Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 1077

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 12 дугаар баг, Булаг 33 дугаар гудамж, 3 тоотод оршин суух, Чонос овогт Түндээлэйгийн Оюунжаргал, /РД:ГЖ76092001/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг 17 дугаар хороо, 77 дугаар байрны 401тоотод оршин суух, Барга овогт Содномын Нармандах, /РД:ГЕ79011713/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Оюунжаргал, хариуцагч С.Нармандах шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Оюунжаргал шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Отгонжаргал миний бие С.Нармандахтай 2000 оны 11 дүгээр сарын танилцаж, хамтран амьдарсан. Бидний дундаас 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүү Н.Наранпүрэв төрсөн. 2008 оны 5 дугаар сарын 05-ны өдөр албан ёсоор гэр бүл болсон. Хамтран амьдрах хугацаанд С.Нармандах архи их уудаг, уусан үедээ зодох, гэр орноос хөөх зэргээр маргаан гардаг байсан. 2008 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр нөхөр С.Нармандах Бүгд Найрамдах Солонгос улс руу ажил хийхээр явсан. Тэгээд явснаас хойш нэг жил холбоотой байж байгаад тэндээ өөр эмэгтэйтэй хамтран амьдарч нэг охинтой болсон гэж сонссон. Би 2010 онд Турк улс руу ажиллахаар яваад 2018 онд ирсэн. Бид бараг уулздаггүй. Тусдаа амьдраад 10 жил болж байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Н.Наранпүрэв одоо 15 настай 11 дүгээр ангид сурдаг. Миний асрамжид байгаа цаашид бас өөрийн асрамжид үлдээх хүсэлтэй байна. Иймд хүүхдийн тэтгэмж тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Нармандах шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч бид 2 олон жил тусдаа амьдарсан. Өдий хүртэл хугацаанд бидний хэн аль нь хүүхдийнхээ төлөө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан биелүүлж ирсэн. Цаашид ч гэсэн хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх болно. Нэгэнт хүү минь ээжтэйгээ хамт амьдрах хүсэлтэй байгаа тул саналыг нь хүндэтгэж байна. Хүү цаашид эхийнхээ асрамжид байх ч над дээр дуртай үедээ ирж, очиж байгаасай гэж хүсэж байна. Нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар: Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Нэхэмжлэгч Т.Оюунжаргал нь хариуцагч С.Нармандахад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Т.Оюунжаргал, С.Нармандах нар нь 2008 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн, гэр бүл болж, тэдний дундаас 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүү Н.Наранпүрэв төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Гэрлэгчдийн дундаас төрсөн хүү болох Н.Наранпүрэвээс эцэг, эхийн хэнтэй амьдрах талаар саналыг асуухад эх Т.Оюунжаргалтай амьдрах талаар санал хэлжээ.

2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү Н.Наранпүрэв нь эх Т.Оюунжаргалтай хамт амьдарч байх бөгөөд түүний асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү Н.Наранпүрэвийг эх Т.Оюунжаргалын асрамжид үлдээж шийдвэрлэв.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.

Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Чонос овогт Түндээлэйгийн Оюунжаргал, Барга овогт Содномын Нармандах нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү Н.Наранпүрэвийг эх Т.Оюунжаргалын асрамжид үлдээсүгэй.

3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Орхон аймгийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхбаярт даалгасугай.

6.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Нармандахаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Оюунжаргалд олгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

     

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО