| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 102/2018/00904/И |
| Дугаар | 1084 |
| Огноо | 2018-04-05 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 1084
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 3 дугаар байрны 19 тоотод оршин суух, Ерэндагва овогт Нэргүйн Наранцацрал, /РД:УХ78120303/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 18 дугаар байрны 5 тоотод оршин суух, Зэвэг овогт Гэндэнжамцийн Батбаяр, /РД:ЦЗ78022237/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Наранцацрал, хариуцагч Г.Батбаяр нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Наранцацралт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Наранцацрал миний бие 2016 оны Г.Батбаяртай танилцсан. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр охин Н.Ичинхорол төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлаас болж 2017 оны хавар салж тусдаа амьдарч байгаа. Охин минь одоо миний асрамжил өсч бойжиж байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Батбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид 2 багахан зүйлээс болж маргалдсан. Би цаашид болж бүтнэ гэж бодож байсан гэв.
Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Наранцацралт нь хариуцагч Г.Батбаярт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Н.Наранцацрал, Г.Батбаяр нар нь 2016 онд танилцаж, тэдний дундаас 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр охин Н.Ичинхорол төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 6 дугаар тал/ зэрэг нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч хариуцагч нар хамт амьдардаггүй, хариуцагч Г.Батбаяр, Н.Наранцацралыг 3 сартай жирэмсэн байхад салсан талаар маргаагүй, энэ хугацаанд зохигчид уулзалдаагүй талаар хэн аль тайлбарласан байна.
2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр охин Н.Ичинхорол төрсөн эх Н.Нарцнцацралтай хамт амьдарч байх бөгөөд түүний асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Н.Ичинхоролыг эх Н.Наранцацралын асрамжид үлдээж шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин Н.Ичинхорол, /РД:УШ17311501/-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Батбаяраас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Идэрбаатар нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхийг дурдсугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Батбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Наранцацралд олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО