Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 546

 

 

 

 

 

 

 

2019          6              4                                               2019/ДШМ/546

 

                                                 В.О-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч В.О-, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 455 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч В.О-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн В.О-т холбогдох эрүүгийн 1906005250285 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Жалайр овгийн В.О-, 1980 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Баян-Чандмань суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ............. дүгээр хороо, ............. дугаар гудамжны ......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...................../;

В.О- нь 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Аман хуур-2 хотхоны 40-29 тоотод оршин суух иргэн Б.Оюунбилэгийн гэрт нэвтэрч 3 ширхэг гар утас, куртка, бэлэн 100.000 төгрөг хулгайлж, 1.262.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: В.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Жалайр овгийн В.О-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, В.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг тухайн өдрөөс нь эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч В.О- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирол төлбөрөө барагдуулсан. Өндөр настай эцэг, эхийн хамт байдаг бөгөөд тэдний маань биеийн байдал тааруухан байгаа. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй, зөв хүн болж амьдарна. Ар гэрийн байдал, хохирол төлбөрөө төлсөн болон хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг минь харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч В.О-ын өмгөөлөгч Б.Эрдэнэболор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд оногдуулах ялыг хөнгөрүүлэх хорих ялаас чөлөөлөхөөр заасан. Шүүгдэгчийн хувьд урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байдаг. Эдгээр байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 т зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, эд зүйл буцаан өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр хэргийн үйл баримт хангалттай нотлогдсон. Өмгөөлөгчийн зүгээс гаргасан тайлбарт тусгайлан гаргах саналгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч В.О- нь 2019 оны 1 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Аман хуур-2 хотхоны 40 дүгээр байрны 29 тоотод оршин суух Б.Оюунбилэгийн гэрт нэвтэрч, 3 ширхэг гар утас, куртик, бэлэн 100.000 төгрөг хулгайлж, нийт 1.262.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-9/, хохирогч Б.Оюунбилэгийн “2019 оны 1 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө гэртээ өөрийн эцэг, эх, дүү нарын хамт 23 цагийн үед унтаж амарцгаасан. Унтахдаа гэрийн хаалгаа шалгалгүй онгорхой унтсан байсан. Тэгээд өглөө 06 цаг 30 минутын үед хүргэн Билэгсайхан ажилдаа явах гээд бостол куртик нь байхгүй болохоор бид нарыг сэрээж, утас болон эд зүйл алдагдсаныг мэдэцгээсэн” гэсэн мэдүүлэг /хх 16-20/, алдагдсан эд зүйлсийг 1.162.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн үнэлгээний тайлан /хх 24-25/ болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч В.О-ын мэдүүлэг зэргээр тогтоогджээ.    

Шүүгдэгч В.О- нь хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд нэвтэрч дээрх гэмт хэргийг үйлдсэн байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв талбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгч В.О- нь “ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөх” талаар давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч В.О- нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн өөрийн үйлдсэн хэргийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч ирсэн бөгөөд хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн тохирох хэсгийг хэрэглэж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 455 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “В.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.О-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                                    Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ