Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/480

 

 

 

 

 

 

 

 

   2022          06           15                                    2022/ШЦТ/480

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган, 

улсын яллагч М.Анхбаяр,

хохирогч Н.Мө,

шүүгдэгч Г.Бя түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************* холбогдох эрүүгийн 2205000001127 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа урт цагаан үйлчилгээний төвд алт мөнгөний дархан ажилтай гэх, ам бүл 1, **************** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *******************

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Бя нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 03-р сарын 08-09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12-р хорооны  нутаг дэвсгэрт байрлах “Нарлаг” зочид буудлын 214 тоот өрөөнд хохирогч Н.Мөыг үл ялих зүйлээр шалтаглан зодож түүний эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл, дэлүү ба цөсний хүүдийн урагдал, задрал, дотуур цус алдалт, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, дэлүүг мэс заслаар авхуулсан байдал /2022.03.29/, баруун, зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлий, баруун шууны цус хуралт, хэвлий, баруун шууны цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бя мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Мө мэдүүлэхдээ: “...Цаашид байнга эмчилгээ хийлгэх тул өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.Бягаас нэхэмжлэх эрхийг минь нээлттэй үлдээж өгнө үү. Адилхан залуу хүн болохоор түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсье...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Н.Мө-ын:

“...2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр урт цагаан дээр ажил дээрээ ганцаараа байх үед зүс таних Бя гаднаас орж ирсэн. Тухайн үед Бя юм уучихсан халамцуу байсан тэгээд би “хаалаа өнөөдөр ажил алга, гарлаа” гээд хамт гарсан юм. Тэгээд “хоёулаа ганц юм хуваагаад ууя” гээд байсан ба надад тухайн үед мөнгө байгаагүй тэгээд Бя ойролцоо байрлах нэг дэлгүүрээс нэг шил 0.5 литрийн хараа авч гарч ирээд гадаа нэг байшингийн буланд архинаасаа нэг, нэг татчихаад байж байтал “өнөөдөр гэртээ харихгүй буудалд хононо тэндээ очиж ууя” гээд бид 2 бөмбөгөрийн урд талаас такси бариад хорооллын “Нарлаг” нэртэй зочид буудлын 2 давхрын 214 тоотод орсон. Тэндээ ороод авсан архиа хувааж уугаад дуусгасан дахин архи авч уухаар доошоо бууж хажуу талд байрлах хоолны газарт хоол идчихээд би явах тийшээ хандахад Бя “хоёулаа дахиад нэг юм уучихъя миний хөгшин нэг мөсөн хоночхоод явахгүй юу даа” гэхээр нь би зөвшөөрөөд буудлын ойролцоох дэлгүүрээс 0.75 литрийн хараа нэг шилийг дахин авч эргээд буудлын өрөөндөө орсон. Тэгээд архиа уугаад зурагт харж сууж байгаад Бягийн халаасанд хөзөр байсан тэгээд намайг “хөзөр тоглох уу” гэхээр нь би “мөрийтэй тоглохгүйгээ зүгээр л тоглоё” гэхэд “тэгье” гээд 13 модны хөзөр тоглосон. Ингээд би нэлээд согтчихсон байсан, тэгээд хөзөр тоглоод байж байсан байх нэг мэдсэн чинь тас гээд явчихсан. Бя миний нүүр лүү гараараа цохисон, тэгээд л ухаан балартсан тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байгаа. Намайг үргэлжлүүлээд нэлээд зодсон юм шиг байсан нэг ухаан ороод гэр лүүгээ харих гэсэн чинь босож явж чадахгүй, дотор муухай оргиод толгой эргээд цаанаасаа нэг биеэ даахаа больчихсон байсан тэгээд тэндээ унтаад өгсөн. Өглөө манай найз Аргай, Бямбаа руу залгаад “Мө байна уу хамт ажилдаа явъя” гэж хэлсэн байсан тэгээд бид 2 дээр ирсэн. Ирэхээр нь “миний бие өвдөөд байна чи намайг гэрт хүргээд өг чи ажлын түлхүүр аваад явчих” гэж хэлсэн тэгээд намайг Аргай гэрт хүргэж өгсөн. Бя буудалдаа үлдсэн байх. Тэгээд гэрт ороход аав ээж 2 байсан ба Аргайгаас намайг яасан талаар асуухад “мэдэхгүй байна” гэж хэлсэн ба Аргай яваад өгсөн, удаагүй би гэртээ эвхрээд хэвтэж байхад аав, ээж 103 дуудаад түргэн ирж үзээд “намайг авч явна” гэхээр нь би өөрийгөө шартаж байгаа байх гэж бодоод яваагүй, тэгээд удаагүй манай дүү Мө гаднаас ирээд намайг харснаа “царай зүс чинь яачихсан юм бэ, болохоо байсан байна, эмнэлэг явъя” гээд гэмтлийн эмнэлэгт авчирч үзүүлсэн, тэгээд үзүүлээд “дэлүү бяцарсан байна” гээд яаралтай хагалгаанд орсон. Миний дэлүү бяцраад 2 хавирга хугарсан дотуур шингэн алдсан, нуруу хэсгээр хөхрөлт няцралттай гэж оношилсон. Надад өөр ямар нэгэн хүн халдаагүй, Бя бид 2 байсан уг гэмтлийг Бя гар хөлөөрөө цохиж надад учруулсан. Өөрт учирсан эмчилгээний зардлаа төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14 дэх тал/,

2. Хохирогч Н.Мө дахин өгсөн:

“...Миний хэвлий хэсгээр ерөнхийдөө хөндүүртэй байгаа буюу хоёр хавирга хугарсан учир босож суух болон хэвтэхэд зовуурьтай байна. Эм уугаад ходоод жоохон улайлттай байгаа. Мөн дахин эмнэлэгт хэвтэж хэвлий дэх шингэнийг шимэгдүүлэх эмчилгээ хийлгэнэ. Би Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан буюу эмнэлэгт үзүүлэх, ор хоногийн мөнгө, эмнэлгээс өгч байгаа эм тариа зэрэгт хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан. Мөн гаднаас авсан эм тариа, шинжилгээ зэрэгт Эрүүл мэндийн даатгалд нөлөөлөхгүй хөнгөлөлт үзүүлэхгүй журамтай юм байна лээ гэхдээ гаднаас авсан эм тарианы баримтыг оруулаад 1.832.323 төгрөгийн зардал гарсан ба уг баримтыг өгнө. Надад эмнэлгийн байгууллагаас ойрын 6 сар ажил хийж болохгүй талаар эмч хэлсэн. Түүний дагуу 6 сар ажил хийхгүй үеийн цалин болон эмчилгээний зардалд 1.838.323 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байна..” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

3. Гэрч Г.А-ийн:

“...2022 оны 03 дугаар сарын 08-ны 21 цагийн орчимд зурагтад эгчийнхээ гэрт гэрийг нь хараад байж байхад Мө над руу залгаад “хороололд 40.000 төгрөгийн буудалд байна, чи ирж усанд орохгүй юм уу” гэж надаас асуухаар нь би эгчийн гэрийг харж байгаа болохоор очиж чадаагүй “өглөө яваад очъё” гэж Мөт хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022  оны 03 дугаар сарын 09-ний 08 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах бүх буудлуудаар Мөыг хайж байгаад “Наран” гэх буудалд байсныг нь олж авсан. Намайг тухайн буудлын буудлын өрөөнд орох үед Мө, Раднаа 2 байсан ба орны даавуу, дэрний уут зэрэг зүйлс баахан цус болчихсон, Мөын чих нь цус болоод хатчихсан байдалтай, Мөыг эргүүлээд харсан чинь 2 нүд нь хавдаад хөхөрчихсөн байхаар нь юу болсон талаар Раднаагаас асуухад “бид хоёр 2 залуутай зодолдсон” гэж надад хэлсэн тэгэхээр нь “чи яагаад худлаа яриад байгаа юм, чи тэгээд яагаад зүгээр байгаа юм, нэг нь итгэтлээ зодуулна гэж юу байсан юм зодуулбал хоёулаа л адилхан зодуулна биз дээ” гэж хэлсэн. Ингээд би Мөыг гэрт нь хүргэж өгөхөөр болоод хувцас гутлыг өмсүүлээд буудлаас аваад гарсан. Тэгээд бид 3 таксинд суугаад Раднааг Мөын гэрийн наахан талд буулгаж үлдээгээд Мөыг гэрт нь оруулж өгсөн тэр үед аав, ээж гэрийнхэн нь бүгдээрээ байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

4. Гэрч Н.Мө-ийн:

“...2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр манай ах Н.Мө-ыг найз Аргаа гэх залуу хүргэж өгсөн гэсэн. Тэгээд ээж эгч 2 над руу залгаад очиход бие нь аймар болчихсон хэвтэж байсан бөгөөд гэмтлийн эмнэлэгт хүргээд үзүүлэхэд одоогийн байдлаар шокийн байдалтай, хэвлийн хагалгаанд орж дэлүүгээ авхуулсан, шингэн алдалттай, 2 хавирга хугарсан байгаа. Зүүн чихнээс нь цус гарчихсан байсан. Одоо манай аав сахиур хийж байгаа...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 78-79 дэх тал/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 4114 тоот:

“...Э.Мө-ын биед хэвлийн битүү гэмтэл, дэлүү ба цөсний хүүдийн урагдал, задрал, дотуур цус алдалт, хэвлий хөндий дэх цус хуралдалт, дэлүүг мэс заслаар авхуулсан байдал /2022.03.09/, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлий баруун шууны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид дээрх гэмтлийн улмаас дэлүүг мэс заслаар авхуулсан ерөнхий хөдөлмөрийн чадварыг 30 хувиар тогтонги алдагдуулна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 59 дэх тал/,

6. Шүүгдэгч Г.Бя-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хохирогч Н.Мө-т баримтаар нэхэмжилсэн 1.840.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан талаарх баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Г.Бя нь хохирогч Н.Мө-ын эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Г.Бя болон түүний өмгөөлөгч нар “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Бя-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Г.Бя нь:

2022 оны 03-р сарын 08-09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12-р хорооны  нутаг дэвсгэрт байрлах “Нарлаг” зочид буудлын 214 тоот өрөөнд хохирогч Н.Мөыг үл ялих зүйлээр шалтаглан зодож түүний эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл, дэлүү ба цөсний хүүдийн урагдал, задрал, дотуур цус алдалт, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, дэлүүг мэс заслаар авхуулсан байдал /2022.03.29/, баруун, зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлий, баруун шууны цус хуралт, хэвлий, баруун шууны цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Н.Мө, гэрч Г.А, Н.Мө нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 4114 тоот дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй чөлөөтэй байдлын эсрэг чиглэсэн идэвхтэй үйлдлийг санаатайгаар хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Г.Бя нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Бяг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Мө-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн зардал болон бусад хохирол төлбөрт хохирогчийн зүгээс 1.827.243 төгрөгийн нотлох баримтыг хэрэгт гаргаж өгсөн бөгөөд уг хохирол төлбөрийг шүүгдэгч Г.Бя нь төлж барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Н.Мө нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Г.Бя-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Г.Бя нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг баримтын хүрээнд төлж барагдуулсан. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан хөнгөн ял шийтгэж өгнө үү” дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Г.Бя урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Бяг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Г.Бя-гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Бя нь 2022 оны 06 дугаар сарын 08-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл энэ хэрэгт нийт 8 хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүд оногдуулсан торгох ялаас хасч, түүний биечлэн эдлэх ялыг 9.880.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов. 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205000001127 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Бя энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ************* Бя-г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бя-г 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бяд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бя нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бя нь 2022 оны 06 дугаар сарын 08-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл энэ хэрэгт нийт 8 хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүд оногдуулсан торгох ялаас хасч, түүний биечлэн эдлэх ялыг 9.880.000 /есөн сая найман зуун наян мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Мө нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Бя нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Бяд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бя-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                        М.ДАЛАЙХҮҮ