Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 145

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч М.Чинбат,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан

Шүүгдэгч Ч.Отгонбаатар, С.Энхтайван, тэдний өмгөөлөгч Ш.Бадмаараг /0752/ нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овгийн Чимэддоогийн Отгонбаатар, Боржигон овогт Содномбалын Энхтайван нарт холбогдох эрүүгийн 201626021707 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1961 онд Дундговь аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хувьсгалчдын д15-330б тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Боржигон овогт Содномбалын Энхтайван /РД:ЗП61110217/.

 

Монгол улсын иргэн, 1980 онд Дундговь аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 6-9 насны хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Алаг-Өндөр сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, одоо Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хувьсгалчдын Г-282 тоотод түр оршин сууж байгаа, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 5 сар 1 хоногийн ялаас өмнө тэнсэж суллагдсан, Халх овогт Чимэддоогийн Отгонбаатар /РД:ЗЮ80032911/.

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

Шүүгдэгч С.Энхтайван, Ч.Отгонбаатар нар бүлэглэж 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хорооллын 2а байрны 1 дүгээр орцонд иргэн И.Шинэхүүг зодож, бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Энхтайван мэдүүлэхдээ: “Болсон асуудлын талаар мөрдөн байцаалтанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Отгонбаатар мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргээ мөрдөн байцаалтанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй байна” гэв.

 

Хохирогч И.Шинэхүү мэдүүлэхдээ: “2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ах Батсайханы найз Амгаа ах ганц 2 зар нааж өгөөд цалин ав гээд ганцаараа Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хорооллын 2а байрны орцны дотор талын самбар дээр зар наагаад явж байтал 2а байрны 1 дүгээр орц руу орох гэтэл гаднах хаалга нь цоожтой байсан. Тэгээд хүн гарч ирэхийг хүлээж байгаад 1 хүн гарч ирэхээр нь би зөрөөд орцны дотогш орсон. Тэгээд би 1 давхарт байрлах зар наадаг самбар дээр өөрийн авч явсан зараа нааж байтал үл таних 2 залуу  2 давхараас бууж ирсэн. Тэр 2 эрэгтэйгийн арай залуухан нь чи юу хийгээд явж байгаан гэхээр нь би зар нааж байна гэж хэлтэл аль ямар зар юм гээд миний авч явсан зарнуудыг харсан. Тэгснээ намайг чи хужаа юм уу гэхээр нь би Монгол хүн мөн байна гээд хэлтэр тэр залуу танихгүй хүмүүс байранд ороод юм хусаад байдаг юм, чиний цүнхэнд юу байна гээд миний цүнхийг үзсэн намайг гартаа барьж явсан цэнхэр өнгийн гялгар ууттай зүйлээрээ нүүр лүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би цүнхэн доторх эд зүйлээ үзүүлэхэд намхан хөгшин ах нь чамд мөнгө байна уу гээд асуухаар нь би байхгүй гэж хэлэхэд нөгөө залуухан нь миний үүрч явсан цүнхийг оосроор боосон. Тэр үед нөгөө хөгшин ах нь миний нүүрний баруун нүд рүү нэг удаа цохиод чи муу овоо амьсгаа байна даа, чамд мөнгө байгаа 5000 төгрөг өг гээд байсан. Намайг цохих үед миний хамарнаас цус гарсан. Тэгтэл залуухан нь намайг дээшээ ороод нүүр гараа угаахгүй бол дахин зодно шүү гээд айлгаад байхаар нь би үгүй манай гэр ойрхон байгаа гээд зөрөөд гараад явсан. Тэгээд гарч яваад ах Батсайхан руу залгаад дуудсан. Тэгээд ах ирэхээр нь цагдаад дуудлага өгсөн.

Намайг зодсон гэх 2 эрэгтэйгийн өндөр нь гэртээ байсан. Намхан хөгшин ах нь такси бариад явсан байсан. Тэгээд цагдаагийн байгуулагад нөгөө залууханыг нь дагуулж ирсэн.

Тэр 2 ах хоёулаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Миний хамарнаас 7 хоног цус их хэмжээгээр гарсан. Нүдний ухархайны яс хугарсан. Миний нүд хатгуулж өвдөж байгаа. Гомдолтой байна, ажлаа хийж яваад согтуу хүмүүст зодуулсандаа гомдолтой байна. Би ажлаа хийж чадахгүй 14 хоног болсон. /хх 10-12 хуудас/

 

Гэрч Ц.Энхжаргал мэдүүлэхдээ: “Би Шинэхүүгээс бусдад зодуулсан талаар нь сонссон. Манай дүү Шинэхүү нь их тусч, хүнд ямар гэм хоргүй, ажилсаг, хөөрхөн ааш зантай. Ямар нэгэн илүү дутуу муу зуршилгүй сайн хүүхэд байгаа юм. Одоо ах эгч хоёртойгоо амьдардаг. Эцэг эхгүй бүтэн өнчин, хэл ярианы хөгжил муутай, группт байдаг ч гэсэн. Биеэ дааж өөрийгөө голохгүй, хүнээс гуйж царай алдахгүй, ажил хөдөлмөрийг голохгүй хийж өөр өөрийгөө тэжээж байгаа. Шинэхүү нь өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Хүнд ямар нэгэн гэм хоргүй хүн байгаа юм.

Манай дүүг 2 хүн зодсонд их гомдолтой байна. Одоо цохиулсан гэх нүд өвдөөд байгаа гэсэн, тухайн үед дүүгээ эмчлүүлсэн зардлаа авах хүсэлтэй байна. Мөн манай дүү нь сэтгэл санаа болон бие махбодиороо хохирол учраад байна. Ажлаа хийгээгүй учраас цалинг нь бас нэхэмжилмээр байна” гэжээ. /хх 13-14,15 хуудас/

 

Гэрч Г.Цэрмаа мэдүүлэхдээ: “ Би 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр охин, хүү хоёрынхоо 2 хүүхдийг хараад гэртээ байж байсан. Тэгээд 12-13 цагийн орчимд манай амьдардаг Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2а байрны 4 тоотод байрлах гэрч Энхтайван ах, Отгонбаяр нар нь надтай утсаар холбогдож байгаад ирсэн. Тэгээд манай гэрт Энхтайван ах анх орж ирсэн болохоор би цай хоол хийж өгөөд 1 шил архи задласан. Тухайн үед тэр 2 архи уусан ирсэн. Энхтайван ах нь нилээн согтуу байх шиг байсан. Тэгээд манайд 1-2 цаг архи ууж юм ярьж байгаад Энхтайван ах нилээн согтоод Отгонбаяр нь арай гайгүй учраас дагуулаад гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Отгонбаяр нь Энхтайван ах алга болчихлоо, доор нэг залууг цохичихоод алга болчихлоо гэсэн. Тэгээд Отгонбаяр нь манай гэрт сууж байтал цагдаа нар ирээд аваад явсан. Би гэртээ байж байгаад 2 хүүхдээ цоожлоод санаа зовоод цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Отгонбаяр нь сууж бай гэсэн гээд хүлээлгийн танхимд сууж байсан.

Энхтайван ах нилээн согтсон. Отгонбаяр нь гайгүй байсан. Отгонбаяртай 2012 онд анх танилцаж байсан. Найз нөхдийн харилцаатай. Энхтайван ах нь сүүлд танилцсан хуурай ах байгаа юм.

Хохирогч гэх залуугийн баруун нүдний дотор цагаан хэсэг нь улаасан, нүд нь бага зэргийн хөхөрсөн байсан. Өөр гэмтэл бэртэл байхгүй байсан. Хамар амнаас нь цус гараагүй байсан” гэжээ. /хх 16-17 хуудас/

 

Гэрч Ж.Алтанцэцэг мэдүүлэхдээ: “Би 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед гэртээ байж байгаад гарсан чинь хашааны гадна нөхөр Энхтайван унтаж байхаар нь гэрт оруулж унтуулсан. Тэгээд Энхтайван унтаж байгаад сэрээд хүнтэй уулзана гээд гараад явсан. Тэгсэн чинь зөрөөд удалгүй Отгонбаатар согтуу гэрт ирээд Энхтайван ах нэг хүний нүүрлүү гарынхаа араар цохьчихсон юм тэгсэн чинь нөгөө хүн нь гомдол гаргаад байна ирэхээр нь хэлээрэй гээд явсан тэгэхээр нь би оройхон Энхтайван ирэхээр нь Отгонбаатарын хэлсэн асуудлын талаар асуусан чинь Отгонбаатар нэг залууг заамдаад байхаар нь би тавиулах гээд гарынхаа араар цохьчихоод явсан гэж ярьсан нэг их тодорхой юм яриагүй. Тэгээд тэрнээс хойш Отгонбаатар Энхтайваныг хэдэн удаа байхгүй үед нь асууж ирсэн” гэжээ. /хх 18-19 хуудас/

 

Гэрч Ч.Наранцэцэг мэдүүлэхдээ: “Миний төрсөн дүү Отгонбаатар 1980 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн төвд айлын 8 хүүхдийн 7 дахь хүү болж мэндэлсэн. Бага насандаа цэцэрлэг яслигаар хүмүүжиж байгаад Дундговь аймгийн 1 дүгээр 10 жилийн сургуульд элсэн суралцаж 8 дугаар анги төгсөөд ахин суралцаагүй хувиараа хөдөөнөө барилгын ажил хийдэг байсан. Одоогоор түр Улаанбаатар хотод манай хаяг дээр байж байгаа.

Өмнө нь ямар ч байсан шалгагдаж байсан. Яг ямар учираас гэдгийг нь санахгүй байна. Архи хааяа уучихдаг. Эхнэр 2 хүүхэдтэйгээ Дундговь аймагт амьдардаг одоогоор өөрөө түр хугацаагаар Улаанбаатар хотод ээжийн бие муудаад ирсэн байгаа. Хамаатан садан төрлүүдтэйгээ гайгүй л ааш зантай байдаг” гэжээ. /хх 21 хуудас/  

 

Гэрч И.Нямгэрэл мэдүүлэхдээ: “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 70-р сургуулийг 2003 онд 8-р ангийг сурч төгссөн уншиж бичиж чадахгүй, тоо мэддэг юм. Төрөлхийн тархины саажилттай болохоор 70 хувийн групп-д орсон юм ухаан санаа эрүүл болсон явдлыг үнэн зөвөөр хэлдэг хүнтэй ойлголцоод ярьж чаддаг.

Надад хэлэхдээ зар наагаад зогсож байтал хоёр залуу хүрч ирээд юу наагаад байгаа юм гээд учир зүггүй зодоод эхэлсэн гэсэн тэр үед манай дүү яагаад байгаа юм гэхэд согтуу хүмүүс яасан том бацаан бэ гээд зодсон гэсэн” гэжээ. /хх 53 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 8285 дугаартай дүгнэлтэд: “1. Шинэхүүгийн биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний алим, дотор алим, дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 23 хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 42,44 хуудас/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 43,45 хуудас/

Хохирогч И.Шинэхүүгийн нийгмийн халамжийн тэтгэврийн дэвтэрийн хуулбар /хх 46-52 хуудас/

Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоол /хх 54-56/

Хохирогч И.Шинэхүүгийн гомдол саналгүй, хохирол төлбөрт 950,000 төгрөг хүлээн авсан гэх баримт /хх 59 хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч С.Энхтайван, Ч.Отгонбаатар нар бүлэглэж 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хорооллын 2а байрны 1 дүгээр орцонд иргэн И.Шинэхүүг зодож, бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулан, догшин авирлаж танхайрсан болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч И.Шинэхүү /хх 10-12/, гэрч Ц.Энхжаргал /хх 13-14,15/, Г.Цэрмаа /хх 16-17/, Ж.Алтанцэцэг /хх 18-19/, Ч.Наранцэцэг /хх 21/, И.Нямгэрэл /хх 53/ нарын мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 8285 дугаартай дүгнэлт /хх 23/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 43,45/, хохирогч И.Шинэхүүгийн нийгмийн халамжийн тэтгэврийн дэвтэрийн хуулбар /хх 46-52/, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоол /хх 54-56/, хохирогч И.Шинэхүүгийн гомдол саналгүй, хохирол төлбөрт 950,000 төгрөг хүлээн авсан гэх баримт /хх 59 хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч С.Энхтайван, Ч.Отгонбаатар нар нь бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Отгонбаатар нь Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 5 сар 1 хоногийн ялаас өмнө тэнсэж суллагдсан ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялтай байдал хамаарч байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл бүхий байна.

 

Шүүгдэгч С.Энхтайван, Ч.Отгонбаатар нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулан гэм хорыг арилгасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

 

Хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, С.Энхтайван, Ч.Отгонбаатар нар цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 950,000 төгрөг өгч хохирлыг барагдуулсан, хохирогч И.Шинэхүү гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Шүүгдэгч нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа зэргийг нь харгалзан оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

           

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Халх овгийн Чимэддоогийн Отгонбаатар, Боржигон овогт Содномбалын Энхтайван нар бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Халх овгийн Чимэддоогийн Отгонбаатарт 3 жил 1 сарын хорих ялаар, Боржигон овогт Содномбалын Энхтайванг 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Халх овгийн Чимэддоогийн Отгонбаатар, Боржигон овогт Содномбалын Энхтайван нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 950,000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Ч.Отгонбаатарт оногдуулсан 3 жил 1 сарын, шүүгдэгч С.Энхтайванд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тус тус тэнсэж, шүүгдэгч нарын тус бүрийг 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилт хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн болон Дундговь аймгийн цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

 6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ