өөрсдийгөө өргөмжилж олон түмэнд СӨХ-ны үйл ажиллагааны талаар буруу зөрүү ойлгуулж хэсэг бүлэг хүмүүсийг цуглуулан хууль бус үйл ажиллагааг явуулж эхэлсэн.

Ж.Түвшинжаргал, Б.Оюу-эрдэнэ, П.Гантулга нар нь 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ам барьж оршин суугч болох нь тогтоогдоогүй. Нэр хаяг нь үл мэдэгдэх 20 орчим хүн цуглуулан өөрсдийн зохион байгуулсан цуглаанаа “Ногоон урлан” СӨХ бүх гишүүдээр худал хийсэн мэт болгож өөрсдийн бичиж хэвлэн гаргаж ирсэн протокол тэмдэглэл тогтоолдоо бусдаар гарын үсэг цуглуулсан бөгөөд энэхүү шийдвэртээ өөрсдийгөө дарга гүйцэтгэх захиралаар сонгогдсон мэт болгож хууль бусаар СӨХ-ны тамга тэмдэг баримт бичгийг шилжүүлэн авахыг шаардаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд Ж.Пүрэвжаргал, Б.Оюу- эрдэнэ, П.Гантулга нарын зохион байгуулсан Ногоон урлан хотхоны оршин суугчдын гэх 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр бүх оршин суугчдын хуралдаан, түүнээс гарсан 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Удирдах зөвлөлийн даргаар Б.Оюу-Эрдэнийг, СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Ж.Түвшинжаргал нарыг сонгосон 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүйд тооцож өгнө үү, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 148 дугаар зүйлийн 148.1.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.2, 10 дугаар зүйлийн 10.8.2, 12 дугаар зүйлийн 12.4.9 дэх хэсэгт заасныг баримтлан Ногоон урлан СӨХ-ны 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоол, Удирдах зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчинтэйд тооцож, Ногоон урлан СӨХ-ын санхүүгийн тайлан, тамга тэмдэг, хөрөнгө, холбогдох бусад бичиг баримтыг Удирдах зөвлөлд хүлээлгэн өгөхийг хариуцагч Л.Ганбаатарт даалгаж, хангаж буй нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан хариуцагч Л.Ганбаатарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын болон хариуцагч Л.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Л.Ганбаатараас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь зөв дүгнэж шийдвэрлээгүй, нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн “Ногоон Урлан” СӨХолбооны ээлжит хурлыг зохион байгуулсан хэсэг бүлэг хүмүүс 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар өөрсдийгөө удирдах зөвлөлийн даргаар сонгосон. Хуралд оролцсон гэх хүмүүс “Ногоон Урлан” СӨХолбооны гишүүд мөн болохыг бүрэн тогтоогоогүй, түүнийгээ нотолж чадахгүй байхад анхан шатны шүүхээс хуулийн дагуу зөв дүгнэлт өгч чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргасан.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Хулан, Д.Сайнбаяр, Ц.Өсөхбаяр, Ж.Түвшинжаргал, Б.Оюун-Эрдэнэ, Э.Туул, М.Борхарцага, Д.Гомбожав, П.Гантулга нар нь хариуцагч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 5 байр, 14 тоотод байрлах, "Ногоон урлан" Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх / болон тус СӨХ-ны захирал Л.Ганбаатарт холбогдуулан тус СӨХ-ны бүх гишүүдийн 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хурал , түүнээс  гарсан тогтоол, Удирдах зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчинтэйд тооцож,  СӨХ-ны санхүүгийн тайлан, тамга тэмдэг, хөрөнгө, холбогдох бусад бичиг баримтыг Удирдах зөвлөлд хүлээлгэн өгөхийг хариуцагч Л.Ганбаатарт даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, СӨХ-ны 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоол, Удирдах зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл дээрх нэр бүхий нэхэмжлэгч нар нь тухайн СӨХ-д харъяалагдах орон сууцны өмчлөгч эсэх нь тодорхойгүй, өмчлөгч болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дах хэсэгт “сууц өмчлөгч” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээд гэж, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт  орон сууцанд оршин суугаа өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэж заасныг шүүх анхаараагүй, нэхэмжлэгч нар нь хуулийн энэ заалтад хамаарах этгээд мөн эсэхийг тодруулаагүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нараас гаргасан нотлох баримт гэх бичлэгийг шүүх хуралдааны явцад шинжлэн судлаж, нэхэмжлэгч нар бичлэгт авагдсан үйл баримтын мэдээллээс иш татан мэтгэлцсэн, хариуцагч нь өөрийн гаргасан нотлох баримт болох бичлэгт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдээлэл байгаа гэсэн тайлбарыг тодруулаагүй, өөрөөр хэлбэл тухайн мэдээлэл бүхий бичлэгт үзлэг хийлгэх, шинжлэн судлуулах эсэхийг лавлаагүй нь буруу байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6. 1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ.” гэсэн заалтыг шүүх зохих журмын дагуу хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

Түүнчлэн шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулаагүй, нэхэмжлэгч нараас гаргасан баримтуудыг “хууль бус гэж үзэх баримт байхгүй...” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангасан нь учир дутагдалтай болжээ.

Хэрэгт авагдсан “оршин суугчдаас урьдчилан авсан санал” гэх бичмэл баримтад гарын үсэг зурсан хүмүүсийн нэр тус СӨХ-д бүртгэлтэй өмчлөгч нарын бүртгэлд байгаа нэрнээс өөр байхад тухайн баримтуудыг хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэлгүй шийдвэрийн үндэслэл болгосон нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан зөвтгөх боломжгүй, хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дах хэсэг, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/01417 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн өмгөөлөгчөөс 70 200 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         А.МӨНХЗУЛ

 

                         ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    М.НАРАНЦЭЦЭГ