| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/02517/и |
| Дугаар | 1459 |
| Огноо | 2018-04-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 1459
| 2018 оны 04 сарын 27 өдөр | Дугаар 101/ШШ2018/01459 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Д.Ганболд, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Н -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.Э/,
Хариуцагч: С.Х/ нарт холбогдох,
Автомашинд гэмтэл учруулснаар гарсан хохирол болох 8,061,063 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С, хариуцагч А.Э , хариуцагчийн өмгөөлөгч З.Г, иргэдийн төлөөлөгч Б.Батдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Г.Н гийн өмчлөлийн ******* ******* улсын дугаартай Форд Эксплорер маркийн суудлын автомашиныг хүүгийн минь найз С.Х 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шөнийн 2 цагийн үед унаж явж байхад нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Түшиг центрийн урд ******* ******* улсын дугаартай Тоёота Приус маркийн машин зогсоолоос ухрах замдаа мөргөсөн. Тухайн тохиолдолд Замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар Тоёота Приус маркийн автомашины жолооч А.Э ыг буруутай болохыг тогтоосон байдаг. Гэтэл гэм буруутай тал миний эд хөрөнгөнд учруулсан хохирлоо өнөөдрийг хүртэл барагдуулахгүй байгаа төдийгүй энэ ослоос болж надад учирсан бусад хохирлыг ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Форд Эксплорер маркийн автомашинд учирсан гэмтлийг “Вагнер Ази автоматив” ХХК-ийн гэмтлийн үнэлгээнд оруулахад 7,461,063 төгрөг болсон ба энэ үнэлгээ нь зөвхөн машинд тавих сэлбэгийн үнэ бөгөөд будаг, үйлчилгээний хөлс ороогүй болно. Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн газраас захиалан “Ашид билгүүн” ХХК-аар үнэлгээ хийлгэсэн байх ба 3,961,430 төгрөгний хохирлын үнэлгээ гарсан ба энэ үнэлгээ үнэн зөв гэхэд маш их эргэлзээтэй, машинд учирсан бодит хохирлыг дутуу тооцсон байна. Өмчлөгч миний зүгээс хохирол учрахаас өмнө миний машин ямар байсан, тэр л хэвэнд оруулах шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд би тухайн машиныг “Вагнер Ази автоматив” ХХК-аас худалдаж авч байсан ба авто техникийн талдаа чанартай, найдвартай авто машин, сэлбэг хэрэгсэл оруулж ирдэг төдийгүй, чанарын өндөр баталгаа өгдөг. “Вагнер Ази автоматив” ХХК-аар хохирлын үнэлгээг үнэлүүлэхэд 4,763,060 төгрөг нь зөвхөн будаг засвар замаск ороогүй байгаа гэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин шинжээч томилсон. Шинжээчээр томилогдсон “Бэсгэ” ХХК-ийн дүгнэлтээр дээрх үнийн дүн 9,537,550 төгрөг болж өссөн байдаг. Энд мөн адил зөвхөн эвдэрч гэмтсэн сэлбэг хэрэгслийн үнэ огт ороогүй үнийн дүн байгаа. Нэхэмжлэгч автомашинаа өнөөдрийг хүртэл бүрэн засварлаагүй байгаа. Мөн дээрх үйл явдлаас болж учирсан хохирол гараашид 4 сарын турш 150,000 төгрөгөөр тавьсан зардал болох 600,000 төгрөгийг гаргуулахыг хүсэж байна. Иймд нийт 8,061,063 төгрөгийг Иргэний хуулийн 499.1, 510.1-д зааснаар хариуцагчаас гаргуулж өгнө үү. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар А.Э , С.Х нараас хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжилсэн. Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн журмаар бүрдүүлсэн материалаас үзэхэд автомашинд хохирол учруулсан гол буруутан нь хариуцагч А.Э байх тул хохирол 8,061,063 төгрөгийг түүнээс гаргуулахаар нэхэмжилж байна. С.Х нь автомашинд учруулсан хохирлыг хариуцах этгээд биш байх тул С.Х ийг хариуцагчаар татсанаас татгалзаж байна. Иймд хохирол 8,061,063 төгрөгийг хариуцагч А.Э аас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч С.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“С.Х миний бие нэхэмжлэгч Г.Н гийн хүү болох Б.М тэй найз нөхдийн холбоотой билээ. 2016 оны 10 сарын 07-ны өдөр Б.М тэй уулзаж түүний ээж Г.Н гийн Форд Эксплорер маркийн суудлын автомашиныг нь барьж, хот дотор цэцэг хүргэлтийн ажлаар явж байсан. Ажлаа дуусгаад Б.М ийн гуйлтаар би түүнтэй цуг хүнсний 50 дугаар дэлгүүрийн ойролцоо Хоме гэх бааранд суухаар болж Б.М пиво авч уусан. Тэр үед Б.М буцахдаа дуудлагын жолооч дуудаж машинаа бариулах болохоор санаа зоволтгүй пиво авч уу гэсэн боловч би уухгүй гэдгээ хэлсэн. Б.М пиво ууж согтсон болохоор би машин барихаар болсон. Б.М ийн найз Маралмаа гэх эмэгтэйг хорооллоос авчрахаар болж автомашиныг жолоодон явах үед ******* ******* улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашин зогсоолоос ухарч мөргөсөн нь хариуцагч А.Э байсан. Энэ хэрэг явдлыг Замын цагдаагийн газраас ирж шалгаад хариуцагч А.Э буруутай болохыг тогтоосон Прокурорын тогтоол гаргасан. Мөн тухайн хэргийн газарт цагдаагаас үзлэг хийж нэхэмжлэгчийн машиныг “Ашид билгүүн” үнэлгээний компаниас 3,961,430 төгрөгний хохирол гарсаныг тогтоосон ба энэ үнэлгээний газраар үнэлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг би төлсөн. Нэхэмжлэгч Г.Н гийн автомашинд хохирол учруулсан этгээд би биш бөгөөд энэ хэрэгт хариуцагчаар татагдах үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн автомашиныг мөргөж гэмтэл учруулсан ******* ******* улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашины эзэмшигч хохирлыг хариуцах ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Хариуцагч А.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“2016 оны 10 дугаар сарын 8-9-нд шилжих шөнө 02 цагийн үед миний бие өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн автомашинаа Түшиг төвийн гадаах автомашины зогсоолоос хөдлөөд замын зорчих хэсэг рүү ортол араас ******* ******* улсын дугаартай Форд Эксплорер маркийн автомашин ирээд маш хүчтэй мөргөсөн. Тухайн үед хэргийн газар хэмжилт хийсэн бүдүүвч зургаас харахад миний зорчиж байсан А цэгээс Б цэг хүртэл 9 метр чирэгдсэн мөр байдаг. Үүнээс үзэхэд маш хурдтай ирж миний машины араас мөргөсөн. Тухайн үед дан ганц миний буруугаас болж зам тээврийн осол гараагүй, Форд Эксплорер маркийн автомашиныг жолоодож явсан С.Х нүдний хараа муутай, нүдний хагалгаанд орох гэж байсан атлаа шөнийн цагаар автомашин жолоодож явсан, нөгөөтэйгүүр жолооч хөдөлгөөнд аюул саад учирмагц автомашиныг зогсоох арга хэмжээ авна, замын нөхцөл байдалд тохируулж автомашины хурдыг тохируулж яваагүйгээс осол гарсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ А.Э ыг буруутай болохыг тогтоосон гэж бичсэн нь буруу юм. Гэм буруутай эсэхийг шүүх тогтоодог, уг осолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоол гарсан. Уг тогтоол нь гэм бурууг тогтоосон хуульд заасан хүчин төгөлдөр шийтгэх, цагаатгах тогтоол биш юм. Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй, үүнээс бусад тохиолдолд нотлох шаардлагатай байдаг. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилогдоод дүгнэлт гарсан. Гэхдээ энэ дүгнэлт хөдөлбөргүй нотлох баримт биш гэж үзэж байгаа. Урьдаас хөдөлбөргүй нотлох баримт гэж байх ёсгүй. “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-ийн үнэлгээний талаар өмнөх хурал дээр албан ёсны үнэлгээний байгууллага биш учраас үүнийг үндэслэх боломжгүй гэдгээ хэлж байсан. Гэхдээ хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Тиймээс “Бэсгэ” ХХК-ийн шинжилгээний дүгнэлт дээр гарсан мөнгөн дүн дээр гараашийн төлбөрийг нэмж өгөөд эвлэрэх санал гаргахад эвлэрэхгүй гэсэн” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч С.Х , А.Э нарт холбогдуулан автомашинд учирсан хохирол 7,461,063 төгрөг, автомашины гараашийн төлбөр 600,000 төгрөг, нийт 8,061,063 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч С.Х ийг хариуцагчаар татсан шаардлагаас татгалзаж, хохирол 8,061,063 төгрөгийг хариуцагч А.Э аас бүхэлд нь гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч А.Э нь авто ослын гэм буруугийн асуудалд буруутай гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж байгаа боловч нэхэмжлэгчийн автомашины хохирлыг үнэлсэн “Бэсгэ” ХХК-ийн үнэлгээ 4,656,078 төгрөг, автомашины гараашийн төлбөр 600,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч эвлэрэх санал гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2016 оны 10 сарын 08-ны өдөр ******* ******* улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг жолоодож явсан хариуцагч А.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, 2.1 “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна. а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” гэсэн заалтыг зөрчиж С.Х ийн жолоодож явсан нэхэмжлэгч Г.Н гийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай Форд Эксплорер маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан нь Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам орчны байдал, 2016 оны 10 сарын 14-ний өдрийн 459 дугаар Шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх- 6-9/
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор уг зам тээврийн ослыг шалгаж, 2016 оны 11 сарын 07-ны өдрийн 3061 дугаар прокурорын тогтоолоор “...Дээрх зам тээврийн ослын улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлын хэмжээ, шинж чанар нь эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй...” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ. /хх-13/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Э нь зам тээврийн ослын гэм буруугийн асуудлаар дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн захирамжаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн албыг бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулахаар томилсон. Замын цагдаагийн албаны 2018 оны 04 сарын 03-ны өдрийн 203 дугаар Шинжээчийн дүгнэлтээр “1.Тоёота Приус маркийн ******* ******* улсын дугаартай автомашины жолооч А.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна. а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, 7.17 “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Форд Эксплорер маркийн ******* ******* улсын дугаартай автомашины жолооч С.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна” гэжээ. /хх-174/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд уг зам тээврийн осол нь хариуцагч А.Э ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1, 7.17-д заасан заалтыг зөрчсөнтэй холбоотой болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Г.Н гийн тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Дээрх зам тээврийн ослыг цагдаагийн байгууллага шалгах явцад нэхэмжлэгч Г.Н гийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай Форд Эксплорер маркийн автомашинд учирсан хохирлыг “Ашид билгүүн” ХХК нийт 3,961,430 төгрөг гэж үнэлжээ. /хх-12/
Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн автомашинд зам тээврийн ослын улмаас учирсан гэмтлийг “Вагнер Ази автоматив” ХХК-аар үнэлүүлэхэд 7,461,063 төгрөг болсон ба энэ үнэлгээнд автомашинд тавих сэлбэгийн үнэ орсон, будаг, үйлчилгээний хөлс ороогүй гэх тайлбарыг гаргаж уг үнэлгээний дагуу автомашинд учирсан хохирол 7,461,063 төгрөгийг хариуцагч А.Э аас гаргуулахаар нэхэмжилсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хохирлын үнэлгээг тогтоолгохоор дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаж, тус шүүхийн шүүгчийн захирамжаар ******* ******* улсын дугаартай Форд Эксплорер маркийн автомашинд авто ослын улмаас учирсан хохирлын үнэлгээ хийж дүгнэлт гаргах шинжээчээр “Бэсгэ” ХХК-ийг томилсон бөгөөд 2017 оны 11 сарын 25-ны өдрийн 17/15 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр ******* ******* улсын дугаартай Форд Эксплорер маркийн автомашинд учирсан эвдрэл гэмтлийг засах шууд, шууд бус зардлын нийт дүнг 4,656,078 төгрөг гэж үнэлж, үнэлгээний ажлын хөлс 451,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэхийг шүүхэд ирүүлсэн. /хх-115-126/
Уг дүгнэлтийг зохигчид эс зөвшөөрч маргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт гаргаагүй тул уг үнэлгээг үндэслэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь авто ослын улмаас ******* ******* улсын дугаартай Форд Эксплорер маркийн автомашиныг дулаан гараашид 4 сар байрлуулсан гараашийн төлбөр 600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг гаргасан тул уг төлбөрийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч А.Э аас автомашинд учирсан хохирол 4,656,078 төгрөг, автомашины гараашийн төлбөр 600,000 төгрөг, нийт 5,256,078 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Н д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,804,985 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Н гаас түүний эзэмшлийн ******* ******* улсын дугаартай Форд Эксплорер маркийн автомашинд авто ослын улмаас учирсан хохирлыг үнэлсэн үнэлгээний ажлын хөлс 451,000 төгрөгийг гаргуулж “Бэсгэ” ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч А.Э аас 5,256,078 /таван сая хоёр зуун тавин зургаан мянга далан найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Н д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,804,985 /хоёр сая найман зуун дөрвөн мянга есөн зуун наян таван/ төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч С.Х т холбогдох иргэний хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,927 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Э аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 58,324.77 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Н д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Н гаас үнэлгээний ажлын хөлс 451,000 төгрөгийг гаргуулж “Бэсгэ” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР
ШҮҮГЧ Д.ГАНБОЛД
Б.МАНДАЛБАЯР