Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 504

 

МАГАДЛАЛ

 

2017.02.17                                                  Дугаар 504                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Г.Ундралын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2016/01051 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Ундралын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Гантуяад холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Түрээсийн төлбөр 6 155 250 төгрөг гаргуулах, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээний 3 дугаар заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Г.Гантуяагийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Т.Ундрал нь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Х.Гантуяатай зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Талуудын тохиролцоогоор зээлдүүлэгч нь зээлийн хүүний оронд зээлдэгчийн орон сууцанд суухаар тохиролцоод орон сууц хөлслөх гэрээг байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 15 000 000 төгрөгийг алдангийн хамт төлөхгүй байгаа. Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлээ төлөөгүй байсан тул талуудын хооронд маргаан үүссэн. 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр үндсэн зээлээс 8 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 7 000 000 төгрөг, алдангийн хамт нийт 18 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 222 дугаар зүйлийн 222.4, 222.7, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 заалтуудыг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 7 000 000 төгрөг, алданги нь 7 000 000 төгрөгийн 0,5 хувиас хоногийн   35 000 төгрөг, нийт 4 600 000 төгрөг болж байгаа. 2015 оны 11 дүгээр сарын 9-нөөс 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүртэл 116 хоногийн алданги бодсон байгаа. Үндсэн зээлийн үлдэгдэл 7 000 000 төгрөг, алданги 4 600 000 төгрөг, нийт 13 600 000 төгрөг болж байгаа. Гэхдээ 7 000 000 төгрөгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн хуулийн дагуу 3 500 000 төгрөг болж байна. 15 000 000 төгрөгийн 50 хувиас хэтрэхгүй гэж тооцоод 7 500 000 төгрөгийн алданги бодсон. 15 000 000 төгрөгийн зээлээ 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдөр төлөх ёстой байсан боловч төлөөгүй тул үндсэн зээлээсээ хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги бодсон байгаа. Ингээд нийт 18 000 000 төгрөг нэхэмжилж байна.

Хариуцагч талын амаар тохиролцсон гэдэг нь бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа. Ямарваа нэгэн гэрээ, хэлэлцээр хийнэ гэдэг бол эрх зүйн үр дагавар үүсгэж байдаг. Иймд эрх зүйн бүрэн чадвар, чадамжтай хүмүүс өөрийн үйлдлээ ухамсарлаж хийдэг тул мэдэлгүй ямар нэгэн үйлдэл хийсэн гэдэг бол үндэслэлгүй. Амаар хийсэн тохиролцоо нь бичгэн хэлбэрээр нотлогдохгүй байгаа. Мөн байр, цахилгааны төлбөр төлөөгүй гэдэг нь нотлогдохгүй байна. Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэдэг шаардлагыг сайн ойлгохгүй байна. Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулсны үр дагавар нь тухайн гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус болдог ба өгсөн авснаа буцаах үр дагавартай байдаг. Манай тохиолдолд ингэх боломжгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 10 дугаар байрны 8 тоот 3 өрөө байраа 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Г.Ундралтай орон сууц хөлслөх гэрээ хийж байрандаа 6 сарын хугацаатай үнэгүй суулгасан. Зээлийн гэрээ хийж 15.000.000 төгрөгийг хүүгүй зээлсэн. Анх ам бүл дөрвүүлээ суухаар тохиролцсон. 2015 оны 6 дугаар сарын      1-ний өдөр орон сууц хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч Г.Ундрал “манай эхнэр төрөх гэж байгаа, орон байр байхгүй, хөдөөнөөс хүмүүс ирж хамт амьдарч байгаа ам бүл 8 болсон учир 6 сарын хугацаатай сунгая” гэж гуйсан учраас 2015 оны 11 дүгээр сарын     4-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай байрандаа үргэлжлүүлэн суулгасан. 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хүртэлх хугацаанд миний байранд суусан боловч 6 сарын түрээс төлөөгүй төлбөр 6.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын байрны төлбөр 83.450 төгрөг, цахилгааны төлбөр 29.800 төгрөг, СӨХ-ын 9, 10 дугаар сарын төлбөр 24.000 төгрөг, домофон системийн төлбөр 18.000 болох нийт 6.155.250 төгрөгийг Г.Ундрал төлөөгүй гарсан. Би байрандаа үргэлжлүүлэн суулгахдаа 3 өрөө байрны 1 сарын түрээсийн төлбөр 1.000.000 төгрөгөөр бодож байрандаа суулгасан. Г.Ундралд 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр зээлсэн 15.000.000 төгрөгийн 8.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Нотариатаар орж 8.000.000 төгрөг бэлнээр өгсөн. 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Г.Ундралыг нүүсний дараа байр, цахилгаан, СӨХ, домофон системийн төлбөрийг би өөрөө төлсөн. Г.Ундрал нь миний 3 өрөө байранд 1 жил үнэгүй суугаад, надаас 8.000.000 төгрөг бэлнээр авчхаад 18.000.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Ундралтай гэрээ байгуулсан. Бидний гол тохиролцоо бол 6 сарын хугацаанд би 15.000.000 төгрөгийг зээлж, зээлийн хүү, алдангид байрандаа суулгах байсан. Гэтэл орон сууц хөлслөх гэрээ болон зээлийн гэрээ нь хоорондоо ямар ч уялдаа холбоогүй болсон юм шиг байдаг. Орон сууц хөлслөх гэрээнд 15.000.000 төгрөгийн хүү, алдангид байранд сууна гэсэн, 15.000.000 төгрөг зээлдүүлээд 3 өрөө байранд сууна гэсэн утга байдаггүй. Иймд 2 гэрээ нь тус тусдаа гэрээ юм шиг ойлголт төрдөг. 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээ байгуулаад 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай хугацаатай орон сууцандаа суулгана гэж орон сууц хөлслөх гэрээнд заасан. Гэрээний хугацаа дуусах өдөр манай ахын бие муу байж таараад би эмнэлэгт сахиураар байсан. Г.Ундрал надруу эхэлж яриад дахин 6 сарын хугацаагаар гэрээний хугацааг сунгах саналыг тавьсан. Ингэж тохиролцохдоо сүүлийн 6 сарын хугацаанд орон сууцандаа суулгасны түрээсийн төлбөр авахаар тохиролцсон. Түрээсийн төлбөрөө нэг сарын 1.000.000 төгрөг байхаар тохирсон. Сүүлийн гэрээний хугацааг сунгахад бид нотариатаар орж баталгаажуулсан зүйл байхгүй. Тэр үед манай гэрт хүнд байдал тулгарсан байсан болохоор гэрээгээ баталгаажуулах боломж гараагүй. 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр гэрээний хугацаа дуусаад би 8.000.000 төгрөгийг Г.Ундралд бэлнээр өгч байрнаасаа гаргасан. Гарах сүүлийн сарын буюу 2015 оны 10 дугаар сарын байрны мөнгө буюу СӨХ, цахилгааны төлбөр төлөөгүй гарсан. Байрны мөнгө 83.450 төгрөг, цахилгааны төлбөр 29.800 төгрөг, 9 дүгээр cap, 10 дугаар сарын СӨХ-ны мөнгө 24.000 төгрөг, домофоны мөнгө 9 дүгээр cap, 10 дугаар сарын 18.000 төгрөг, нийт 155.250 төгрөг төлөөгүй гарсан. 2015 оны 6 дугаар сарын 1-нээс 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хүртэл 6 сарын түрээсийн төлбөр 6.000.000 төгрөгөө нэхэмжилж байна.

Мөн анх байгуулсан гэрээ буюу 2014 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн зээлийн гэрээний 3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжилж байна. Талууд зээлийн гэрээгээ байгуулахдаа зээлийн хүү болон алдангийг авахгүй байхаар тохиролцсон. Гэтэл нотариатын буруутай үйлдэл буюу хэвлэмэл загвар ашиглан талуудын гэрээг гаргаж өгсөн. Улмаар нэхэмжлэгчид ашигтай байдал үүсгэсэн. Уг нь хүү, алданги нь талуудын тохиролцоонд ороогүй заалт учир 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээний 3 дахь заалт хүчин төгөлдөр бус юм. Талууд хариу төлбөртэй буюу нэг тал орон сууц хөлслөх гэрээний дагуу орон сууцанд сууж нөгөө тал нь 15.000.000 төгрөгийг хүү, алданги тооцохгүйгээр зээлдүүлэхээр тохирсон. 15.000.000 төгрөгийн хүүнд Х.Гантуяагийн өмчлөлийн 3 өрөө орон сууцанд суухаар тохиролцсон. Тухайн үед талуудын хэн хэн нь алдангийг тооцох сонирхолгүй, хүсэл зориггүй байсан зүйл нь нотариатын буруутай үйлдлийн улмаас буюу бэлэн хэвлэмэл байдал гарч ирснээр нэхэмжлэгч талд ашиглаж болохуйц нөхцөл байдал үүссэн. 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн зээлийн гэрээний сунгалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Энэ нь зээлийн гэрээний сунгалт гэсэн нэртэй байгаа боловч талууд уг гэрээгээр зээлийн хугацааны талаар тохиролцоогүй. Үндсэн 15.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл тооцоог тохирсон төлбөр тооцооны гэрээ байсан боловч зээлийн гэрээ гэж нэрлэсэн нь талууд хууль, эрх зүйн мэдлэг дутуу, буруу агуулгаа андуурч хийсэн гэрээ болсон тул энэ гэрээг хүчин тегөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Талуудын тохирсон орон сууц хөлслөх, зээлийн гэрээний үүрэг харилцан дуусгавар болж байгаа тул үүнийг зээлийн гэрээ гэж үзэх боломжгүй. 2014 оны гэрээ бол андуурч хийгдсэн буюу ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн гэрээ гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Х.Гантуяагаас 8.960.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ундралд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9.040.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 302 дугаар зүйлийн 302.1, 292 дугаар зүйлийн 292.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Ундралаас 107.850 төгрөгийг гаргуулж, хариуцагч Х.Гантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.047.400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон Т.Ундрал, Х.Гантуяа нарын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний 3 дугаар заалт, 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” хариуцагч Х.Гантуяагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Ундралын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247.950 төгрөг, хариуцагч Х.Гантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113.400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Гантуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 158.310 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ундралд олгож, нэхэмжлэгч Г.Ундралаас улсын тэмдэгтийн хураамжид 4.550 төгрөг гаргуулж, хариуцагч Х.Гантуяад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Х.Гантуяа миний хувьд Ундралд алданги төлөх үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй...” байхаар заасан байтал шүүх 0.5 хувиас хэтрэхгүй гэхийг шууд утгаар нь 0.5 хувь байхаар тооцож бодсон нь учир дутагдалтай. Миний хувьд Ундралтай гэрээ байгуулахдаа эхнээсээ алданги төлөх талаар тохироогүй байтал нотариатын хэвлэмэл баримтаас болж, ийн хохироод байна. Үүнийг шүүх маргааны үндэслэл ямар учраас алданги дээр маргаж буйг тогтоож, алдангийг шүүх хуулийн сонголт байгааг үндэслэн алдангийг багасгах үндэслэл байсан. Иймээс шүүхийн 1.960.000 төгрөгийн алданги төлөхөөр заасныг хүлээн зөвшөөрөхгүй байгааг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийн алданги төлөхөөр заасан хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Миний бие Ундралаас 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 15.000.000 төгрөг зээлж, өөрийн өмчлөлийн орон сууцанд суулгаж, өөрийн орон сууцаа тухайн хугацаанд үнэ төлбөргүй хөлслүүлэх гэрээ байгуулсан. Харин 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдөр буюу гэрээ дуусгавар болоход Ундрал над руу ярьж, бид утсаар орон сууцыг нэг сарын 1.000.000 төгрөгийн төлбөртэй хөлслүүлэхээр тохирсон байдаг. Уг тохиролцоогоо бид баталгаажуулан нотариатаар орох боломжгүй нөхцөл байдал надад үүссэн байсан учраас итгэлцлийн үндсэн дээр цаашид орон сууцандаа төлбөртэй суулгахаар болсон. Энэ үед манай хадам 2 ах элэг шилжүүлэн суулгах хагалгаанд Энэтхэг улс руу явж орохоор болоод 2 донортой мөн асран хамгаалагчид явах шаардлагатай болж, гэр бүлийн хувьд хүнд хэцүү нөхцөл байдал үүссэн. Энэ бүгдийг нотлох баримтаар хавсаргасан байгаа. Энэ түрээсийн төлбөр болох 6.000.000 төгрөг, байр, цахилгаан, СӨХ, домофоны төлбөр зэрэг ашиглалтын зардал болох 155.250 төгрөг гаргуулахаар Ундралд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлын зарим хэсгийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг дутуу үнэлж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.” гэх заалтыг баримтлалгүй шүүх нотлох баримтыг дутуу үнэлж шийдвэрлэсэн шийдвэр болсон гэж үзэж байна.

Иймээс Г.Ундралаас нэхэмжилсэн түрээсийн төлбөр 6 000 000 төгрөг, ашиглалтын зардалд нэхэмжилсэн 155 250 төгрөгөөс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн 47 400 төгрөг нийт 6 047 400 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөн шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, дээр дурдсан 1 960 000 алданги тооцон шийдсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Г.Ундралаас 6 047 400 төгрөг гаргуулж өгөхөөр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Г.Ундрал нь хариуцагч Х.Гантуяатай зээлийн гэрээ байгуулан гэрээний дагуу төлөх 18 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч Х.Гантуяа нь 15 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлдүүлж нэхэмжлэгч Г.Ундрал нь зээлийн хүүний оронд зээлдэгчийн орон сууцанд суухаар “орон сууц хөлслөх гэрээ” байгуулсан талаарх зохигчдын тайлбар болон үйл баримтанд талууд маргаагүй байна.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээнд талууд зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь, гэрээний 2 дахь заалтад тусгагдсан байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги төлөх үүрэгтэй гэж үзнэ.

Хариуцагч нь “Орон сууц хөлслөх гэрээ”-ний хугацааг 2016 оны 06 дугаар сарын  01-ний өдрөөс 6 сарын хугацаатай сунгаж сарын 1 000 000 төгрөгийг төлөхөөр амаар тохиролцсон гэж тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлогдоогүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн, дотоод итгэлээрээ үнэлснийг буруутгах боломжгүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн дүгнэсэн байна.

Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэгдсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн “...сөрөг нэхэмжлэлийг хангуулах гэж...” давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2016/01051 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 158 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.МӨНХЗУЛ

 

                                              ШҮҮГЧИД                                        Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                М.НАРАНЦЭЦЭГ