Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 1400

 

 

 

 

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2018/01400

Улаанбаатар хот

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

     Нэхэмжлэгч: “М” ХХК /-ийн нэхэмжлэлтэй,

 

     Хариуцагч: “М д” ХХК /-д холбогдох,

 

Талуудын хооронд байгуулсан 192-2315 дугаартай “Евро блок худалдах, худалдан авах гэрээ”-г цуцалж, үлдэгдэл төлбөр 30,733,300 төгрөг, алданги 15,366,650 төгрөг, нийт 46,099,950 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

    

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал  нар оролцов.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Манай компани 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “М д” ХХК-тай 192-2315 дугаартай Евро блок худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр худалдагч буюу “М” ХХК нь өөрийн хийт бетоны үйлдвэрт үйлдвэрлэгдсэн нийт 850 м3 евро блокийг нийлүүлэх, худалдан авагч буюу “М д” ХХК нь 1 м3 евро блокийг 143,500 төгрөгөөр, нийт 121,975,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Үүний дагуу манай компани 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд гэрээнд заасан хуваарийн дагуу нийт 100,862,100 төгрөгийн үнэ бүхий 732,6 м3 евро блокийг худалдан авагчид нийлүүлсэн. Гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу худалдан авагч нь нийлүүлэлт хийгдэхээс өмнө захиалсан бүтээгдэхүүнийхээ үнийг тухай бүр урьдчилан төлөхөөр гэрээнд заасан боловч “М д” ХХК-аас 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 3 удаагийн гүйцэтгэлээр 70,128,800 төгрөгийг төлсөн. Харин манай компани худалдан авагчаас худалдан авсан бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 30,733,300 төгрөгийг яаралтай шилжүүлэхийг удаа дараа амаар болон албан бичгээр шаардсан боловч хариуцагч тал өнөөдрийг хүртэл төлөөгүй, төлбөрийг барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна. Талууд гэрээнд гэрээний үнийг урьдчилан төлөхөөр тохиролцсон учраас худалдагчаас бүтээгдэхүүнийг нийлүүлэх хүртэл хугацаанд худалдан авагч нь төлбөр төлөх үүрэгтэй байсан юм. Энэ талаар гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т “Худалдан авагч нь худалдагчтай хавсралтаар тохиролцсон хугацаанд гэрээний үнийг төлж барагдуулаагүй бол ийнхүү хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлнө гэж заасан. Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар “М д” ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 30,733,300 төгрөгийн 50 хувь буюу нийт 15,366,650 төгрөгийн алдангийг манай компани шаардах эрхтэй байна. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйл, талуудын хооронд байгуулсан 192-2315 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д тус тус заасныг үндэслэн “М д” ХХК-тай байгуулсан 192-2315 тоот “Евро блок худалдах, худалдан авах гэрээ”-г цуцалж, үлдэгдэл төлбөр болох 30,733,300 төгрөг, алданги 15,366,650 төгрөг, нийт 46,099,950 төгрөгийг “М д” ХХК-аас гаргуулан манай компанид олгож өгнө үү” гэв.

           

            Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “Манай компани блок авсан нь үнэн, тооцоо нийлээд 30,733,300 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Төлбөрийг төлөх ёстой боловч компанийн санхүүгийн асуудлаас болоод төлөөгүй байгаа. Алдангийг багасгах асуудлаар нэхэмжлэгчтэй ярих гэсэн боловч нэхэмжлэгчийн төлөөлөгчид эвлэрэх эрх олгогдоогүй болохоор боломж байхгүй юм байна. Үлдэгдэл төлбөрөө төлнө” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “М д” ХХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулсан 192-2315 дугаартай “Евро блок худалдах, худалдан авах гэрээ”-г цуцалж, үлдэгдэл төлбөр 30,733,300 төгрөг, алданги 15,366,650 төгрөг, нийт 46,099,950 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч нь худалдан авсан блокны үлдэгдэл төлбөр 30,733,300 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алдангийн хэмжээг багасгуулах тайлбарыг гаргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Хэргийн үйл баримтаар “М д” ХХК нь “М” ХХК-аас 2015 оны 07 сарын 29-ний өдрөөс 2015 оны 08 сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 100,862,100 төгрөгийн үнэ бүхий 732,6 м3 евро блок худалдан авч, 2015 оны 07 сарын 28-ны өдөр 3,616,200 төгрөг, 2015 оны 08 сарын 04-ний өдөр 28,929,600 төгрөг, 2015 оны 08 сарын 22-ны өдөр 2,583,000 төгрөг, 2015 оны 09  сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөг, 2015 оны 11 сарын 11-ний өдөр 15,000,000 төгрөг, нийт 70,128,800 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна. /хх-12-13/

 

Зохигчдын хооронд 2015 оны 07 сарын 28-ны өдрөөс 2015 оны 08 сарын 26-ны өдрийг хүртэл төлбөр шилжүүлсэн, блок нийлүүлсэн харилцаа үүссэн байх бөгөөд талуудын тохиролцооноос үзэхэд тэдний хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Дээр дурдсан хугацаанд талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй байх боловч худалдах, худалдан авах гэрээг байгуулахад хэлбэрийн талаар тусгайлсан зохицуулалт байхгүй тул талууд гэрээг амаар байгуулсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “М д” ХХК-аас нийлүүлсэн евро блокны төлбөрийг шаардах эрхтэй.

 

Зохигчид 2016 оны 11 сарын 09-ний өдөр тооцоо нийлж, “М д” ХХК-ийн авсан евро блокны төлбөрийн үлдэгдэл 30,733,300 төгрөг болохыг баталгаажуулж “Тооцооны үлдэгдлийн баталгаа” үйлджээ. Энэ талаар зохигчид маргаагүй. /хх-14/

 

Хариуцагч “М д” ХХК нь евро блокны төлбөрийн үлдэгдэл 30,733,300 төгрөгийг төлөх үүрэгтэй болохоо хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд төлбөрийг төлөөгүй байгаа талаар маргаагүй.

 

“М” ХХК, “М д” ХХК нь 2015 оны 08 сарын 31-ний өдөр 192-2315 дугаартай “Евро блок худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр худалдагч буюу  “Монголын алт” ХХК нь 850 м3 евро блокийг нийлүүлэх, худалдан авагч буюу “М д” ХХК нь 1 м3 евро блокийг 143,500 төгрөгөөр, нийт 121,975,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцжээ. /хх-7-9/ Талууд гэрээг байгуулахаас өмнө буюу 2015 оны 07 сарын 29-ний өдрөөс 2015 оны 08 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд талуудын хооронд евро блок худалдсан, худалдан авсан асуудлаар гэрээг нөхөн хийсэн болох нь, уг гэрээний дагуу евро блок худалдаж, худалдан аваагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд 2015 оны 08 сарын 31-ний өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан байх боловч 192-2315 дугаартай “Евро блок худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу “М” ХХК нь “М д” ХХК-д евро блок худалдаагүй байх тул уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхгүй.

 

Зохигчид анз тогтоосон гэрээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т  зааснаар бичгээр байгуулж, нэхэмжлэгч нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх үндэстэй гэж алданги 15,366,650 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн байх боловч 2015 оны 08 сарын 31-ний өдөр байгуулсан 192-2315 дугаартай “Евро блок худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу евро блок худалдах, худалдан авах харилцаа талуудын хооронд үүсээгүй тул алданги 15,366,650 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “М д” ХХК-аас  евро блокны төлбөрийн үлдэгдэл 30,733,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 15,366,650 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх  дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “М д” ХХК-аас евро блокны төлбөрийн үлдэгдэл 30,733,300 /гучин сая долоон зуун гучин гурван мянга гурван зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 15,366,650 /арван таван сая гурван зуун жаран зургаан мянга зургаан зуун тавин/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М д” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 311,616.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР