Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/731

 

  

 

 

 

 

 

 

2022              07            06                                    2022/ШЦТ/731

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч Б.Уранбайгаль,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц, түүний өмгөөлөгч Г.Даваахүү,

шүүгдэгч С.Б нарыг оролцуулан эрүүгийн 2203000000302 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт С-ийн Б /регистрийн дугаар /, 1964 оны 6 дугаар сарын 05-ний өдөр Архангай аймагт төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, группт байдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

С.Б нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 08 цаг 47 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо арьсны өвчин судлалын эмнэлгийн баруун урд талын замд Тоёота приус маркийн 65-63 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Х-ыг /15 настай, эрэгтэй/ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокуророос С.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, насанд хүрээгүй хохирогч Т.Х-ын мэдүүлэг, шүүгдэгч С.Б-гийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч С.Б нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 08 цаг 47 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо арьсны өвчин судлалын эмнэлгийн баруун урд талын замд Тоёота приус маркийн 65-63 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Х-ыг /15 настай, эрэгтэй/ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч С.Б нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Т.Х-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлсэн: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.. гэв.

-шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…1-р эгнээгээр явж байтал явган хүний гарцын хажууд хүүхэд зогсож байсан. Тэгээд би тухайн үед тухайн хүүхдийг намайг өнгөрүүлэх гэж байна гэж бодоод чигээрээ явтал тухайн хүүхэд гэнэт урагшаа алхаад машин баруун урд талын дугуйнд хөл нь дайрагдчихсан. Тэгээд хүүхдийн ээж рүү утсаар яриад гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...Би тухайн хүүхдийг харсан намайг харахад гарц дээр зогсож байсан. ...Би явган зорчигчийн эмчилгээнд одоогоор 200.000 орчим мянган төгрөг төлсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 74-75/,

- шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц мэдүүлсэн: “...Манай хүүхэд над руу залгаад намайг нэг машин мөргөчихсөн. “20.000 төгрөг өгөөд явчихаж болох уу” гэж байна гэж надад хэлсэн. Тухайн үед С.Б биш би өөрөө эмнэлэг дуудсан. Гэмтлийн эмнэлэг рүү явж зураг, оношилгоо хийлгэсэн. Дараагийн удаад хөл өвдөөд байна гээд дахиад эмнэлэгт үзүүлсэн. Дахиад үзэхэд миний хүүхдийн 4 хуруу нь гэмтэл, хугаралтай байсан. Одоо хохирогчийн бие нь гишгэх боломжгүй, хөл нь хөх эрээн хавагнасан байдалтай, халуурч, сэтгэл санааны байдал нь муу байна. 6 дугаар сарын 15-ны өдрөөс хойш бидэнтэй холбогдоогүй. Шүүгдэгчтэй хамт 3 удаа хамт явахад 2 удаагийн тохиолдолд нь манай хүүхдийг загнасан байсан. Э.Б  нь нэг ч удаа уучлалт гүйж байгаагүй. Миний хүүхэд эрүүгийн хурал болох юм бол намайг дайрсан ахыг битгий хориулаарай гэж хэлж байсан. Яг гол эмчилгээнүүд нь одоо л эхлэх гэж байна. Сэргээн засах эмчилгээнд заавал явуулах ёстой гэж эмч хэлсэн. Би эх хүний хувьд хүүхдийнхээ цаашдын эрүүл мэндэд үнэхээр санаа зовж байна. Гомдолтой байна... гэв.

-насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр... 08 цаг 47 минутын үед манай хүү залгаад ээжээ би машинд дайруулчихлаа гэж хэлсэн. Манай хүү Т.Х-ын биед ослын улмаас зүүн хөлийн өлмий хэсгийн 2-р яс хугарсан... Жолооч манай хүүхдийн эмчилгээнд одоогоор 3 төрлийн 40 орчим мянган төгрөгийн эм авч өгсөн. Сүүлд хоёр эм авч өгсөн. Үнийг нь мэдэхгүй байна. Би гомдолтой байгаа. ...Цаашид хүүхдийн эрүүл мэнд болон эрсдэл гарвал цаг тухайд нь нэхэмжлэл гаргана. Эрүүл саруул болох хүртэлх эмчилгээг нэхэмжилнэ..." гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/,

- насанд хүрээгүй хохирогч Т.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Арьсны өвчин судлалын эмнэлгийн урд талд байдаг замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явган хүний гарцаар зам хөндлөн гарах гээд зогсож байтал зорчих хэсгийн баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан цагаан өнгийн 65-63 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний зүүн хөлийн өлмий дээгүүр машиныхаа баруун урд талын дугуйгаараа дайраад би газар унасан... Би тухайн үед явган хүний гарцаар зам хөндлөн гарах гэж байсан. Жолооч намайг харсан. Надад зам тавьж өгөөгүй. ...Миний биед ослын улмаас зүүн хөлийн өлмий хэсгийн 2-р яс хугарсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/,

-Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №7396 тоот актын “…Т.Х-ын биед зүүн хөлийн өлмийн 2-р ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...Дээрхи гэмтэл нь шинэ гэмтэл байна...“ гэх дүгнэлт /хх-н 32-33/,

Материалаар гаргасан шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний 2022 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн №528 дугаартай тоот актын “...Т.Х-ын биед өлмий 1-р ясны цууралт, өлмий 2,3,4-р шивнүүрийн далд хугарал, ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. ...Уг гэмтэл нь тээврийн хэрэгсэл хөл дээгүүр гарах үед үүсэх боломжтой. 5. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмлтийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт/хх-н 39-40/,

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 588 дугаартай магадалгаа /хх-н 54-55/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 08 цаг 47 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо арьсны өвчин судлалын эмнэлгийн баруун урд талын замд Тоёота приус маркийн 65-63 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Х-ыг /15 настай, эрэгтэй/ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч С.Б-гийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч С.Б-д 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч С.Б нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгчийг хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч Б овогт С-гийн Б-г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан С.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5. Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай

 

6. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР