| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2018/00174/И |
| Дугаар | 153/ШШ2018/00175 |
| Огноо | 2018-04-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 153/ШШ2018/00175
| 2018 оны 04 сарын 06 өдөр | Дугаар 153/ШШ2018/00175 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Н.Б-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Хүсэлт гаргагч Н.Б нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчин, үхэрчнээр ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл миний ажиллаж байсан үеийн архивын лавлагаа дутуу гарч ирээд хохироход хүрээд байна. Иймд намайг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Н.Б нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Н.Б нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 601 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадын 1991 оноос 1993 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
-Хүсэлт гаргагч Н.Б-ийн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
- Хүсэлт гаргагч Н.Б-ийн 1978 онд цэргийн албанд татагдаж, 1981 онд халагдсан тухай бичилттэй цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 153/ШШ2018/00053 дугаартай шийдвэр,
- Хүсэлт гаргагч Н.Б-ийн 0723056 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч Г.Нямсүрэнгийн ....Би 1964 оноос Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1992 оныг хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байсан. Н.Б нь 1981 оноос 1993 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Н.Бямба-Очирын аавыг нь Нямбуу, ээжийг нь Жимбаа гэдэг байсан. Бид хамтдаа олон жил айл хөрш, нэг нутаг ус, нэг баригадад мал маллаж явсан. Нэгнээ сайн таних найз нөхдүүд байгаа юм. Бид хамтдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байгаа хүний хувьд Н.Б-ын ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна... гэх гэрчийн мэдүүлэг,
-Гэрч С.Ширчингийн ...1968 онд төрсөн. 1976 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1984 онд 8 дугаар ангиа төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр малчин болж байсан. Ингээд 1984 оны 06 дугаар сард Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байгаад 1987 онд цэргийн албанд татагдаж, 1989 онд цэргээс халагдсан. Түүнээс хойш 1998 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад суманд малчнаар ажиллаж байсан. Н.Б нь намайг нэгдлийн гишүүн болж малчнаар ажиллаж эхлэхэд Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байсан. Түүнээс өмнө ч бас ажиллаж байсан. Бид хамтдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байгаа хүний хувьд Н.Б-ын ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Н.Б-ын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Мөөнө овогт Н.Б-ыг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Н.Б-ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ