| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2018/00774/и |
| Дугаар | 1225 |
| Огноо | 2018-04-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 1225
| 2018 оны 04 сарын 06 өдөр | Дугаар 101/ШШ2018/01225 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: "М" ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.М /-д холбогдох,
Бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 47,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь гадаадаас импортоор хүнсний болон гоо сайхны бараа оруулж ирж, сүлжээ дэлгүүр болон хувийн бизнес эрхлэгч нарт борлуулдаг. Энэ чиглэлийн дагуу иргэн Ц.М д 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл, нийт 21 удаагийн нийлүүлэлтээр 60,920,500 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Хариуцагч нь үүнийг ганцхан хугацаа нь дуусах дөхсөн, тунадас үүссэн Большая кружка пивыг нийлүүлсэн гэдэг. Гэтэл 60,000,000 төгрөгийн нийлүүлсэн бараа дотор зөвхөн Большая кружка гэдэг пиво байгаагүй. Ганцхан барааны хугацаа дууссан асуудал яриад байгаа нь үндэслэлгүй юм. Иргэн Ц.М нь Шаргалжуут гэдэг дэлгүүрийг хариуцаж ажиллуулдаг бөгөөд Ц.М гэж хүнтэй л “М” ХХК харилцаж явсан. Шаргалжуут гэдэг дэлгүүртэй харилцаж яваагүй. “М” ХХК-ийн талаас борлуулагчаар н.Г хариуцаж явсан. Шаргалжуут дэлгүүр нь “И” ХХК-ийн харьяалалд байдаг дэлгүүр юм байна лээ. Гэхдээ Ц.М “И” ХХК-ийг төлөөлж харилцаж яваагүй, иргэн Ц.М бараа хүлээж авч, гарын үсэг зурсан байдаг тул хариуцагчаар Ц.М г татсан. Хүлээж авсан барааны төлбөрөөс хэсэгчлэн төлж байгаад нийтдээ 21 удаагийн төлөлт хийсэн. Хамгийн сүүлд 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 49,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Сүүлд 2,000,000 төгрөг нэмж хийсэн байдаг. Ингээд он гарснаас хойш хүлээж авсан барааны төлөлт хийгээгүй. Ц.М гээс төлбөрийн үлдэгдлийг удаа дараа шаардсан боловч янз бүрийн шалтаг тоочиж төлөхгүй өдийг хүрсэн. Манай бараа бүтээгдэхүүнийг бөөний үнээр хүлээж аваад цааш нь жижиглэнгийн үнээр зарж борлуулаад тэндээсээ ашгаа олоод явах үүрэг байсан. Тэрнээс биш үнэ төлбөргүй харилцаа байгаагүй. Жишээ нь Большая кружка пивоны 4,200 төгрөг гэдэг нь бөөний үнэ. Тэгэхээр 1 пивоны 1000 орчим төгрөгийг унагааж ашиг олдог. Урамшууллын 5,000,000 төгрөг гэдэг зүйл огт хийгдээгүй. Хийгдсэн талаар баримт ч байхгүй. н.Г нь “М” ХХК-ийн төлөөлөгч боловч дур мэдэж харилцагчидтай амаараа ярьсан байхыг үгүйсгэхгүй. Борлуулагч тэгж хэллээ гээд урамшуулал олгочих шийдвэр гарсан гэсэн үг биш. Гэтэл н.Г 5,000,000 төгрөгийн урамшуулал өгнө гэж хэлсэн нь ч тодорхойгүй. Бартераар төлнө гэж тохирсон юм уу гэж асуухад тухайн үед бартераар төлж болох юм гэж яригдаж байсан. Энэ талаар удирдлагууд тухайн үеийн нөхцөл байдлаас шийдье гэснийг 100 хувь бараа солилцоогоор төлөх юм шиг яриад байна. Тийм зүйл болоогүй. Иймд Ц.М гээс бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 47,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 10 дугаар сарын сүүл 11 дүгээр сарын эхээр “М” ХХК-ийн борлуулагч н.Г гэдэг хүн Ц.М гээс гуйж өөрийнх нь эрхлэн ажиллуулдаг Шаргалжуут дэлгүүрээр хүнсний бүтээгдэхүүн болон Большая кружка пивыг зарж борлуулсан. Ингээд 127,000,000 төгрөгийн бараа хүлээж авч зарж борлуулаад 80,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн байдаг. Ингэж анх борлуулаад өгөөч гэж гуйхдаа борлуулалтын хөлсийг бараагаар солилцъё, оронд нь архи өгье гэж тохиролцсон. Эхний мөнгөнөөсөө бараагаа өгье гэхэд манайх татвараа төлөхөөр боллоо бэлэн мөнгөний хэрэг байна. Эхний ээлжинд бэлэн мөнгө өгөөч гэдэг гуйлтаар нь мөнгөөр нь өгөөд байсан. Барааны хувьд ер нь хугацаа дуусах дөхсөн, тунадас үүссэн, сезон нь өнгөрсөн бараа байсан. Хөдөөний дэлгүүрийн хүмүүс бараа авахад нь хүртэл пиво гуйж заруулдаг байсан. Нэг хөдөөний залууд эгч нь чамд телевизор авч өгье энийг зараад өгөөч гэж хүртэл хэлж байсан. Тэгээд зарж дуусгаад 80,000,000 төгрөгийг бэлнээр цувуулж төлсөн. Үлдэгдэл 47,000,000 төгрөгийг архиар төлье, цагаан сар ч болох гэж байна, танайд ч алдагдалгүй гээд Зүүнхараагийн цэвэр улаан буудайгаар хийдэг, гологдохооргүй, мэргэжлийн хяналтаар орсон бүтээгдэхүүн байдаг юм гээд өгөх гэхэд татгалзсан. Тэр үед н.Г ажлаас гарсан байсан. Мөн таныг борлуулаад өгсөн урамшуулал болгоод 5,000,000 төгрөгийг хасч тооцно гэсэн учраас хэлсэн амандаа хүрээч гэж хүсдэг юм. Тухайн үед н.Гаттулга гэдэг хүний өөрийнх нь бичиж өгсөн тайлбар дээр “Дарга, удирдлагын хурлаар ороод бартераар солилцож болно гээд зөвшөөрөөд гэж хэлж байсан. Тэрнээс биш удирдлага зөвшөөрөөгүй байхад би тийм зөвшөөрөл олгохгүй: гэж ярьж байсан. Төлбөрийн үлдэгдлийг төлөхгүй гэдэггүй. Эвлэрэх саналыг хэлсэн. Манай дэлгүүр жижиг дэлгүүр тул борлуулалт муутай, сард сая төгрөг бэлэн мөнгөөр төлье. Мөн урамшууллын 5,000,000 төгрөгөө хасаад өгөөч. Тэгвэл бэлэн мөнгөөр төлье гэж байгаа” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Ц.М д холбогдуулан бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 47,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч Ц.М нь 47,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх боловч тохиролцсоны дагуу бараа солилцоогоор төлбөрийг барагдуулна гэх тайлбарыг гарган маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.М д 2016 оны 11 сарын 18-ны өдрөөс 2017 оны 01 сарын 12-ны өдөр хүртэл нийт 21 удаагийн нийлүүлэлтээр 60,920,500 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн, хариуцагч нь бараа бүтээгдэхүүний төлбөрийг нэхэмжлэгчид төлж байсан болох нь хэрэгт авагдсан зарлагын падаан, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй. /хх-25-26, 27-37/
Талуудын тохиролцооноос үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэстэй, талууд хүсэл зоригоо илэрхийлж, нэхэмжлэгч бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, хариуцагч бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч, төлбөрийг төлж байсан харилцаа явагдсан байх тул тэдний хооронд гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Ц.М гээс нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийг шаардах эрхтэй.
“М” ХХК-ийн худалдааны төлөөлөгч болон “И” ХХК-ийн Шаргалжуут дэлгүүрийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг Ц.М нар нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний тооцоо нийлж, Ц.М гийн авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 47,000,000 төгрөг байгааг баталгаажуулж 0000278 дугаартай “Тооцооны үлдэгдлийн баталгаа” үйлджээ. Энэ талаар зохигчид маргаагүй. Хариуцагч Ц.М нь тус баримтад “И” ХХК-ийн Шаргалжуут дэлгүүр” гэж бичсэн нь “И” ХХК-д хамааралгүй, “М” ХХК-аас бараа бүтээгдэхүүнийг иргэн Ц.М гийн хувьд авсан учраас тооцооны үлдэгдлийн баталгааг өөрөө хийсэн гэж мэдүүлсэн. /хх-24/
Хариуцагч Ц.М нь бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 47,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй болохоо хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд төлбөрийг төлөөгүй байгаа талаар маргаагүй.
Хариуцагч нь “М” ХХК-ийн худалдааны төлөөлөгчийн гуйлтын дагуу бараа бүтээгдэхүүн авч, төлбөрийг бараа солилцоогоор хийхээр тохирсон, бараа борлуулсны урамшуулалд 5,000,000 төгрөгийг хасч тооцохоор тохиролцсон гэх тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.
Зохигчдын хооронд бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог бараа солилцоогоор хийх, бараа бүтээгдэхүүн борлуулсны урамшуулалд 5,000,000 төгрөгийг хариуцагчид өгөхөөр тохиролцоо хийгдсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ц.М гээс бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 47,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.М гээс бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 47,000,000 /дөчин долоон сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.М гээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 392,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР