Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00441

 

Ч.Ш-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, Танхимын тэргүүн  Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 153/ШШ2019/00668 дугаар шийдвэртэй,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар  сарын 24-ний өдрийн 15 дугаар магадлалтай,                                                                                                                        

Ч.Ш-ын нэхэмжлэлтэй,

Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгт холбогдох

Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10/Б дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ш, түүний өмгөөлөгч Д.Э, хариуцагчийн төлөөлөгч О.Т, түүний өмгөөлөгч Г.Б, нарийн бичгийн дарга Х.Б нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Ш-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019.06.27-ны өдрийн 10/Б дугаартай тушаалыг тус цэцэрлэгийн арга зүйч М.Б-ээс 2019.07.06-ны өдөр гардан авсан. Уг тушаалыг 2019.06.27-ны өдөр гарсныг мэдээгүй болно. Би Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019.04.01-ний өдрийн 07/Б дугаар “Ажилд түр авах тухай” тушаалаар нягтлан бодогчоор ажилд орсон, ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй. ...Ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулах эсэх талаар эрхлэгч О.Т-аас асуухад хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй юм, тушаалаараа явдаг гэж хэлээд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч О.Т нь 2019 оны 05 дугаар сарын цалин бодож олгоход зөвлөх багшаар ажиллаж байсан цалинг 320,000 төгрөгөөр бодож олгодог байсныг 500,000 төгрөгөөр бодож олго гэж надад үүрэг өгсөн. Би эрхлэгч О.Т-т “энэ хүмүүс чинь орон тооны ажилчид биш учраас сар бүр эдгээр хүмүүсийн цалинг бодож олгож болохгүй, мөн тус цэцэрлэгт цалин хөлсний өр үүссэн байгаа бөгөөд цалинг нь үндэслэлгүйгээр нэмж олгох нь зохисгүй гэж танилцуулахад гадаад руу аялалд явах гэж байгаа, мөнгө хэрэгтэй, цалинг нь нэмж бодож олго... гэж загнасаар байгаад цалинг 500,000 төгрөгөөр бодож олгуулж, нөгөө хоёр хүний цалинг олгоогүй. 2019 оны 06 дугаар сард багш, ажилчдын амралт, ур чадвар, үр дүнг олгосны дараа эрхлэгчийн ур чадварыг олгох тушаал Ховд аймгийн Засаг даргаас ирсэн бөгөөд байгууллагын цалин хөлсний ангилалд байгаа мөнгө хүрэлцэхгүй байсан тул эрхлэгчийн 5 дугаар сард авсан 1,000,000 төгрөгийн урьдчилгааг ур чадварын нэмэгдлээс нь суутган тооцож, үлдсэн мөнгийг олгохоор эрхлэгчид танилцуулахад уурлаж загнасаар байгаад урьдчилгаагаа суутгуулахгүй ур чадварын нэмэгдлээ авна гээд авсан. Мөн түлш халаалтын зардлаас урсгал засвар дээр 2,500,000 төгрөг тавиулсан байсан бөгөөд энэ мөнгийг намайг гаргахыг шаардахад нь зохих журмын дагуу засварын материалыг авч байж мөнгийг өгөх нь зүйтэй гэж хэлсэнд уурлаж, чамайг ажлаас хална гэж байнга дарамталдаг байсан. 2019.06.27-ны өдрийн 10/Б дугаартай тушаалд ...Нягтлан бодогчийн албан тушаалд түр хугацаагаар томилогдон ажиллах хугацаандаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, байгууллагад ажиллах хугацаандаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, байгууллагын ажилчидтай таарамжгүй харьцсан, маргаан үүсгэсэн... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэжээ. Гэтэл Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч О.Т нь надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-т заасан хуулийн шаардлагыг ноцтойгоор зөрчсөн. Монгол Улсын дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15-д “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино” гэх хуулийн шаардлагыг ноцтойгоор зөрчиж ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна... гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарт: ...Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019.06.27-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Ч.Ш-ыг ажлаас чөлөөлж, 2019.06.28-ны өдөр ажил хүлээлцүүлэхийг арга зүйч М.Б-т даалгасан. Манай цэцэрлэгийн арга зүйч М.Б, нярав Д.Д, жижүүр Ж.О нар нь Ч.Ш-ын ажлыг 2019.06.28-ны өдөр хүлээлцүүлж, тухайн өдрөө дээрх тушаал болон нийгмийн даатгалын дэвтэр зэргийг эх хувиар нь гардуулан өгсөн. Иймдээ ч Ч.Ш нь ажлаас халсан тушаал болон нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг нэхэмжлэлдээ хавсаргажээ. Ч.Ш нь ажлаас халсан тушаалыг 2019.06.28-ны өдөр гардан аваагүй бол уг тушаалын хуулбарыг нотариатаар гэрчлүүлж, нэхэмжлэлдээ хавсаргах боломжгүй юм. Нэхэмжлэгч Ч.Ш  нь гомдлоо 2019.08.01-ний өдөр шүүхэд гаргаснаас үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. Иймд Ч.Ш-ын Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгт холбогдох гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхийг хүсье гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 153/ШШ2019/00668 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10/Б тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Ш-ыг Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Ш-т ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3,955,481 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгээс гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамж 78,238 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар  сарын 24-ний өдрийн 15 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 153/ШШ2019/00668 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “хэргийн” гэснийг “гомдол гарах” гэж, 2 дахь заалтын “олговор 3,955,481 төгрөгийг” гэснийг “олговорт 3,818,223 төгрөгийг” гэж, “цэцэрлэгээс” гэснийг “цэцэрлэгийн санхүүгээс” гэж, 5 дахь заалтын “78238 төгрөгийг” гэснийг “146241 төгрөгийг” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан үндэслэлээр хариуцагч тал давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч О.Т, өмгөөлөгч Б.М нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэх үндэслэлээр сэргээснийг буруутгах боломжгүй” гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны талаар гомдол гаргах хугацааг үндэслэлгүйгээр сэргээсэн талаар давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт /няцаасан эсхүл баталсан/ хийлгүйгээр зөвхөн “сэргээснийг буруутгах боломжгүй” гэх ерөнхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаж, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны талаар гомдол гаргах хугацааг сэргээх үндэслэл болсон амбулаториор эмчлүүлэгсдийн картын үзлэг хийсэн хэсэг нь орос хэлээр бичигдсэн. Уг нотлох баримтын орчуулга нь хэрэгт авагдаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд үнэлж, ажилтны хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны талаар гомдол гаргах хугацааг сэргээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасныг зөрчсөн. Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн амбулатори нь эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийдэг бөгөөд эмнэлгийн болон эмчийн дүгнэлт магадлагаа олгодоггүй. Эмнэлгийн амбулаториор үзлэг хийлгэхийг өвчний учир эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа болон гэрийн нөхцөлд хэвтрийн дэглэмд эмчилгээ, сувилгаа хийлгэж байгаа гэж үзэхгүй. Нэхэмжлэгч Ч.Ш  өөрөө болон хүү Ц.А-ыг Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн амбулаториор 2019.07.02, 16-ны өдрүүдэд үзлэг хийлгэсэн гэх үйл баримт нь гомдол гаргагч хүндээр өвчилсөнд хамаарахгүй, шүүхүүд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг хэтэрхий нэг талыг баримталж, хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэнд гомдолтой.

Нэхэмжлэгч Ч.Ш  нь 2019.07.05-ны өдөр Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд бичгээр гомдол гаргаж, тус салбар зөвлөлийн 2019.07.29-ний өдрийн 82 дугаар албан бичгээр хариу авсан нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, өргөдлийн карт, өргөдөл зэрэг баримтуудаар тогтоогддог. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийн ажлаас чөлөөлсөн шийдвэрийн талаар гомдол гаргах хугацааны дотор хүндээр өвчилж, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээргүй байна. Учир нь нэхэмжлэгч Ч.Ш  нь гомдол гаргах хугацааны дотор Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргаж болсон атлаа уг хугацааны дотор иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаж чадаагүйг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэхгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд дээрх үйл баримтад дүгнэлт хийхгүйгээр хэргийг хэтэрхий нэг талыг баримталж, хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасантай нийцэхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг гардан авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргах шаардлагатай, энэ хугацаанд л ажилтан хүндээр өвчилсөн тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзнэ. Нэхэмжлэгч Ч.Ш  нь 2019 оны 12 дугаар сард Хавдар судлалын үндэсний төвд үзлэг хийлгэсэн гэх үйл баримт нь Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны Б/10 дугаар тушаалд гомдол гаргах хугацаанаас хойш байхад шүүхүүд нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэлгүйгээр гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчиж байна. Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

 Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 Учир нь, анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүйгээс хэргийн үйл баримтад Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, тухайлбал, нэхэмжлэгч Ч.Ш-аас Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10/Б дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулахаар ... маргасан байхад шүүх “...нэхэмжлэгч нь ...цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 07/Б дугаартай ажилд түр авах тухай тушаалыг эс зөвшөөрч 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гомдлоо шүүхэд гаргасан...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон. Мөн хариуцагчийг буруутгахдаа “...Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажил олгогч нь ажилтан Ч.Ш-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, энэхүү хуулийн заалтыг зөрчсөн...” гэж дүгнэсэн атлаа “ажил олгогч нь ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хуулийн заалтыг баримтлаагүй, ажилтныг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгаа бол ажил олгогч нь хуульд зааснаар сахилгын шийтгэлийг шат дараатай авах хуулийг зөрчсөн...” гэх мэтээр зөрчилтэй дүгнэлт хийсэн, түүнчлэн нэхэмжлэгчийг “хүндэтгэн үзэх шалтгаантай байсан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээж шийдвэрлэсэн байтал “хариуцагчийн төлөөлөгч ажлаас чөлөөлөх тушаалыг нэхэмжлэгчид гардуулаагүй байна” гэсэн зөрүүтэй буюу өмнөхөө үгүйсгэсэн дүгнэлт хийжээ.

 Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулалгүйгээр, “...Ажил олгогч хуульд зааснаар ажлаас чөлөөлөх болсон үндэслэлээ тодорхой заасан байх шаардлагатай. Гэтэл ажил олгогч нь “нягтлан бодогчийн албан тушаалд түр хугацаагаар томилогдон ажиллах хугацаандаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, байгууллагын ажилчидтай таарамжгүй харьцсан, маргаан үүсгэсэн” гэх үндэслэлээр ажилтан Ч.Ш-ыг ...ажлаас чөлөөлсөн байх бөгөөд ...10/Б дугаар тушаалд заасан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтад нийцээгүй байна...” гэж хуулийг буруу тайлбарласан байна. 

 Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 07/Б дугаартай “Ажилд түр авах тухай” тушаалаар нэхэмжлэгч Ч.Ш-ыг тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор түр томилсон, тухайн тушаалтай нэхэмжлэгч маргаагүй буюу маргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх ба харин түүнийг хоёр сар гараны дараа ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаалтай маргасан. Ийнхүү маргахдаа “надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэх хуулийн шаардлагыг зөрчсөн...” гэж нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ заажээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь анхнаасаа хөдөлмөрийн гэрээ байгуулалгүйгээр нягтлан бодогчийн ажилд түр томилогдсон ба хоёр сар, 27 хоног ажиллахдаа ажилчдын цалин хөлсийг буруу тооцсон /хэрэгт зөрчил гаргасныг тогтоосон шинжээчийн дүгнэлт авагдсан бөгөөд анхан шатны шүүх энэ талаар дүгнэсэн/, мөн харилцааны ёс зүйн алдаа гаргаж, хамт олонтойгоо таагүй харилцаа үүсгэсэн /энэ талаарх нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан өргөдөл 1 дүгээр хавтаст хэргийн 61 дэх талд авагдсан/ зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д “Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно”, 231.2. “Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна”, 231.3. “Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заагаагүй бол ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцно” гэж тус тус заажээ.

 Энэхүү хэргийн тухайд, хариуцагч нэхэмжлэгчийг анх ажилд авахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, үүнийг буруутгасан шүүхүүдийн дүгнэлт зөв боловч гагцхүү энэ үндэслэлээр маргаан бүхий тушаалыг бүхэлд нь үгүйсгэж, хууль бус гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зүйлээр ажил олгогчид ажилтныг туршилтын хугацаагаар түр ажилд авах, шаардлага хангахгүй гэж үзвэл хуульд заасан хугацаанд чөлөөлөх буюу цаашид ажиллуулахгүй байх эрхийг олгосон. Иймд маргаан бүхий тушаалын зорилго нь Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн агуулгад нийцэх ба хариуцагчаас хуульд заасан туршилтын хугацаанд /3 сарын дотор/ “нэхэмжлэгчийн мэргэжил ур чадвар, харилцаа хандлага нь тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирохгүй” гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3. “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлснийг буруутгах үндэслэлгүй.

 Ийнхүү маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэл тодорхой байхад шүүхүүд “үндэслэл нь тодорхойгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлах ёстой байсан, хэрэв зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол сахилгын шийтгэлийг шат дараалан авах ёстой байсан” гэх зэргээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээг ажилтны болон ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл нь мөн хуулийн 37 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг л үндэслэл /37.1.8/ байхад шүүх “ажлаас чөлөөлөх” гэдэг үгийг “ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах” гэж ойлгоно хэмээн тайлбарлаж, агуулгын хувьд 37 дугаар зүйлийг бүхэлд нь үгүйсгэж байгаа нь буруу юм. Өөрөөр хэлбэл, хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа, эсхүл туршилтын юмуу, дагалдангийн хугацаа дууссан тохиолдолд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсгийг үндэслэн тухайн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох боломжтой.

Энэхүү хэргийн хувьд хэдийгээр талууд /туршилтын хугацааны/ хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч нэхэмжлэгч анхнаасаа түр томилогдсон гэдгээ мэдэж байсан бөгөөд туршилтын хугацаанд алдаа, зөрчил гаргасан, иймд ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийг “түр томилогдох хугацаандаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, ажилчидтай таарамжгүй харьцсан” буюу “тухайн ажилд тохирохгүй” гэсэн үндэслэлээр хуульд заасан туршилтын хугацаанд ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзэхгүй.

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн “... шүүх нотлох баримтыг тал бүрээс нь дүгнээгүй, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор тогтов.       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар  сарын 24-ний өдрийн 15 дугаар магадлал, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 153/ШШ2019/00668 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг баримтлан Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10/Б дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Ч.Ш-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.СОНИНБАЯР

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД                                                             Г.БАНЗРАГЧ

                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                       Г.ЦАГААНЦООЖ