Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/565

 

 

2022           07               04                                          2022/ШЦТ/565

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,

улсын яллагч Б.Солонго,

шүүгдэгч _________ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ***** овогт ___________ холбогдох эрүүгийн 2205008061422 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ________ оны 11 дүгээр сарын21-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, хувиараа /барилгын ажил хийдэг/, Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, ___________ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Урьд нь Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,____________

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч __________ нь 2022 оны 02 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, задгай тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр ____________ толгойн тус газар нь төмөр цоожоор 2-3 удаа цохиж, биед тархи доргилт, толгойн оройн хуйханд шарх, дух, баруун бугалга, баруун шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:  

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч __________ мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн ...” /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч ____________ өгсөн: “...2020 оны 06 дугаар сараас _________ гэх хүнтэй танилцаж хамтран амьдрах болсон. 2022 оны 02 дугаар сарын 06-ны орой манай нөхөр болох _______ найз нар гэх 4 хүн манай гэрт ирсэн. Бид нар хоол идэж хөзөр тоглоод сууж байгаад гэрт нэг шил архи байсныг ________ бараг ганцаараа уугаад дууссан. ...найз нар нь 23 цагийн үед явахаар болсон. Найз нарыг нь гаргаж өгөөд буцаад ороод ирэхэд _________ газар унтаад байж байсан бөгөөд 11 сартай хүүхэд маань газар мөлхөөд уйлаад байж байхаар нь орон дээр гараад унт гээд хэлсэн чинь надад хандаад миний хаана унтах чамд хамаагүй гээд хэлсэн..., танайхан ямар их ар гэрийн асуудалд орооцолддог юм гээд уурлаад байсан..., хүүгээ аваад гэрээс гараад хажуугийн хашааны манаач ах дээр оруулж үлдээгээд буцаад гэрт ороод хувцас хунараа эмхлэх гэтэл _________а босож ирээд миний толгойн ар хэсэгт хоёр гурван удаа гартаа төмөр цоож барьж байгаад цохисон. Гэрлэлт батлуулаагүй бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй болсон. ...Эмчилгээ хийлгэсэн нэхэмжпэх зүйл байхгүй. Дүгнэлттэй холбоотой ямар нэг санал гомдол байхгүй. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд оролцох боломжгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41, 45 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч _________ өгсөн: “...Хэрэг маргаан гарсан гэх орой намайг гараатай ажил дээрээ байхад хажуугийн манаачийн эхнэр нэг ой хүрч байгаа бол уу гэмээр хүүхэд тэврээд ороод ирсэн. Намайг хүүхдээ харж байхыг гуйгаад хүүхдээ үлдээсэн. ...юу болсон талаар асуухад нөхөр намайг цоожоор цохичихлоо гэж хэлж байсан... толгойгоо харуулахад нэлээн цус гарсан орой хэсэгтээ нэг газар хумсны хэртэй жижиг хагарсан байсан...” гэсэн мэдүүлэг / хавтаст  хэргийн  26-27 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн:

 “__________ биед тархи доргилт, толгойн оройн хуйханд шарх, дух, баруун бугалга, баруун шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэсэн 2725 дугаартай дүгнэлт / хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

2012 оны 06 сарын 13-ны өдрийн Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 70 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 81-88 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад яллагдагч А________ өгсөн: “...би тогтоолтой танилцсан, ...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 58,61 дугаар хуудас/,

-оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/

-үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 63 дугаар хуудас/

-нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт/хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/

-гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/

           - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 49  тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

 Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ________ нь 2022 оны 02 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, задгай тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “орон дээр гарч унт гэж хэллээ, миний хаана унтах чамд хамаагүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр __________ толгойн тус газар нь төмөр цоожоор 2-3 удаа цохиж, биед тархи доргилт, толгойн оройн хуйханд шарх, дух, баруун бугалга, баруун шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт:Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх  дүгнэлтийг,

 

шүүгдэгч _________ нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

мөрдөн байцаалтад хохирогч ___________ өгсөн: “... босож ирээд миний толгойн ар хэсэгт хоёр гурван удаа гартаа төмөр цоож барьж байгаад цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41, 45 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн: “...юу болсон талаар асуухад нөхөр намайг цоожоор цохичихлоо гэж хэлж байсан... толгойгоо харуулахад нэлээн цус гарсан орой хэсэгтээ нэг газар хумсны хэртэй жижиг хагарсан байсан...” гэсэн мэдүүлэг / хавтаст  хэргийн  26-27 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн: “..._________ биед тархи доргилт, толгойн оройн хуйханд шарх, дух, баруун бугалга, баруун шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэсэн 2725 дугаартай дүгнэлт / хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,мөрдөн байцаалтад яллагдагч ________ өгсөн: “Би тогтоолтой танилцсан, ...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/, зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2. Шүүгдэгч ________ нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан болно.  

 

Хохирлын талаар:      

 

Хохирогч нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тул шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч _______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700,000 төгрөгөөр торгох  саналтай байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

 

шүүгдэгч _________ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, торгох ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргажээ. 

 

  Шүүгдэгч _________ холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас _______ торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _________ 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар _______ оногдуулсан 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.             .

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч _______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ______ 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ________ оногдуулсан 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.             

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ________урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ