| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 102/2018/00435/И |
| Дугаар | 980 |
| Огноо | 2018-03-30 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 980
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Hill side / Хилл сайд/ хотхон, 9в-d байрны 190 тоотод оршин суух, Боржигон овогт Баатарсүрэнгийн Батцэцэг, /РД:ЦУ86052764/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, 13 дугаар байрны 26 тоотод оршин суух, Өөлд Цорос овогт Ганболдын Идэрбаатар, /РД:91061417/-д холбогдох,
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Батцэцэг, хариуцагч Г.Идэрбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 онд Г.Идэрбаатартай танилцаж, гэр бүлийн харилцаатай болсон. Бидний дундаас 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүү И.Мандахнаран төрсөн. Г.Идэрбаатар хөдөө харьяалалтай байсан тул гэрлэлтээ батлуулаагүй. Тэрээр хүүгээ 1 сартай байхад нь өөр хүнтэй болж хүү бид хоёрыг эргэж тойрохгүй бүр ирэхээ больсон. Одоо хүү минь 4 сар 21 хоногтой би хүүгээ хараад түрээсийн байранд амьдардаг. Эрхэлсэн ажилгүй. Иймд Г.Идэрбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Эцэг тогтоолгох хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.
Хариуцагч Г.Идэрбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хүүхдийн тэтгэлгийг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Өөр хэлэх зүйлгүй гэв.
Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Батцэцэг нь хариуцагч Г.Идэрбаатарт холбогдуулан Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Б.Батцэцэг, Г.Идэрбаатар нар нь 2016 оноо гэр бүлийн харилцаатай болж тэдний дундаас 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүү И.Мандахнаран төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 5 дугаар тал/ зэрэг нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.
2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү И.Мандахнаран эх Б.Батцэцэгтэй хамт амьдарч байх бөгөөд түүний асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу И.Мандахнаранг эх Б.Батцэцэг асрамжид үлдээж шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүү И.Мандахнаран, /РД:УК17281896/-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Идэрбаатараас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Идэрбаатар нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхийг дурдсугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч г.Идэрбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Батцэцэгт олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО