Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2023/0384/З |
Дугаар | 221/МА2024/0033 |
Огноо | 2024-01-11 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2024/0033
“НАУ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У
Нэхэмжлэгч: “НАУ” ХХК
Хариуцагч: ХХААХҮЯ
Нэхэмжлэлийн шаардлага: “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2019 оны 290/А-504 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам болон 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/218/А/146 дугаартай Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам-д заасан урамшуулалд хамрагдах хүсэлтийг хүлээн авахгүй, мөнгөн урамшууллыг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх журмын хэрэгжилтийг хангаж урамшуулалд хамрагдах хүсэлтийг хүлээн авч, мөнгөн урамшуулал олгохыг даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 783 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У , Э.Х,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Г.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2023/0384/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “НАУ” ХХК-иас хариуцагч ХХААХҮЯанд холбогдуулан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2019 оны 290/А-504 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам болон 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/218/А/146 дугаартай Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журамд заасан урамшуулалд хамрагдах хүсэлтийг хүлээн авахгүй, мөнгөн урамшууллыг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх журмын хэрэгжилтийг хангаж урамшуулалд хамрагдах хүсэлтийг хүлээн авч, мөнгөн урамшуулал олгохыг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 783 дугаар шийдвэрээр: “Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.6 дэх хэсэгт заасныг баримтлан “НАУ” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2019 оны 290/А-504 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам болон 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/218/А/146 дугаартай Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам-д заасан урамшуулалд хамрагдах хүсэлтийг хүлээн авч, мөнгөн урамшууллыг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх журмын дагуу 2022 онд борлуулсан 1954 тн улаан буудайн урамшуулалд хамрагдах хүсэлтийг хүлээн авч мөнгөн урамшуулал олгохыг даалгаж...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Тариалангийн үйлдвэрлэлд төрөөс мөнгөн болон мөнгөн бус дэмжлэг үзүүлж болно, 19.3-д Тариалангийн үйлдвэрлэлийг төрөөс дэмжих, хөгжүүлэх үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлж болно, 19.3.1-т улсын болон орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө гэж, Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Төсвийг нэг жилээр баталж, тайлагнах бөгөөд батлагдсан төсвийг сар, улирлаар хуваарилан, хэрэгжилтийг зохион байгуулна”, 7.7-д “Энэ хуулийн 43 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд төсвийн жил дуусахад төсвийн захирагчийн төсөв зарцуулах эрх нь дуусгавар болох бөгөөд төсвийн захирагчийн төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ” гэж тус тус заасны дагуу улаан буудайн урамшууллыг олгох хөрөнгийг жил бүр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад төсөвлөдөг тул тухайн жилд олгох урамшууллыг дараа жил нь авах боломжгүй.
3.2. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайд нарын хамтран баталсан 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 290/А-504 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-ын 1.1-д “Тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар хүн амыг эх орны үйлдвэрийн эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилгоор тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал болон мөнгөн бус дэмжлэг үзүүлэх, бусад бүтээгдэхүүнд мөнгөн бус дэмжлэг үзүүлэхэд зориулсан хөрөнгийг зарцуулах, тайлагнах, хяналт тавихтай холбоотойгоор үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна” гэж заасан. Мөн “Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаар тогтоолын 1-д “Буудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор” гэж, Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1-д “Улаан буудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор...” гэж тус тус заасан.
3.3. Тиймээс мөнгөн урамшууллын зорилго нь өөрөө улаан буудайн үйлдвэрлэл буюу тухайн жилд тариалалтыг дэмжих зорилготой бөгөөд тус зорилгоо хэрэгжүүлэхээр тухайн жилийн батлагдсан төсвийн хүрээнд зохион байгуулдаг үйл ажиллагаа учраас урамшууллын хүсэлт авах программыг тухайн жилийн тариалалтад хамаарахаар зохион байгуулсан байхад анхан шатны шүүхээс “Дээрх журмуудын зохицуулалтаас үзвэл урьд оны ургацыг дараа онд борлуулсан бол урамшуулал олгож болохгүй гэх зохицуулалт байхгүй бөгөөд тариалсан улаан буудайг хэдийд борлуулснаас үл хамаарч шаардлага хангасан хүсэлт гаргасан бол урамшуулал олгож болохоор байна” гэж дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлгүй.
3.4. Үүнээс гадна “Хэрэгт авагдсан Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01/495 дугаар албан бичгээс үзвэл нэхэмжлэгч нь 2021 оны 5000 тн улаан буудай хураан авч 2022 оны 6 дугаар сард “МХ” ХХК-д 1984 тн улаан буудай борлуулсан болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлд сумын Засаг даргыг бүрэн эрхийг тусгасан бөгөөд сумын Засаг дарга нь тариалалттай холбоотой тодорхойлолт гаргаж өгөх эрхгүй, “МХ” ХХК болон нэхэмжлэгч “НАУ” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн дагуу худалдах, худалдан авах харилцаа байхад сумын Засаг даргын уг тодорхойлолт эрх зүйн хувьд үндэслэлгүй байхад уг тодорхойлолтын дагуу худалдсан гэдгийг анхан шатны шүүхээс тогтоосон.
3.5. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-д “Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэхгүй” гэж заасан байхад анхан шатны шүүхээс “Тухайн үед журам шинэчлэгдэн батлагдаж, урамшууллын цахим систем бүрэн хэрэгжиж эхлээгүйтэй холбогдуулан 6 дугаар сард борлуулсан улаан буудайн төлбөрийн баримтыг 12 дугаар сард дахин системд шивж илгээсэнд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй” гэж нэхэмжлэгчийн хууль бус үйлдлийг зөвтгөсөн дүгнэлт хийсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг хангаагүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 783 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч “НАУ” ХХК-иас ХХААХҮЯд холбогдуулан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2019 оны 290/А-504 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам болон 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/218/А/146 дугаартай Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журамд заасан урамшуулалд хамрагдах хүсэлтийг хүлээн авахгүй, мөнгөн урамшууллыг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх журмын хэрэгжилтийг хангаж урамшуулалд хамрагдах хүсэлтийг хүлээн авч, мөнгөн урамшуулал олгохыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
2.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч “НАУ” ХХК-иас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 290/А-504 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-ын 1.3-д “Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас энэхүү журмын 4.1-д заасан шаардлагуудыг ханган мөн журмын 5.1-д заасны дагуу шаардлага хангасан хүсэлт, баримт материалыг үндэслэн тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн (цаашид “Сайд” гэх)-ий тушаалаар мөнгөн урамшуулал олгох болон мөнгөн бус дэмжлэг үзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу 2022 оны 06 сард худалдсан улаан буудайн мөнгөн урамшууллыг авахаар мөн оны 7 дугаар сард хүсэлтээ гаргасан боловч 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шинэчлэн батлагдсан журамд зааснаар уг хүсэлтээ холбогдох баримтуудын хамт цахимаар илгээх шаардлага үүссэн байна.
2.3. Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/218/А/146 дугаар хамтарсан тушаалаар шинэчлэн батлагдсан Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журмын 4 дүгээр зүйлийн 4.3-д “Мөнгөн урамшуулалд хамрагдах тариалан эрхлэгч төсвийн урамшууллын систем uramshuulal.gov.mn-д бүртгүүлэн энэ журмын 1.2-т заасан бүтээгдэхүүний борлуулалтын баталгаажсан татварын цахим төлбөрийн баримтыг www.ebarimt.mn системээс, гарал үүслийн цахим гэрчилгээний мэдээллийг тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сан www.plant.mofa.gov.mn-аас тус тус татан авч, дараа сарын 10-ны дотор татан мөнгөн урамшуулалд хамрагдах хүсэлтээ тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахимаар илгээнэ” гэж заажээ.
2.4. Нэхэмжлэгчээс “...дээрх шинэчлэн батлагдсан журмын дагуу 2022 оны 06 дугаар сард худалдсан улаан буудайн мөнгөн урамшуулал авах хүсэлтээ www.plant.mofa.gov.mn сайтад холбогдох мэдээллүүдийг бөглөж илгээсэн боловч тус сайт нь 2022 оны 8 дугаар сараас хойш худалдаалсан бүтээгдэхүүний мэдээллийг хүлээж авахаар тохируулсан байсны улмаас уг хүсэлтийг хүлээж аваагүй, 12 дугаар сард илгээсэн...” гэж, харин хариуцагчаас “...2022 оны 6 дугаар сард борлуулсан 1954 тн улаан буудай нь 2021 оны ургацаас хураан авсан тул олгох боломжгүй, өмнөх жилийн урамшуулалд олгохоор төсөвлөсөн мөнгийг улсын төсвөөс буцаан татсан” гэж тус тус тайлбарлан маргаж байна.
2.4. Маргааны үйл баримтын талаар анхан шатны шүүхээс “...Тариалан эрхлэгч Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журмын 2.1-д заасан шаардлага хангасан хүсэлт гаргахаар байх бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгч компанийн улаан буудай худалдсан баримт болон шүүхээс хариуцагч байгууллагын системд хийсэн үзлэгээр нэхэмжлэгч урамшуулалд хамрагдах хүсэлтээ гарал үүслийн гэрчилгээ болон борлуулалтын цахим төлбөрийн баримтын хамт илгээсэн болох нь тогтоогдож байна, ...Тухайн үед журам шинэчлэгдэн батлагдаж, урамшууллын цахим систем бүрэн хэрэгжиж эхлээгүйтэй холбогдуулан 6 сард борлуулсан улаан буудайн төлбөрийн баримтыг 12 сараар дахин системд шивж илгээсэнд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй” гэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
2.5. Анхан шатны шүүхээс www.plant.mofa.gov.mn сайтад хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзвэл “НАУ” ХХК-иас 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр И-баримтаар баталгаажсан 4,964,590.00 кг улаан буудай борлуулсны урамшуулал авах хүсэлт илгээснээс Гарал үүслийн гэрчилгээгээр баталгаажсан 3,010,240.00 кг улаан буудайн урамшуулал олгогдсон гэх төлөвтэй байх бөгөөд нэхэмжлэгчээс манай нийт борлуулсан 4,964,590.00 кг улаан буудайнаас гарал үүслийн гэрчилгээгээр баталгаажсан гэж 3,010,240.00 кг улаан буудай борлуулсны урамшууллыг олгосон, харин үлдэх 1,954,350 кг буюу 1954 тн улаан буудайг борлуулсан нь И-баримтаар баталгаажсан байхад олгоогүй гэж тайлбарлаж байна.
2.6. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “НАУ” ХХК нь 2021 онд Дорнод аймгийн Халх гол суманд 5000 га талбайд улаан буудайн тариалалт хийж, түүнээс 1954 тн улаан буудайг “МХ” ХХК-д 2022 оны 6 дугаар сард нийлүүлсэн болох нь нэхэмжлэгчийн “МХ” ХХК-тай тооцоо нийлсэн актаар тогтоогдож бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурьдагдсан “...сумын Засаг даргын уг тодорхойлолт эрх зүйн хувьд үндэслэлгүй байхад уг тодорхойлолтын дагуу худалдсан гэдгийг анхан шатны шүүхээс тогтоосон...” гэсэн нь 2019 оны журмын 6 дугаар зүйлийн 6.1-д “...сумын Засаг даргын Тамгын газар хүсэлтийг хүлээн авч, материалын бүрдэлт болон үнэн зөв эсэхийг хянаж баталгаажуулан...” гэх заалтын дагуу тодорхойлсон үйлдэл гэж үзэхээр байна.
2.7. Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Тариалангийн үйлдвэрлэлд төрөөс мөнгөн болон мөнгөн бус дэмжлэг үзүүлж болно” гэж, 19.6-д “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журмыг тариалангийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэж заасан.
2.8. Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нь 2021 онд ковид цар тахал гарсны улмаас Монгол Улсын Засгийн газар Оросын Холбооны Улсаас их хэмжээний улаан буудай олборлох шийдвэр гаргаж, тухайн оны улаан буудайн нөөцөө бүрдүүлсэн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэгчийн 2021 онд тариалсан улаан буудайг 2022 оны 6 дугаар сард борлуулсан борлуулалтын урамшуулал авах хүсэлт гаргасныг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шинэчлэн батлагдсан журмыг үндэслэн “2022 онд хурааж аваагүй” гэж олгохоос татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...журмын зохицуулалт нь тухайн жилд тариалалтыг дэмжих зорилготой бөгөөд тус зорилгоо хэрэгжүүлэхээр тухайн жилийн батлагдсан төсвийн хүрээнд зохион байгуулдаг үйл ажиллагаа учраас урамшууллын хүсэлт авах программыг тухайн жилийн тариалалтад хамаарахаар зохион байгуулсан” гэх гомдол үндэслэлгүй байна.
2.9. Учир нь Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам /2019 он/-ын 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар тариалан эрхлэгчээс ирүүлсэн урамшуулалд хамрагдах хүсэлтийг сумын Засаг даргын Тамгын газар хүлээн авч, материалын бүрдэлт болон үнэн зөв эсэхийг хянаж баталгаажуулан, эх материалын хамт харъяалах аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт албан тоотоор хүргүүлдэг байсан боловч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/218/А/146 дугаар хамтарсан тушаалаар шинэчлэн батлагдсан Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журмын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтаар тариалан эрхлэгч нь бүтээгдэхүүнийг худалдсан тухай бүр урамшуулалд хамрагдах хүсэлтээ баталгаажуулна гэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээрдүүлсэн байдлаар журамласан байгаа төдийгүй тус журмын хэрэгжилтийг хангуулах зорилгоор урамшуулал авах хүсэлтийг цахим системээр илгээж эхэлсэн, түүнчлэн тухайн цахим системийн үйл ажиллагаатай холбоотойгоор нэхэмжлэгч “НАУ” ХХК-иас ийнхүү хүсэлтээ илгээснийг буруутгах боломжгүй.
2.10. Харин “НАУ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлээ “...Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1-д “Улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдээс дотоодын гурилын үйлдвэр болон Хөдөө, аж ахуйг дэмжих сан, улсын нөөцөд нийлүүлсэн стандарын шаардлага хангасан хүнсний буудайн тонн тутамд мөнгөн урамшууллын хэмжээг 100,0 (нэг зуун) мянган төгрөгөөр тогтоосугай.” гэж заасны дагуу 1954 тн улаанбуудайн урамшуулал болох 195,400,000 төгрөгийн урамшууллыг хариуцагч тал нэхэмжлэгч талд олгуулахаар” гэж тодорхойлсон байхад анхан шатны шүүх уг дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.
2.11. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн 2021 онд хураан авсан улаан буудайг 2022 оны 6 дугаар сард борлуулсан борлуулалтын урамшуулал олгох асуудлыг хариуцагч захиргааны байгууллага өөрийн эрх, хэмжээний хүрээнд шийдвэрлэж, борлуулсан улаан буудайн нэгжийн үнийг одоо хүчин төгөлдөр үйлчилж буй журмын дагуу олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 783 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.6 дэх хэсэгт заасныг баримтлан “НАУ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж”, гэсний дараа “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2019 оны 290/А-504 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам болон 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/218/А/146 дугаартай Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-д заасан урамшуулалд хамрагдах хүсэлтийг хүлээн авч, мөнгөн урамшууллыг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2022 онд борлуулсан 1954 тн улаан буудайн урамшуулалд хамрагдах хүсэлтийг хүлээн авч мөнгөн урамшууллыг зохих журмын дагуу олгохыг хариуцагчид даалгасугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.ОЮУМАА