Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/547

 

          

 

   2022         06           28                                     2022/ШЦТ/547

     

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,  

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,   

шүүгдэгч ________ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:    

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч _____________ холбогдох 2205000001272 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.       

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, __________оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн _________ төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Барс” худалдааны төвд ачигч хийдэг, ам бүл 6 эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, _____________тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 716 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсгээр 5 жил 1 сарын хорих ялаар,

Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 543 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 493 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 4 жил 60 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн ________

 

Холбогдсон хэргийн талаар :    

 

Шүүгдэгч Б_________ нь Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Н________ цүнхийг шунахайн сэдэлтээр хүч хэрэглэн довтолж аван 490,000 төгрөгийн,

 

Мөн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч _________ цүнхийг хүч хэрэглэн довтолж аван 388,300 төгрөгийн нийт 878,300 төгрөгийн хохирол учруулан “Дээрэмдэх” гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

     

ТОДОРХОЙЛОХ нь :

 

 Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ______ мэдүүлэхдээ: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Архи уухаараа л ийм зүйл хийчихдэг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч __________ өгсөн: ”...2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэрээсээ гараад Баянгол дүүргийн 8 дугаар хороо 15 дугаар байрны хойд талд 10 цаг өнгөрч байхад ганцаараа явж байхад араас нэг хүн миний амыг гараараа дарах шиг болсон би амьсгаа авч чадахгүй болоод араас боосон хүний гараас хазсан. Тэгсэн уг хүн гараа тавихаар нь би эргээд хартал нэг шар царайтай залуу байсан. Уг залуу намайг дахиад гараараа түлхээд газар унасан миний аман дээрээс гараараа дарсан. Би хүмүүсээс туслаарай гэж орилоход байрны гадаа бараа буулгаж байсан 3-н залуу над руу чиглээд алхаад явахад уг залуу миний цүнхийг аваад шууд зугтсан. Тэгсэн над руу алхаж явсан 3-н залуугийн 1 нь араас гүйгээд миний цүнхийг аваад ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  19-20 дугаар хуудас/,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн  3-4 дүгээр хуудас/,

 

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн  34-37 дугаар  хуудас/,

 

 хохирогч Н________ таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл хавтаст хэргийн   32-33 дугаар хуудас/,

 

хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Самсунг А-71” маркийн гар утас, “Хаан” банкны виза карт, цүнх зэрэг эд зүйлсийг 490,000 төгрөгөөр үнэлсэн 3902 дугаартай үнэлгээний тайлан / хавтаст хэргийн  86- 88 дугаар хуудас/,

 

Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгс” сургалтын төвийн хяналтын камерын бичлэг / хавтаст хэргийн  6-7 дугаар хуудас/,

 

-мөрдөн байцаалтад хохирогч ________ өгсөн: ”... 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өглөөний 06 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад Баянгол дүүргийн 5 дугаар хороо Улсын 3 дугаар нэгдсэн эмнэлгийн хажууд байрладаг “Найрамдал” нэртэй эмнэлэгт эмчилгээ хийлгээд 11 цагийн үед найзын дэлгүүр рүү очих гээд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Ган- зам 20 дугаар сургуулийн ард талын гражуудын дунд явж байхад танихгүй залуу миний гартаа барьж явсан цүнхийг булаах гэж оролдохоор нь би цүнхээ өгөхгүй гэж тэмцэлдээд тэгээд намайг түлхэж унагаасан уу, өшиглөсөн үү санахгүй байна тухайн үед маш айдастай байсан учраас тэгээд намайг газар унагаагаад миний цүнхийг булаагаад зугтсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн  106-107 дугаар хуудас/,

 

хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Самсунг А-30” маркийн гар утас, бэлэн 100,000 төгрөг, иргэний үнэмлэх зэрэг эд зүйлсийг 388,300 төгрөгөөр үнэлсэн БГ2-22-766 дугаартай үнэлгээний тайлан / хавтаст хэргийн  118-119 дүгээр хуудас/,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн  98- 99 дүгээр хуудас/,

 

хохирогч _________ таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / хавтаст хэргийн  121-127 дугаар хуудас/

 

мөрдөн байцаалтад яллагдагч _________ өгсөн: “...тухайн гэмт хэргүүдийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна ... “ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 134-135 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,

 

-иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/,

 

-үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/,

 

-нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/,

 

-иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч _________ нь Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэн ________ цүнхийг шунахайн сэдэлтээр хүч хэрэглэн довтолж аван 490,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч __________ цүнхийг хүч хэрэглэн довтолж аван 388,300 төгрөгийн, нийт 878,300 төгрөгийн хохирол учруулсан “дээрэмдэх” гэмт  хэргийн үйл баримтууд тус тус тогтоогдож байна.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлт /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүгдэгч _________ нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

мөрдөн байцаалтад хохирогч Н______ өгсөн: ”...2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэрээсээ гараад Баянгол дүүргийн 8 дугаар хороо 15 дугаар байрны хойд талд 10 цаг өнгөрч байхад ганцаараа явж байхад араас нэг хүн миний амыг гараараа дарах шиг болсон би амьсгаа авч чадахгүй болоод араас боосон хүний гараас хазсан. Тэгсэн уг хүн гараа тавихаар нь би эргээд хартал нэг шар царайтай залуу байсан. Уг залуу намайг дахиад гараараа түлхээд газар унасан миний аман дээрээс гараараа дарсан. Би хүмүүсээс туслаарай гэж орилоход байрны гадаа бараа буулгаж байсан 3-н залуу над руу чиглээд алхаад явахад уг залуу миний цүнхийг аваад шууд зугтсан. Тэгсэн над руу алхаж явсан 3-н залуугийн 1 нь араас гүйгээд миний цүнхийг аваад ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн  3-4 дүгээр хуудас/,хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн  34-37 дугаар  хуудас/,хохирогч ________ таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл хавтаст хэргийн   32-33 дугаар хуудас/, Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгс” сургалтын төвийн хяналтын камерын бичлэг /хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад хохирогч ___________ өгсөн: ”... тухайн үед маш айдастай байсан учраас тэгээд намайг газар унагаагаад миний цүнхийг булаагаад зугтсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  106-107 дугаар хуудас/ хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас/, хохирогч __________ таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / хавтаст хэргийн  121-127 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдож байна.

 

               Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгч нь хохирогчийн эд хөрөнгийг авах зорилгоор гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн хүсэл зоригийг хүчээр няцааж, бие махбодид нь шууд хүч хэрэглэн халдаж довтолсон нь дээрэмдэх гэмт хэргийн субьектив болон обьектив шинжийг хангаж байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирчээ. Иймд шүүгдэгч __________ бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 Хохирлын талаар

 

     Хохирогч ________ 490,000 төгрөгийн хохирол, хохирогч _________ 388,300 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд хохирогч нарт эд  зүйлийг хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хохирол төлбөргүй болохыг дурдуулах...” гэх саналыг гаргажээ.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ___________ 3 /гурав/-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.     

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг сидиг хэрэгт хадгалан үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч __________ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

                   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б_________ 3 /гурав/-н жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар _________ биечлэн эдлэх 3 /гурав/-н жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

               

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэрэгт хадгалан үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ________ цагдан хоригдсон 71 /далан нэг/-н хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолж,  түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ________ авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХ-ЭРДЭНЭ